Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Иргэний нэхэмжлэгч Н.Х,

Шүүгдэгч Б.Х, Л.О, тэдний өмгөөлөгч Э.Наранцацрал,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,  

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б-ын Х, Т овгийн Л-ын О нарт холбогдох 2128000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

   Биеийн байцаалт: 

  Монгол Улсын иргэн, ............................

  Монгол Улсын иргэн, .................................

  Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Б.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Л.О-тай бүлэглэн улсын дугаартай “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг ашиглан багийн нутаг дэвсгэрт байх гэх газарт бэлчиж байсан хохирогч С.Бийн 1 тооны хонийг хулгайлсан,

 Шүүгдэгч Л.О нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд Б.Х-той бүлэглэн улсын дугаартай “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг ашиглан гэх газарт бэлчиж байсан хохирогч С.Бийн 1 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Х, Л.О нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Л.О-тай аймгаас хойно хөдөө нэг шил архи хувааж ууж байгаад тасраад унтсан. Маргааш өглөө нь босож 08 цагаас ажилтай байсан учраас ажил руугаа явж байгаад замд таарсан бэлчиж байсан хониноос эндээс нэг хонь авчих уу гэж би хэлсэн. Л.О чи өөрөө мэд гэж хэлсэн. Бид 2 машины багажид нэг хонь хийсэн. Аймаг руу ирж байхад замд машин зогсоосон нь хонины эзэн байсан. Тэгээд хонийг нь буцааж өгсөн. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм муухай зүйл хийхгүй. Гэр бүлдээ ганц ажил хөдөлмөр эрхэлдэг хүн нь би байгаа. 4 хүүхэдтэй, банкны зээлтэй. Өөрийн гэм бурууг гэмшиж байна гэв.

Шүүгдэгч Л.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бид 2 хөдөө гарч нэг шил архи хувааж уугаад тэндээ унтсан. Маргааш өглөө нь аймаг руу явж байхад замд мал бэлчиж байсан. Б.Х нэг хонь аваад явах уу гэж хэлэхээр нь өөрөө мэд гэж хэлсэн. Тэгээд бэлчиж байсан малаас нэг хонь авсан. Аймаг руу орж ирэх замд машин бид хоёрыг зогсоосон. Малын эзэн байсан учраас хонийг нь буцааж өгсөн. Буруу үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

Иргэний нэхэмжлэгч Н.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Х гэх хүнийг танихгүй. Манай нөхөр таньдаг байсан. Манай машиныг 6,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож авсан. 8 дугаар сарын сүүлээр Б.Х манай хашаанд 3,000,000 төгрөгөөр ажил хийж өгсөн. Үлдэгдэл мөнгөө хавар өгөхөөр тохиролцсон. Үлдэгдэл мөнгөө авч байж тээврийн хэрэгслийн нэрээ шилжүүлэхээр тохиролцож тээврийн хэрэгслээ өгсөн байсан. Үлдэгдэл 3,000,000 төгрөг байгаа. Өөрийн боломжоороо өгнө гэж тохиролцсон боловч өгөөгүй. Ажлын хөлс болох 3,000,000 төгрөгийг өгч тээврийн хэрэгслээ буцааж авах хүсэлтэй байна гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймаг Ханхонгор сум Мандах 1 дүгээр багт Хүйтэн гэх газраас бэлчээрээс нэг ширхэг хонь алга болсон. Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд саахалт айлын хүн Ц танай мал дээр саарал өнгийн машинтай 2 хүн ирээд малыг чинь хурааж хурааж байгаад урагшаагаа их хурдтай явлаа гэж мэдэгдсэн. Онь цуулбар имтэй, хонлой дээрээ ногоон будагтай хөх алаг хуц байгаа юм. Айлаас малаар сольж авч байсан. Илүү нугаламтай хуц байгаа юм. Одоо эцэг мал 600,000 төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Одоо хуцаа олж авсан, гэхдээ гомдолтой байна... Би тухайн Даланзадгад сумын төвд хүүхдээ хараад байдаг бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр манай нөхөр Т залгаад манай малыг машинтай хүн хурааж байгаад аймаг руу явчихлаа гэж Ц хэллээ чи өмнөөс нь тосоодох гэж хэлсэн. Тэгэхээр нь нөхрийн дүү Т руу залгаад хоёулаа аймгаас хойш машин тосоодохъё манай малаас мал хулгайлсан байж магадгүй байна гэж хэлсэн. Мөн нөхрийн дүү Т руу мөн залгаад манай малыг бэлчээрт нь бөөгнүүлж байгаад мал аваад явсан байж магадгүй гэж Т хэллээ чи тосоод гараадах би Т-тай хамт гарах гэж байна гэж хэлсэн. Би Т бид хоёр машинтай Нисэх онгоцны буудал явдаг засмал зам дээр саарал өнгийн машин гарч ирэх нь үү гээд зогсож байхад Нисэх онгоцны буудлын зүүн талаар саарал өнгийн машин их хурдтай гараад ирсэн. Тэгсэн араас нь Т-ын машин гараад ирсэн. Тэгэхээр нь өмнөөс нь амдаад явсан нөгөө машин зугтаагаад зүүн тийшээ явсан. Т араас хөөж байгаад нөгөө машиныг зогсоосон байсан. Т бид хоёр яваад очиход багаажийг нь нээчихсэн манай хөх толгойтой хуц байж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн, удалгүй Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч хүрээд ирсэн... Санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 25, 29 дэх тал/

Иргэний нэхэмжлэгч Н.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “... “Toyota-Mark X загварын автомашиныг манайх 2019 онд хувь хүнээс авсан байсан. Манайх энэ машиныг аваад манай нөхрийн нэр дээр бүртгүүлэн унаж байгаад 2021 оны 08 дугаар сарын эхээр “Шийдэл финанс” ББСБ-ийн нэр дээр шилжүүлж 2 сая төгрөгийн зээл хийсэн байсан. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр зүс таних Х гэдэг залууд 6,000,000 төгрөгөөр зарсан бөгөөд Х гэдэг хүнээс машины мөнгөө аваагүй байгаа юм. Манай нөхрийг Б овогтой Э гэдэг бөгөөд манай нөхөр “Эрдэнэс тавантолгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг, одоо ажил дээрээ ажлаа хийгээд байж байгаа. Энэ машин манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад “Шийдэл финанс” ББСБ-ийн нэр дээр барьцаанд тавиад уг байгууллагын нэр дээр бүртгүүлсэн юм. Х машин авсан мөнгөө төлөөгүй байгаа юм. Түүнээс болоод машиныг шилжүүлж өгөөгүй байгаа юм. Х-д машинаа зараад хагас мөнгийг 2022 оны 01 дүгээр сард үлдэгдэл мөнгийг нь хавар авахаар тохирсон байсан. Би Х-д машинаа зарсан учраас Х-оос мөнгөө л авмаар байна. Санал, хүсэлт, гомдол байхгүй.” /хавтаст хэргийн 32 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг машиныг Б-ын Э гэдэг хүн барьцаанд тавьж 2 сая төгрөгийн зээл авсан байгаа. Манай байгууллагаас зээл авсан иргэн нь зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа ба одоо зээлийн үлдэгдэл нь 1,739,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллагаас авсан зээлийн гэрээний дагуу уг автомашиныг унаж явах гэрээ хийж зээл авсан тул тухайн тээврийн хэрэгслийг хаана ямар байдалтай явж байгааг мэдэх аргагүй юм. Би энэ асуудлын талаар мэдээгүй. Одоогийн байдлаар зээл хэвийн төлөгдөөд явж байгаа учраас манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт гомдол байхгүй” /хавтаст хэргийн 35 дахь тал/

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байх сайн санахгүй байна. Би хөдөө гэртээ малдаа явж байхад манай малаас зүүн талд бэлчиж байсан Тийн малыг машинтай явган хоёр хүн бөөгнүүлж байгаад саарал өнгийн жижиг тэрэг урагшаа явсан. Тэгэхээр нь Т рүү залгаж танай малыг бөөгнүүлчхээд явчихлаа тэрийг тосохгүй бол танай малаас барьсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгчхээд би цаашаагаа малдаа яваад өгсөн, нөгөө машин айлын чиглэлд давхиад яваад өгсөн. Сүүлд нь сураг сонсоход Тийн малаас хуцыг нь аваад явсан сурагтай байсан. Би ойролцоогоор 3 км орчим газраас харсан учраас улсын дугаарыг нь хараагүй. Саарал өнгийн жижиг тэрэг байсан.” /хавтаст хэргийн 43 дахь тал/

Шүүгдэгч Б.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой 19 цагийн үед ажлаасаа буугаад найз О-ын гэрийн гадаа очоод О-ыг дуудсан юм. Бид хоёр уулзаад архи уух уу гэсэн чинь О зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр “Баяндөхөм” хүнсний дэлгүүр ороод 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи авсан. Түүнийгээ хаана уух уу гэж байгаад аймгаас гараад ууя гэж ярилцаад аймгаас хойшоо тал руу гарсан. Би тухайн үед 05-92 ӨМҮ улсын дугаартай “Марк Х” загварын машинтай явсан. Бид хоёр аймгаас нэлээд явж байгаад тал дээр зогсоод нөгөө авсан архиа хувааж уусан. Архи уугаад дуусах үед нэлээд согтсон учраас тэндээ машиндаа унтсан. Маргааш нь унтаж байгаад сэрсэн чинь өдрийн 12 цаг болж байсан. Бид хоёр буцаад аймаг руу явж байхад бага мал буюу хонь, ямаа бэлчээрлэн явж байсан малыг хараад би О-т хоёулаа нэг хонь эндээс авчих уу гэсэн чинь О чи өөрөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би малын хажууд зогсоод О-ыг мал хурааж бай гэж хэлсэн. Тэгээд би малыг нэг талаар нь явахад О нөгөө талаар нь яваад мал хураасан. Малыг хураасан дараагаар би нэг хонь барьж авсан. Барьсан хонио амьдаар нь багаажиндаа хийгээд хөдлөөд аймаг руу явсан. Аймагт орж ирээд паркийн уулзвар дээр машин сигналдаад зогс гэхээр нь зогссон чинь машинаас нэг хүн гарч ирээд багаажаа нээ гэхээр нь багаажаа нээсэн. Тэгсэн араас нь малын эзэн эмэгтэй ирсэн, араас нь цагдаа ирсэн... С гэдэг хүний эзэмшлийн “Тоёота Марк Х” загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай автомашин байсан. Уг машиныг би 2021 оны 07 дугаар сард Сайхнаа гэдэг хүнээс 3,000,000 төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь өгөөгүй байсан машин байгаа юм.” /хавтаст хэргийн 67-68 дахь тал/

Шүүгдэгч Л.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой ажлаасаа буугаад гэртээ байж байхад хамт ажилладаг нэг хашаанд байдаг Х залгаад гэрийн гадаа байна гараад ир гэж хэлсэн. Би гэрээс гараад ирэхэд Х машинтайгаа ирчихсэн байсан. Би машинд нь ороод ирсэн чинь архи ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь би дэмжээд хамт явсан. Бид хоёр яваад “Баяндөхөм” хүнсний дэлгүүр рүү ороод 1 шил 0,75 граммын “Ерөөл” архи түүнийгээ тал руу гарч уухаар болоод аймгаас хойшоо тал руу явсан. Бид хоёр аймгаас 10 нэлээд гаруй километр яваад зогсоод тал дээр архи хувааж уусан. Архиа ууж дуусаад 01-02 цагийн үед бид хоёр машины урд талын сандал дээр бид хоёр унтсан. Нэг сэрэхэд өдрийн 12 цаг болсон байсан. Би 14 цагаас ажилтай байсан учраас хурдан явъя гээд явсан. Бид хоёр хөдлөөд явж байхад зам дээр мал бэлчиж байсан. Тэгсэн чинь Х энэ малаас 1 хонь авчихъя гэхээр нь би өөрөө мэд гэж хэлсэн. Тэгсэн чинь Х энэ малын хажууд машинаа зогсоогоод машинаас буугаад малыг бөөгнүүлсэн. Би бас машинаас буугаад малын нэг талаар нь орж малыг бөөгнүүлж өгсөн. Х бөөгнөрсөн малаас 1 ширхэг хонь бариад авсан. Тэгэхээр нь машины багаажийг нь онгойлгож өгсөн. Х тэвэрч авч ирээд багаажинд хийсэн. Тэндээс хөдлөөд аймгийн чиглэлд явсан. Бид хоёрыг аймаг руу буюу паркийн баруун уулзвараар орж ирэхэд араас нэг машин сигналдаад зогс гэж хэлсэн. Х зогссон чинь нэг залуу ирээд багаажаа онгойлгоодох араас цагаан өнгийн Приус машинтай эмэгтэй ирсэн. Удаагүй цагдаа ирээд цагдаагийн газар дээр ирсэн. Х бид хоёрт мөнгөний хэрэг байсан учраас хонь авч явсан. Хонийг зарж борлуулж мөнгө болгох гэсэн санаатай байсан.” /хавтаст хэргийн 73-74 дэх тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 314 дугаартай үнэлгээнд: “эцэг мал /хуц/, 1 ширхэг, нэгжийн үнэ 500,000 төгрөг, зах зээлийн дундаж үнэ 500,000 төгрөг /5 настай/, нийт дүн: 500,000 төгрөг” гэжээ. /хавтаст хэргийн 48 дахь тал/

“Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай үнэлгээнд: “”Шийдэл финнас” ХХК-ийн эзэмшлийн 2006 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2011 онд Монгол Улсад орж ирсэн “Toyota-Mark X загварын автомашин нь 2021 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 7,000,000 /долоон сая/ төгрөгөөр тогтоов.” /хавтаст хэргийн 55-57 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 83, 101 дэх тал/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд / хавтаст хэргийн 77-82, 90-94, 102 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Л.О, Б.Х нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Б.Х, Л.О нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд 05-92 ӨМҮ улсын дугаартай “Тоёота Марк Икс” загварын тээврийн хэрэгслийг ашиглан Өмнөговь аймаг, Ханхонгор сум, Мандах багийн нутаг дэвсгэрт байх Хүйтэн гэх газарт бэлчиж байсан хохирогч С.Бийн 1 тооны хонийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Т бид хоёр машинтай Нисэх онгоцны буудал явдаг засмал зам дээр саарал өнгийн машин гарч ирэх нь үү гээд зогсож байхад Нисэх онгоцны буудлын зүүн талаар саарал өнгийн машин их хурдтай гараад ирсэн. Тэгсэн араас нь Т-ын машин гараад ирсэн. Тэгэхээр нь өмнөөс нь амдаад явсан нөгөө машин зугтаагаад зүүн тийшээ явсан. Т араас хөөж байгаад нөгөө машиныг зогсоосон байсан. Т бид хоёр яваад очиход багаажийг нь нээчихсэн манай хөх толгойтой хуц байж байсан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт дуудлага өгсөн, удалгүй Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч хүрээд ирсэн...” /хавтаст хэргийн 25, 29 дэх тал/,

Иргэний нэхэмжлэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... “Toyota-Mark X загварын автомашиныг манайх 2019 онд хувь хүнээс авсан байсан. Манайх энэ машиныг аваад манай нөхрийн нэр дээр бүртгүүлэн унаж байгаад 2021 оны 08 дугаар сарын эхээр “Шийдэл финанс” ББСБ-ийн нэр дээр шилжүүлж 2 сая төгрөгийн зээл хийсэн байсан. 2021 оны 08 дугаар сарын сүүлээр зүс таних Х гэдэг залууд 6,000,000 төгрөгөөр засан бөгөөд Х гэдэг хүнээс машины мөнгөө аваагүй байгаа юм... Энэ машин манай нөхрийн нэр дээр бүртгэлтэй байж байгаад “Шийдэл финанс” ББСБ-ийн нэр дээр барьцаанд тавиад уг байгууллагын нэр дээр бүртгүүлсэн юм... Х-д машинаа зараад хагас мөнгийг 2022 оны 01 дүгээр сард үлдэгдэл мөнгийг нь хавар авахаар тохирсон байсан.” /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Иргэний нэхэмжлэгч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр уг машиныг Б-ын Э гэдэг хүн барьцаанд тавьж 2 сая төгрөгийн зээл авсан байгаа. Манай байгууллагаас зээл авсан иргэн нь зээлээ хугацаанд нь төлөөд явж байгаа ба одоо зээлийн үлдэгдэл нь 1,739,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Манай байгууллагаас авсан зээлийн гэрээний дагуу уг автомашиныг унаж явах гэрээ хийж зээл авсан тул тухайн тээврийн хэрэгслийг хаана ямар байдалтай явж байгааг мэдэх аргагүй юм. Би энэ асуудлын талаар мэдээгүй. Одоогийн байдлаар зээл хэвийн төлөгдөөд явж байгаа учраас манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт гомдол байхгүй” /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр байх сайн санахгүй байна. Би хөдөө гэртээ малдаа явж байхад манай малаас зүүн талд бэлчиж байсан Тийн малыг машинтай явган хоёр хүн бөөгнүүлж байгаад саарал өнгийн жижиг тэрэг урагшаа явсан. Тэгэхээр нь Т рүү залгаж танай малыг бөөгнүүлчхээд явчихлаа тэрийг тосохгүй бол танай малаас барьсан байж магадгүй гэж хэлсэн. Тэгчхээд би цаашаагаа малдаа яваад өгсөн, нөгөө машин айлын чиглэлд давхиад яваад өгсөн. Сүүлд нь сураг сонсоход Тийн малаас хуцыг нь аваад явсан сурагтай байсан. Би ойролцоогоор 3 км орчим газраас харсан учраас улсын дугаарыг нь хараагүй. Саарал өнгийн жижиг тэрэг байсан.” /хавтаст хэргийн 43 дахь тал/ гэх мэдүүлгүүд болон “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 314 дугаартай үнэлгээ, “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаартай үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч нараас яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

Ийнхүү шүүгдэгч Л.О, Б.Х нарын дээрх бусдын өмчлөлд халдсан хууль бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдохоор байна.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Л.О, Б.Х нар нь 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 12 цагийн орчимд бүлэглэн, машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйлдсэн нь уг гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэв.  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч “шүүгдэгч Л.О, Б.Х нар нь хохирогч Б-ийн хонийг хулгайлж өөртөө авахын тулд санаатай үйлдэл хийж ачиж явсан боловч тэдний хүсэл зоригоос үл шалтгаалах хүчин зүйл буюу хонины эзэн очиж саатуулснаар тухайн үйлдэл нь таслан зогсоогдсон тул шүүгдэгч нарын үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэх үндэслэл тогтоогдож байна, мөн шүүгдэгч нар нь урьдаас үгсэн тохиролцсон зүйл хэргийн хүрээнд харагддаггүй” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч нар мал хулгайлах гэмт хэрэг үйлдэх талаар гэмт хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч, шүүгдэгч Б.Х-ын мал хулгайлах санаачилгыг шүүгдэгч Л.О таслан зогсоохын оронд мал хураах, машины багаажийг нээх, ачих зэрэг ажиллагаанд үйлдлээрээ санаатайгаар нэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон тул тэднийг бүлэглэн гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч нарын үйлдлийг завдсан гэж өмгөөлөгчийн зүгээс мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Л.О, Б.Х нар нь бусдын өмчлөлд байгаа 1 тооны хонийг тээврийн хэрэгслийн багаажид хийн 10-аад километр газар тээвэрлэж явснаараа уг 1 тооны хонийг эзэмшилдээ бүрэн авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон тул хулгайлах гэмт хэргийг энэхүү ажиллагаа дууссан үеэс төгс үйлдэгдсэн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар хохирогчийн 1 тооны хонийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, биеэр авч чадахгүй газарт зөөж тээвэрлэхэд Toyota Mark X загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан үйл баримт тогтоогдсон тул машин механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч нарын үйлдлийг завдсан, урьдчилан үгсэн тохиролцоогүй” гэх дүгнэлт няцаагдсан байх тул шүүгдэгч Л.О, Б.Х нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.О, Б.Х нар нь бүлэглэн машин механизм ашиглан бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.О, Б.Х нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Б-т 500,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 314 дугаартай үнэлгээгээр тогтоогдсон ба шүүгдэгч нар хохирогчид 1 тооны хонийг биет байдлаар буцаан өгсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тус тус тогтоогдсон, мөн иргэний нэхэмжлэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад “... уг машиныг Б-ын Э гэдэг хүн барьцаанд тавьж 2 сая төгрөгийн зээл авсан, зээл хэвийн төлөгдөөд явж байгаа учраас манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иргэний нэхэмжлэгч Н.Х шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “Б.Х нь манай машиныг 6,000,000 төгрөгөөр авахаар тохиролцож, манай хашаанд 3,000,000 төгрөгөөр ажил хийж өгсөн, үлдэгдэл 3,000,000 төгрөг төлөгдөөгүй байгаа тул тээврийн хэрэгслээ буцааж авах хүсэлтэй байна” гэж мэдүүлж байх боловч уг тээврийн хэрэгслийг шүүгдэгчид худалдахаас өмнө түүний нөхөр Б.Э нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “Шийдэл финанс” ХХК-ийн барьцаанд тавьж 2,000,000 төгрөгийн зээл авсан байна. Энэхүү зээлээс 1,739,000 төгрөг төлөгдөөгүйн зэрэгцээ тээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр “Шийдэл финанс” ХХК-ийг өмчлөгчөөр бүртгүүлсэн байх тул иргэний нэхэмжлэгчид буцаан олгох боломжгүй гэж шүүх үзэв.

Харин иргэний нэхэмжлэгч Н.Х нь “Toyota Mark X” загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Л.О, Б.Х нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Ийнхүү Л.О, Б.Х нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно. 

Шүүх шүүгдэгч нарын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хэдийгээр өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч нарын үйлдэл төгс үйлдэгдээгүй, завдалт байж болзошгүй талаар хууль хэрэглээтэй холбоотой дүгнэлт гаргаж оролцсоныг шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд саад болох учиргүй гэж үзэж, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр дээрх хуулийн заалтыг хэрэглэсэн болохыг дурдаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцнэ, тухайлбал нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

Ийнхүү шүүгдэгч Л.О, Б.Х нарын бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Toyota Mark X загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд болох нь тогтоогдсон тул уг тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 3,500,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Mark X загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Шийдэл финанс” ХХК-д олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.О, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч С.Бт 1 тооны хонийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Б-ын Х, Т овгийн Л-ын О нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт 1  /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус  шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х, Л.О нарын гэмт хэрэг үйлдэх үед ашигласан эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Toyota Mark X загварын 05-92 ӨМҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн 3,500,000 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “Toyota Mark X загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Шийдэл финанс” ХХК-д олгосугай.

6. Шүүгдэгч Л.О, Б.Х нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь хохирогч С.Б-т 1 тооны хонийг биет байдлаар буцаан өгсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.  

7. Toyota Mark X загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөлийн асуудлаар иргэний нэхэмжлэгч Н.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О, Б.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгч нарт шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.О, Б.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

    

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ