Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
Хэргийн индекс | 183/2018/01245/И |
Дугаар | 001/ХТ2019/00926 |
Огноо | 2019-06-14 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2019 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2019/00926
“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлалтай,
“М ” ХХК, Г нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 76,303,406.00 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах, хариуцагч Г , нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: Иргэн Г болон “М ” ХХК нар нь “Э ББСБ” ХХК-тай 2017 оны 05 сарын 25-ны өдөр ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийг 8 сарын хугацаатай, сарын 3,3 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийг олгохдоо талуудын хооронд БГ2017/05/03 барьцааны гэрээ байгуулан Г ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 54Д байр, 16 тоотод орон сууцыг барьцаалсан. 2018 оны 01 сарын 25-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон бөгөөд зээлдэгч талын хүсэлтээр ЗГ2017/05/03 А дугаар зээлийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг байгуулан гэрээний хугацааг 2018 оны 10 сарын 25-ны өдрийг хүртэл сунгасан. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч зээлийн хүүгийн төлбөр 4,950,000 төгрөгийг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бид 2018 оны 04 сарын 05-ны өдөр гаргасан. Энэ хугацаанд нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа бид зээлдэгч ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь хэсэг болон 4.2.4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан зээлдэгч Г болон “М ” ХХК нараас ЗГ2017/05/03 дугаартай зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 50,000,000 төгрөг, үндсэн хүү 15,055,238 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,201,377 төгрөгийг буюу нийт 66,253,614 төгрөгийг нотариатын зардал 16,000 төгрөг болон нэхэмжлэл гаргахтай холбогдуулан тушаасан улсын тэмдэгтийн хураамжийн хамт нийт 66,272,614 төгрөгийг нэхэмжилж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа хоёр удаа нэмэгдүүлж, хамгийн сүүлийн байдлаар үндсэн зээлд 50,000,000 төгрөг, үндсэн хүүнд 23,588,789 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,714,617 төгрөг, нийт 76,303,406 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Хариуцагч Г өчигдөр Улаанбаатар хотод байхгүй байна гэсэн атлаа төлөөлөгчдөө өчигдөр олгосон итгэмжлэлээсээ татгалзаж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг өнөөдөр ирүүлсэн байна. Хавтаст хэргийн 88 дугаар талд “Г миний бие шүүх хуралдаанд биечлэн оролцох шаардлагагүй тул хэргийг миний өмгөөлөгчийн оролцоотойгоор шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт өмгөөлөгчөөс өөр этгээдээр төлөөлүүлж байгаа иргэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй. Биечлэн оролцох тохиолдолд өөрийг нь төлөөлж байгаа этгээдээс татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр мэдэгдэнэ гэж зааснаар Г төлөөллөөс татгалзсан. Дээрээс нь өөрийг нь байлцуулахгүй хэргийг шийдвэрлэх боломжтой гэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
Хариуцагч болон хариуцагч “М ” ХХК-ийн төлөөлөгч Г ын шүүхэд ирүүлсэн хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан “Э ББСБ” ХХК болон “М ” ХХК, Г нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “М ” ХХК болон Г нараас 76,303,406 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гудамж, 54 дүгээр байр 16 тоот хаягт байршилтай, 51.61 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 765,133.07 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 609,667 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2018/02865 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М ” ХХК болон Г нараас 66,256,614 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Эй Ар И Си моргаж корпорэйнш ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,046,792 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дахь заалтын “609,667” гэснийг “489,233.07” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Г ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Манай компани нь нэхэмжлэгч компанид 76,303,406 төгрөгийг төлөхөөр болоод байна. Хуулийн этгээд болох “М ” ХХК болон иргэн Г нараар төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. “М ” ХХК нь ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөгүй. Гэтэл компанийг зээл авч байгаа мэтээр болгож иргэн Г ын гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалж эдийн засгийн тооцоогүй зээл олгож одоогоор авсан 50,000,000 төгрөгийг 76,303,406 төгрөг болгож 26,303,406 төгрөгийн хохиролд ороод байна. Энэ авсан мөнгийг Архангай аймгийн Хангай сумын сургуулийн барилгыг барихад зарцуулсан. Одоо Архангай аймгийн Төрийн сангаас тус компанид орж ирэх үлдэгдэл санхүүжилтээр төлөх бүрэн боломжтой байгаа. Хангай сумын сургуулийн барилга ашиглалтад ороод 2 жил үйл ажиллагаа явуулж байгаа болно. Нэхэмжлэгч компани нь төлбөрийн чадваргүй байхад хүү хэтэрхий өндрөөр тооцсон тул 50 хувиар хүүг хөнгөлүүлэх, гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсныг зөвшөөрөхгүй байна. Иймд барьцааны гэрээг хүчингүй болгож жинхэнэ хариуцагчаар “М ” ХХК-ийг тогтоож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК нь хариуцагч “М ” ХХК болон хариуцагч Г нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэгт нийт 66,272,614.00 төгрөг гаргуулах шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлж, үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 76,303,406.00 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэжээ.
Анхан шатны шүүх “Э ББСБ” ХХК болон “М ” ХХК, Г нарын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “М ” ХХК болон Г нараас 76,303,406.00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Э ББСБ” ХХК-д олгож, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох 2 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүх хариуцагч нараас 66,256,614.00 төгрөг гаргуулан, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 10,046,792.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээгээр нэхэмжлэгч тал 50,000,000.00 төгрөгийн зээлийг сарын 3,3 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлүүлсэн, хариуцагч зээлийн барьцаанд улсын бүртгэлийн Ү-2206038659 дугаартай, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр Туул гол гудамж, 54Д байрны 16 тоотод байрлах 51.61 м.кв талбай бүхий орон сууц барьцаалж, хуваарийн дагуу зээл, хүүг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байх бөгөөд гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.
Талууд 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр дээрх зээлийн гэрээний хугацааг 9 сараар сунгасан, хариуцагч нь 4,950,000.00 төгрөгийн хүү төлсөн тухайд маргаагүй байна.
Гэрээний хугацаа 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дуусах боловч хариуцагч нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.2-т заасныг зөрчиж зээл, хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцлан, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээлийг буцаан татаж, гэрээг цуцлах хүртэлх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үүргийн эрх зүйн зохицуулалтад нийцжээ.
Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө нэг талын санаачилгаар гэрээг цуцалж байгаа тохиолдолд гэрээг цуцалсан буюу гэрээнээс татгалзсанаас хойшх хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй тул нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан байхад нэмэгдүүлсэн шаардлагын хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж буруутган шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч Г ын “...50 хувиар хүүг хөнгөлүүлэх, ... барьцааны гэрээг хүчингүй болгох” тухай хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 405 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489,233.00 /дөрвөн зуун наян есөн мянга хоёр зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН