Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 128/2015/0670/З |
Дугаар | 221/МА2016/0267 |
Огноо | 2016-04-28 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2016/0267
"А Т" ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, "А Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "А Т" ХХК-ийн захирал Ч /Cha Na/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгах өргөдлийг хүлээн аваагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Ч шүүхэд гаргасан тайлбартаа: ...11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусгавар болох байсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл сунгах өргөдлийг гаргах ёстой байсан боловч гаргаагүй. Нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлөө хугацаанд нь ирүүлээгүй шалтгаанаа Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны байцаагч байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй удааширснаас болж хугацаандаа өргөдлөө өгч чадаагүй гэсэн байна.
Нэхэмжлэгч тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авсан даруй Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс тусгай зөвшөөрлийн хугацаанд нь өргөдөл, түүнд хавсаргах материалыг бүрэн гүйцэт Кадастрын хэлтэст гаргаж өгөөгүй... тусгай зөвшөөрлийн өргөдлийн бүрдүүлбэрийг бүрдүүлэх боломжгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааны талаар Ашигт малтмалын газар, Кадастрын хэлтэст гаргаагүй... хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 37 дугаар зүйлийн 37.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А Т" ХХК-ийн гаргасан Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших Өлзий-нуга нэртэй 65.31 га талбайд XV-011085 дугаартай, Өлзий нуга-1 нэртэй 314.13 га талбайд XV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А давж заалдах гомдолдоо: ...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Тодруулбал, анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарласан,нотлох баримтыг буруу буюу дутуу үнэлсэн, талуудын гаргасан тайлбар, баримтаас хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь шүүхийн шийдвэрийн тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгүүдээс харагдаж байна.
1. ...БНХАУ-ын иргэн Ч нь 2012 оноос 11084Х, 11085Х дугаартай хайгуулын талбайд хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллаж эхэлсэн. Хамтын ажиллагааны явцад компанийн дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй, шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж байсан. Түүний оруулсан хөрөнгө оруулалтыг хэрхэн зарцуулсан нь тодорхойгүй, залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан тул 2014 оны 09 дүгээр сард Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, Л.Ө, Б.Ч нарыг шалгуулсан. Цагдаагийн байгууллагаас шалгах явцад Л.Ө, Б.Ч нар нь хөрөнгө оруулалтын төлбөрт хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн өгье гээд 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Аллянсголд ХХК-ийн ерөнхий захирал Л.Ө, хувь эзэмшигч байсан Б.Ч нартай 2898 тоот Эвлэрлийн гэрээ байгуулан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлээгүй.
Мөн шинээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажлын 8 өдрийн дотор Кадастрын хэлтэст өргөдлөө гаргасан, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг даргаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар тус компанийн геологич инженер Н.Н-ыг очиход баталж өгөөгүй зэрэг үйл баримтыг үнэлж дүгнээгүй. Шинээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулах өргөдөл болон түүний бүрдүүлбэрийг бүрдүүлэх хугацааны талаар бодит нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байгаа нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт биш гэж үзэж байна.
2. ..."А Т" ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 6-6473, 6-6474 тоот мэдэгдлийг хүлээн авснаар Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 11084Х, 11085Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эзэмшигчийн эрх, үүргээ хэрэгжүүлж эхэлсэн. Улмаар өөрт ногдсон үүргээ хэрэгжүүлэхээр 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 746, 747 тоотоор ашигт малтмалын газрын геологийн албаны тодорхойлолтыг авч, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр АМГ-ын төрийн сангийн 90001803 тоот дансанд 11084Х, 11085Х тусгай зөвшөөрөл сунгуулах үйлчилгээний хөлс болох нийт 2000000 төгрөгийг тушаасан.
Мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар геологич Ч.Нармандах найзын хамт холбогдох баримт бичгийн бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны улсын байцаагчтай 2 удаа очиж уулзсан боловч баталж өгөөгүй гэх тайлбар, нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр нэхэмжлэгч өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарсан буюу хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь мөн нэг талыг барьсан хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, 11084Х, 11085Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн аваад тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлэхээр өөрөөс шалтгаалах бүхий л баримтуудыг богино хугацаанд бүрдүүлэн өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст гаргасан талаарх нэхэмжлэгчийн үйл ажиллагааг огт анхаарч үзээгүй.
3. ...Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах өргөдлийг хүлээн авах эрх бүхий Сунгах, барьцаалах, буцаах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтэн-ийн ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны үндсэн зорилтын 2.1.1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдөл нь Ашигт малтмалын тухай хуулийн болон хууль эрх зүйн актын шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянаж, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, сунгахаас татгалзах тухай шийдвэр, мэдэгдлийн төсөл боловсруулж, шийдвэрлүүлэх, Ажлын байрны гол үйл ажиллагааны 1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, бүрдлийг шалган Кадастрын системд бүртгэх, холбогдох мэргэжилтнүүдэд хянуулахаар хүлээлгэн өгөх гэж тодорхойлсон.
Иймд, уг мэргэжилтэн нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр "А Т" ХХК-ийн гаргасан 11084Х, 11085Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээн авч, эрх бүхий албан тушаалтанд танилцуулан асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй албан тушаалтан атлаа өргөдлийг хүлээн авахаас татгалзсан нь захиргааны байгууллага, албан тушаалтан хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй юм. Гэтэл шүүхээс хариуцагчийн тайлбарыг үндэслэн захиргааны байгууллага, албан тушаалтан буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д заасан байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүйг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д заасныг зөрчсөн.
4. ...Нэхэмжлэгч нь байгаль орчныг төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан эсэх тухайд маргаагүй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг шийдвэрлэхтэй холбогдуулан гаргасан процессын маргаан юм. Нэхэмжлэгч нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацааг сунгуулахыг хүссэн өргөдлөө гаргахад тухайн тусгай зөвшөөрлийн талбайд 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх байгаль орчныг хамгаалах урьдчилсан төлөвлөгөөг хавсарган өгсөн байсан.
Харин байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулахаар манай компанийн геологич инженер Ч.Нармандах нь найзын хамт холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга болон байгаль орчны улсын байцаагчтай 2 удаа очиж уулзсан боловч тодорхой шалтгаангүйгээр баталж өгөлгүй буцаасан хэмээн мэдүүлсээр байтал нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнэсэн нь нэг талыг барьж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн. Учир нь, гэрч Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын байгаль орчны байцаагч Н.А, Засаг дарга С.Э нарын өгсөн мэдүүлэг нь гэрч Н.Н-ын өгсөн мэдүүлэг зөрүүтэй байхад нэмж тодруулга хийлгүйгээр нэхэмжлэгч тал эрх үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Түүнчлэн "А Т" ХХК-ийн геологич инженер Н.Н- нь байгаль орчны төлөвлөгөөг батлуулахаар авч очиход баталж өгөөгүй гэсэн нотлох баримтыг үнэлж дүгнээгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Засаг дарга нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлах чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч талыг буруутгах байр сууриас хандсан нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан дүгнэлтүүдээс харагдаж байна.
Иймд, хэргийн үйл баримтад тал бүрээс нь бүрэн бодитой үнэлж дүгнэлгүйгээр шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Анх Аллянсголд ХХК-д Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Өлзий нуга-1 нэртэй газарт орших 314,13 гектар талбайд 11084Х тоот, Өлзий нэртэй газарт орших 65,31 гектар талбайд 11085Х тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл 2005 оны 12 дугаар сарын 22-ны өдөр тус тус олгогдсон, дээрх тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусах байжээ.
Аллянсголд ХХК-ийн ерөнхий захирал Л.Ө, хувь эзэмшигч Б.Ч нарыг БНХАУ-ын иргэн Чгийн гомдлоор залилан мэхлэх гэмт хэрэгт холбогдуулан Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгасан бөгөөд тэдгээрийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2898 дугаартай Эвлэрлийн гэрээ-г үндэслэн Дүүргийн 1 дүгээр Прокурорын газрын 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13604 дүгээр прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Энэхүү гэрээгээр "А Т" ХХК-ийг Аллянсголд ХХК-ийн толгой компани болгон ашигт малтмалын хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлүүдийг 2014 оны 11 дүгээр сарны 10-ны өдөр хүртэлх хугацаанд "А Т" ХХК-д бүрэн шилжүүлэхээр тохиролцож, улмаар Аллянсголд ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст дээрх тусгай зөвшөөрлүүдийг "А Т" ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаснаар тус хэлтсийн даргын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 521 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг шилжүүлснээр "А Т" ХХК нь 11084Х, 11085Х тоот тусгай зөвшөөрлийн эзэмшигч болжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана гэсэн заажээ.
Нэхэмжлэгч "А Т" ХХК нь ашигт малтмалын хайгуулын 11084Х, 11085Х дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн өргөдөл /К-11 маягт/, түүнд холбогдох Ашигт малтмалын газрын Геологийн албаны 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 746. 747 дугаар албан бичиг, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах үйлчилгээний хөлс төлсөн баримт, байгаль орчныг хамгаалах урьдчилсан төлөвлөгөө зэрэг баримтуудыг хавсарган захиргааны байгууллагад хандсан боловч Ашигт малтмалын газрын сунгалт хариуцсан мэргэжилтэн нь байгаль орчны менежментийг төлөвлөгөөг ирүүлээгүй гэсэн үндэслэлээр өргөдлийг хүлээн авахгүй буцаасан нь үндэслэлгүй бөгөөд өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг хариуцагчид хуулиар олгоогүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д заасан гаргасан өргөдөл, гомдлынхоо хариуг авах өргөдөл, гомдол гаргагчийн эрх, 7 дугаар зүйлийн 1-ийн 2-т харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах хариуцагчийн үүрэг, мөн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн сунгах, барьцаалах, буцаах, нөхөн олгох асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын Ажлын байрны гол үйл ажиллагааны 1-д хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хүлээн авч, бүрдлийг шалган, кадастрын системд бүртгэх, холбогдох мэргэжилтнүүдэд хянуулахаар хүлээлгэн өгөх үүргийг тус тус тодорхойлсон байна.
Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалтыг анхаарахгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийг тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй хэмээн буруутгаж, улмаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримт байхгүй тохиолдолд өргөдлийг хүлээж авахгүй байх үүрэгтэй гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлтэй хэмээн дүгнэлт хийж байгаа нь буруу юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ, 22.4-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ гэж заажээ.
Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаандаа гаргасан нэхэмжлэгч "А Т" ХХК-ийн өргөдлийг хариуцагч байгууллага хүлээн авч, уг өргөдөл нь шаардлага хангасан эсэх талаар хянаж, хариуг бичгээр өгөхөөр заасан байхад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан баримтыг өргөдөлд хавсаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг дордуулан тайлбарлаж, өргөдлийг хүлээн авч бүртгэхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг анхан шатны шүүх зөвтгөн дүгнэж байгаа нь үндэслэлгүй юм.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Харин захиргааны байгууллага нь тухайн өргөдлийг хүлээн авч бүртгэсний дараа өргөдөл, түүнд холбогдох баримтууд нь хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг хянаж үзсэний үндсэн дээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах, эсхүл сунгахаас татгалзах асуудлыг шийдвэрлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 72 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч "А Т" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг дэвсгэрт орших Өлзий-нуга нэртэй 65.31 га талбайд ХV-011085 дугаартай, Өлзий нуга-1 нэртэй 314.13 га талбайд ХV-011084 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулахаар гаргасан өргөдлийг хүлээж авч бүртгээгүй хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгуулах өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн хуулийн дагуу шийдвэрлэхийг хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам
зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР