Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т ургийн овогт Я-гийн Б-д холбогдох эрүүгийн 2235000000003 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Я-гийн Б, 1987 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эцэг эх, дүүгийн хамт Увс аймгийн Өмнөговь сумын тавдугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: .............

Холбогдсон хэргийн талаар:

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт шүүгдэгч Я.Б нь хохирогч С.Н-тай үл ялих зүйлээр шалтаглан харилцан зодолдож, улмаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2235000000003 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - С.Н-гаас хохирогчоор мэдүүлэг авсан “2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө би Я.Б-г гэрээс нь очиж аваад Д.С-ын гэрт очоод “манайх өвлийн хүнс гаргах гэж байна явах уу” гэж хэлээд бид гурав манайд очиж үхэр гаргасан. ...Би гэрт байсан 0.5 литрийн Ерөөл нэртэй архи гаргаж тойруулсан юм. Бид гурав тойруулж дуусгаад ...гэрээс гарч 21 цаг өнгөрч байхад манай сумын Ундармал гэх караоке орж нэг цаг дуулсан. Тухайн үед 2.5 литрийн хоёр том пиво авч уусан. Бид гурав 22 цаг өнгөрч байхад Ундармал караокеноос гарч урагшаа хамт явсан. Я.Б бид хоёр хоорондоо ноцолдож барилдаж байгаад хамт унасан юм. Миний нүүр шалбарч цус гарсан байхаар нь би босож ирээд Я.Бг хоёр удаа цохиход Я.Б намайг нэг удаа цохисон юм. ...Миний уруул хэсэгт нэг удаа цохисон тухайн үед шүд унасан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),

- Д.С-аас гэрчээр мэдүүлэг авсан “...Бид нар Ундрам караокеноос гараад явж байтал С.Н, Я.Б нар хоорондоо мөрийтэй барилдан гэж ярилцаад улаан худгийн хажууд гурван удаа барилдсан. Сүүлийн буюу гурав дахь барилдаан дээрээ тэр хоёр маргалдаад нэг нэгийгээ барьц өгөхгүй байна, одоо яг барьцнаас барилдъя гээд барилдаж байгаад Я.Б С.Нг урагшаа дугтартал толгойгоороо газар луу шаагаад уначихсан. С.Н босоод ирэхэд баруун шанааных нь арьс шалбарчихсан байсан. С.Н уурлаж “чи зөв барилдсангүй” гэж хэлээд барьж авахад Я.Б бас урдаас нь заамдалцаад нэг нэгийгээ зөв барилдсангүй гэж маргалдахаар нь би тамхи татаад зогсож байгаад “больцгоо, яах гээд байгаа юм” гэж хэлээд очиж салгаж авахын хооронд нэг нэгийгээ цохиод авсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас),

- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 15 дугаартай “Үзүүлэгч С.Н-гийн үүдэн дээд зүүн хоёрдугаар шүдний булгарал, дээд уруулын салстад цус хуралт, баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Үүдэн дээд зүүн хоёрдугаар шүдний булгарал, дээд уруулын салстад цус хуралт гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас),

- Я.Б-гээс яллагдагчаар мэдүүлэг авсан “...Би С.Нгийн биед гэмтэл учруулсандаа маш их гэмшиж байна. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

- Увс аймаг дахь Цагдаагийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн “...Я.Б гэгчийн биед 2021 оны 12 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө тус аймгийн Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт иргэн Санжжавын Н нь халдаж зодсон нь тогтоогдож байх тул зөрчлийн талаарх гомдол мэдээлэлд оруулж шалгана уу” гэх албан бичгийг (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

- Я.Б-гээс 2636 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд хохирогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

- С.Н-гаас 2636 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас),

- С.Н-гийн Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “2021 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт Я.Б-гийн биед халдсан зөрчил гаргасан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул миний гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг (хавтаст хэргийн 68 дугаар хуудас),

- Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг (хавтаст хэргийн 69 дүгээр хуудас),

- Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Н-д шийтгэл оногдуулсан 0204580 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбарыг (хавтаст хэргийн 70 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан байна.

Шүүгдэгч Я.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан, мөн нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.

Хохирогч С.Н-гийн “2021 оны 12 дугаар сарын 08-ны өглөө би Я.Бг гэрээс нь очиж аваад Д.С-ын гэрт очоод “манайх өвлийн хүнс гаргах гэж байна явах уу” гэж хэлээд бид гурав манайд очиж үхэр гаргасан. ...Бид гурав 22 цаг өнгөрч байхад Ундармал караокеноос гарч урагшаа хамт явсан. Я.Б бид хоёр хоорондоо ноцолдож барилдаж байгаад хамт унасан юм. Миний нүүр шалбарч цус гарсан байхаар нь би босож ирээд Я.Б-г хоёр удаа цохиход Я.Б намайг нэг удаа цохисон юм. ...Миний уруул хэсэгт нэг удаа цохисон тухайн үед шүд унасан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас), гэрч Д.С-ын “С.Н уурлаж “чи зөв барилдсангүй” гэж хэлээд барьж авахад Я.Б бас урдаас нь заамдалцаад “нэг нэгийгээ зөв барилдсангүй” гэж маргалдахаар нь би тамхи татаад зогсож байгаад “больцгоо, яах гээд байгаа юм” гэж хэлээд очиж салгаж авахын хооронд нэг нэгийгээ цохиод авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас) зэргээр 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Өмнөговь сумын тавдугаар багийн нутагт шүүгдэгч хохирогч нар хоорондоо барилдаж, хохирогч С.Н нь унасан байна. Хохирогч унахдаа хацар хэсэгтээ шалбалсны улмаас уурлаж шүүгдэгчийн нүүрэн тус газар хоёр удаа цохиход шүүгдэгч Я.Б нь зөрүүлж хохирогчийн уруул тус газарт нэг удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Я.Б хохирогч С.Н-гийн уруул тус газарт нэг удаа цохисны улмаас хохирогчийн биед үүдэн дээд зүүн хоёрдугаар шүдний булгарал, дээд уруулын салстад цус хуралт гэмтэл учирсан байна. Уг гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 15 дугаартай дүгнэлтээр (хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас) тогтоогдож байна. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Хохирогч С.Н-гийн Увс аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан “2021 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Өмнөговь сумын 5 дугаар багийн нутагт Я.Бгийн биед халдсан зөрчил гаргасан. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа тул миний гаргасан зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хавтаст хэргийн 68 дугаар хуудас), Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Нд шийтгэл оногдуулсан 0204580 дугаартай шийтгэлийн хуудасны хуулбар (хавтаст хэргийн 70 дугаар хуудас), хохирогчийн “...Миний нүүр шалбарч цус гарсан байхаар нь би босож ирээд Я.Б-г хоёр удаа цохиход Я.Б намайг нэг удаа цохисон юм.” гэх мэдүүлэг зэргээр хохирогч С.Н нь шүүгдэгч Я.Б-гийн биед түрүүлж халдсан болох нь тогтоогдож байна. Тодруулбал хохирогч С.Н-гийн хууль бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Хохирогч С.Н-гийн хууль бус үйлдэл байсан хэдий ч шүүгдэгч нь хариу довтолгоон хийж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Шүүгдэгч Я.Б-гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч С.Н “...Я.Б нь надад учирсан хохирлыг барагдуулж миний дээд зүүн шүдийг 400’000 төгрөгөөр хийлгэж өгсөн тул надад одоо Я.Б-д ямар нэгэн гомдол санал, хохирол байхгүй болно. Я.Б нь миний хохирлыг бүрэн барагдуулсан нь үнэн болно” гэх тодорхойлолтыг (хавтаст хэргийн 76 дугаар хуудас) нотариатаар баталгаажуулж өгсөн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Я.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Я.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Я.Б-ийн “...манай ах Я.Б нь Өмнөговь сумын тавдугаар багт аав Г-ын Я, ээж Я-ын О, дүү Я-гийн Б нарын хамт амьдарч байгаа. ...Манай ах Я.Б нь дөрвөн охин дүүтэй болохоор төлөв даруу зантай, хүнд туслахыг дандаа боддог, бусадтай эелдэг боловсон харьцдаг, ажилсаг, уян хатан, ямар нэгэн зүйлд гомдохоор уйлчихдаг, зөөлөн сэтгэлтэй болохыг манай сумын хүмүүс мэддэг, архи согтууруулах ундааны зүйлийг жилд хоёроос гурван удаа найз нөхөдтэйгээ нийлсэн үедээ уудаг, тамхи татдаг өөр ямар нэгэн муу зуршилгүй, урьд ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 57 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Б нь эцэг эх, дүүгийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх, 1.4-д заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Я-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450’000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4. Шүүгдэгч Я.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА