Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 817

 

 

Ч.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор П.Даваасүрэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Лгийн гаргасан давж заалдах гомдлоор Ч.Лд холбогдох 1809008760604 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Чагнаагийн Ч.Л, 1970 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт ............................................................................. оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......................................... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ............................./;

Ч.Л нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 тоотод, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 12 настай төрсөн хүү О.Гбаруун гарын сарвуунд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Ч.Лгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Лг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ч.Л нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Л нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Ч.Л гаргасан давж заалдах гомдолдоо: “... Би өөрийн төрсөн 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Зүүн сэлбийн 44 дүгээр байрны 2224 тоот байрыг түрээслэн амьдардаг. Миний нөхөр Д.Отгонбаяр нь 2011 онд нас барсан. Би хувиараа барилгын ажил хийн 2 хүүхдээ тэжээж, байрны мөнгөө төлдөг. 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр хүү О.Гтай мөнгөнөөс болж маргалдсаны улмаас хүү О.Г хутга авч, миний гар луу ишээр нь цохисон. Би хүүхдийнхээ гарнаас хутгыг нь булааж авахдаа гарыг нь зүсэж гэмтээсэн. Тухайн үед хүү О.Г цочирдоод худал мэдүүлэг өгснөө сүүлд нь хэлсэн. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Маргааныг би өөрөө эхлүүлснээ хүлээн зөвшөөрч байна. Бүх зүйл миний буруу. Цаашид дахин ийм явдал гаргахгүй гэдгээ баталж байна. Би хувиараа барилгын ажил хийхдээ 2 хүүгээ хамт аваад явдаг. Учир нь хөдөө ажиллах тохиолдол их гардаг. Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх гэсэн шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

          Прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ч.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ял зөвшилцөж, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн учраас анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлж, шүүхээс түүнийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон ял оногдуулсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Ч.Л нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 тоотод, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, 12 настай төрсөн хүү О.Гбаруун гарын сарвуунд нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч О.Г /хх-21-24/ болон Ч.Лгийн яллагдагчаар өгсөн /хх-37-38/ мэдүүлгүүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-9/, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-18/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 2588 дугаартай дүгнэлт /хх-32/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцжээ.  

Ч.Лд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байх ба мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн ба Ч.Лг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.Лд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор хүсэлтийг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар буюу 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг яллагдагчид танилцуулж, тэрээр зөвшөөрч гарын үсэг зурсан байх ба анхан шатны шүүхээс прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шүүгдэгч Ч.Лгийн гаргасан “Анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 534 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Лгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                           Д.ОЮУНЧУЛУУН