Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00093

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1980 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 37 настай, эмэгтэй, Булган аймгийн Дашинчиэлэн сумын 4 дүгээр багийн 5-09 тоотод оршин суух, Дашинчилэн сумын 10 жилийн сургуулийн тогооч ажилтай, Гүжир овогт Майдарын Отгонжаргал /РД:ГГ80070603/-ын нэхэмжлэлтэй,

Ц.Цэрэндагватай хамтын амьдралтай байснаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00092/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие талийгаач нөхөр Ц.Цэрэндагватайгаа 2007 оноос 2012 оныг хүртэл хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд буюу 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Дэмбэрэлдодыг төрүүлсэн. Бид албан ёсны гэрлэлтийн баталгаа хийлгэж байгаагүй. Иймд талийгаач нөхрийн маань садан болох Баасанчимэг, Тарваа нарыг гэрчээр асууж, намайг Ц.Цэрэндагватай хамтын амьдралтай байсныг минь тогтоож өгнө үү.

Шүүхээс хийгдсэн ажиллагаа, хэргийн материалтай танилцлаа. Одоо надад шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй. Миний бие Дашинчилэн суманд сургуулийн тогоочоор ажилладаг. Тус сургууль нь Солонгос улсын хөрөнгө оруулалтаар тохижсон монголд 3 байдаг гал тогооны тоног төхөөрөмжтэй. Дээрх тоног төхөөрөмжийг надаас өөр хүн ажиллуулах боломжгүй тул шүүх хуралдааныг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Отгонжаргал нь Ц.Цэрэндагватай хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

М.Отгонжаргал нь Ц.Цэрэндагватай 2007 оноос 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүү Дэмбэрэлдод төрсөн байх бөгөөд Ц.Цэрэндагва нь 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдөр нас барсан нь нэхэмжлэгчийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Дашинчилэн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Д.Баасанчимэгийн...2006-2007 оны үед байхаа бид Заамарт ажиллаж байхад найз Оюунбилэг маань манай дүү Отгонжаргал хүнтэй сууж байгаа нөхөртэйгөө ирж ажил хийнэ гэнээ гэж хэлж байсан. Түүний дүү нь ирэхэд нөхөр нь манай хамаатан Цэрэндагва байсан. Тэр үеэс хойш тэр хоёр 3 жил дарааллан зун бүр Заамарт очиж ажилласан юм. Эхний жилдээ хоёулаа очиж байсан. 2 дахь жил ирэхдээ Отгонжаргал жирэмсэн ирж байсан. 3 дахь жил ирэхэд хүүхэд нь хөлд орж байсныг нь сайн санаж байна. Дараа жилээс нь харин ирээгүй. Найзаасаа Цэрэндагвыг нас барсан талаар мэдсэн гэх, гэрч А.Тарваагийн ...Би Даншинчилэн суманд очих бүртээ талийгаачийнх болон найз Эрдэнээ хоёрынхоор байнга ордог байсан. Цэрэндагва ганцаараа амьдарч байгаад 2007 оны 8 сарын үед байхаа М.Отгонжаргал гэж эмэгтэйтээ нийлж, хурам хийж байсан. Би хуриманд нь очсон. Хуримлаад удаагүй хүүтэй болсон байсан. 2012 онд Цэрэндагвыг өнгөрсөн гэж найзаасаа дуулсан гэх, гэрч Г.Батсайханы ...М.Отгонжаргал нь манай эхнэрийн төрсөн дүү юм. 2007 оны үед М.Отгонжаргал нөхөртэй болсон. Нөхөр маань Орхон аймагт Хамгаалалтын албанд ажилдаг гээд талийгаачтай манайд ирж байсан. Тэр үеэс хамт амьдарч эхэлснийг нь мэдэх болсон. М.Отгонжаргал нь Дашинчилэн сумын суруулийн тогоочоор ажиллаж байсан. Талийгаач Цэрэндагва нь 2012 оны 3 дугаар сард нас барсан ба тэр үе хүртэл М.Отгонжаргалтай хамт амьдарч байсан. Хамт амьдарч байх хугацаанд нь тэдний дундаас 1 хүүхэд төрсөн. Одоо хүү нь 3 дугаар ангид сурдаг гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд М.Отгонжаргалыг Ц.Цэрэндагватай 2007 оноос 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Гүжир овогт Майдарын Отгонжаргалыг Хамба овогт Цэндийн Цэрэндагватай 2007 оноос 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН