Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 693

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.о даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Пм” ХХК

Хариуцагч: БОАЖЯ , ХБОБНУГД

Нэхэмжлэлийн шаардлага: “2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж өгөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан шийдвэр гаргахыг даалгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С., хариуцагч БОАЖЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т., хариуцагч ХБОБНУГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани нь Геологи уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дэвсгэрт орших 1504 га талбай бүхий “*******” нэртэй ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 2004-2011 он хүртэл гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүнгээр 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 779,32 га бүхий “*******” нэртэй МҮ-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон.

Байгууллагын нэр анх “*******” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны №04 тоот шийдвэрээр “Пм” ХХК гэж нэрээ өөрчилсөн. Тус компанийн хувьцааны 51 хувийг Монгол улсын хуулийн этгээд, 49 хувийг Канад улсын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг юм.

Манай тусгай зөвшөөрлийн талбайн “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн лавлагааг тус яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсээс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 066/5801 тоотоор өгсөн.

Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтаар “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд 10 буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгнө” гэсэн нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн Байгаль орчин менежментийн төлөвлөгөөний жил бүрийн нөхөн сэргээлтэд тусгагдсан.

Мөн техник эдийн засгийн үндэслэл болон ордын хэмжээнд хийсэн гидрологийн хайгуулын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн БОАЖЯ ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас “далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бухий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших гэсэн шаардлагад нийцэж байна гэсэн.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны холбогдох салбарын эрдэмтэн, судлаачдын зөвлөлийн хурлаар 2012 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг баталсан ба 2017 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол, байгаль орны менежментийн төлөвлөгөөг тус тус батлуулсан. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээлтийн зардлыг тооцохдоо техникийн ба биологийн нөхөн сэргээлтийн чиглэлээр төсөл хэрэгжих хугацаанд нийт 1075,0 сая төгрөгийг зарцуулахаар тусгасан байна.

Харин 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тодорхойгүй шалтгааны улмаас өнөөдрийг хүртэл хариуцагч баталж өгөхгүй байна. Манай байгууллага нь далд уурхайн олборлолтын өмнөх бэлтгэл ажиллагааны хүрээнд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжиптийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг батална", мөн зүйлийн 9.10-д “Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ” гэж тус тус заасныг хэрэгжүүлэхээр хариуцагчид хандан 2018 оны 4, 6, 10 дугаар саруудад, 2019 оны 19/31, 19/39 тоот албан бичгээр, хамгийн сүүлд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн №19/46 тоот албан бичгээр хандан холбогдох баримт сэлтийг хүргүүлсэн боловч үндэслэл шалтгаантай хариу огт өгсөнгүй.

2018 онд манай байгууллага Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн №03, тоот “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолыг эс зөвшөөрч нэхэмжлэл гарган, захиргааны шүүхэд маргааныг хянан хэлэлцэж байх үед ХБОБНУГД ас хэргийг эцэслэн шийдэгдэх хүртэлх хугацаанд Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталж өгөх боломжгүй гэсэн хариу албан бичиг ирж байсан. Хэрэг нэгэнтээ хянагдаж дуусаад Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол манай байгууллагын үйл ажиллагаанд огт нөлөөлөлгүй гэсэн эцсийн шийдвэр гарчихсан байтал бас л баталж өгөхгүй, манай байгууллагын олборлолтын өмнөх бэлтгэл үйл ажиллагаанд саад учруулж байна.

Гэтэл 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн А-05 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах , хянан батлах , тайлагнах журмын 2 дугаар зүйлийн 5.6-д зааснаар төлөвлөгөөг хянан батлах асуудлыг 21 хоногт багтаан шийдвэрлэхээр заасан байна.

Түүнчлэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн №06/2406 тоот БОАЖЯ ны ХБОБНУГД  П.******* албан бичгээр Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хандан “..тухайн жилийн байгаль орчны менөжментийн төлөвлөгөө батлагдаж уурхайн бэлтгэл ажиллагааг хангагдах хүртэл уурхайн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээг авч ажиллана уу.. “ гэсэн байна.

Ийнхүү хууль журамд заасан хугацаанд багтаан асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж манай байгууллагын хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байх тул гомдлын дагуу асуудлыг шийдвэрлэж, нэхэмжпэлийн шаардлагыг ханган шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч БОАЖЯ ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Пм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, БОАЖЯ анд холбогдох 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөег хянан баталж өгөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, төлөвлөгөөг батлуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг эс зөвшөөрч дараах тайлбар гаргаж байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, 7.4.1 дэх хэсэгт заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь хэрэгжүүлэх төсөлдөө Байгаль орчинд нелеөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэх бөгөөд уг төсөл нь байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулахаар, эсвэл хууль тогтоомжид нийцэхээргүй бол үнэлгээ хийхээс татгалзаж материалыг буцаах хуулийн зохицуулалттай.

Хэрэв дээрх үнэлгээ хийгдсэн бол 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3 дах хэсэгт заасны дагуу менежментийн төлөвлөгөөг баталж зөвшөөрөл олгодог.

 “Пм” ХХК нь анх 2015 онд “*******” нэртэй ******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/115 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт нэхэмжлэгч компанийн зөрчил, дутагдлыг арилгуулахаар шалгалтын мөрөөр арга хэмжээ авч ажилла гэсэн албан бичгийг хүргүүлсэн. Энэ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан батлах боломжгүй гэсэн хариуг өгөх үндэслэл болсон.

Мөн Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолыг үндэслэн дээрх хариуг өгсөн байгаа. Энэ 2 шалтгааны улмаас нь байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдаагүй, хойшлогдсон байсан юм” гэв.

  Хариуцагч ХБОБНУГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Онон голын сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалын бүс болгох талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

1. Улсын Их Хурлын гишүүн *******,*******,******* нар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5033 тоот “Хэнтий аймгийн Батширээт, Норивлон, Биндэр, Дадал, Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор ******* болон Хөмөл Балжийн голын эх орчмын газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг судлан үзэж, холбогдох арга хэмжээг зохих журмын дагуу авч, шийдвэрлэн өгөх тухай” албан бичиг, Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/1148 тоотоор аймгийн иргэдийн  Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг  тус тус үндэслэн БОАЖЯ наас “Тусгай  хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх үндэслэл боловсруулах” ажил гүйцэтгэх тендерт ******* болон Хөмөл Балж голын эх орчмын газруудыг хамруулан 82679,0 га талбайд суурь судалгаа, үндэслэлийг боловсруулаад байна.

2. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан Хууль тогтоомжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.2, 8.1.3, 8.1.4, 8.1.5, 8.1.6 дахь заалтын дагуу тогтоолын төслийг боловсруулан урьдчилсан тандан судалгаа, үр нөлөөний шинжилгээ, зардлын тооцоог хийж, тогтоолын үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2195 тоотоор хүргүүлээд байна.

3. Тогтоолын төсөлд тусгагдсан газруудтай давхцалтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн нөхөх олговрыг тооцуулахаар Ашигт малтмал, Газрын тосны газарт 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 01/162 тоот, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2213 тоотоор тус тус хүргүүлээд байна.

4. "Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн 4.3 -т заагдсан хуулиар хориглогдсон бүсийн хилийн заагийг 2012 онд 194 дүгээр тогтоол, 2015 онд 289 дугаар тогтоолоор тус тус баталгаажуулан хамгаалалтын бүсийг мөрдөн ажиллаж байна.

5. Хэнтийн аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших *******ны бүлэг ордод “Пм” ХХК-ийн М\/-*******, “Ю энд Би” ХХК-ийн МҮ-002810, “Айвуунтэс” ХХК-ийн М\/-002247 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй бөгөөд дээрх тусгай зөвшөөрлүүд нь Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчилсэн давхцалтай байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

            Нэхэмжлэгч “Пм” ХХК нь “2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж өгөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгож, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан шийдвэр гаргахыг Байгаль Орчин аялал жуулчлалын яам болон Байгаль орчин аялал жуулчлалын яамны ХБОБНУГД д даалгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас  бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь анх Геологи уул уурхайн кадастрын албаны даргын шийдвэрээр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг дэвсгэрт орших 1504 га талбай бүхий “*******” нэртэй ХҮ-******* тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад 2004-2011 он хүртэл гүйцэтгэсэн геологи хайгуулын ажлын үр дүнгээр 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 779,32 га бүхий “*******” нэртэй МҮ-******* тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна.

Дээрх талбайд “*******” ХХК нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2017 онд компанийн 04 дүгээр хурлын шийдвэрээр “Пм” ХХК гэж нэрээ өөрчилсөн төдийгүй 51 хувийг Монгол улсын хуулийн этгээд 49 хувийг нь Канад улсын хөрөнгө оруулалттай компани эзэмшдэг байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг нарийвчилан заасан бөгөөд мөн хуулийн 39.1.1-д “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах”, 39.1.5-д “энэ хуулийн 39.1.1-д заасны дагуу боловсруулсан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх”, 39.2-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.5, 39.1.7-т заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч дээрх хуульд заасан үүргээ биелүүлэх үүднээс Байгаль орчин аялал жуулчлалын яам болон тус яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газарт 2019 оны Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэх хүсэлтээ хүргүүлсэн байна.

Гэвч дээрх хуульд заасан хугацаанд “Пм” ХХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хариуцагч баталж өгөөгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч БОАЖЯ ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Саран шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбартаа:

 “Онон голын сав газрыг улсын тусгай хамгаалалтад авах, аялал жуулчлалын бүс болгох талаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Үүнд:

1.Улсын Их Хурлын гишүүн *******,*******,******* нар 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5033 тоот “Хэнтий аймгийн Батширээт, Норивлон, Биндэр, Дадал, Баян-Адарга сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор ******* болон Хөмөл Балжийн голын эх орчмын газруудыг тусгай хамгаалалтад авах асуудлыг судлан үзэж, холбогдох арга хэмжээ зохих журмын дагуу авч, шийдвэрлэн өгөх тухай албан бичиг,

2. Хэнтий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 9/1148 тоотоор аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” 03 дугаар тогтоолыг тус тус үндэслэн БОАЖЯ наас “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх үндэслэл боловсоруулах” ажил гүйцэтгэх тендерт ******* болон Хөмөл Балж голын эх орчмын газруудыг хамруулан 82679,0 га талбайд суурь судалгаа, үндэслэлийг боловсруулаад байна.

3. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг боловсруулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 01/2195 тоотоор хүргүүлээд байна.

4. Гол мөрний урсац бүрэлдэх, эх усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.3-т заагдсан хуулиар хориглогдсон бүсийн хилийн заагийг 2012 онд 194 дүгээр тогтоол, 2015 онд 289 тогтоолоор тус тус баталгаажуулан хамгаалалтын бүсийг мөрдөн ажиллаж байна.

5. Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших *******ны бүлэг ордод Пм ХХК-ний МҮ-*******, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчинтэй бөгөөд дээрх тусгай зөвшөөрөл нь Засгийн газрын 194 дүгээр тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан ойн сан бүхий газар нутагтай бүтэн болон хэсэгчлэн давхцалтай гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд яг ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн Байгаль орчны менежментийн 2019 оны төлөвлөгөөг хянан батлаагүй талаарх тайлбараа ирүүлээгүй байна.

Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ИЙН тайлбарт дурьдсан дээрх баримтуудыг  гаргуулахаар 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/7406 тоот албан бичгийг ХБОБНУГД  П.Ц-нд хүргүүлсэн байна.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгч “Пм” ХХК-д холбоотой эсэх нь тодорхойгүй “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 01/2195 тоот “Үзэл баримтлал батлуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлсэн албан бичиг мөн хариу тайлбарт дурьдаагүй БОАЖЯ наас Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Сүнгээд хүргүүлсэн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06/2406 тоот “шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” гэх албан бичгүүдийг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангийн дээрх бичгээр гаргасан хариу тайлбартай холбоотой бусад баримт байхгүй гэх тайлбарыг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр  шүүхэд ирүүлсэн байна.

Гэсэн хэдий ч шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарангийн хариу тайлбарт дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Ойн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд 10 буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, усны ойн санд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн Байгаль орчин менежментийн төлөвлөгөөний жил бүрийн нөхөн сэргээлтэнд тусгасан, техник эдийн засгийн үндэслэл болон ордын хэмжээнд хийсэн гидрологийн хайгуулын ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг ундэслэн БОАЖЯ ны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газраас “далд уурхайгаар олборлох нөөц нь ойн сан бүхий газрын доор, газрын доорх усны нөөц бүхий давхаргаас дээр орших гэсэн шаардлагад нийцэж байна гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ  талаар талууд маргаагүй байна

Засгийн газрын 2015 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журмын 2.9-д Ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6,  мөн хуулийн 29 дүгээр зүйл, 30.2, 42 дугаар зүйлийн 42.1.5-д заасныг мөрдөж ажиллах бөгөөд хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг зохих журмын дагуу арилгана гэж заасан байна.

Үүнээс дүгнэвэл хариуцагч нь хуульд заасан хугацаанд багтаан асуудлыг шийдвэрлэхгүй удаашруулж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхүйц байдлыг удаа дараа гаргаж байсан байна гэж үзэхээр байна.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага төсөл хэрэгжүүлэгчийн тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг жил бүрийн 12 дугаар сард багтаан хүлээн авч дараа оны төлөвлөгөө болон түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө, зардлын хэмжээг багтаана” мөн хуулийн 9.10-д “Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг төвлөрүүлнэ” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнах журмын 5.6-д “Өмнөх оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хүлээн авч дүгнэх, дараа жилийн төлөвлөгөөг хянан батлах асуудлыг ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага материал хүлээн авснаас хойш 21 хоногт багтааж, шийдвэрлэнэ гэснийг хариуцагч биелүүлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох Байгаль Орчин аялал жуулчлалын яамны ХБОБНУГД д явуулсан 2019 оны 19/31, 19/39 тоот албан бичиг болон 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 19/46 тоот албан бичгүүд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна. Байгаль Орчин аялал жуулчлалын яамны ХБОБНУГД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Саран удаа дараа шүүхийн дуудсан цагт ирэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсны улмаас хариуцагч Байгаль Орчин аялал жуулчлалын яамны ХБОБНУГД  2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06/7087 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Тулгыг томилж, шүүх хуралдаанд М.Тулга оролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Мөн хариуцагч Байгаль Орчин аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Номин-Эрдэнэ болон Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн М.Тулгын шүүх хуралдаанд гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газарт нэхэмжлэгч компанийн зөрчил, дутагдлыг арилгуулахаар шалгалтын мөрөөр арга хэмжээ авч ажилла гэсэн албан бичгийг хүргүүлсэн, мөн Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах тухай” тогтоол гарсан учраас энэ хоёр үндэслэлээр нэхэмжлэгч компанийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/115 дугаар тушаалаар батлагдсан ажлын хэсгийн дүгнэлт гарсан гэх тайлбарын тухайд:

БОАЖЯ ны ХБОБНУГД-ын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 06/2406 дугаар Хэнтий аймгийн мэргэжлийн хяналтын газрын даргад хүргүүлсэн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” албан бичгээс үзвэл “...Хэнтий аймгийн Батширээт сумын нутаг, *******нд орших МҮ-******* дугаартай тусгай зөвшөөрөлтэй *******ын алтны үндсэн ордыг эзэмшигч “Пм” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцахад далд уурхайн бэлтгэл ажлын шаардлага хангагдаагүй, хүдрийн далд уурхайн аюулгүй байдлын дүрмийг ноцтой зөрчсөн ажлын хэсгийн дүгнэлт гарсан тул газар дээр нь улсын байцаагч ажиллуул...” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

Дээрх зөрчлийг “Пм” ХХК нь арилгасны үндсэн дээр Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, болон Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмал газрын тосны газрын эрх бүхий байгууллагаас хамтарсан төлөөлөл гарч 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших “Пм” ХХК-ийн МҮ-******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай дахь алтны үндсэн ордыг далд уурхайн аргаар ашиглах уурхайг хүлээн авах улсын комиссын 19-46 тоот актаар хүлээн авсан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т нь уг комиссын бүрэлдэхүүнд орсон, төдийгүй зөрчилтэй учраас 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталгаажуулах боломжгүй байсан гэх тайлбар үндэслэлгүй  болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот тогтоолоор “Газар нутгийг улсын тусгай хамгаалалтад оруулах тухай” тогтоол гарсан гэх тайлбарын тухайд:

“Пм” ХХК нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 03 тоот “Газар нутгийг Улсын тусгай хамгаалалтад оруулах санал уламжлах тухай” тогтоолын 1 дэх хэсгийн хавсралтад заасан Улсын тусгай хамгаалалтад авах “Гутайн” орчмын газрын Батширээт, Биндэр сумын хэсгийн зураглалаас “Пм” ХХК-ийн лицензит талбайн 779.32 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар” Хэнтий аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан байх бөгөөд Улсын Дээд шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 396 дугаар тогтоолоор “...маргаан бүхий Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 03 дугаар тогтоол нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай эцсийн шийдвэр биш учир нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн хүрээнд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, бусад этгээдээс саад хийх үндэслэл болохгүй...” гэж дүгнэсээр байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан шийдвэр гаргаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүйг удаа дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд “Пм” ХХК-ийн 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж өгөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8, 9.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Пм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталж өгөхгүй байгаа хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, 2019 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хянан баталсан шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.           

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.О