Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Н.Б, С.Н,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овгийн Н-ийн Б, Б овгийн С-ийн Н нарт холбогдох 212800139 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.Б нь шүүгдэгч С.Нтай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 3-35 тоот хашааны гадаа байсан С.Нын тээврийн хэрэгслээс Хаан банкны виза картыг авч, Даланзадгад сум дахь Хаан банкны салбарын байрны урд талын АТМ-д уншуулан хохирогчийн эзэмшлийн 5585522297 дугаартай данснаас 500.000 төгрөгийг бэлнээр гарган авч ашигласан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан,

Шүүгдэгч С.Н нь шүүгдэгч Н.Бтай бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 3-35 тоот хашааны гадаа байсан С.Нын тээврийн хэрэгслээс Хаан банкны виза картыг авч, Даланзадгад сум дахь Хаан банкны салбарын байрны урд талын АТМ-д уншуулан хохирогчийн эзэмшлийн 5585522297 дугаартай данснаас 500.000 төгрөгийг бэлнээр гарган авч ашигласан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Н.Б, С.Н нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Н машинаас виза картыг нь авч төв Хаан банкнаас очиж 500.000 төгрөгийг авсан. 500.000 төгрөгийг эхнэр хүүхдүүдтэйгээ хамт хувьдаа хэрэглэсэн.

Шүүгдэгч С.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Н.Бтай хамт явж виза картнаас 500.000 төгрөгийг авч гэртээ ирсэн.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний картыг 2021 оны 06-р сарын 05-ны өдөр надаас өөр хүн хэрэглээгүй. Нууц үгийг надаас өөр манай эгч Н мэднэ. Би хөгжлийн бэрхшээлтэй /зүүн хөл тайрагдсан/ учраас дэлгүүрээс ойр зуурын юм авахдаа эгч Нд виза өгөхдөө нууц үгээ хэлж өгдөг байсан. Би дэлгүүрээс яваад шууд эгч Нгийн гэрт 18 цаг өнгөрч байхад очоод 20 цаг өнгөрч байхад гэртээ очоод дахин виза картаа хайх санаатай Н эгчийнд очиход Н эгч эзгүй гэр нь цоожтой байсан. Тэгээд буцаж гэртээ очоод амарсан. Маргааш өглөө нь буюу 2021 оны 06-р сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Н эгчийнд очоод Н эгчээс өчигдөр эргээд ирэхэд танайх цоожтой байсан хаана байсан бэ гэхэд урд гэрт хүргэнийдээ байсан гэж хэлсэн. Би 2021 оны 06-р сарын 07-ны өдөр цагдаад өргөдөл өгчихөөд машинтайгаа яваад Н эгчийнд очиж байж байгаад явах гээд машиндаа суухад миний машины жолооч талын суудлын уранхай хэсэгт виза карт байсан. Миний виза карт бага зэрэг хонхойж нугарсан байсан. 2020 онд картаа хугалаад наасан хуучин эвдрэлээс өөр эвдрэл байгаагүй. Надад 500.000 төгрөгийн хохирол учирсан. Буруутай хүнээс 500.000 төгрөг нэхэмжилж байна. Миний виза карт Н эгчийн гадаа очиход байсан. Явахдаа хайгаад олоогүй. Сүүлд нь 4 хоногийн дараа машинаас олдсон. Тэгэхээр Н эгчийн нөхөр Б авсан байж магадгүй гэж бодож байна. Өөр газар гээгээд хүн авсан бол миний картны нууц үгийг мэдэхгүй, миний машинд хийх ч боломжгүй. /хх-ийн 27-28-р хуудас/

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Хаан банк ХХК-д мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр 2 жил ажиллаж байна. Байгууллагын техник, сүлжээ, хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилладаг. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн бичгийн дагуу АТМ-ны камерт авагдсан иргэний зургийг би өөрөө авч хариу хүргүүлэх тоотонд хавсаргаж явуулсан. АТМ-ны хүчин чадлаас хамааран тухайн иргэний царай бүдэг гарсан боловч өмсөж байгаа хувцас тодорхой мэдэгдэхээр гарсан байгаа. Тухайн камер нь бичлэг хийдэггүй зөвхөн гүйлгээ хийх зорилгоор АТМ-д карт оруулах болон мөнгө авах үйлдэл хийхэд нэг удаагийн зураг автоматаар авагддаг. Манай байгууллагын хяналтын камерын бичлэг хадгалдаг хард диск нь гэмтсэнээс болж 2021 оны 06 дугаар сараас 20-ны өдрөөс урагш бүх бичлэг устгагдсан учраас хяналтын камерын бичлэг хүргүүлэх боломжгүй байсан. Шаргал өнгийн шлёф малгайтай, цайвардуу өнгийн куртиктай, дотор талаараа энгэртээ цахилгаантай бараан өнгийн цамцтай, цэнхэр өнгийн маск зүүсэн, 1.55-1.60 орчим өндөртэй, хижээл насны, эрэгтэй хүний зураг байсан. /хх-ийн 51-р хуудас/

Шүүгдэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1965 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт- Овоо суманд төрсөн. Би бага насаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багт хөдөө ээжийн хамтаар өнгөрөөгөөд 1974-1982 онд Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 8-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 1984-1987 онд Барилгын цэргийн 023-р ангид хугацаат цэргийн алба хаасан. 1987-2005 онд Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багт мал маллаж амьдарч байгаад 2006 онд ЭХ-ийн тусгай ангийн 151.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр 1 жил хоригдсон. 2008 онд ЭХ-ийн 156.1 дугаар зүйлээр мөн 1 жил хорих ял авч хоригдсон. 2009 онд суллагдаж гарч ирээд 2010-2015 онд Даланзадгад сумын 8-р багт мал маллаж амьдарсан. Би С.Н гэх хүнтэй 2012 онд гэр бүл болоод хамтран амьдарч байна. Одоо Даланзадгад сумын 4-р баг Дунд сайхан 5-46 тоотод эхнэр С.Н болон 16-30 насны 5 хүүхдийн хамтаар амьдардаг юм. 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой би гэртээ байж байхад манай эхнэр Нгийн дүү Н манайд ирсэн. Тэгээд Нг хамт гадуур яваад бага сага юм цуглуулаад ирье гээд эгчийгээ аваад явсан юм. Тэр хоёр нэг цагийн дараа эргээд ирсэн. Ирэхдээ 2 ширхэг 2.5 литрийн Боргио пиво авч ирсэн. Мөн мах авч ирсэн юм. Авч ирсэн махны хагасыг манайд өгөөд хагасыг нь хүүхэддээ өгөөд явуулсан. Нын авч ирсэн пивог Н, Н бид гурав хувааж уугаад дуусахад Н дахиад пиво авч ууя гэсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлчихээд гэрээс гараад бие засчихаад эргээд явж байхад Нын машинд Нын ач нь тоглоод байж байхаар нь машины цонхоор нь чи юу хийж байгаа юм бэ гээд шагайхад Нын машины сандал дээр виза карт нь байж байхаар нь аваад халаасандаа хийсэн. Тэгээд гэрт ороод байж байхад Н гэртээ харьлаа гээд яваад өгсөн. Тэгэхээр нь эхнэр Нд би Нын виза картыг машинд байхаар нь авчихлаа кодыг мэдэх үү гэж асуухад эхнэр кодыг нь мэднэ гэж хэлэхээр нь Н манай мөнгийг өгөхгүй байгаа юм чинь мөнгө байвал авчихъя гэсэн. Тэгсэн тэгье гээд бид хоёр гэрээс гараад такси бариад төв хаан банкны АТМ дээр очоод Нын виза картнаас 500.000 төгрөг авахаар хүсэлт хийхэд гараад ирсэн. Тэр мөнгийг аваад буцаад таксигаараа гэртээ ирж амарсан юм. Тухайн үед орой болсон байсан. Маргааш өглөө нь Н дахин 2 ширхэг 2.5 литрийн пивотой ирсэн бөгөөд манайд ирчихээд миний виза карт алга болчихлоо та нар авсан гэхээр нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд Н манайд пиво ууж байгаад яваад өгсөн. Бид хоёр тэр өдөр гадуур гараад Нын виза картнаас авсан мөнгөөрөө гурил, будаа хүнсний хэрэглээний зүйлүүд аваад бас бага сага өртэй байсан учир түүнийгээ төлөөд дуусгасан юм. /хх-ийн 62-63-р хуудас/

Шүүгдэгч С.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 1971 оны 02 дугаар сарын 24-ны өдөр Өмнөговь аймгийн Цогт- Овоо суманд төрсөн. Би бага насаа Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Замын шанд багт хөдөө аав, ээжийн хамтаар өнгөрөөгөөд 1979-1987 онд Цогт-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 8-р анги төгсөж бүрэн бус дунд боловсрол эзэмшээд 1988-1989 онд Даланзадгад сумын ТМС-д 2 жил сурч жимс, ногоочин мэргэжил эзэмшсэн. 1989-2004 онд Цогт-Овоо сумын Замын Шанд багт хөдөө мал маллаж амьдарсан юм. 2005 онд Даланзадгад сумын төвд шилжин суурьшсан Даланзадгад сумын төвд шилжиж ирсэн цагаас хойш гэрээр хүүхдүүдээ асардаг болсон юм. Би Н.Б гэх хүнтэй 2012 онд гэр бүл болон хамтран амьдарч байна. Одоо Даланзадгад сумын 4-р баг Дунд сайхан 5-46 тоотод нөхөр Н.Б, 16-30 насны 5 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Би болсон асуудлын талаар өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр өгсөн тул одоо дахин мэдүүлэг өгөхгүй. /хх-ийн 68-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р хуудас/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73, 84-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай тодорхойлолт /хх-ийн 71-р хуудас/

Оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 30-р хуудас/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72, 81-р хуудас/

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 75-78-р хуудас/

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 976 дугаартай тодорхойлолт /хх-ийн 82-р хуудас/

Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1013 дугаартай С.Нгийн тодорхойлолт /хх-ийн 83-р хуудас/

АТМ-ны камерын бичлэгийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 107-р хуудас/

Хохирол төлбөр төлсөн талаарх хүсэлт /хх-ийн 118-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Б, С.Н нар нь бүлэглэн 2021 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг, Дундсайханы 3-35 тоот хашааны гадаа байсан С.Нын тээврийн хэрэгслээс Хаан банкны виза картыг авч, Даланзадгад сум дахь Хаан банкны салбарын байрны урд талын АТМ-д уншуулан хохирогчийн эзэмшлийн 5585522297 дугаартай данснаас 500.000 төгрөгийг бэлнээр гарган авч ашигласан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Б, С.Н нар нь хохирогч С.Нын виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, улмаар 500.000 төгрөгийг бэлнээр гарган авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч Н.Б, С.Н нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б, С.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Над 500.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан хүсэлтдээ: “...хохирол төлбөр төлж намайг хохиролгүй болгосон” /хх-ийн 118-р хуудас/ гэснээр шүүгдэгч Н.Б, С.Н нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б, С.Н нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдсэн...” /хх-ийн 73-р хуудас/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-78-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 713 дугаартай тодорхойлолтод: Н.Б нь Даланзадгад сумын Цагаан булаг 8 дугаар багийн Начин 1-4 тоотод ам бүл 1 оршин суудаг болохыг Хүн амын мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 71-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72-р хуудас/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч С.Нгийн хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй...” /хх-ийн 84-р хуудас/, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 976 дугаартай тодорхойлолтод: С.Н нь Даланзадгад сумын Дундсайханы 4 дүгээр баг, 5-46 тоотод ам бүл 5 оршин суудаг болохыг Хүн амын мэдээллийн санг үндэслэн тодорхойлов /хх-ийн 82-р хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 81-р хуудас/, Өмнөговь аймгийн Архивын тасгийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1013 дугаартай С.Нгийн тодорхойлолтод: Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийн 1986-1987 оны хичээлийн жилд 8а ангийг дунд үнэлгээтэй төгссөн байна. /хх-ийн 83-р хуудас/ зэрэг баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Бт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал, шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх санал тус тус гаргасан ба шүүх ялын саналыг шүүгдэгч нарын гэм бурууд нийцсэн гэж үзэж, улсын яллагчийн саналын хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Н нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно гэжээ.

Улсын яллагч шүүхэд ирүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ялын саналдаа шүүгдэгч С.Нд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахуулах саналыг гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт …шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана гэж заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Б, С.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 500.000 төгрөгийн хохирол учруулж төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Н-ийн Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн С-ийн Нг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Н.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тус тус тэнссүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар шүүгдэгч Н.Бт тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б, С.Н нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Н.Б, С.Н нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч С.Над 500.000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, С.Н нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА