| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2021/0149/э |
| Дугаар | 2021/ШЦТ/184 |
| Огноо | 2021-12-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2021/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч М.Мөнхөө нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт О-гийн Т-д холбогдох эрүүгийн 2135001260175 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт О-гийн Т, 1988 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багт оршин суух хаягтай гэх, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.А-ын хашаанаас түүний өмчлөлийн улсын дугааргүй “Мустанг-150” загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 501’100 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001260175 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлийг (хх-ийн 7 дугаар хуудас), 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хх-ийн 9-12 дугаар хуудас), 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр мотоциклд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хх-ийн 13-14 дүгээр хуудас), 2021 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хх-ийн 16 дугаар хуудас), хохирогч Б.А-ын мэдүүлгүүдийг (хх-ийн 18-19, 21 дүгээр хуудас), гэрч Д.О-ийн мэдүүлгийг (хх-ийн 25-27 дугаар хуудас), гэрч Э.Б-ын мэдүүлгүүдийг (хх-ийн 29-30, 32 дугаар хуудас), гэрч Ц.В-гийн мэдүүлгийг (хх-ийн 37-39 дүгээр хуудас), 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хх-ийн 44 дүгээр хуудас),
Шүүгдэгчийн өмгөөлөгч: гэрч Р.Б-ийн мэдүүлгийг (хх-ийн 34 дүгээр хуудас), 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтийг (хх-ийн 44 дүгээр хуудас), хохирогч Б.А-ын мэдүүлгийг (хх-ийн 18-19 дүгээр хуудас), Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 740 дугаартай тодорхойлолтыг (хх-ийн 57 дугаар хуудас), Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 44-3/1652 дугаартай албан бичгийг (хх-ийн 58 дугаар хуудас), хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг (хх-ийн 59-61 дүгээр хуудас), шүүгдэгч О.Т-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг (хх-ийн 63-64 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан байна.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
- 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн мотоциклд үзлэг хийж, хүлээлгэж өгсөн “...Үзлэгээр уг мотоциклыг хохирогч Б.А-д хүлээлгэн өгч тэмдэглэлийг 10 цаг 31 минутад дуусгаж гарын үсэг зуруулав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[1],
- хохирогч Б.А-ын “...2021 оны 7 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 03 цагийн үед би гэртээ эхнэр хүүхдийн хамтаар унтаж байтал манай аав Э.Бат-Очир орж ирээд “мотоцикл чинь алга болчихсон байна” гэж хэлсэн. Би гэрээс гарч харахад миний мотоцикл алга болсон байсан ба манай хашааны газар хатуу шаварлаг учир ямар нэгэн ул мөр гараагүй байсан. ...2021 оны 7 дугаар сарын 17-ны өглөө 6 цаг 10 минутын үед би Гашууны голоос дээш 12 дугаар багийн төв рүү гэр хороололд (хулгайн замын урд талын эгнээгээр) алхаж явтал миний хулгайд алдагдсан цагаан өнгийн улсын дугааргүй “Мустанг-5” загварын мотоцикл нэг айлын гадна ирээд зогссон ба мотоциклд хоёр хүн суучихсан байсан. ...Би гүйгээд тухайн хүмүүстэй 70-80 метр орчим зайд очиход манай хадам эгч Отгоогийн нөхөр манай баз О.Т нь миний мотоциклыг жолоодож ар талдаа танихгүй нэг эрэгтэйг суулгаад хөдөлсөн. Тэр үед би О.Т-ийг таньчхаад “хөөе Түмээ ахаа мотоциклоо авъя” гэж дуудахад О.Т нь эргэж харчхаад миний мотоциклыг жолоодоод гэр хорооллоос хойшоо чиглэлд зугтаад явсан...” гэх мэдүүлэг[2],
- Гэрч Д.О-ийн “...О.Т нь архины талын үлдээгээд би унтлаа гээд хэвтэж байгаад өглөөний 5-6 цагийн хооронд гэнэт ганцаараа гараад явчихсан. Би хаашаа явж байгааг асуугаагүй. Тэгээд би гэртээ унтаж байтал 2-3 цагийн дараа манай хаалга хүн цохисон онгойлгоход төрсөн дүү Д.Д-гийн нөхөр Б.А ирсэн. Надаас “Түмээ ах хаачсан бэ? гэж асуусан. Би мэдэхгүй гараад явчихсан гэж хэлэхэд миний мотоцикл уначихсан явж байна. Зогсоох гэхэд зугтаачихлаа” гэж хэлсэн юм. Би “цагдаа дуудаж өг би мэдэхгүй байна” гэхэд “аав цагдаа дуудчихсан байгаа” гэж хэлээд явчихсан...” гэх мэдүүлэг[3],
- Гэрч Э.Б-ын “...2021 оны 7 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 01 цаг 00 минутын үед би гэрээсээ гарч бие засаад гэртээ ороход манай хүү Б.А-ын мотоцикл хашаан дотор байрандаа байсан. Дахиад 03 цаг 00 минутын үед гэрээсээ гарч бие засахад манай хүү Б.А-ын эзэмшлийн цагаан өнгийн Мустанг-5 загварын мотоцикл алга болчихсон байхаар нь би Б.А-ыг дуудсан. ...Тэгээд би араас нь гүйгээд тэр хоёр хүнтэй 15-20 орчим метр ойртож очиход манай хүү Б.А-ын хадам эгч Отгоогийн нөхөр О.Т нь жолоодсон ар талдаа нэг танихгүй эрэгтэй суулгачихсан байсан. Тэгээд би О.Тд “хөөе чи мотоцикл аваад ир Түмээ” гэж дуудахад О.Т нь мотоциклыг элснээс босгож аваад унаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг[4],
- Гэрч Ц.В-гийн “...хэзээ гэх талаар мэдэхгүй байна. Би гэртээ ганцаараа унтаж байтал О.Т шөнө дунд ганцаараа ирсэн. Намайг унтаж байтал “бос хоёулаа дэлгүүр явж архи авч ууя” гээд намайг аваад гарсан. Гэрийн гадна нэг мотоцикл байсан. Би О.Т-ээс “хэний мотоцикл юм бэ?” гэж асуухад “манай танил дүүгийн мотоцикл” гээд бид хоёр тэр мотоциклоор тээврийн хороонд дэлгүүр хайгаад дэлгүүрээс архи авч уухаар хайсан боловч тухайн үед ажиллаж байсан дэлгүүр байхгүй болохоор би Тэс-Арвижих гээд дэлгүүрийн үүднээс “маргааш зах орох ажилтай ачаа буулган” гээд алхаж харьсан...” гэх мэдүүлэг[5],
- 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаартай “2021 оны 7 дугаар сарын байдлаар хуучин “Мустанг-5” загварын мотоциклын зах зээлийн үнэ цэнийн баримжаа 501’100 /таван зуун нэг мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх дүгнэлт[6],
- Шүүгдэгч О.Т-ийн яллагдагчаар дахин өгсөн “...Тухайн үед Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт амьдардаг эхнэр Д.О-ийн төрсөн дүү Д.Д-гийн нөхөр Б.А-ын хашаанд байсан. Мотоцикл хулгайлсан. Тухайн үед би дэлгүүрээс архи согтууруулах ундааны зүйл авах гэж яваад замаараа хүргэн дүү Б.А-ын мотоцикл авсан...” гэх мэдүүлэг[7] зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2021 оны 7 дугаар сарын 17-ны шөнө Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр багийн нутагт байрлах хохирогч Б.Аын хашаанаас түүний өмчлөлийн “Мустанг-150” загварын улсын дугааргүй мотоциклыг өмчлөгчид хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, зөвшөөрөлгүйгээр авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Хохирогч Б.А-ын “Мустанг-150” загварын улсын дугааргүй мотоцикл 501’100 төгрөгийн үнэлгээтэй болох нь 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 186 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж тодорхойлсон ба хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Т нь шунахайн сэдлээр хохирогчийн мотоциклыг авсан байна. Тодруулбал шүүгдэгч нь тухайн мотоциклийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар авсан, мөн хохирогч Б.А, гэрч Э.Б нараас зугтаасан зэргээс дүгнэвэл тухайн мотоциклийг өөрөө захиран зарцуулах буюу завших зорилготой байсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч О.Т-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч О.Тийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц утга агуулгын ноцтой зөрөөгүй, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон тул гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хохирогч Б.А “Мустанг-150” загварын мотоциклыг буцаан авсан болох нь мотоциклд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл[8], хохирогчийн дахин өгсөн “...Би өөрийн эзэмшлийн “Мустанг-5” загварын мотоциклыг шөнө хулгайд алдаад маргааш өдөр нь гашууны голын цаана хуучин шоронгийн хажуугийн жалга руу унагаагаад хаячихсан байсныг олж авсан...” гэх мэдүүлгээр[9] тус тус тогтоогдож байна. Мөн хохирогч Б.А-ын “...Би өөрийн эзэмшлийн “Мустанг-150” загварын мотоциклоо олоод авчихсан тул О.Т-ээс нэхэмжлэх ямар нэгэн зүйл байхгүй. Надад гомдол санал байхгүй” гэж мэдүүлсэн[10] байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч О.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч “...Шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгч О.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Р.Б-ийн “...гэр бүлийн байдал найман ханатай монгол гэрт амьдардаг. Эхнэр Д.О нь нөхөр О.Т-ээс салаад Улаанбаатар хот яваад одоо 20 орчим хонож байгаа гэж байсан. О.Т нь ойрдоо гэртээ байхгүй. Гэр нь эзэнгүй байгаад байдаг юм. ...Тухайн хүнийг манай оршин суугчид архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг архины хамааралтай болсон гэж ярьдаг...” гэх мэдүүлэг[11], эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[12], Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар[13] зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч О.Т нь эхнэр, хоёр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багт оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй, одоо оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ял шийтгүүлж байсан гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Т Увс аймгийн Улаангом сумын аравдугаар багт оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй, одоо оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй байх тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлгүй байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзаж, шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тд 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.Т нь 2021/ШЗ/416 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 21-ний өдрийг хүртэл нийт 4 /дөрөв/ хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт О-гийн Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-д 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Т-д оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Т-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 4 /дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
5. Шүүгдэгч О.Т-ээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА
[1] хх-ийн 9-11 дүгээр хуудас
[2] хх-ийн 18-19 дүгээр хуудас
[3] хх-ийн 25-27 дугаар хуудас
[4] хх-ийн 29-30 дугаар хуудас
[5] хх-ийн 37-39 дүгээр хуудас
[6] хх-ийн 44 дүгээр хуудас
[7] хх-ийн 63-64 дүгээр хуудас
[8] хх-ийн 13 дугаар хуудас
[9] хх-ийн 21 дүгээр хуудас
[10] хх-ийн 21 дүгээр хуудас
[11] хх-ийн 34 дүгээр хуудас
[12] хх-ийн 68 дугаар хуудас
[13] хх-ийн 71-73 дугаар хуудас