Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

 

 

 

       2022         01           14                                     2022/ШЦТ/10

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 С.Б

Улсын яллагч                                   Э.Б

Шүүгдэгч                               Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Э-д холбогдох эрүүгийн 2104000000110 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой,цахилгаанчин  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, ...... тоотод оршин суух, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  2001 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж харгалзаж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч овгийн  Х-н Э /РД:НЭ79120112/,  

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 22 дугаар гудамжинд гэртээ харих замдаа эхнэр Н.Ө-г бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газарт нь атгасан гараар 1 удаа цохин газарт унагаж, улмаар нүүрэн тус газарт 3 удаа өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Х.Э шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 14 цагийн үед өөрийн гэр болох Багануур дүүргийн 3 дугаар хороо 52 дугаар байрны 28 тоотод найз Э, Ч, эхнэр Ө нарын хамт нэг шил 0.75 литрийн архи ууцгаасан. Тэгчихээд манай гэрээс 16 цагийн үед гарцгааж Э гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо Бага-Гүний 17 дугаар гудамжны 06 тоотод очсон. Тэгээд тэднийд очоод 2 шил архи хувааж уусан. 21 цаг өнгөрч байхад Ө бид хоёр гэртээ харих гээд алхаж явж байхдаа өмнө нь хардаад байдаг байсан Одноо гэх хүүхний талаар ярихаар нь би эхнэртээ хандан “тэр хүүхнээс харьцаагаа тасалчихсан” гэсэн чинь “чамайг гэртээ оруулахгүй, чи муу зайл” гэх мэтээр над руу орилж хашхираад байсан. Би зөндөө гуйсан чинь өөдөөс уурлаад байхаар нь тэсэлгүй нүүр рүү нь нэг удаа цохиж унахаар нь нүүр хэсэг рүү нь 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би тэнд нь орхичихоод байрныхаа гадаа сааданд сууж байтал цагдаагаас залгасан.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн  17, 63-64-р хуудас/,

Н.Ө-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,

Гэрч О.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.У-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Э.А-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 338 дугаартай дүгнэлт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 68-86 дугаар хуудас/,

Шүүгдэгч Х.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Х.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 21.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 22 дугаар гудамжинд гэртээ харих замдаа эхнэр Н.Ө-г бусадтай хардлаа гэх шалтгаанаар маргалдан, нүүрэн тус газарт нь атгасан гараар 1 удаа цохин газарт унагаж, улмаар нүүрэн тус газарт 3 удаа өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн гарын бугалганд цус хуралт бүхий  хөнгөн санаатай учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:

- Н.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нөхөр Х.Эрдэнэтөгстэй ...нөхөрийн найз Э-н гэр болох Багануур дүүргийн 5 дугаар хороо, Бага Гүн хэсгийн 17 дугаар гудамжны 06 тоотод очоод нөхөр Х.Э, найз Э, Б, Б бид 5 нийлээд 2 шил 0.75 литрийн “Стандарт” нэртэй архи хувааж уусан. Архиа ууж дуусаад гэртээ харихаар нөхөр Х.Э бид хоёр Нарийны 22 дугаар гудамжаар явж байгаад би нөхөр Х.Э-т хандан “чи өнгөрсөн хавар ууланд самарт явахдаа О гэх хүүхэнтэй учир ургуулаа биз дээ” гээд хэлтэл нөхөр “чи яагаад наад асуудлаа сөхөж яриад байгаа юм бэ” гэж хэлээд миний хамар луу гараараа 1 удаа цохиход нь би газар унаад өгсөн. Тэгтэл хөлөөрөө миний нүүр лүү 3 удаа өшиглөсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 12-13-р хуудас/,

- Гэрч О.Ц-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой манай охин Н.Ө над руу залгаад “Цагдаагийн хэлтэс дээр ирчихсэн байна, хүрээд ир” гэж хэлэхээр нь яваад очиход нүд нь хөхөрсөн байдалтай байсан ба юу болсон талаар асуухад “нөхөр Э-тэй муудалцаад зодуулсан” гэж хэлж байсан. Тэрнээс өөр тэр хоёрыг хоорондоо зодолдож байхыг хараагүй. Надад өөр мэдэх зүйл алга” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Э.У-н мөрдөн байцаалтад өгсөн: “...ээж минь аавд цохиулдаг тэр өдөр аав, ээжийн найзууд манайд ирээд хамт архи ууж байгаад найзындаа очно гээд гарсан. Тэр найзуудынх нь нэрийг мэдэхгүй, гэртээ байхдаа аав, ээж хоёр хоорондоо муудалцсан зүйл байхгүй. Гарчихаад шөнө ирэхдээ ээж аавд цохиулчихсан байсан” гэх  мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч Э.А-н мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны сүүлээр сар өдрийг нь санахгүй байна ээж найзуудтайгаа гэртээ архи ууж байгаад найзындаа очно гээд явсан. Тэгээд орой гэртээ орж ирэхдээ ээжийн нүд нь хөхөрчихсөн байсан. Тэгэхээр нь ээжээс яасан талаар асуухад “аав чинь О гэдэг хүүхнээ өмөөрөөд ээжийг нь цохичихсон” гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 5 дугаар хороо Нарийний 21 дүгээр гудамжинд манай нөхөр намайг зодоод байна” гэжээ. /хх-ийн 1-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 338 дугаартай дүгнэлтэд: “1. Н.Ө-н биед тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох  журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Х.Э нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд  Х.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Ө нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Э-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх  саналтай.” гэсэн ба шүүгдэгч Х.Э-д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Х.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТОО Х нь:

  1. Шүүгдэгч Ч овгийн Х-н Э-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч овгийн Х-н Э-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Х.Э-д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  Х.Э-д тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Н.Ө нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Х.Э-н  иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Х.Э-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН