Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

          Нарийн бичгийн дарга О.Болормаа,

          Улсын яллагч Н.Булганчимэг,

          Шүүгдэгч Д.Ганбаатар, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

          Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ганбаатарт холбогдох 201624000465 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                         

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1971 оны 05 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шар хадны 23 дугаар гудамжны 355 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй. Гэлэн овогт Дашдоржийн Ганбаатар /Регистрийн дугаар: ЦЕ71052611/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Д.Ганбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 2 дугаар буудлын замд “Тоуота Raum” загварын 97-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн “1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн  хэрэгслийн  хурдыг  хасаж,  зайлшгүй  тохиолдолд  зогсоох  арга хэмжээ

авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Батболдыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем бүдүүвч гэрэл зургийн
үзүүлэлтүүд, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/хх.5-9/

 

Мөрдөн байцаалтад хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Батболдын: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 17 пугаар хорооны нутаг дэвсгэр, шар хадны хоёр дугаар буудал дээр автобуснаас буугаад замын хойд талын ТҮЦ-нээс тамхи авчаад эргээд зам хөндлөн гарч байхад баруун гар талаас буюу шархадны эцэсрүү явдаг урсгалаар ямар нэгэн машин ирж яваа харагдаагүй тэгээд л хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байтал нүдний буланд гэрэл харагдсан тэгээд баруун гар талруугаа хартал машины подворын гэрэл ороод ирсэн тэгээд л мөргөлдчихсөн. Тэгээд нэг сэргэхэд гэмтэл согог судлалын үндэсний төвийн сэхээнд хэвтэж байсан. Би ганцаараа явж байсан. Тухайн үед марк дугаарыг хараагүй, баруунаасаа зүүн зүгт буюу шархадны эцэсрүү чиглэлтэй явж байсан автомашин мөргөсөн. Өдөр ажил хийж байхдаа нэг шил боргио пиво уусан байсан. Явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан. Тархи хоёр талдаа цөмөрсөн, хэл хоёр тасарсан, баруун дал хугарсан, аарцаг яс хугарсан, хоёр өвдөг бяцарсан байсан. Мөн төмсөг задарч оёдол хийсэн. Одоогийн байдлаар ойролцоогоор 1600000 төгрөг зарцуулсан. Жолоочийн талаас одоогоор 950.000 төгрөг өгсөн. Гадаа харанхуй, зам халтиргаа гулгаа байхгүй, автомашины хөдөлгөөн сийрэг, гэрэлтүүлэг байхгүй байсан. Төлбөр хохирлоо барагдуулчихвал өөр хэлж яриад байх зүйл алга” гэсэн мэдүүлэг /хх.37-38/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Жунайгаагийн: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэр Шархадны 2-р автобусны буудлын дэлгүүрээс юм авчхаад гэрлүүгээ харих гудамжруу орох гээд баруунаас зүүн зүгт явган хүний замаар явж байгаад хүүхдэдээ банана жимс задалж өгөөд доошоо тонгойчихсон байдалтай явж байтал түс гээд явчихсан тэгээд урагшаа хартал нэг хүн аймаар шидэгдээд машины хамар дээр унаж байсан, тэгээд хажуу тийшээ гулсаад унасан тэр машин хэсэгявснаа зогссон. Би шууд 103 болон 102 руу шууд дуудлага өгсөн. Хохирогч хойд талаасаа урагшаа зүгт зам хөндлөн явган хүний гарцгүй гарцаар зам хөндлөн гарч байсан юм байна лээ. Яг зам хөндлөн гарч байсныг нь бол хараагүй. Түс хийх чимээ гараад хархад хохирогч шидэгдээд машины урд копудан дээр унаж байхыг нь л харсан. Тэгээд гулгаад хажуу тийшээ унаж байсан. Хохирогч шархад руу явдаг баруун зүг рүү явдаг урсгалд мөргүүлсэн. Марк дугаарыг мэдэхгүй байна зам сэлүүхэн байсан, цаанаас нэг хоёр  машин  ирж  яваа  харагдаж  байсан. Гадаа харанхуй болоогүй бүүдийж л

эхэлж байсан. Үзэгдэх орчин чөлөөтэй харагдахаар байсан. Хохирогчийг мөргөсөн автомашин осол хэргийн газар зогссон. Жолооч нь хөгжлийн бэрхшээлтэй доголж, таягтай эрэгтэй хүн байсан. Жолооч нь ганцаараа бууж ирсэн. Хохирогч ганцаараа явжбайсан. Автомашины урд салхиных нь шил хагарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх.48/

 

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанцэцэгийн: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад нөхөрлүүгээ залгасан чинь хөгшин нь шар хадны 2 дээр буучихсан одоо уруудаад орлоо гэсэн. Тэгэхээр нь би хоолыг нь халаагаад хойд халгаа онгойлогчихоод хүлээж байсан чинь 15 минут орчим болохоор нь яагаад ирэхгүй байгаа юм болоо гээд дахиад 5 орчим минут хүлээгээд утаслуу нь залгасан чинь нэг эмэгтэй хүн аваад та энэ утасны эзний юу нь вэ? Гэхээр нь эхнэр нь байна гэсэн чинь утсаа цаашаа нэг залуухан баньдад өгсөн тэр залуу та юу нь вэ гэхээр нь би эхнэр нь байна гэсэн чинь та 2-ийн буудлын ойрхон байвал хурдан гараад ирээрэй энэ хүн аваарт орчихсон байна цагдаа түргэн дуудчихсан гэсэн тэгээд хүүхдүүдээ дагуулаад гүйсэн, манай 2 баньд түрүүлээд гүйгээд алга болчихсон араас нь очсон чинь түргэн ирээд манай нөхрийг бага хүүтэй аваад явчихсан манай том хүү байж байсан би араас нь охинтойгоо такси бариад гэмтэл рүү явсан. Ослыг хараагүй учир болсон явдлын талаар мэдэх зүйл байхгүй намайг осол хэргийн газар очиход мөргөсөн машины урд салхины шил хагарчихсан урд тал нь хонхойчихсон байдалтай байсан ба жолооч нь гээд нэг таягтай хүн байсан тэгээд л би шууд такси бариад л явчихсан. Эмчилгээнд нь одоогийн байдлаар 1,600,000 төгрөг зарцуулаад байна. Одоо хэвтрийн байдалтай баруун гар нь хөдөлгөөнгүй, толгой нь өвддөг, хоёр өвдөг нь битүү хавантай, баруун хөлний шилбэний булчин сул тэдээгүй унжаад байгаа, шээхдээ зовиуртай шээж байгаа бусдаар бол гайгүй байгаа. Такси унааны мөнгө хоол ундны мөнгө гээд ойролцоогоор 500,000 төгрөг зарцуулсан. Баримт гэх зүйл байхгүй. Эмнэлэгт байхад нь би л сахисан” гэсэн мэдүүлэг /хх.50/

 

Шинжээчийн 4200 дугаартай дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн Батболдын гэх цусанд 3,1 % спиртийн агууламж илэрч байна.
  2. Цусанд илэрсэн 3,1% нь согтолтын хүнд зэрэгт хамаарна. / хх.52/

 

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6398 дугаартай дүгнэлт:

          1. Г.Батболдын биед дух ясны баруун талаас баруун ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун дал ясны тогооны доод хэсгийн хугарал, баруун ацетабул төвийн хэсэг, урд багана, арын баганын хэсгийг хамарсан цацраг хэлбэрийн хугарал, баруун умдаг ясны дээд салаа угийн ацетабулын хэсгээрээ баруун суудал яс зөрөө бүхий хугарал, духанд шарх, зулгаралт, баруун хөмсөг, хамрын нуруу, зүүн тохой, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн тохойнд цус хуралт, зүүн сарвуу, хуухнагт шарх, баруун сарвуу, зүүн чамархайн хуйханд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хэлний үзүүрт шарх, баруун зүүн дээд зовхи, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

          2. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.   Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх
эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. /хх.54/

 

Мөрдөн байцаалтад шинжээч эмч Г.Ханхүүгийн:  “…Г.Батбаярын биед учирсан дух ясны баруун талаас баруун ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дал ясны тогооны дээд хэсгийн хугарал ацетабул төвийн хэсэг, урд багана, арын баганы хэсгийн хамарсан цацраг хэлбэрийн хугарал, баруун умдаг ясны дээд салаа угийн ацетабулын хэсгээрээ баруун суудал яс зөрөө бүхий хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, бусад гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх.55/,

 

“Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт /хх.58/

 

Техникийн шинжээчийн 317 дугаартай дүгнэлт:

1. Хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч, нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг зэргээс үзэхэд “Тоуота Raum” маркийн 97-44 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явсан Д.Ганбаатар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн “1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл. осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч Г.Батболд нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн “3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх.70/

 

Мөрдөн байцаалтад яллагдагч Д.Ганбаатарын: “2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байхад гэрээсээ талийгаач аавынхаа эзэмшлийн T.Raum маркийн 97-44 УНП дугаартай автомашинд бинзен авхаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Эрдэнэтолгойн буудлын урд талын “МТ” ШТС-аас бинзен авчихаад буцаад харих гээд баруунаасаа зүүн зүгт замын 2-р эгнээгээр ойролцоогоор 50-60 км/цагийн хурдтай явж байсан. Тэгээд шархадын 2-ийн буудлын орчим явж байтал зүүн гар талаас буюу хойноосоо урагшаа зүгт явган хүний гарцгүй газраар нэг хүн урд талд тулаад гараад ирсэн тэгээд сандраад хааз тоормос хоёр зэрэг цуг гишгээд тэр хүнийг жолооч талынхаа урд талаар мөргөчихсөн. Тэгсэн нөгөө хүн урд копудан дээр гарч ирээд тогтсон тэгээд жоохон явж байгаад зогссон. Хохирогчийг тулаад  л

харсан ойролцоогоор 1-2 метрийн зайд харсан. Гадаа гэгээтэй, зам халтиргаа гулгаа байхгүй хуурай байсан. Ойрын гэрэл дээрээ явж байсан, Кабиндаа ганцаараа явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би жолоо барих эрхийн үнэмлэхгүй, жолооч биш. Энэ бол миний буруу тухайн үед бинзен авах санаатай гэрээсээ унаад гарчихсан юм. Би 2013 онд жолооны курс сурч байгаад хаячихсан юм. Тэнд сурч байхдаа машин бариад сурчихсан юм. Миний талийгаач аав Дашдоржийн эзэмшлийн машин юм тэгээд нас барахдаа надад энэ машинаа үлдээсэн юм. Ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Би аавтайгаа хашаанд нь цуг амьдардаг байсан ба манай аав л унадаг байсан өөр хүн унадаггүй юм. Хохирогч ганцаараа явж байсан. Би осол хэргийн газар зогссон. Цагдаад мэдэгдсэн, түргэн дуудсан. Хохирогчийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.000.000 төгрөг өгсөн байгаа” гэсэн мэдүүлэг /хх.61-62/

 

“Хохирогч Гонгор овогтой Батболд миний бие нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой иргэн Ганбаатарын машинд мөргүүлж хүнд гэмтсэн. 2016 оны 05 дугаар сарын 08-наас 18-ны хооронд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хэвтэн эмчлүүлж гарсан. Түүнээс хойш одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Энэ хугацаанд Ганбаатар нь эмчилгээний зардал болох 2.670.000 төгрөгийг өгч хохирлыг барагдуулсан учир Батболд миний бие жолооч Ганбаатарт ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Цаашид жолооч Ганбаатар нь хойшид гарах эм тариаг авч өгч байхаар тохиролцлоо. Иймд шүүх хуралд оролцох шаардлагагүй бөгөөд жолооч Ганбаатарын ялыг хөнгөрүүлж өгнө үү. Шүүх хуралд оролцохгүй.” гэсэн  баримт зэрэг болно.

 

          Д.Ганбаатар нь 2016 оны 05 дугаар сарын 08-ны орой 21 цаг 20 минутын орчим Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны 2 дугаар буудлын замд “Тоуота Raum” загварын 97-44 УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам болох Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн “1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх”, “9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Г.Батболдыг мөргөж биед нь хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, схем бүдүүвч гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.Батболд, гэрч Ц.Жунайгаа, Ц.Алтанцэцэг, яллагдагч Д.Ганбаатар нарын мэдүүлэг, шинжээчийн 4200 дугаартай дүгнэлт, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 6398 дугаартай дүгнэлт, “Авто тээврийн үндэсний төв” Баянгол техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт, техникийн шинжээчийн 317 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлж авагдан, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, хэрэгт шууд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тал бүрээс хангалттай тогтоогджээ.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Д.Ганбаатар нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Д.Ганбаатарын анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан бодит хохирлыг сайн дураар нөхөн төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.

 

Хохирогч Г.Батболд нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 286, 290, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Гэлэн овогт Дашдоржийн Ганбаатарыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Ганбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар, ялтан Д.Ганбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар, ялтан Д.Ганбаатарт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Ганбаатар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эмчилгээний зардалд 2.670.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Г.Батболд нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар, ялтан Д.Ганбаатарт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтан Д.Ганбаатарт хяналт тавьж ажиллахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, уг шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан Д.Ганбаатарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР