Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц ургийн овогт Б-ийн М-т холбогдох эрүүгийн 2235000000004 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн Ц ургийн овогт Б-ийн М, 1992 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, хувиараа мал, махны худалдаа эрхэлдэг, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сум, гуравдугаар багийн 20 дугаар байрны 18 тоотод оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар: ............

Холбогдсон хэргийн талаар:

2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах Ачит нуур зочид буудлын хоёр давхрын хонгилд шүүгдэгч Б.М нь хохирогч Т.М-ын нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000004 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - Хохирогч Т.М-ын Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан гомдлыг (хавтаст хэргийн 01 дүгээр хуудас),

- Т.М-ыг хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоолыг (хавтаст хэргийн 4 дүгээр хуудас),

- Хохирогч Т.М-оос мэдүүлэг авсан “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ганцаараа гурван лааз пиво ууж байтал манай найз Хараа над руу залгаад “би Ачит нуур зочид буудалд ирчихсэн байна” гэхээр нь очсон. Би тухайн буудлын хоёр давхарт байсан найзынхаа өрөөнд ороход манай Тэс сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хүмүүс байсан. Тухайн газарт би Аураг гэх 0.75 литрийн нэг шил архийг ууж дуусгаад өрөөнөөс гараад хонгилоор явж байтал урдаас таван залуу ирээд зөрөх үед Мөөгий (Б.М) намайг барьж аваад гараараа миний хамар луу нэг удаа цохичхоод шатаар буугаад явчихсан.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),

- Т.М-оос хохирогчоор дахин мэдүүлэг авсан “...Надад учирсан хохирлыг Б.М төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

- М.Өлзийбатаас гэрчээр мэдүүлэг авсан “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз нарын хамт Ачит нуур зочид буудалд өрөө авч амрахаар явж байтал буудлын хонгилд нэг согтуу залуу тааралдаад “юугаа хайж яваа юм” гэх зэргээр биднийг өдөж хэрүүл маргаан үүсгэсэн. Тухайн үед хамт явсан Б.М гэх найз маань түүнтэй маргалдаж байгаад нэг удаа мөргөчихсөн юм” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),

- Ж.М-оос гэрчээр мэдүүлэг авсан “...Б.М тэр залууг нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар очиж салгасан ба өөр зодоон болоогүй.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 485 дугаартай “Үзүүлэгч Т.М-ын биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. ...Хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

- Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарыг (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр би найзуудтайгаа хамт Ачит нуур зочид буудалд очиж өрөө авчхаад явж байтал бид нарын захиалсан өрөөний хажуу талын өрөөнд байсан нэг залуу “та нар юугаа хайж яваа юм” гэсэн. Тэгэхээр нь би “юу гэсэн үг вэ бид нар өрөөнд орох гэж байна” гэж хэлээд маргалдаж барьцалдаж аваад би нэг удаа л мөргөсөн” гэх мэдүүлэг өгчээ.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан хохирогч Т.М “Мөөгий (Б.М) намайг барьж аваад гараараа миний хамар луу нэг удаа цохичхоод шатаар буугаад явчихсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), гэрч М.Ө-ын “...Б.М гэх найз маань түүнтэй маргалдаж байгаад нэг удаа мөргөчихсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дугаар хуудас), гэрч Ж.Мөнх-Оргилын “...Б.М тэр залууг нэг удаа мөргөсөн. Тэгээд бид нар очиж салгасан ба өөр зодоон болоогүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас) зэргээр 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах Ачит нуур зочид буудлын хоёр давхрын хонгилд шүүгдэгч Б.М нь хохирогч Т.М-ын нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Т.М-ын биед учирсан хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 485 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Хохирогч Т.М нь шүүгдэгчтэй хэрүүл маргаан үүсгэсэн болох нь гэрч М.Ө-ын “2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр найз нарын хамт Ачит нуур зочид буудалд өрөө авч амрахаар явж байтал буудлын хонгилд нэг согтуу залуу тааралдаад “юугаа хайж яваа юм” гэх зэргээр биднийг өдөж хэрүүл маргаан үүсгэсэн.” гэх (хавтаст хэргийн 10 дугаар хуудас) мэдүүлгээр тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгч хохирогчийн биед халдсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М нь хохирогчтой маргалдах явцдаа биед нь санаатай халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Т.М “...Надад учирсан хохирлыг Б.М төлж барагдуулсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 8 дугаар хуудас) мэдүүлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдсөн гэж дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Ж.М-ын “...Зан араншны хувьд Б.М нь хүнтэй харьцаа сайтай, найз нөхөд олонтой, хүнтэй нээлттэй чөлөөтэй харилцдаг, өөртөө итгэлтэй, сагсан бөмбөг тоглодог, биеийн хөгжил сайтай, элдэв муу зуршилгүй, тамхи татдаггүй, архи хааяа тохируулаад хэрэглэчихдэг хүн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас), гэрч Ч.О-гийн “...Б.М нь харьцаа сайтай, нээлттэй чөлөөтэй харилцдаг, найз нөхөд олонтой. Уг нь хэрүүл маргаан гаргаад байдаггүй ч тохиолдлын шинжтэй маргаан гаргачхаад байдаг сул талтай. Хааяа баяр ёслол, шалтгаан гарсан үед архи согтууруулах ундаа тохируулаад хэрэглэдэг. Бусдаар догшин ширүүн зан араншин байдаггүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар хуудас), Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 56-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хувиараа мал, махны худалдаа эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх, 1.4-д заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Б.М-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц ургийн овогт Б-ийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Б.М нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА