| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2021/0133/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/142 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/142
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Л.Солонго,
Шүүгдэгч Х.З,
Нарийн бичгийн дарга Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Х-ын З-д холбогдох 2128001480116 тоот эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .................
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Х.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ........................ тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрээс архины мөнгө олох зорилгоор “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Х.З-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Согтуу байсан учир сайн санахгүй байна. Нэг залуу гарч ирээд энэ айлд ганцаараа хүн байдаг, чи ороод гараад ир гэж хэлсэн. Гарч ирэхэд нөгөө залуу байхгүй байсан. Ямар айл байлаа буцаагаад юмыг нь өгчихье гэж бодоод явж байгаад цагдаад баригдаж эд зүйлийг буцаагаад өгсөн. Тэр айл зааж өгсөн залуу энэ хулгайлах гэмт хэргийг биш Баруунсайханд байдаг айлаас гар утас хулгайлсан айлыг зааж өгсөн тэр үйдлийг зөрчлийн хэргээр арга хэмжээ авсан болохыг одоо санаж байна гэв.
Хохирогч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 05 цаг өнгөрч байх үед гэрээсээ ажилдаа явсан. Тэгээд 10 цаг өнгөрч байх үед манай нөхөр А над руу утсаар залгаж яриад миний гар утсыг чи аваад явсан юм уу олдохгүй байна гэж надаас асуусан. Би өглөө ажилдаа явахдаа гар утсыг чинь гэрийн хойд стикен дээр тавьж цэнэглээд орхисон гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр алга болсон юм байна гэж хэлсэн. Би гэртээ очиж үзэхэд манай нөхөр А-ийн гар утас алга болохоос гадна манай шкаф нь дээр байсан миний үсний шампунь, ангижруулагч бас алга болсон байсан. Тэгтэл манай хажуу айлын эгч Ц өглөө 06 цаг өнгөрч байх үед манай гэрт нэг согтуу эмэгтэй орж ирээд ус ууя гэж хэлсэн. Би ус хийж өгсөн, тэгтэл тэр эмэгтэй амны маск надад өгчхөөд манай ширээн дээр байсан гар утсыг хараад гар утас ил байж болохгүй шүү дээ гэж хэлээд гар утсыг авч надад өгчхөөд манай гэрээс гарахгүй суугаад байхаар нь би гэрээсээ хөөгөөд гаргаж явуулсан. Тэр үл таних эмэгтэй манай гэрээс гараад гэрийн баруун урд талд суугаад байсан. Би яв гэж хөөсөн. Тэр эмэгтэй баруун урагшаа алхаад явсан гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар тайлбарлаж дуудлага өгч гомдол гаргасан. Манай гэрээс манай нөхрийн эзэмшлийн А50 загварын гар утас 1 ширхэг, АР гэсэн бичигтэй ижил үйлдвэрийн үсний шампунь, үсний ангижруулагч тус бүр 1 ширхэг, мөн гар утасны кейсний завсар манай нөхрийн жолооны үнэмлэх, голомт банкны виза карт, иргэний үнэмлэх байсан. Өөр эд зүйл алдагдаагүй. Би 2019 оны 12 дугаар 19-ний өдөр өөрийн нөхөр Ат Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Мобиком ХХК-ийн салбараас 860,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Үсний шампунь, ангижруулагчийг нийт 24,000 төгрөгөөр худалдан аваад 1 удаа л хэрэглэсэн байсан. Манай нөхрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Голомт банкны виза карт нь хулгайд алдагдсан гар утасны засвар хавчуулаатай байсан. Манай эгч Ц-гийн хэлснээр хар хувцастай согтуу байдалтай эмэгтэй хүн байсан гэж хэлсэн. Тухайн үед гэрт манай нөхөр ганцаараа унтаж байсан. Манай нөхрийг гэртээ унтаж байх үед нь хулгайч манай гэрт ороод гарсан байсан. Манай нөхөр сэрээгүй гэж хэлсэн. Би хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байгаа тул буруутай этгээдийг олж тогтоож намайг хохирол гомдолгүй болгож өгнө үү... Манай гэрээс алдагдсан гар утас, шампунь, ангижруулагч зэргийг хулгай хийсэн гэх хүнээс буцааж авсан. Мөн жолооны үнэмлэх, виза карт зэргийг манай хажуу талын хашааны хажууд хаясан байсныг олж авсан. Би алдагдсан эд зүйлээ хулгай хийсэн хүнээс олж авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй.” /хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал/
Гэрч С.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэртээ ганцаараа амьдардаг. Хонгор овоогийн 2а-1 тоот хаягт би өөрийн үеэл дүү Д-ын хамт тус тусын гэртээ амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 06 цаг өнгөрөөгөөд би боссон. Би ер нь эрт босдог хүн. Энэ өдрийн 07 цагийн орчимд манай гэрт согтуу байдалтай архи үнэртүүлсэн хар хувцастай 1 эмэгтэй хүн орж ирээд шанага авч ус хутгаж уусан. Тэр эмэгтэй хүн кармадаа түнтийтэл нь юм чихээд хийчихсэн байсан. Тухайн үед би тэр хүнийг хулгай хийчихсэн явж байгаа гэж яаж мэдэх вэ. Би юун хүн хаанаас яаж яваа юм гэж асуухад би хаана яваагаа мэдэхгүй байна, манай гэр Оюут гэр хороололд байдаг гэж хэлээд хаанаасаа ч юм мэдэхгүй амны маск гаргаж ирээд надад өгсөн. Би уурлаж гэрээс гар гэж хөөсөн. Тэр эмэгтэй манай гэрээс гарч гэрийн баруун урд талд очиж газар суусан. Тэгснээ дахиад ус уумаар байна гэж хэлсэн. Би сэнжтэй аяганд ус хийж өгөөд яв яв гэж хэлсэн. Тэр эмэгтэй босоод баруун урд зүг рүү алхаад явсан. Тэгээд байж байтал 11 цагийн орчимд манай үеэл дүү Д ажлаасаа ирчихсэн гэрт хулгайч ороод гар утас болон өөр бусад эд зүйлс аваад явчихсан байна гэж хэлсэн. Би өглөө эрт 07 цагийн орчимд үл таних 1 согтуу байдалтай эмэгтэй хүн манай гэрт орж ирээд явсан талаар хэлсэн. Уул нь бол манай үеэл дүү Д-ын гэрт нөхөр А нь унтаж байсан. А гэрт нь гаднаас хүн орж ирээд эд зүйл хулгай хийж аваад гарсан талаар юу ч мэдээгүй унтаж байсан юм байна лээ. Тэгээд Д цагдаагийн байгууллагад уг болсон зүйлийн талаар хэлж дуудлага өгсөн. Энэ өдрийн үдээс хойш 15 цагийн орчимд би Баянбүрд дэлгүүр ороод гарах гэж байх үедээ өглөө манай гэрт согтуу байдалтай орж ирээд гарсан нөгөө эмэгтэй хүнтэй тааралдсан. Би нөгөө эмэгтэй хүнтэй тааралдсан гэдгээ дүү Дд хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй хүнтэй уулзаад зогсож байхад цагдаа ирсэн. Цагдаа ирээд тэр эмэгтэй хүний барьж яваа торыг нь үзэхэд дотор нь Д-ын гэрээс хулгайд алдагдсан үсний шампунийг хийчихсэн гар утсыг нь хармаалчихсан явж байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 25 дахь тал/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед би сэрсэн. Манай эхнэр Д энэ өдрийн өглөө эрт ажилдаа явсан байсан. Би сэрээд гар утсаа ашиглах гэтэл миний гар утас олдохгүй байсан. Би хажуу айлын Ц эгчийн гар утсыг түр авч өөрийн эхнэр Д руу залгаж ярин миний гар утсыг харсан эсэх талаар асуухад манай эхнэр явахдаа гэрийн хойморт стикен дээр миний гар утсыг цэнэглэж тогонд залгаж орхиод гарсан гэж надад хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй Д ажлаасаа гэрт хүрч ирээд миний гар утсыг болон шкаф нь дээр байсан үсний шампунь, ангижруулагчийг аваад гарсан байна өглөө намайг ажилдаа явахад гэрт байсан зүйл одоо байхгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд хажуу айлын Ц эгчтэй манай эхнэр Д уулзахад өглөө 07 цагийн үед манай гэрт 1 согтуу байдалтай архи үнэртүүлсэн эмэгтэй хүн орж ирээд гарсан. Тэр эмэгтэй хүн манай гэрт орж ирэхээс өмнө танай гэрт орсон байсан байх, өөр ямар нэгэн гаднын хүн ирээгүй гэж хэлсэн. Манай эхнэр Д цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Миний хулгайд алдсан гэх гар утасны кейсний завсар миний жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, Голомт банкны виза карт бичиг баримт байсан ба хамт алдагдсан. Өөр эд зүйл манай гэрээс алга болоогүй байсан. Энэ өдрийн үдээс хойш манай хажуу айлын Ц эгч гадуур дэлгүүр хэсэж явж байгаад өглөө гэрт нь ороод гарсан нөгөө эмэгтэй хүнтэй тааралдаж манай эхнэр Дд хэлсэн байсан. Манай эхнэр Д цагдаад хэлж шалгуулахад тэр эмэгтэй хүн манай гэрээс хулгайлж авсан миний гар утсыг болон үсний шампунь, ангижруулагчийг биедээ авч явж байсан гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 27 дахь тал/
Шүүгдэгч Х.З мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед би олон хоног архи уусан байсан учраас архины мөнгө олох гэж л хулгай хийсэн юм. Би хулгай хийж авсан эд зүйлээ буцаагаад эзэнд нь өгсөн байгаа.” /хавтаст хэргийн 44 дэх тал/
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай үнэлгээгээр: А50 гар утас, 1 ширхэг, нэгжийн үнэ 400,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 400,000 төгрөг /хуучин/, АР брэнд үсний шампунь, 1 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг /хуучин/, АР брэнд үсний ангижруулагч, 1 ширхэг, нэгжийн үнэ 15,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 15,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 430,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагаа бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-16 дахь тал/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 61-63 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 49 дэх тал/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /хавтаст хэргийн 47-48, 51-55, 73-102 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Х.З-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Х.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ........................ тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрээс архины мөнгө олох зорилгоор “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 05 цаг өнгөрч байх үед гэрээсээ ажилдаа явсан. Тэгээд 10 цаг өнгөрч байх үед манай нөхөр А над руу утсаар залгаж яриад миний гар утсыг чи аваад явсан юм уу олдохгүй байна гэж надаас асуусан. Би өглөө ажилдаа явахдаа гар утсыг чинь гэрийн хойд стикен дээр тавьж цэнэглээд орхисон гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр алга болсон юм байна гэж хэлсэн. Би гэртээ очиж үзэхэд манай нөхөр А-ийн гар утас алга болохоос гадна манай шкаф нь дээр байсан миний үсний шампунь, ангижруулагч бас алга болсон байсан. Тэгтэл манай хажуу айлын эгч Ц өглөө 06 цаг өнгөрч байх үед манай гэрт нэг согтуу эмэгтэй орж ирээд ус ууя гэж хэлсэн. Би ус хийж өгсөн, тэгтэл тэр эмэгтэй амны маск надад өгчхөөд манай ширээн дээр байсан гар утсыг хараад гар утас ил байж болохгүй шүү дээ гэж хэлээд гар утсыг авч надад өгчхөөд манай гэрээс гарахгүй суугаад байхаар нь би гэрээсээ хөөгөөд гаргаж явуулсан. Тэр үл таних эмэгтэй манай гэрээс гараад гэрийн баруун урд талд суугаад байсан. Би яв гэж хөөсөн. Тэр эмэгтэй баруун урагшаа алхаад явсан гэж хэлсэн. ...Манай гэрээс алдагдсан гар утас, шампунь, ангижруулагч зэргийг хулгай хийсэн гэх хүнээс буцааж авсан. Мөн жолооны үнэмлэх, виза карт зэргийг манай хажуу талын хашааны хажууд хаясан байсныг олж авсан.” /хавтаст хэргийн 20-21, 23 дахь тал/,
Гэрч С.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...11 цагийн орчимд манай үеэл дүү Д ажлаасаа ирчихсэн гэрт хулгайч ороод гар утас болон өөр бусад эд зүйлс аваад явчихсан байна гэж хэлсэн. Би өглөө эрт 07 цагийн орчимд үл таних 1 согтуу байдалтай эмэгтэй хүн манай гэрт орж ирээд явсан талаар хэлсэн. Уул нь бол манай үеэл дүү Д-ын гэрт нөхөр А нь унтаж байсан. А гэрт нь гаднаас хүн орж ирээд эд зүйл хулгай хийж аваад гарсан талаар юу ч мэдээгүй унтаж байсан юм байна лээ. Тэгээд Д цагдаагийн байгууллагад уг болсон зүйлийн талаар хэлж дуудлага өгсөн. Энэ өдрийн үдээс хойш 15 цагийн орчимд би Баянбүрд дэлгүүр ороод гарах гэж байх үедээ өглөө манай гэрт согтуу байдалтай орж ирээд гарсан нөгөө эмэгтэй хүнтэй тааралдсан. Би нөгөө эмэгтэй хүнтэй тааралдсан гэдгээ дүү Дд хэлсэн. Тэгээд нөгөө эмэгтэй хүнтэй уулзаад зогсож байхад цагдаа ирсэн. Цагдаа ирээд тэр эмэгтэй хүний барьж яваа торыг нь үзэхэд дотор нь Д-ын гэрээс хулгайд алдагдсан үсний шампунийг хийчихсэн гар утсыг нь хармаалчихсан явж байсан. Тэгээд би гэр рүүгээ явсан.” /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Гэрч Б.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед би сэрсэн. Манай эхнэр Д энэ өдрийн өглөө эрт ажилдаа явсан байсан. Би сэрээд гар утсаа ашиглах гэтэл миний гар утас олдохгүй байсан. Би хажуу айлын Ц эгчийн гар утсыг түр авч өөрийн эхнэр Д руу залгаж ярин миний гар утсыг харсан эсэх талаар асуухад манай эхнэр явахдаа гэрийн хойморт стикен дээр миний гар утсыг цэнэглэж тогонд залгаж орхиод гарсан гэж надад хэлсэн. ...Тэгээд хажуу айлын Ц эгчтэй манай эхнэр Д уулзахад өглөө 07 цагийн үед манай гэрт 1 согтуу байдалтай архи үнэртүүлсэн эмэгтэй хүн орж ирээд гарсан. Тэр эмэгтэй хүн манай гэрт орж ирэхээс өмнө танай гэрт орсон байсан байх, өөр ямар нэгэн гаднын хүн ирээгүй гэж хэлсэн. Манай эхнэр Д цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдэгдсэн... Энэ өдрийн үдээс хойш манай хажуу айлын Ц эгч гадуур дэлгүүр хэсэж явж байгаад өглөө гэрт нь ороод гарсан нөгөө эмэгтэй хүнтэй тааралдаж манай эхнэр Дд хэлсэн байсан. Манай эхнэр Д цагдаад хэлж шалгуулахад тэр эмэгтэй хүн манай гэрээс хулгайлж авсан миний гар утсыг болон үсний шампунь, ангижруулагчийг биедээ авч явж байсан гэж хэлсэн.” /хавтаст хэргийн 27 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Х.З нь дээрх бусдын өмчид халдсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Х.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 07 цагийн орчимд Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 5 дугаар баг, ........................ тоотод оршин суух иргэн Д.Д-ын гэрээс архины мөнгө олох зорилгоор “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.З-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д-д нийт 430,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэг зэрэг хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн зүгээс “Манай гэрээс алдагдсан гар утас, шампунь, ангижруулагч зэргийг хулгай хийсэн гэх хүнээс буцааж авсан. Мөн жолооны үнэмлэх, виза карт зэргийг манай хажуу талын хашааны хажууд хаясан байсныг олж авсан. Би алдагдсан эд зүйлээ хулгай хийсэн хүнээс олж авч хохиролгүй болсон тул гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Х.З-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Х.З-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгч Х.З нь хохирогч Д.Д-д нийт 430,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэг зэргийг биет байдлаар буцаан өгсөн болохыг, шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Х-ын З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З-ыг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.З нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.З нь хохирогч Д.Дд нийт 430,000 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А50” загварын гар утас 1 ширхэг, АР бичиглэлтэй үсний шампунь 1 ширхэг, ангижруулагч 1 ширхэг зэргийг биет байдлаар буцаан өгсөн болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.З нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Х.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ