Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 2021/ШЦТ/174

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.МөнхЗ даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагчаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, хохирогч Т.Ч, түүний өмгөөлөгч Д.Бунжаа, шүүгдэгч Ч.З, түүний өмгөөлөгч Б.Лхагважав нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Ч-ын З-д холбогдох эрүүгийн 2135001410171 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ч-ын З, 1983 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Сагил суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, гуравдугаар багийн 55 айлын 1-16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар:............

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Сагил сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Үүрэг нуурын долгио амралтын газарт 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө хохирогч Т.Ч-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2135001410171 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: хохирогч Т.Ч-ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгийг (хх-ийн 6 дугаар хуудас), гэрч Ч.Б-ын зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд хохирогчоор өгсөн мэдүүлгийг (хх-ийн 7 дугаар хуудас), гэрч Ц.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгийг (хх-ийн 8 дугаар хуудас), прокуророос зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны саналыг (хх-ийн 10 дугаар хуудас), хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлийг (хх-ийн 11 дүгээр хуудас), 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 339 дугаартай хохирогч Т.Чын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг (хх-ийн 14-15 дугаар хуудас), прокуророос зөвшөөрөл авах тухай эрх бүхий албан тушаалтны саналыг (хх-ийн 18 дугаар хуудас), хүнд холбогдуулан шинжилгээ хийлгэх, хүний биеэс шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах тухай прокурорын зөвшөөрлийг (хх-ийн 19-20 дугаар хуудас), 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай шүүгдэгч Ч.З-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг (хх-ийн 23-24 дүгээр хуудас), шинжээчийн дүгнэлтийг хохирогч, холбогдогч, түүний өмгөөлөгч нарт танилцуулсан тэмдэглэлийг (хх-ийн 25 дугаар хуудас), 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 345 дугаартай гэрч Ч.Б-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг (хх-ийн 31-32 дугаар хуудас), шүүгдэгч Ч.Зын хүсэлтийг (хх-ийн 35 дугаар хуудас), хүсэлт хангахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны тогтоолууд болон тэмдэглэлийг (хх-ийн 36-38 дугаар хуудас), хохирогч Т.Чаас гаргаж өгсөн сиди дискт үзлэг хийсэн тэмдэглэлийг (хх-ийн 44 дүгээр хуудас), хохирогч Т.Ч-аас гаргаж өгсөн сиди диск, гялгар уутанд хийсэн үсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоолыг (хх-ийн 45 дугаар хуудас), Т.Чыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хх-ийн 46 дугаар хуудас), хохирогч Т.Ч-ын мэдүүлгийг (хх-ийн 48 дугаар хуудас), гэрч Ч.Бын мэдүүлгийг (хх-ийн 49 дүгээр хуудас), гэрч Ц.О-ийн мэдүүлгийг (хх-ийн 52 дугаар хуудас), хохирогч Т.Ч-ын дахин өгсөн мэдүүлгийг (хх-ийн 62-63 дугаар хуудас), гэрч Ч.Бын дахин өгсөн мэдүүлгийг (хх-ийн 65 дугаар хуудас), гэрч Ц.А-ийн мэдүүлгийг (хх-ийн 73-78 дугаар хуудас), гэрч Ц.Згийн мэдүүлгийг (хх-ийн 84 дүгээр хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг (хх-ийн 86-88 дугаар хуудас), шүүгдэгч Ч.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хх-ийн 94 дүгээр хуудас), шүүгдэгч Ч.З-ын прокурорт гаргасан гомдлыг (хх-ийн 138 дугаар хуудас), хүсэлтийг хангахаас татгалзах тухай прокурорын тогтоолыг (хх-ийн 140-141 дүгээр хуудас), хариу мэдэгдэх хуудсыг (хх-ийн 142-143 дугаар хуудас), хохирогч Т.Чын нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх хүсэлтийг (хх-ийн 145 дугаар хуудас), хохирогчийн хүсэлтийг хангахаас татгалзсан тухай прокурорын тогтоолыг (хх-ийн 146-147 дугаар хуудас), хариу мэдэгдэх хуудсыг (хх-ийн 148 дугаар хуудас),

Хохирогчийн өмгөөлөгч: шүүгдэгч Ч.З-ын хүсэлтийг (хх-ийн 35 дугаар хуудас),

Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Ц.А-ийн зөрчлийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлгийг (хх-ийн 8 дугаар хуудас), 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 347 дугаартай шүүгдэгч Ч.З-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтийг (хх-ийн 23-24 дүгээр хуудас), хэсгийн байцаагчийн тэмдэглэлийг (хх-ийн 41 дүгээр хуудас), гэрч Ц.А-ийн мэдүүлгийг (хх-ийн 73-78 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан байна.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Гэрч Ц.А-ийн “...Ч.З-ын эхнэр А.У бие засахаар ч юм уу? Чухам яах гэж гарсан талаар мэдэхгүй гараад удаагүй байхад би “дотор унтахгүй юм байна, гарч машиндаа унтъя” гэж бодоод автомашиндаа сууж байтал Т.Ч “Ч.З, Ч.Б хоёр зодолдоод байна” гэж намайг дуудсан. Би Т.Ч-аас түрүүлээд гэрт ороход Ч.Б, Ч.З нар хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Ч.З Ч.Б-ыг газар түлхэж унагачхаад “миний эхнэр хаана байна” гээд хаалгаар гарч байхад урдаас нь Т.Ч ирж байсан. Ч.З уурандаа Т.Ч-ыг “холдооч” гэж хэлээд түлхэж байсан. Удалгүй хэсэг хугацааны дараа Ч.З-ын түлхэлтэнд Т.Ч газар уначхаад “аллаа” гэж орилсон. Тухайн үед Т.Чын нөхөр Ч.Б гэрээс гүйж гараад Ч.З-той заамдалцаад авсан. Бид нар удаа дараа, олон удаа Ч.Б, Ч.З нарыг салгасан” гэх мэдүүлэг (хх-ийн 73-78 дугаар хуудас),  гэрч Ц.З-гийн “2021 оны 8 дугаар сарын сүүлээр яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна. ...Ч.Б-ын гэр бүл, Ч.Зын гэр бүл, Б.Батсайханы гэр бүл болон манай гэр бүл гээд дөрвөн айл Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн нутаг Үүрэг нуурын долгио гэх амралтын газарт зугаалахаар явсан. Тухайн амралтын газарт очоод гэр аваад 0.75 литрийн 2 шил архи авч явсан ба тухайн хоёр архиа бүгдээрээ нийлж хувааж уусан. ...би А.Уугантуулын араас гараад очиход гадна бөөлжиж байсан ба “эгчээ та орж бай, би зүгээрээ” гэхээр нь за гэж хэлээд гэр лүү орсон. Удалгүй Ч.З босож ирээд “манай эхнэр хаана байна” гэж хэлээд эхнэрээ хайгаад гэрээс гарсан. Удалгүй Ч.З буцаж орж ирээд өөрийн төрсөн ах болох Ч.Бод урлаад “та нар нэгнийгээ яагаад гадна хаячихдаг юм бэ” гэж хэлээд тэр хоёр барьцалдсан юм. Ингээд Ч.З гэрээс гараад үүдэн дээр Т.Чтай таараад тэр хоёр гадна орилолдоод шуугиад байсан боловч би гэрээс гараагүй гэрт байж байсан. Удалгүй Ц.А орж ирээд “Ц.З эгчээ Ч.З, Ч.Б хоёр барьцалдаж аваад байна та гараад ирээч” гэж хэлэхээр нь би за гэж хэлээд гарахад Ч.З, Ч.Б хоёр барьцалдаад авчихсан байхаар нь манай нөхөр Мөнхөө /Р.Мөнхбаатар/ бид хоёр салгаж аваад хоёр тийшээ аваад явсан.” гэх мэдүүлэг (хх-ийн 84 дүгээр хуудас), гэрч Ч.Бын “2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр манай гэр бүл Ч.З, Р.Мөнхбаатар, Б.Батсайхан нарын гэр бүлийн хамт Сагил сумын Үүрэгийн долгио гэх амралтын газар зугаалсан юм. Бид нар Эдэн гэх архи, Сэнгүр гэх пиво ууцгаасан. Ч.З согтоод эхнэр нь болох А.Уугантуул унтуулж байсан. Хэсэг хугацааны дараа Ч.З босч гэрээс гараад эхнэр А.Уугантуулыгаа хайж байгаад орж ирээд намайг ширээн дээр дарж унагаагаад толгойн дагз хэсэг рүү өшиглөж, миний цээж хэсэгт дэвссэн юм. Тэгэхэд Р.Мөнхбаатар ах Ч.Зыг салгаад гэрээс гаргаад явуултал гурав орчим минутын дараа манай эхнэр болох Чагцалмаа /Т.Ч/ нь “авраарай” гэж орилохоор нь би гарахад манай эхнэрийг Ч.З бөгсөн хэсэг рүү өшиглөж байсан. Тухайн үед манай эхнэр газарт унасан авраарай гэж орилж байсан ба Р.Мөнхбаатар ах салгаж автал намайг хараад хүрч ирээд намайг толгой, хөл, гар, цээж хэсэг рүү өшиглөж миний баруун гараас хазсан юм. Мөн энгэрээс бариад боож унагаагаад чирээд явж байтал Б.Батсайхан Ч.Зыг салгаж авахаар нь эхнэр бид хоёр арай гэж Ч.Зоос мултарч гараад гэртээ ирсэн юм” гэх мэдүүлгээр (хх-ийн 49 дүгээр хуудас) дараах үйл баримт тогтоогдож байна.

2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Увс аймгийн Сагил сумын хоёрдугаар багийн нутагт байрлах Үүрэг нуурын долгио гэх амралтын газрын гэрт шүүгдэгч Ч.З, түүний эхнэр А.Уугантуул, гэрч Ц.А, түүний нөхөр Б.Б, гэрч Ц.З, түүний нөхөр Р.М, гэрч Ч.Б, хохирогч Т.Ч нар согтууруулах ундаа хэрэглэсэн байна. Энэ явцад шүүгдэгч Ч.З нь “миний эхнэр А.Уугантуулыг гадаа орхилоо” гэж шалтаглан гэрч Ч.Б-ын биед халдаж улмаар шүүгдэгч, гэрч нар нь уг гэрт болон гадаа харилцан зодолдсон, мөн хохирогч Т.Ч-ын биед шүүгдэгч З халдсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Уг зодооны улмаас гэрч Ч.Б-ын цээж, зүүн тохой, баруун гарт зулгаралт, хэвлий, баруун шилбэ, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд үүссэн болох нь хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 345 дугаартай дүгнэлтээр, шүүгдэгч Ч.Зын дух, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн баруун бугалга, баруун шуунд цус хуралт гэмтлүүд үүссэн болох нь шүүх эмнэлгийн шинжилгээний 347 дугаартай дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. Дээрх гэмтлүүдийг шинжээч эмч Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэжээ.

2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 339 дугаартай хохирогч Т.Ч-ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Т.Ч-ын биед гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт, тархины хаван, баруун чихний ар хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун бугалга, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт. Баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд учирсан байна. ...Тархи доргилт, тархины хаван гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Баруун чихний ар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун бугалга, баруун шилбэ, зүүн шилбэнд цус хуралт. Баруун шуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй ба алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн нэг хувиас бага талбайг хамарч байгаа тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно” гэх дүгнэлтээр (хх-ийн 14-15 дугаар хуудас) хохирогч Т.Ч-ын биед хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна.

Энэхүү дүгнэлтийг 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 142 дугаартай прокурорын зөвшөөрлийг (хх-ийн 14-15 дугаар хуудас) үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр (хх-ийн 11 дүгээр хуудас) гаргасан байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хорин долдугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу гаргасан байна.

Шүүгдэгч Ч.З нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Т.Чын дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлттэй байна” гэх хүсэлт (хх-ийн 13 дугаар хуудас) гаргасныг эрх бүхий албан тушаалтан хангахаас татгалзаж (хх-ийн 36 дугаар хуудас) шийдвэрлэжээ. Шүүгдэгчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан дээрх хүсэлтийн үндэслэл тодорхойгүй байна. Мөн шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул хохирогч Т.Чын биед дахин шинжээч томилох хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирогч Т.Ч-ын “2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 17 цагийн үед манай гэр бүл Ч.З, Р.М болон Б.Б-ы гэр бүлийн хамт Сагил сумын хоёрдугаар багт байрлах Үүрэг нуурын долгио гэх амралтын газар амарцгаасан юм. Бид нар 0.75 литрийн Эдэн гэх нэртэй архи мөн лаазтай 0.5 литрийн Сэнгүр гэх пиво ууцгаасан юм. Тухайн үед Ч.З согтоод эхнэр нь болох А.У унтуулж байсан. Хэсэг хугацааны дараа Ч.З босоод эхнэр А.У-гаа хайж байгаад гэр лүү ороод ирэхээр нь би зөрж гараад А.У-ыг хайж байсан чинь гэнэтхэн миний урдаас Ч.З хүрч ирээд ямар нэгэн үг хэлэлгүйгээр намайг үсдэж аваад дагз руу гараараа гурван удаа цохисон, мөн урд талаас миний бэлэг эрхтэн рүү өшиглөхөд би газарт унасан. Би босох гэхэд миний бөгсөн хэсэг рүү өшиглөж, баруун гараараа зүүн нүдний зовхин хэсэгт цохиход зовхиноос цус гарсан” гэх мэдүүлэг (хх-ийн 48 дугаар хуудас), гэрч Ц.А-ийн “...Ч.З Ч.Б-ыг газар түлхэж унагачхаад “миний эхнэр хаана байна” гээд хаалгаар гарч байхад урдаас нь Т.Ч ирж байсан. Ч.З уурандаа Т.Чыг “холдооч” гэж хэлээд түлхэж байсан. Удалгүй хэсэг хугацааны дараа Ч.Зын түлхэлтэнд Т.Ч газар уначхаад “аллаа” гэж орилсон.” гэх мэдүүлэг, гэрч Ч.Бын “...Р.Мөнхбаатар ах Ч.Зыг салгаад гэрээс гаргаад явуултал гурав орчим минутын дараа манай эхнэр болох Чагцалмаа /Т.Ч/ нь “авраарай” гэж орилохоор нь би гарахад манай эхнэрийг Ч.З бөгсөн хэсэг рүү өшиглөж байсан. Тухайн үед манай эхнэр газарт унасан авраарай гэж орилж байсан” гэх мэдүүлэг, гэрч Ц.З-гийн “...Ч.З гэрээс гараад үүдэн дээр Т.Ч-тай таараад тэр хоёр гадна орилолдоод шуугиад байсан боловч би гэрээс гараагүй гэрт байж байсан.” гэх мэдүүлгээр хохирогчийн биед учирсан гэмтлүүдийг шүүгдэгч Ч.З учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Тодруулбал хохирогч Т.Ч-ын шүүгдэгч Ч.З-д зодуулсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь зөрөөгүй, гэрч нарын мэдүүлэг болон 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 339 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгч Ч.З-ын яллагдагчаар өгсөн “Тухайн өдөр Ч.Б, Т.Ч нар хоорондоо маргалдаж, зодолдоод үүссэн гэмтлээ намайг үүсгэсэн гэж мөнгө салгах гэж байна гэж бодож байна” гэх мэдүүлэг нь гэрч Ц.А-ийн “...Ч.Б-ыг Т.Ч, Б.Батсайхан хоёр аваад машинд суулгаад бид хөдлөөд явсан.” гэх мэдүүлгээр (хх-ийн 73-78 дугаар хуудас), гэрч Ц.О-ийн “2021 оны 8 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнийн 03 цагийн үед манай бэргэн болох Ц.А над руу залгаад “хаалга онгойлгоод өгөөч” гэж хэлэхээр нь би босож хаалга онгойлгоход манай хүү Ч.Б, бэр Т.Ч нарыг Ц.А, Б.Б нар хүргэж өгчхөөд буцаад явсан” гэх мэдүүлгээр (хх-ийн 52 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтны “Увс аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Б би иргэн Т.Ч /ою82042206/-аас 95100934 дугаарын утсаар ...Сагил сум хоёрдугаар багийн нутаг Үүрэг нуурын долгио гэх нэртэй газар манай хадам дүү Ч.З нь миний биед халдаж зодсон гэх зөрчлийн талаар ...харилцаа холбооны хэрэгслээр ...гаргасан гомдол, мэдээллийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны 03 цаг 10 минутад хүлээн авч ...тэмдэглэл үйлдэв” гэх тэмдэглэлээр (хх-ийн 5 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтан Увс аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Балжиннямын “...Т.Ч-аас мэдүүлэг авах гэхэд “Drager6820” багажаар согтуурлын хэмжээ “0.63” байсан тул төрсөн ээж Ц.О /РД:ою49011801/, 89982400-т хүлээлгэн өгч тэмдэглэл үйлдэв. ...2021.08.25 04:14” гэх тэмдэглэлээр (хх-ийн 41 дүгээр хуудас) няцаагдаж байна.

Тодруулбал шүүгдэгч хохирогчийн биед халдсаны дараа хохирогч Т.Ч гэрч Ч.Б, Б.Б, Ц.А нарын хамтаар шууд Улаангом сумын 4 дүгээр баг, 13-43 тоотод байрлах гэртээ ирж цагдаагийн байгууллагад утсаар гомдол мэдээлэл өгч, улмаар Увс аймаг дахь Цагдаагийн газарт очсон үйл баримт тогтоогдож байна. Энэ хугацаанд болон үүний дараа гэрч Ч.Б хохирогч Т.Ч-ын биед халдсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.  

Гэрч Ц.З “...Ч.Зыг би Т.Чын биед халдаж байгаа талаар хараагүй, халдсан зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч хохирогчийн биед гэрийн гадна халдах үед гэрч Ц.З нь гэрт байсан, мөн гэрч Ц.А нь тухайн үед гэрт байсан болох нь түүний “Би Т.Чаас түрүүлээд гэрт ороход Ч.Б, Ч.З нар хоорондоо барьцалдаад авчихсан байсан. Ч.З Ч.Быг газар түлхэж унагачхаад миний эхнэр хаана байна гээд хаалгаар гарч байхад урдаас нь Т.Ч ирж байсан. Ч.З уурандаа Т.Ч-ыг холдооч гэж хэлээд түлхэж байсан. Удалгүй хэсэг хугацааны дараа Ч.З-ын түлхэлтэнд Т.Ч газар уначхаад аллаа гэж орилсон.” гэх мэдүүлгээр тогтоогдож байна. Тодруулбал тухайн гэмт хэрэг шөнө буюу харагдах орчин хязгаарлагдмал үед үйлдэгдсэн, мөн шүүгдэгч нь гэрч Ч.Б, хохирогч Т.Чын биед гэрт болон гэрийн гадна буюу өөр өөр орон зайд халдсан, цаг хугацааны хувьд үргэлжилсэн шинжтэй байх тул гэрч нар өөрийн харсан өнцгөөс мэдүүлсэн байх боломжтой байна. Иймд гэрч Ц.З, Ц.А нарын мэдүүлгийг ноцтой зөрөөтэй, дээр тогтоогдсон үйл баримтыг няцаан үгүйсгэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэрч Ц.А “...Хөдлөөд явж байтал Т.Ч Ч.З-ын толгой руу ..хоёр удаа цохичихлоо шүү гар нь сулраад унах шиг болсон гэж хэлэхээр нь би та юугаар цохисон юм бэ гэхэд энэ чулуугаар гэж хэлээд гартаа чулуу барьчихсан байсан” гэж, гэрч Ц.З “...Т.Ч нь тухайн өдөр гартаа чулуу барьж ирээд Ч.З-ын ар дагз хэсэг рүү хоёроос гурван удаа цохиж байсан...” гэж тус тус мэдүүлсэн байна. Энэхүү цохилтын улмаас шүүгдэгч Ч.Зын толгойн ар хэсэгт гэмтэл учраагүй болох нь шүүх эмнэлгийн шинжилгээний 347 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөн энэхүү үйл баримт нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй болно.

Шүүгдэгч Ч.З нь төрсөн ахынхаа эхнэр болох хохирогч Т.Чын биед олон удаагийн үйлдлээр халдаж хөнгөн гэмтэл учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Зын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч Т.Ч-ын биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “Надаас нэлээд их зардал гарсан. Гэхдээ би нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн, учирсан хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ч.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч Ч.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” санал, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сонгон хэрэглэх ялын төрлүүдээс торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна” гэх санал тус тус гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ч.Б-ын “...Ч.Зын зан байдлын хувьд үнэнч шударга, архи тамхи хэрэглэдэггүй, нягт нямбай, цэвэрч, ажил албандаа тууштай, ямар нэгэн элдэв муу ааш авир, уур уцааргүй, гэр бүлийн найзууд дундаа нэр хүнд сайтай, гэр бүлдээ хайр халамж сайн тавьдаг, хүнийг их дайламтгай зантай, мөн өөрөө буруу зүйл хийсэн бол хүнээс уучлалт гуйж чаддаг, буруу сөрөг зүйлтэй нүүр тулж эвлэрэх дургүй” гэх мэдүүлэг (хх-ийн 69 дүгээр хуудас), гэрч Ц.А-ийн “...Ч.З нь эхнэр А.У болон Х, А гэх хоёр охинтойгоо амьдардаг, хөдөлмөрч, хүнлэг, үнэн ч шударга сайн залуу...” гэх мэдүүлэг (хх-ийн 73-78 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 98 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын гуравдугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 109 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Эдгээр нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй зэрэг нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.З нь эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, өөрийн үйлдлийн шинж чанар, гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь энэхүү гэмт хэргийг садангийн хүний эсрэг буюу төрсөн ахынхаа эхнэрийн эсрэг үйлдсэн, мөн догшин авирлаж хохирогчийн биед олон тооны гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой.

 Дээр дурдсан шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод нийцүүлэн шүүгдэгч Ч.Зод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “...Миний үйлчлүүлэгчийн хувьд 2-11 насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь татварын байгууллагад ажилладаг бөгөөд Ч.З Солонгосоос ирээд мэргэжлээрээ ажилд орж чадаагүй, хүүхдээ хараад гэртээ байгаа. ...Шүүгдэгчийн хувьд эрх зүйч мэргэжилтэй, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан. Бид нарын хувьд ч гэсэн, магадгүй би өмгөөлөгч хүн бөгөөд нэг өдөр нийтэд тустай ажил хийж байвал надаар үйлчлүүлж байсан хүн ямар нүдээр харах вэ гэдэг нь сонин байдаг.” гэх санал гаргажээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахыг хориглох бөгөөд шүүгдэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал, нийгмийн гарал, байр суурь энэхүү ялыг оногдуулахад хамааралгүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн нэг ширхэг сиди дискийг хэргийн хамт хадгалж, хохирогчоос гаргаж өгсөн үс мэт зүйлийг түүнд буцаан олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ургийн овогт Ч-ын З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З-д 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ч.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.З нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

5. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн сиди дискийг хэрэгт хадгалж, үсийг хохирогчид буцаан олгосугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА