Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
Хэргийн индекс | 177/2022/0008/э |
Дугаар | 2022/ШЦТ/11 |
Огноо | 2022-01-13 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/11
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Н.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л ургийн овогт Н-гийн Э-т холбогдох эрүүгийн 2135001990011 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л ургийн овогт Н-гийн Э, 1992 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төмөр замын машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр баг, цагаан хашаатын 303 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар: ..............
Холбогдсон хэргийн талаар:
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нэгдүгээр багийн нутагт шүүгдэгч Н.Э нь үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Н.Б-ын биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2135001990011 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Н.Б-аас хохирогчоор мэдүүлэг авсан “...ухаан санаа орж гараад байсан нэг сэрэхэд Б.Г ахын гэрийн гадна автомашин дотор зодуулсан байдалтай дээл урагдсан, хамар ам цус болсон байсан. Би автомашинаас буугаад Б.Г ахын гэрт ороход Б.Г, түүний эхнэр н.Оюунтунгалаг, Н.Н, Ш.Ө нар байсан. Би “намайг хэн цохичихвоо” гэхэд Н.Э миний өмнө сөгдөж суугаад “хөгшин нь чамайг зодчихлоо, одоо чи хөгшнийгөө хоёр цохичих” гэж хэлэхээр нь “юунаас болж чи намайг зодвоо” гэхэд “чи Дэнжийн мянга гэж хэлээд оволзоод Ш.Өлзийтэгш ахыг зодсон, тэгэхээр нь би өмөөрч чамайг зодсон” гэж хэлсэн.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),
- Я.Б-ээс гэрчээр мэдүүлэг авсан “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 22 цагийн үед Зүүнхангай сумын төвд гэртээ хүүхдүүдийн хамт амрах гэж байтал манай нөхөр Н.Б над руу өөрийн 98220299 дугаарын утсаар залгаад “намайг Н.Э зодчихлоо, цагдаа эмч дагуулаад Б.Г-ын гэрт хүрээд ир” гэж хэлсэн.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),
- Б.Гоос гэрчээр мэдүүлэг авсан “Н.Н Н.Б нар маргалдаад явж байгаад Н.Н автомашинаа зогсоож Н.Б-ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр хоёр автомашины ард талд маргалдаж байгаад буцаж ирээд Н.Б “чи намайг цохичихлоо, чиний автомашинд суухгүй” гэхэд Н.Н араас нь хүчээр түлхэж суулгасан. Тухайн үед Н.Б-ын нүүр ам цус болсон байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас),
- О.С-аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 38 дугаар хуудас),
- Л.М-аас гэрчээр мэдүүлэг авсан “2021 оны 11 дүгээр сарын 19-ний 22 цаг 30 минутын үед Зүүнхангай сумын Эрүүл мэндийн төвд тус сумын нэгдүгээр багт хүмүүс зодолдож Н.Б-ын хамар амнаас цус гараад тогтохгүй байна гэх дуудлага ирсэн. ...Н.Б-ыг Эрүүл мэндийн төвд оруулж үзэхэд дух, шанааны хэсэгт өнгөц шалбарсан шархтай, хамрын баруун хэсэгт дотогш цөмөрсөн, ам хамар нь хатсан цустай байсан” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас),
- Ш.Ө-ээс гэрчээр мэдүүлэг авсан “...2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н.Б-тай маргалдаж, зодолдсон зүйл огт байхгүй. Маргааш өглөө нь Н.Э надад “Н.Б таныг өшиглөхөөр нь би түүнийг хөгшин хүн өшиглөлөө гээд хоёр тохойлдсон” гэж хэлсэн ба би яг харсан юм байхгүй. Н.Б бид хоёр муудалцаагүй.” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас),
- Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 482 дугаартай “Үзүүлэгч Н.Б-ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүр, дух, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ... хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүр, дух, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлтийг (хавтаст хэргийн 50-52 дугаар хуудас),
- Хохирогч Н.Б-ын гавал тархины тодосгогч бодисгүй компьютерт томографын шинжилгээний хариуг (хавтаст хэргийн 53 дугаар хуудас),
- Эмнэлэгт өвчтөн илгээх хуудасны хуулбарыг (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас),
- Хохирогч Н.Б-ын амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбарыг (хавтаст хэргийн 55-59 дүгээр хуудас),
- Н.Э-аас яллагдагчаар мэдүүлэг авсан “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх тэмдэглэлийг (хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүгдэгч Н.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт “Тухайн өдөр 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байсан бөгөөд манайх Увс аймгийн Зүүнхангай сумын Далан түрүү гэх газарт гуанз ажиллуулдаг байсан. Тэр өдөр Б.Г гэдэг айлд сэлбэг хүргээд өг гэж Ш.Ө ах гуйхаар нь би машинаараа сэлбэг хүргэж өгөхөөр явсан. Орой нь тийм зүйл болсон. Намайг автомашин бариад явж байхад араас боогоод байсан болохоор Н.Быг зодсон” гэх мэдүүлэг өгчээ.
Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд хангагдсан байна.
Хохирогч Н.Б-ын “...ухаан санаа орж гараад байсан нэг сэрэхэд Б.Г ахын гэрийн гадна автомашин дотор зодуулсан байдалтай дээл урагдсан, хамар ам цус болсон байсан. ...Би “намайг хэн цохичихвоо” гэхэд Н.Н миний өмнө сөгдөж суугаад “хөгшин нь чамайг зодчихлоо, одоо чи хөгшнийгөө хоёр цохичих” гэж хэлэхээр нь “юунаас болж чи намайг зодвоо” гэхэд “чи Дэнжийн мянга гэж хэлээд оволзоод Ш.Өлзийтэгш ахыг зодсон, тэгэхээр нь би өмөөрч чамайг зодсон” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас), гэрч Я.Б-ийн “Би 2021 оны 11 дүгээр сарын 19-ний 22 цагийн үед ...миний нөхөр Н.Б над руу өөрийн 98220299 дугаарын утсаар залгаад “намайг Н.Э зодчихлоо, цагдаа эмч дагуулаад Б.Гын гэрт хүрээд ир” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас), гэрч Б.Г-ын “...Н.Э Н.Б нар маргалдаад явж байгаад Н.Э автомашинаа зогсоож Н.Б-ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тэр хоёр автомашины ард талд маргалдаж байгаад буцаж ирээд Н.Б “чи намайг цохичихлоо, чиний автомашинд суухгүй” гэхэд Н.Э араас нь хүчээр түлхэж суулгасан. Тухайн үед Н.Бын нүүр ам цус болсон байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас), гэрч Ш.Ө-ийн “...Маргааш өглөө нь Н.Э надад “Н.Б таныг өшиглөхөөр нь би түүнийг хөгшин хүн өшиглөлөө гээд хоёр тохойлдсон” гэж хэлсэн ба би яг харсан юм байхгүй. Н.Б бид хоёр муудалцаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дугаар хуудас) зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.
2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Зүүнговь сумын нэгдүгээр багийн нутагт шүүгдэгч Н.Н, хохирогч Н.Б, гэрч Ш.Ө, Б.Г нар нь архидан согтуурах явцад шүүгдэгч үл ялих зүйлээр шалтаглан хохирогчийн биед халдсан байна.
Шүүгдэгч Н.Э хохирогч Н.Б-ын биед халдсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын үзүүр, дух, зүүн нүдний доод хэсэгт зулгаралт, зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд учирсан байна. Уг гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 482 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ. Тодруулбал хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Э хохирогч Н.Б-ын биед учруулсан гэмтлүүдийг олон удаагийн үйлчлэлээр үүсгэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.
Шүүгдэгч Н.Э-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас) мэдүүлсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нөхөн төлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч Г.С-ын “...Н.Э нь зан аашийн хувьд даруухан, хүнтэй зөв боловсон харилцдаг, хөдөлмөрч залуу. ...Н.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зун барилга дээр ажилладаг бөгөөд бусад улиралд нь гуанз ажиллуулдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлжээ.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Э нь эхнэр хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч, шүүгдэгч нарын тохиролцсон эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Н.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л ургийн овогт Н-гийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Н.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
4. Шүүгдэгч Н.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА