Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 74

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

          Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, С.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

    Нарийн бичгийн дарга Д.Чинзориг,

    Иргэдийн төлөөлөгч Ц.Янжмаа,

    Улсын яллагч Д.Цолмон,

    Хохирогч А.Амаржаргал, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,

    Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

    Шинжээч Я.Ганхүү,

    Гэрч О.Наранбаатар, Б.Нямдэлэг, Ч.Одгэрэл,

          Шүүгдэгч Д.Долгорсүрэн, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Долгорсүрэнд холбогдох 201525011546 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Түдэвтэй суманд 1960 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 55 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн  тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 1-64 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, Монгол овогт Базарваанийн Долгорсүрэн /Регистрийн дугаар: ХК60120205/,

           

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:

          Б.Долгорсүрэн нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын хооронд иргэн А.Амаржаргалаас 2012 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад зориулж баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамжны 106/8 дугаар байрнаас 51.21 м.кв байрыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр захиалан авч өгнө гэж итгэл эвдэх аргаар байрны төлбөр болон гражийн мөнгө гэж 63.600.000 төгрөг, байрны засвар болон засварын ажлын хөлс гэж 8.850.000 төгрөг, нийт 72.450.000 төгрөгийг залилж мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Долгорсүрэн мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг эцэстээ ийм болно гэж бодоогүй. Би Амаржаргалыг сайн таних учир өөртөө байр авах зорилгоор түүнээс нийт 35.000.000 төгрөг зээлсэн. Би мөн байр авах гэж дүүгээсээ авсан мөнгөө хаясан учир хүнд байдалд орсон байсан. Би Амаржаргалд байр авч өгнө гэж тохироогүй, зөвхөн мөнгө зээлсэн нь үнэн. Гэтэл Амаржаргал над дээр ирээд нөхөр Лутаа маань уурлаад байна. Би танд мөнгө зээлсэн гэдгээ хэлбэл тэр уурлана. Тэгэхээр та байр авч өгнө гэж 77.000.000 төгрөг авсан гээд бичээд өгчих гэхээр нь би Амаржаргалын үгэнд нь ороод тэгж бичээд нотариатаар батлуулсан. Тэр үед 07 дугаар сар байсан бөгөөд би дараа оных нь 2 дугаар сард багтааж буцааж төлнө гэж хэлсэн байтал намайг Амаржаргал нь Бат-Өлзий гэдэг өмгөөлөгч дээрээ дагуулж очсон. Өмгөөлөгчийнх нь хэлсэнээр дахин нотариат ороод “мөнгө авсан” гэж бичээд гарын үсэг зурсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа намайг цагдаа дээр дуудахаар нь би гайхаад Амаржаргалаас асуухад би цагдаад өргөдөл өгөөгүй, нөхөр маань өгсөн байна. Та ямар ч байсан очоод бичиж өгснөөрөө мэдүүлэг өгчих. Би тэгээд очоод тэр өргөдлийг нь буцаагаад авчихна гэхээр би цагдаа дээр тийм мэдүүлэг өгсөн. Тэрнээс би Амаржаргалаас 77.000.000 төгрөг аваагүй. Энэ хэрэг 2-3 жил болж байгаа учир хүү нь нэмэгдээд тийм болж байгаа юм байх гэж бодоод нотариатаар орсон. Би Амаржаргалаас зөвхөн 35.000.000 төгрөг зээлж авсан. Сүүлд Амаржаргал надад та мөнгөө өгч чадахгүй юм бол авсан байраа мкв-ыг нь 1.000.000 төгрөгөөр тооцож надад зар гэж байсан. Тэр үед уг байрны ханш 1.800.000 төгрөгт хүрч байсан бөгөөд би тэр үед за яахав гэж бодоод зөвшөөрч гарын үсгээ зурсан. Би анхнаасаа Амаржаргалыг залилан мэхэлж тэр 77.000.000 төгрөгийг авсан юм байхгүй. Байрны үнэ болон хэрхэн захиалдаг гэдгийг мэдэхгүй над шиг хүнд Амаржаргал хууртсан гэвэл худлаа. Амаржаргал нь тухайн цагдаагийн 2 дугаар ээлжийн байрнаас 3 өрөө байрыг тухайн байгууллагын албан хаагчдад нь зориулсан хямдралтай үнээр авч байсан. Тэгэхээр Амаржаргал нь уг байрыг хэрхэн, яаж захиалж, хэдэн төгрөгөөр авах талаар бүх зүйлийг мэдэх туршлагатай хүн байж надаар захиалуулж авсан гэдэг нь худлаа. Энд ирсэн гэрч гээд байгаа 3 хүн нь Амаржаргалын доор ажилладаг хамаатан нар нь юм...” гэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Амаржаргал мэдүүлэхдээ: “Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд баар, ломбард, зоогийн газрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Манай баар шөнө цаг хэтрүүлдэг байсан шалтгаанаар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсийн дэд дарга Алтанцэцэгийн уулздаг байхдаа би Долгорсүрэнтэй танилцаж найз нөхөд болж, ах дүүгээс ч дотно найзууд болсон. Тэгээд 2011 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр ээлжийн байр баригдаж эхлэхэд Алтанцэцэг дарга надад мкв нь 550.000 төгрөгөөр баригдаж байгаа байр байна. Чи 1.000.000 төгрөгөөр авах уу гэхэд нь би амжиж захиалга өгч чадаагүй боловч дараагийн 2 дугаар ээлжийн байранд нь мкв-г нь 550.000 төгрөгөөр  захиалж  3  өрөө  байр  авсан.  Дараа  нь  3  угаар байранд захиалга авч

байна гэх сураг сонсдох үед Долгорсүрэн эгч намайг гэртээ дуудаж авчираад Би байр авах гэсэн чинь мөнгө байхгүй байна. Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэсэн үг байдаг юм. Чи тэр байрыг ав” гэхээр нь би хэл амнаас айж байна. Авахгүй ээ гэхэд Долгорсүрэн эгч тэр байрыг Алтанцэцэгт алдмааргүй байна. Чи авчихаач гэж уйлан дуулж надаас удаа дараа гуйгаад 50.6 мкв байр нь 750.000 төгрөгөөр гарч байна. Чи мкв-г нь 1.000.000 төгрөгөөр авчих гээд 2-3 удаа уулзахаар нь би түүнд итгэсэн учир мөнгөө өгч байхдаа өөрийнхөө дэвтэр дээрээ түүнээр гарын үсэг зуруулдаггүй байсан юм. Долгорсүрэн эгч өөртөө байсан хар ногоон өнгийн дэвтэр байсан дээрээ надаас авсан байрны мвк-н үнэн, засварын мөнгө, гараашийн 9 сая төгрөг зэргээ бичдэг байсан. Тухайн үед би олон үйл ажиллагаа явуулж мөнгөтэй байсан учир Долгорсүрэн эгч намайг залилах үндэсээ тэр үеэс эхлүүлсэн байна гэж бодож байна. Долгорсүрэн эгч анх 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдөр надаас мөнгө авч эхэлсэн. Данснаас 10 сая төгрөг, ажил дээр минь ирээд 10 сая төгрөг, 8 дугаар сарын 30-ны өдөр 20 сая төгрөг, 10 сарын 08-ны өдөр 10.600.000 төгрөг, нийт 50.6 мкв байрны үнэ болох 50.600.000 төгрөгийг авсан юм. Дараа нь гараашийн мөнгө гэж 9 сая төгрөг дахин надаас авсан. Би данснаасаа 5 сая төгрөгийг, автоломбард руугаа дагуулан явж 4 сая төгрөгийг гараашийн мөнгө гэж өгсөн. Долгорсүрэн эгч миний мөнгийг аваад Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэсийн үүдэн дээр буугаад надад “чамайг дарга нар харж магадгүй учир эндээсээ буцчих” гээд өөрөө цагдаагийн хэлтэс рүү миний мөнгийг аваад ордог байсан. Тэдгээр мөнгийг өгсний дараа уг байрны харанхуй өрөөний засал, гал тогооны угаагуур, абжурын мөнгө зэргийг би өөрөөсөө гаргаж байсан. Учир нь тэр миний байр болно гэж би бодож байсан учир тэр зардлуудыг гаргасан. Би тэр үед Долгорсүрэн эгчийн Эрээн явсан болон бусад зардлыг даадаг байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Одгэрэл мэдүүлэхдээ: Би эхлээд 2013 оны 08 дугаар сарын 13-нд Долгорсүрэнгийнд 500.000 төгрөг өгсөн. Долгорсүрэн нь Амаржаргалд байр авч өгнө гэж байсан учир би 4 удаа бэлэн мөнгийг Долгорсүрэнгийн гэрт болон өөр газар өгдөг байсан. Би зөвхөн өөрийн дэвтэртээ бичдэг байсан. Манай захирал энэ хүнээс байр захиалж авах гэж байсан учир би 4 удаа байрны мөнгө гэж өгдөг байсан. 2013 оны 08 дугаар сарын 13-нд 500.000 төгрөг, 08 дугаар сарын 14-нд 400.000 төгрөг, 08 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөг,  09 дүгээр сарын 19-нд 250.000 төгрөг аваачиж өгсөн. Манай захирал энэ хүнд байрны урьдчилгаа гэж өгдөг байсан. Энэ хүнд бас дэвтэр байх ёстой. Тэр тооцоо нийлнэ гэж манай ажил дээр ирдэг байсан. Долгорсүрэн нь барилгын материалын болон ажлын хөлсний мөнгө гэж манай захирлаас авдаг байсан. Тэр мөнгө байранд зориулагдах байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Наранбаатар мэдүүлэхдээ: Би Амаржаргалын ажилтан. 2013 онд нэг удаа Дүүргийн эмнэлгийн тэндэх байранд буулгасан. Амаржаргал эгч байр захиалж авсан байрандаа буулгачих гэхээр нь элс цемэнт буулгаж өгсөн. Дүүргийн эмнэлгийн ард талд байсан байранд буулгасан. Байрны засварын ажилд зориулж буулгасан. Харанхуй өрөөндөө өрлөг хийх гэж байна гэж хэлж байсан. Хоёр заслын ажил хийж байсан хүнд өгсөн боловч нэрийг нь мэдэхгүй. Амаржаргал эгч өөрөө надтай хамт явсан бөгөөд түрүүлээд өөрөө буугаад 7 давхарт гаргаад өгчих гэсэн гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Нямдэлэг мэдүүлэхдээ: Би Амаржаргалын доор ажиллаж байсан. Шүүгдэгчтэй тэр үед ажил дээр Амаржаргалтай уулзахаар ирэхэд нь танилцсан. Би Амаржаргалын санхүүгийн тооцоо хийдэг ажлыг хариуцаж байсан учир мэдэж байгаа. Миний хар дэвтэр дээр бичигдсэнээр 2013 оны 08 дугаар сарын 13-нд 500.000 төгрөг, 08 дугаар сарын 14-нд 400.000 төгрөг, 08 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөг,  09 дүгээр сарын 19-нд 250.000 төгрөг, 10 дугаар сарын 07-нд 600.000 төгрөг, 10 дугаар сарын 29-нд 1.500.000 төгрөг, 11 дүгээр сарын 03-нд 955.000 төгрөг гэх мэт мөнгийг Долгорсүрэнд өгч байсан нь таарч байгаа. Би Одгэрэлээр дамжуулан 2013 оны 08 дугаар сарын 13-нд 500.000 төгрөг, 08 дугаар сарын 14-нд 400.000 төгрөг, 08 дугаар сарын 19-нд 2.000.000 төгрөг,  09 дүгээр сарын 19-нд 250.000 төгрөг өгсөн. Захирал Амаржаргал маань Баянзүрх дүүргийн эмнэлгийн ард байр авч байгаа гэсэн бөгөөд уг байрны засварын болон ажлын хөлсний мөнгө гэж авч байсан. Одгэрэл авч байсан. Би ер нь захиралтайгаа 7 хоног болгон орлого зарлагын тооцоогоо нийлүүлдэг байсан. 2013 оны 08 дугаар сарын хар дансны дэвтэр. 13 дугаар хороололд байрладаг баарны орлого зарлагын мөнгөнөөс өгсөн тооцооны дэвтэр. Би өгсөн зүйлээ бүгдийнг нь тодруулсан байгаа. Гэхдээ Долгорсүрэнгээр өөрөөр нь гарын үсэг зуруулсан зүйл байхгүй ч тэр манай ажил дээр ирдэг байсан. Энэ хоёр хүн эгч дүүс шиг болоод нилээд удсан. Сүүлийн байрны талаар хэлэхэд би Догоо эгчтэй цуг тэр байранд очиж тогоо шанага авч байсан. Тэр цагдаагийн байрын талаар Дого эгч захиралтай ярьж байхыг би сонссон. Дого эгч тухайн үед ашиглалтанд орох гэж байгаа байрыг авах уу гэж захиралтай ярьж байхыг би сонссон. Одгэрэл нь манай хадам ээж. Наранбаатар нь манай нөхөр. Тухайн үед мэдүүлэг өгөхдөө мөнгө өгч байсан талаараа хэлж байсан. Би тухайн үед дэвтэрээ хараагүй байсан. Хохирогчийн авч байсан байр 2 өрөө байр нь 7 давхарт байсан юм гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Я.Ганхүү мэдүүлэхдээ: Манай сэтгэцийн өвчин судлал болон тархины хавдар судлал зэрэг нь тусдаа шинжлэх ухаан гэдгийг хэлмээр байна. Хүний тархины хавдар даамжраад сэтгэцэд нөлөөлсөн бол сэтгэцийн онош тавьдаг. Эмчийн үзлэг буюу асуулт хариултын замаар дүгнэлтээ гаргадаг. Журмын дагуу л би асуулт хариултын замаар дүгнэлтээ гаргасан. Манай сэтгэцийн өвчин бол биеэ даасан тусгай салбар шинжлэх ухаан. Тархины хавдар цаашдаа яаж явахын бид нарийн тогтоох боломжгүй. Ер нь бол шинжээчийн үзлэгийн явцад хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг судалж, уг хүнтэй харьцаж байж дүгнэлтээ гаргадаг. Хүнд тодорхой хэмжээгээр мартаж санах зүйл байдаг. Харин хорт хавдар дээр мартаж санах нь өөрөөр яригдах байх. Амьдралын түүх дээрээ Долгорсүрэн хэлж байсан. 2004 онд тархины хагалгаанд орж байсан гэж хэлж байсан.Тархины хорт хавдарын улмаас удаан хугацаагаар мартаж санах байх боломжтой. Тархины хавдар даамжирахаар ойгүйжих өвчин болдог. Гэтэл энэ хүнд тухайн үед тийм хэмжээний даамжирсан өвчин илрээгүй. Энэ хүний нас болон өөр янз бүрийн зүйлээс болж мартаж санах нь байж болдог асуудал юм. Манай сэтгэцийн өвчин судлал болон тархины хавдар судлал зэрэг нь тусдаа шинжлэх ухаан гэдгийг хэлмээр байна. Хүний тархины хавдар даамжраад сэтгэцэд нөлөөлсөн бол сэтгэцийн онош тавьдаг гэв.

 

          Шүүгдэгч Б.Долгорсүрэнд мөнгө өгч байсан хохирогч А.Амаржаргалын хувийн тооцооны хуудас /хх.1.14/

          Хохирогч А.Амаржаргалын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.20-23/

 

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Амаржаргалын: “2012 онд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс алба хаагчдын 1,2,3 дугаар байрыг барьж эхэлсэн. Ингээд 1 дүгээр байр нь ашиглалтанд орж дууссаны дараа 2 дугаар байр нь барьж эхлэхэд нь сууриас нь эхлээд захиалгын мөнгө авч эхэлсэн. Уг байранд Долгорсүрэнгийн хүү Халиун захиалга өгөхөөр болсон ба Долгорсүрэн над дээр ирж уулзаад Халиуны нэр дээр 2 өрөө байр захиалах гээд байна. Надад мөнгө байхгүй байна 1 м/кв нь 650.000 төгрөгөөр гарна гэж байна. Би чамд тэгэхдээ 1.000.000 төгрөгөөр бодоод өгнө гэж хэлсэн. Би байрыг авахгүй гэсэн чинь хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж үг байдаг шдээ, чи авчихаа гээд байсан. Би уг нь эхэндээ авахгүй гээд байсан чинь Долгорсүрэн ажил дээр ирээд уйлаад би байраа алдмааргүй байна би чамд сайн санаж өгч байна чи авчих гээд дахин дахин гуйсан. Тухайн үед би хадмуудтайгаа цуг амьдарч байсан бөгөөд тусдаа гарах гээд байрны мөнгө цуглуулж байсан. Мөн байрны ханш нь 1 м/кв нь өндөр ханштай байсан болохоор 1.000.000 гэж хэлэхээр нь хямдхан санагдаад зөвшөөрсөн” гэх мэдүүлэг /хх.1.34/ “Би хамгийн эхний 20.000.000 төгрөгийг өгөхдөө 7.000.000 төгрөгийг сейфнээсээ бэлэн аваад Жуковын Хаан банкин дээр очоод данснаасаа 13.000.000 төгрөгийг аваад тэгээд 20.000.000 төгрөг болгож Хаан банкны үүдэнд өгсөн. Дараа нь хэд хоногийн дараа шиг санаж байна. Яг хэд гэдгийг нь сайн санахгүй байна. Данснаасаа дахин 10.000.000 төгрөгийг авч сейфэнд байсан 10.000.000 төгрөгийг нэмээд 20.000.000 төгрөг болгоод гэрт нь аваачиж өгсөн. Түүнээс хойш бас хэд хоногийн дараа 10.000.000 төгрөгийг данснаасаа аваад 600.000 төгрөгийг нэмээд гэрт нь аваачиж өгсөн. Тухайн үед Долгорсүрэн байрыг 50.6 м/кв байр гэж хэлж байсан учраас 50.6 м/кв-аар нь бодоод нийт 50.600.000 төгрөгийг өгсөн бөгөөд дараа нь харанхуй өрөө гаргаж өгнө гэнээ гээд түүн дээр харанхуй өрөөний м/кв нь нэмэгдээд 52.6 м/кв байр гэж хэлсэн. Харанхуй өрөөний мөнгө гэж 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл харанхуй өрөөний зөрүү гэж гарч байна 345.000 төгрөгийг нэмж өг гээд авсан. Би өмнө хохирогчоор мэдүүлэг өгөхдөө 345.000 төгрөгийг Хаан банк орохдоо сейфнээсээ аваад өгсөн гэж мэдүүлсэн байна лээ. Олон жил өнгөрсөн болохоор энэ тэнд нь оруулаад мэдүүлсэн байна. Тэгэхээс худлаа мэдүүлсэн зүйл байхгүй. 50.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэдэг нь нийлүүлээд бүгдийг нь хэлсэн байна. Тэгэхээс мөнгийг өгөхдөө тасалж өгсөн. Гражийн мөнгийг өгөхдөө бас данснаасаа авч өгсөн. Данснаасаа 2 хувааж эхлээд 5.000.000 төгрөгөөр дараа нь 3.000.000 төгрөгөөр аваад сейфнээсээ 1.000.000 төгрөг авч нэмээд бэлнээр 9.000.000 төгрөгийг өгсөн. Хэзээ гэдгийг одоо санахгүй байна” гэх мэдүүлэг /хх.2.74/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямдэлэгийн: “Би Долгорсүрэн эгчийг танина. Долгорсүрэн эгч нь манай захирал Амаржаргалтай байнга уулзаж байнга л ажлаар ирдэг байсан. Миний санаж байгаагаар нэг удаа Долгорсүрэн эгчийг ажил дээр ирэхэд захирал Амаржаргал ажлын өдрийн орлогын мөнгийг бүгдийг нь аваад Долгорсүрэнд өгч байсан. Миний санаж байгаагаар 1 сая гаран төгрөг байсан. Тэгж

өгөхөд обой гэх зэргээр барилгын засварын юм яриад сууж байсан. Яг юуны засвар байсан талаар нь би тухайн үед нь мэдээгүй. Мөн манай ажилчин Одгэрэл эгч Долгорсүрэн эгчид мөнгө өгнө гээд хэд хэдэн удаа гэр лүү нь очиж байсан. Энэ талаар нь би бас мэднэ. Ер нь бол Долгорсүрэн эгч ажил дээгүүр ойр ойрхон ирж мөнгө аваад явдаг байсан. Яг хичнээн төгрөг авч байсан талаар нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.2.75/

 

Мөрдөн байцаалтад гэрч О.Намжинбаатарын: “2012 онд Ноён капитал үйлчилгээ барьцаалуулан зээлдүүлэх газар эхнэр Амаржаргалын хамтаар ажиллуулж байхад манай эхнэр Амаржаргал өвөл байсан яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна 11 сар хавьцаа надад хэлэхдээ манай найз эгч Долгорсүрэн байр захиалах эрх нь байна аа, мөнгө байхгүй учраас байраа алдах гээд байна гээд намайг авчих гэж байна яах уу гэж надтай ярилцсан. Тэгэхээр нь тэг тэг гэж хэлсэн юм. Манай эхнэр өөрийнхөө данснаасаа Долгорсүрэн гэх эмэгтэйд 50.000.000 төгрөг бэлнээр авч өгсөн гэдгээ хэлж байсан. Түүний дараа ахиад граж авах уу гэж байна гэхээр нь граж авчих гэж хэлсэн. Удалгүй байр нь ашиглалтанд орох гээд байна засвар үйлчилгээний мөнгө төгрөг болон харанхуй өрөөний мөнгө төгрөг гээд манай эхнэр мөнгө өгөөд л байсан яг хэдэн төгрөг өгсөн талаар би мэдээгүй. Амаржаргал надад хэлэхдээ байрны ордер гарсны дараа бид нарын нэрэн дээр байрыг шилжүүлж өгнө гэж хэлсэн гэж надад хэлж байсан. Түүний дараа бид нар байраа нэрэн дээрээ шилжүүлж авах гэсэн боловч Долгорсүрэн гэх эмэгтэй нь байрны ордер гараагүй байна гээд л яваад байдаг байсан юм” гэх мэдүүлэг /хх.1.38-39/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунзаяагийн: “Би нөхөртэйгээ анх Баянхошуунд амьдарч эхэлсэн түүний дараа хүүхэд төрөхөд хороололд байр түрээслэсэн. 2012 онд ээж Лхазайлхамын төрсөн дүү Долгорсүрэн эгч надтай нэг өдөр уулзаад эгчид нь мөнгөний хэрэгцээ гараад байна эгч нь цагдаагийн газрын байранд байр захиалж байгаа энэ хурдан баригдаж байгаа барилга учир эгчдээ мөнгө зээлчих эгч нь ордер гарвал буцаагаад мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би хорооллын эцэст байр түрээслэж байхад миний гэртээ хадгалсан 40.000.000 төгрөгийг бэлнээр аваад явсан. Манай гэрт ирэхдээ ганцаараа ирсэн. Тэр мөнгийг хар өнгийн торонд хийгээд л аваад явсан. Тухайн үе 2012 оны 12 сар байсан байх. Түүнээс хойш байр яасан бэ, баригдсан уу ордер чинь гарсан уу гэхэд байр баригдаж байна болоогүй байна гэдэг байсан. 2013 оны 10 сард байр ашиглалтанд ороход Долгорсүрэн эгч байрандаа орсон байсан. Би нөхөр хүүхдийн хамтаар 10 дугаар хороолол, Жанжин, Сансар зэрэг газруудад байр түрээслэдэг байхад Долгорсүрэн эгчээс байрны чинь ордер гарч байна уу бид 2 мөнгөө аваад нэг газар захиалга өгөөд байр авмаар байна гэхэд ордер гараагүй байна гэдэг байсан. Долгорсүрэн эгчээс байрны мөнгөө нэхсэн чинь эгч нь байрандаа ганцаараа байгаа чи манай гэрт нүүгээд ир тэгж байгаад мөнгийг чинь гаргаж өгье гэж хэлж байсан. Манай нөхөр Орос улсад байхад нь хүүхдүүдийн хамт 2014 оны 06 сард Долгорсүрэн эгчийн байранд нүүж ирсэн. Гэрт нь ирээд удаагүй байхад байрны ордер гарч байгаа хөөцөлдөөд мөнгийг чинь аваад өгье гэж хэлдэг байсан. 2015 он гараад Долгорсүрэн эгчээс мөнгөө авъя гэсэн   чинь  эгч  нь  Хадгаламж  зээлийн   хоршоонд  ордероо  тавьчихсан  байгаа

4.500.000 төгрөгөнд тавьчихсан тэр мөнгийг та 2 төлөөд ордер аваад миний нэр дээр байгаа энэ байрыг ав гэж хэлсэн. 4.500.000 төгрөгийг нь бид 2 гялс олоод тэр өдөртөө бил үү хадгаламж зээлийн хоршооноос аваад тэр өдрөө ордерыг нь Долгорсүрэн эгчээс нэрэн дээрээ шилжүүлж авсан. Тухайн үед байрны ордерыг нэрэн дээрээ шилжүүлж авахад Долгорсүрэн эгчид яваандаа мөнгөтэй болохоороо 5 сая төгрөгийг өгнө гэж тохирсон. Долгорсүрэн эгч миний мөнгийг аваад нилээн удсан учир тэгж байгаад өгнө гэж тохирсон” гэх мэдүүлэг /хх.1.40/

 

          Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн: “Би Долгорсүрэн эгчээр дамжуулаад байраа захиалж авсан. Тиймээс надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад хохирсон зүйл байхгүй” гэх мэдүүлэг. /хх.1.211/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Одгэрэлийн: “Би хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Зун л байсан шиг санаж байна. Амаржаргал Долгорсүрэнд аваачаад өгөөрэй гээд хэд хэдэн удаа надаар мөнгө дайж байсан. Барилгын засвар хийсэн ажилчдын мөнгө гэж 2.000.000 төгрөгийг дугтуйнд хийгээд бэлнээр өгөөд надаар явуулж байсан. Би Сансарын Баянцээлийн ард байдаг байранд нь аваачиж өгсөн. Дараа нь сангийн материалын мөнгө гээд 500.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр, 250.000 төгрөгөөр надад өгүүлээд гэрлүү нь явуулж байсан. Хэрвээ Долгорсүрэн эгч аваагүй гээд байгаа бол би нүүрэлдсэн ч болно. Амаржаргал нь цагаан дугтуйнд хийгээд гадна талд нь мөнгөн дүнг нь бичээд надаар өгөөд явуулдаг байсан. Мөн ажил дээр нь ирээд Амаржаргалаас зөндөө удаа мөнгө аваад явж байсан. Тэр бүрийг нь би мэднэ. Тэгэхдээ ажил дээр ирээд хичнээн төгрөг аваад явж байсныг нь би мэдэхгүй” гэх мэдүүлэг. /хх.1.224/

 

          Мөрдөн байцаалтад гэрч О.Наранбаатарын: “2013 онд шиг санаж байна. Амаржаргал эгч 3 дугаар төрөхийн ард талд байр авсан. Тэнд засвар хийж байгаа тэнд тийшээ элс хайрга, тоосго, цемент зэргийг буулгаад өгөөч гэж байсан. Тэгэхдээ яг ямар хүмүүс дотор заслыг хийж байсан талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.1.219/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Аптанцэцэгийн: “2 дахь байранд Халиуны нэрээр захиалга өгөгдсөн байсан учраас дахин захиалга өгөх боломжгүй байсан. Тэгэхээр нь Халиун ээж Долгорсүрэнгийн нэрээр захиалга өгч Долгорсүрэн нь надтай гэрээ хийсэн. Гэрээгээр бол 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөг, 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10.000.000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 7.500.000 төгрөг төлөхөөр гэрээ хийгдсэн бөгөөд Долгорсүрэн нь бэлнээр 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 20.000.000 төгрөгийг төлсөн. Дараа нь 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 10.000.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 7.500.000 төгрөгийг тус тус төлсөн баримт байна. Мөнгийг төлөхдөө бүгдийг бэлнээр надад тушаадаг байсан. Би тэр мөнгийг нь тухайн үеийн цагдаагийн хэлтсийн дарга Далайхүүгийн Ядамдоржийн нэр дээр Хас банкинд нээсэн 1205032907 дугаартай төгрөгийн хугацаагүй хадгаламжийн дансанд өөрийн туслах Амарзаяа болон Батцэцэг нараар  тушаалгаж  байсан. Байрны мөнгө бүрэн

төлөгдсөн учраас Долгорсүрэнгийн нэр дээр цагдаагийн алба хаагчдын 3 дахь байр буюу 106/8 дугаар байрны 7 давхарын 21 тоот 51.6 м/кв талбай бүхий 2 өрөө байрыг олгосон. Байр нь 2013 оны хавар баригдаж дууссан бөгөөд дотор заслын ажлыг өөрсдөө хийхээр гэрээгээ хийсэн байсан. Ингээд зун дотор заслын ажлыг өөрсдийн мөнгөөр хийсэн. Мөн алба хаагчдыг зээлэнд хамруулахаар хөөцөлдөж зээлийг бүтээгээд намар нь улсын комисст хүлээлгэн өгсөн. Ингээд 2013 оны намрын сүүлсараар байрны ордер гэрчилгээ гарсан шиг санаж байна. 3 дахь байрны доод талд байрлах зогсоол нь нийт 10 зогсоол байсан. Зогсоол маань тухайн үед 8.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Долгорсүрэнгийн хувьд зогсоол авах ямар ч боломжгүй байсан. Яагаад гэхээр 2 дугаар байрнаас гэрээ цуцлагдаад 3 дахь байрнаас миний нэрээр байр захиалсан байсан. Тэгэхдээ надад Долгорсүрэн нь боломжтой бол 1 зогсоол аваад цааш нь хүнд зарж дундаас ашиг унагаж өрнөөсөө багасгамаар байна гэж хэлж байсан шиг санаж байна” гэх мэдүүлэг. /хх.1.46-47/

 

          Мөрдөн байцаалтад сэжигтэн Б.Долгорсүрэнгийн: “2011 онд би Сансарын 10 дугаар байранд байр түрээсэлж амьдардаг байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн захиалгаар алба хаагчдад байр баригдаж эхэлсэн. Тухайн үед манай хүү Халиун Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ажиллаж байсан болохоор байр захиалагчдын нэрэнд орсон. Тэгээд би байртай болъё гэж бодоод Амаржаргалаас 20.000.000 төгрөгийг зээлсэн. Анх зээл авахдаа би байр авах гээд захиалга өгч байгаа юмаа. Байрны мөнгө нэхэгдээд байна. Юу ч гэсэн байраа авчихъя тэгээд чиний мөнгийг чинь яваандаа эргүүлж мөнгөөр нь өгнө. Бүр болохгүй бол би байраа өгье гэж тохирсон. Тэгээд бага багаар цувуулсаар байгаад миний тооцоогоор 69.000.000 төгрөгийг төлөх ёстой. Би Амаржаргалаас хичнээн удаа хэд хэдээр нь хэдэн сарын хэдний өдөр мөнгө цувуулж авсанаа сайн санахгүй байна. Бодоод үзэхэд миний тооцоогоор 69.000.000 төгрөг л болоод байгаа. Мөнгө авахдаа нэг ч удаа баримт үйлдэж байгаагүй. Байр 2013 оны 11 сард ашиглалтанд ороод гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Тэгээд Ариунзаяа уг мөнгөөрөө байр авах гээд цуглуулж байсан юм байна лээ. Тэгээд надаас мөнгөө нэхээд байхаар нь би манай байранд хүрээд ирээ тэгээд хамтдаа амьдаръя гэж хэлээд байрандаа авчирсан. Ариунзаяа 40.000.000 төгрөгөө нэхээд байхаар нь би арга буюу Ариунзаяад миний байрыг ав гэж хэлээд нэр дээр 2015 оны 06 сард шилжүүлсэн. Амаржаргал мөнгөө юм уу байраа нэхвэл би Амаржаргалд мөнгө хаясан талаараа учраа хэлбэл ойлгох байх гэж бодсон. Уг байр нь 1 м/кв нь 780.000 төгрөгөөр бодогдсон бөгөөд нийт 50.6 м/кв байр байсан. Амаржаргалтай ярихдаа бол 1 м/кв-ыг 1.000.000 төгрөгөөр гэж хоорондоо ярилцсан” гэх мэдүүлэг /хх.1.60/

 

          Мөрдөн байцаалтад яллагдагч Б.Долгорсүрэнгийн: “... Амаржаргалаас байрны захиалгын мөнгө болох 37.500.000 төгрөг, гражийн 9.000.000 үлдэгдэл мөнгө нь байрны дотор засварын мөнгө гэж авсан. Үндсэндээ цээжээрээ бодоод үзэхэд миний тооцоогоор 68.000.000 төгрөгийн тооцоо гарч байгаа. Надад мөнгө авахад Амаржаргалтай ямар нэгэн баримт үйлдсэн зүйл байхгүй харилцан бие биедээ итгэсний үндсэн дээр л мөнгийг зээлж авсан” гэх мэдүүлэг /хх.1.64/

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 1034 дугаартай дүгнэлт:

 

          1. Б.Долгорсүрэн нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

          2. Б.Долгорсүрэн нь сэтгэцийн өвчингүй байна.

          З. Б.Долгорсүрэн нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай байна. Б.Долгорсүрэн нь хэрэг хариуцах чадвартай байна. /хх.1.189/

         

          Эд зүйл хураан авах тогтоол /хх.1.13/,

          Б.Долгорсүрэнгээс асууж авсан тайлбар /хх1.12/,

          Мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх.1.15/,

          Барьцаалан зээлдүүлэх гэрээ /хх.1.16/,

          Ноён Капитал ХХК-ийн зээл эргэн төлөгдөх хуваарь /хх.1.18/,

          А.Амаржаргалын гаргасан хүсэлт /хх.1.19/,

          А.Амаржаргалын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.20/,

          Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх.1.25/,

          Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол /хх.1.27/,

          Алдагдсан зүйлийн үнэлгээ /хх.1.29/,

          А.Амаржаргалыг хохирогчоор тогтоосон тогтоол /хх1.30/,

          Гэрч О.Намжинбаатарыг байцаасан тэмдэглэл /хх.1.38-39/,

          Гэрч Б.Ариунзаяаг байцаасан тэмдэглэл /хх.1.41-43/,

          Батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол /хх.1.54/,

          Б.Долгорсүрэнгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.1.140/,

          Гэрч Ч.Одгэрэлийг байцаасан тэмдэглэл /хх.1.224/,

          Хохирогч А.Амаржаргалыг дахин байцаасан тэмдэглэл /хх.2.76/,

          Гэрч Ч. Одгэрэлийг байцаасан тэмдэглэл /хх.1.44/

         Гэрч Б.Алтанцэцэгийг байцаасан тэмдэглэл /хх.1.45/,

          Гэрч Э.Халиуныг байцаасан тэмдэглэл /хх.1.49-50/,

          Гэрч Э.Хонгорыг байцаасан тэмдэглэл /хх.1.52/,

          Б.Долгорсүрэнг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /хх.1.58/,

          Б.Долгорсүрэнг яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх.1.63/,

        Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 83-3/480б тоот албан бичиг /хх.1.77/,

          Ү-2204055827 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /хх.1.88/,

          21 тоот захиалгын гэрээ /хх.1.91/,

          Депозит дансны хуулга /хх.1.96-99/,

          Зээлдэгчийн мэдээлэл /хх.1.112/,

          Алаг Уул Ган ББСБ-ийн шаардлага /хх.1.118/,

          Б.Долгорсүрэнгийн Хаан банкны Депкозит дансны хуулга /хх.1.171/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 1034 дугаар дүгнэлт /хх.1.189/,

          Гэрч Б.Ганболорыг гэрчээр байцаасан тэмдэглэл /хх.1.225/,

          Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх.2.92/,

          04/0054 дугаар тусгай зөвшөөрөл /хх.2.93/,

          04/0676 дугаар тусгай зөвшөөрөл /хх.2.94/,

          Нийслэлийн засаг даргын А/873 дугаар захирамж, хавсралт /хх.2.95-96/,

          А.Амаржаргалын Хаан банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга

 

 /хх.2.97-121/ зэрэг болно.

 

          Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан эдгээр нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.

 

          Б.Долгорсүрэн нь 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн 2013 оны 04 дүгээр сарын хооронд иргэн А.Амаржаргалаас 2012 онд Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад зориулж баригдсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний гудамжны 106/8 дугаар байрнаас 51.21 м.кв байрыг 1 м.кв-ыг 1.000.000 төгрөгөөр захиалан авч өгнө гэж итгэл эвдэх аргаар байрны төлбөр болон гражийн мөнгө 63.600.000 төгрөг, байрны засвар болон засварын ажлын хөлс 8.850.000 төгрөг, нийт 72.450.000 төгрөгийг залилж мэхлэн авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн холбогдох хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

          Гэвч шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Долгорсүрэн нь уг орон сууцыг хохирогч А.Амаржаргалд захиалан авч өгөх, улмаар байрны дотоод засал, засварын ажил гүйцэтгэн, граж авахаар нийт 72.450.000 төгрөг авсан боловч орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн зээ дүү Д.Ариунзаяагийн нэр дээр шилжүүлэн залилж мэхлэн, бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо.

 

          Хохирогч А.Амаржаргал, иргэний нэхэмжлэгч Д.Ариунзаяа, гэрч Ц.Алтанцэцэг, О.Наранбаатар, Б.Нямдэлэг, Ч.Одгэрэл, сэжигтэн, яллагдагч Б.Долгорсүрэн нарын мэдүүлгүүд, хохирогч А.Амаржаргалын ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, шүүгдэгч Б.Долгорсүрэнд мөнгө өгч байсан хохирогч А.Амаржаргалын хувийн тооцооны хуудас зэрэг нотлох баримтыг өөр хооронд нь харьцуулан дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Долгорсүрэн нь орон сууцыг хохирогч А.Амаржаргалд захиалан авч өгөхөөр харилцан тохиролцож, 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн мөнгө цувуулан авч эхэлсэн, мөнгө авсан цаг хугацаа болон мөнгөний хэмжээ нь байрны мөнгө тушаасан цаг хугацаа, мөнгөний хэмжээтэй ойролцоо байгаа, харин иргэний нэхэмжлэгч Д.Ариунзаяагаас 2012 оны 12 дугаар сараас эхлэн мөнгө зээлж эхэлсэн, сүүлдээ мөнгөө нэхээд байхаар нь орон сууцаа өгөхөөр 2015 оны эхээр тохирсон болох нь нотлогдож байна.

 

          Тэгээд   ч   тус   орон   сууцны   дотоод   засал,  засварын    ажлыг   хохирогч

 

А.Амаржаргалын өгсөн мөнгөөр гүйцэтгэж байсан болох нь:

 

          Мөрдөн байцаалтад хохирогч А.Амаржаргалын: “... дараа нь харанхуй өрөө гаргаж өгнө гэнээ гээд түүн дээр харанхуй өрөөний м/кв нь нэмэгдээд 52.6 м/кв байр гэж хэлсэн. Харанхуй өрөөний мөнгө гэж 2.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэгтэл харанхуй өрөөний зөрүү гэж гарч байна 345.000 төгрөгийг нэмж өг гээд авсан” гэх мэдүүлэг /хх.2.74/

 

          Мөрдөн байцаалтад гэрч О.Намжинбаатарын: “... Түүний дараа ахиад граж авах уу гэж байна гэхээр нь граж авчих гэж хэлсэн. Удалгүй байр нь ашиглалтанд орох гээд байна засвар үйлчилгээний мөнгө төгрөг болон харанхуй өрөөний мөнгө төгрөг гээд манай эхнэр мөнгө өгөөд л байсан яг хэдэн төгрөг өгсөн талаар би мэдээгүй” гэх мэдүүлэг /хх.1.38-39/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ч.Одгэрэлийн: “... Барилгын засвар хийсэн ажилчдын мөнгө гэж 2.000.000 төгрөгийг дугтуйнд хийгээд бэлнээр өгөөд надаар явуулж байсан. Би Сансарын Баянцээлийн ард байдаг байранд нь аваачиж өгсөн. Дараа нь сангийн материалын мөнгө гээд 500.000 төгрөгөөр, 400.000 төгрөгөөр, 250.000 төгрөгөөр надад өгүүлээд гэрлүү нь явуулж байсан” гэх мэдүүлэг /хх.1.224/

 

          Мөрдөн байцаалтад гэрч О.Наранбаатарын: “2013 онд шиг санаж байна. Амаржаргал эгч 3 дугаар төрөхийн ард талд байр авсан. Тэнд хийж засвар байгаа тэнд тийшээ элс хайрга, тоосго, цемент зэргийг буулгаад өгөөч гэж байсан. Тэгэхдээ яг ямар хүмүүс дотор заслыг хийж байсан талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх.1.219/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Б.Нямдэлэгийн: “... Миний санаж байгаагаар 1 сая гаран төгрөг байсан. Тэгж өгөхөд обой гэх зэргээр барилгын засварын юм яриад сууж байсан. Яг юуны засвар байсан талаар нь би тухайн үед нь мэдээгүй” гэх мэдүүлэг /хх.2.75/

 

          Мөрдөн байцаалтад гэрч Ц.Алтанцэцэгийн: “... Байр нь 2013 оны хавар баригдаж дууссан бөгөөд дотор заслын ажлыг өөрсдөө хийхээр гэрээгээ хийсэн байсан. Ингээд зун дотор заслын ажлыг өөрсдийн мөнгөөр хийсэн... 3 дахь байрны доод талд байрлах зогсоол нь нийт 10 зогсоол байсан. Зогсоол маань тухайн үед 8.000.000 төгрөгөөр үнэлэгдэж байсан. Долгорсүрэнгийн хувьд зогсоол авах ямар ч боломжгүй байсан. Яагаад гэхээр 2 дугаар байрнаас гэрээ цуцлагдаад 3 дахь байрнаас миний нэрээр байр захиалсан байсан. Тэгэхдээ надад Долгорсүрэн нь боломжтой бол 1 зогсоол аваад цааш нь хүнд зарж дундаас ашиг унагаж өрнөөсөө багасгамаар байна гэж хэлж байсан шиг санаж байна” гэх мэдүүлэг /хх.1.46-47/ зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.   

 

          Б.Долгорсүрэн нь 2011 оноос эхлэн Д.Ариунзаяад тухайн орон сууцыг захиалан авч өгөхөөр тохиролцож мөнгө цувуулан авч, улмаар үл хөдлөх хөрөнгийн

улсын бүртгэлийг нэр дээр нь шилжүүлсэн, иргэний нэхэмжлэгч Д.Ариунзаяа нь орон сууцны шударга өмчлөгч учир түүний байрыг битүүмжлэлээс чөлөөлөхийг хүссэн иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

         

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Долгорсүрэн нь хохирогч А.Амаржаргалаас 35.000.000 төгрөг л зээлж авсан, 72.450.000 төгрөг залилан мэхэлж аваагүй, захиалсан байраа өгнө гэж хэлээгүй гэсэн мэдүүлэг нь хэргийн бусад нотлох баримтаар тогтоогдоогүй, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч Б.Долгорсүрэн хохирогч А.Амаржаргал нар нь орон сууц захиалан өгч авахаар 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрсдийн хүсэл зоригийг илэрхийлж, сайн дураар байгуулсан гэрээ нь тэдгээрийн хооронд иргэний харилцаа үүссэнийг нотлох хэлцэл юм, гэтэл тус гэрээг байгуулснаас хойш 3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гаргасан гомдол нь үндэслэлгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйд нийцнэ гэх боловч орон сууцыг захиалан авч өгөхөөр өгсөн мөнгөний төлбөр барагдуулахыг баталгаажуулах зорилгоор нөхөж хийсэн баримт гэж үзэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Долгорсүрэн нь бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилж мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаа гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, гэм хорыг арилгаагүй, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.

 

Ялтан Б.Долгорсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжийн 106/8 дугаар байрын 21 тоот орон сууцыг хохирогч А.Амаржаргалд олгон түүний нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжийн 106/8 дугаар байрын 21 тоот орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг /хх.1.27-28/ хүчингүй болгож, мөн хэрэгт битүүмжилсэн ялтан Б.Долгорсүрэнгийн Жи Мобайлын “Hisense” загварын 1 ширхэг гар утсыг /хх.1.25-26/ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

 

Иргэний  нэхэмжлэгч  Б.Ариунзаяа  нь  энэ  хэргийн  улмаас  өөрт  учирсан эд

хөрөнгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, ялтан Б.Долгорсүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Долгорсүрэнг бусдын эд хөрөнгийг залилж мэхлэн авч онц их хэмжээний хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Долгорсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 100.000 /нэг зуун манган/ төгрөг хурааж, 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт зааснаар, ялтан Б.Долгорсүрэнд оногдуулсан 10 /арван/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Ялтан Б.Долгорсүрэнд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          5. Ялтан Б.Долгорсүрэн нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хэрэгт битүүмжилсэн Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжийн 106/8 дугаар байрын 21 тоот орон сууцыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, мөн хэрэгт битүүмжилсэн ялтан Б.Долгорсүрэнгийн Жи Мобайлын “Hisense” загварын 1 ширхэг гар утсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар дугаар хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжийн 106/8 дугаар байрын 21 тоот орон сууцыг хохирогч А.Амаржаргалд олгосугай.

 

8. Иргэний нэхэмжлэгч Б.Ариунзаяа нь энэ хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан  шийтгэх  хуулийн  303  дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь

шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

         

          10. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Долгорсүрэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.ӨСӨХБАЯР

 

                                                 ШҮҮГЧ                                Д.МӨНХТУЯА

                                        

                                                 ШҮҮГЧ                                С.ПҮРЭВСҮРЭН