Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0001/Э |
Дугаар | 2021/ШЦТ/03 |
Огноо | 2021-12-23 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/03
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан
Шүүгдэгч: С.С,
Өмгөөлөгч: Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овгийн С-ийн Сад холбогдох 2128000000 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч С.С нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, Фэйсбүүкээр Өмнөговь зарын групп дээр “үхэр хүнс зарна” гэсэн зар тавьж, төөрөгдөлд оруулан, Ч.С-ийн 5607073 дугаарын дансаар хохирогч Д.Бээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч С.Сыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...8827683 дугаарын утас руу залгаж үхэр зарна гэсэн үү гэж асуухад нэг эрэгтэй хүн тэгнэ гэсэн. 1.500.000 төгрөгөөр зарна. Шүдлэн үхэр гэсэн. Мөн тэр хүн надад хэлэхдээ Н сумын урд говьд амьдардаг. Миний нэрийг Галбадрах гэдэг. 5, 6 үхрийн захиалгатай байгаа. Танай үхрийг хамт аваад очно гэсэн. 2021 оны 11 сарын 20-ны өдөр 11 цагийн үед ярьсан. Үдээс хойш үхрийг чинь 18 цагийн үед аваад очно. Туугаад явж байна гэж хэлсэн. Урьдчилгаа 1.000.000 төгрөгийг 5607073633 дугаарын дансанд хийгээрэй гэхээр нь би шилжүүлсэн. Тэгээд орой болсон чинь тэр хүний утас холбогдохоо байсан. Нэлээн орой утсаа аваад өнөөдөр амжсангүй. Үүрээр аймгийн төв рүү орно гэж хэлсэн. 2021 оны 11 сарын 21-ний өдөр тухайн хүн утсаа салгаад алга болсон. ...Миний шилжүүлсэн 1.000.000 төгрөгөөс 420.000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 580.000 төгрөгийн оронд бага адуу өгсөн. /хх-ийн 10-12-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ч.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 5607073633 тоот данс бол миний Хаан банк ХХК-д эзэмшдэг данс байгаа юм. С бид 2 үерхдэг юм. Миний найз залуу байгаа юм. 2021 оны 11 сарын 20-ны өдөр миний дансанд 1.000.000 төгрөг орсон. С над руу залгаж чиний данс руу 1.000.000 төгрөг орно. Хэрэглэвэл хэрэглэж байгаарай гэсэн. Би Стай хосоороо өмсөхөөр хос цамц 80.000 төгрөг, хос бугуйвч 10.000 төгрөг, хос зүүлт 5.000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүн 10.000 гаруй төгрөгөөр Эвридэй дэлгүүрээс идэж уух зүйл авсан. /хх-ийн 17-р хуудас/
Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Н суманд төрсөн. Бага насаа Н сумын Хармагтай багт эмээ, өвөө дээрээ өнгөрөөгөөд 2010 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р бүрэн дунд сургуульд сурч 4-р анги төгсөөд сургуулиас гарч хөдөө эмээ, өвөө дээрээ мал малладаг болсон бөгөөд өнөөг хүртэл өвөө, эмээтэйгээ мал маллаж амьдарч байгаа юм. Би Өмнөговь аймгийн Н сумын Хармагтай багийн нутагт өвөлжиж байгаа өвөө Дашзэвэгийн гэрт байхад 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр фэйсбүүк үзэж байхад “Өмнөговь аймгийн зарын нэгдсэн групп” гэсэн хуудсанд үхэр хүнс зарна гэсэн хүний постыг хараад би өөрийн 88276838 гэсэн дугаарыг коммент хэсэгт нь бичсэн юм. Тэгээд хэсэг хугацааны дараа 88662199 дугаараас над руу нэг эмэгтэй залгаад үхэр зарах юм уу гэхээр нь хязаалан үхэр зарна гэсэн чинь хэдээр зарах вэ гэхээр нь би 1.500.000 төгрөгөөр зарна гэсэн чинь үхрээ алаад аваад ирэх боломж байгаа юу гэхээр нь би алаад аваачаад өгч болно гэсэн. Тэгсэн чинь тэр хүн би тэгвэл урьдчилгаа төлбөрийг нь данс руу чинь хийчихье гэсэн. Тэгэхээр нь би найз охин С-ийн 5607073633 гэсэн дугаарыг мессежээр явуулсан юм Тэгээд удаагүй байхад манай найз охин С миний дансанд 1.000.000 төгрөг ороод ирлээ яах ёстой юм бэ гэхээр нь чи ойр зуурын юм авч байгаарай гэж хэлсэн юм. Би тэгээд 2-3 хоногийн дараагаар малд яваад ирэхэд нөгөө үхэр авна гэж мөнгө шилжүүлсэн хүн над руу 2 удаа залгасан байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 29-ний орой цагдаагийн газраас намайг дуудсан. /хх-ийн 22-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30-р хуудас/
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч С.С нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр цахим хэрэгсэл ашиглан, Фэйсбүүкээр Өмнөговь зарын групп дээр “үхэр хүнс зарна” гэсэн зар тавьж, төөрөгдөлд оруулан, Ч.С-ийн 56070736 дугаарын дансаар хохирогч Д.Бээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч С.С нь цахим хэрэгсэл ашиглан, хохирогчийг төөрөгдөлд оруулан 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч С.Сын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Бт 1.000.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...Хохирол төлбөр бүрэн барагдсан болно...” /хх-ийн 47-р хуудас/ гэснээр шүүгдэгч С.Сыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Сын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч С.Сын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 30-р хуудас/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25-р хуудас/, байнга оршин суух хаягийн лавлагаанд: Өмнөговь аймгийн Даланзадгад сум 1 дүгээр баг, Баруунсайхан 21-23 тоотод оршин суух хаягтай /хх-ийн 26-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан ба шүүх улсын яллагчийн саналыг шүүгдэгчийн гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Д.Бт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овгийн С-ийн Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан шүүгдэгч С.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч С.Сад тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.С нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч, Д.Бт 1.000.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Сад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА