Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/16

 

       2022         01           19                                     2022/ШЦТ/16

       

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон даргалж,

Нарийн бичгийн дарга                 С.Б

Улсын яллагч                                   Э.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Д.Ц

Шүүгдэгч                               Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Багануур дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Ц-т холбогдох эрүүгийн 2104001590120 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин, ам бүл ганцаараа Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаант хэсгийн ...... тоотод оршин суух хаягтай,

Урьд Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь заалтад зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Н-н Ц /РД:/,  

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 20.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүн хэсгийн 12 дугаар гудамжны 04 тоотод байрлах бусдын гэрт хохирогч Д.Б-тай “миний найзын утсыг авах гэж ирсэн байна” гэх шалтгаанаар маргалдан, түүний цээжний баруун хэсэгт 2-3 удаа хөлөөр өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун талын 6 дугаар хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүн хэсгийн 12 дугаар гудамжны 04 тоотод найз Ч-н гэрт архи уугаад сууж байхад Б Ч руу утсаар залгаж “өнөөдөр миний төрсөн өдө”р гэсэн ба 15 цагийн үед Б ганцаараа ирсэн. Ч бид  хоёртой хамт архи уусан. Б Ч-н гар утсыг аваад хүнтэй ярина гэсэн ба ер нь сул дэл юм санаатай санамсаргүй авчихдаг тул би уурлаад “чи Ч-н утсыг авах гэж ирсэн байна” гэхэд Ч надад хандан “миний гар утсыг чи цааш нь хийчих, би одоо согтуу байгаа юм чинь утас хэрэггүй” гэхэд Б над руу “чи яахаараа хүний утас авдаг юм бэ” гэж уурласан. Ингээд Б бид хоёр зууралдаж Ч-н гэрийн орон дээр унасан. Б намайг түлхээд босохоор нь би Б-ын нүүр рүү нь нэг удаа алгадаж, толгойгоороо цээж рүү нь нэг удаа мөргөж мөн хөлөөрөө цээж рүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд Ч гараад явсан. Маргааш нь намайг цагдаа дуудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн  48-р хуудас/,

Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,

Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 003 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 57-72-р хуудас/,

Шүүгдэгч Н.Ц-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

  1. Гэм буруугийн талаар

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус заасан.

Шүүгдэгч Н.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 03-ны орой 20.00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүн хэсгийн 12 дугаар гудамжны 04 тоотод байрлах бусдын гэрт хохирогч Д.Б-тай “миний найзын утсыг авах гэж ирсэн байна” гэх шалтгаанаар маргалдан, түүний цээжний баруун хэсэгт 2-3 удаа хөлөөр өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун талын 6 дугаар хавирганы цууралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл гаргасан болох нь:

- Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай найз Ч намайг гэртээ хүрээд ир гэсэн ба намайг очиход Ч, Ц нар архи уугаад сууж байсан. Би тэр архинаас нь нэг удаа уучихаад Чинзоригийн гар утсаар хүүхэд рүүгээ залгах гээд Ц-ын гарт байхаар нь утсыг автал Ц намайг “хүний гараас шүүрч авлаа” гээд шууд миний цээж рүү нэг удаа хөлөөрөө өшиглөж, толгойгоороо нүүр рүү нэг удаа мөргөсөн. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 4-6-р хуудас/,

Гэрч Д.Ч-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр намайг гэртээ байж байхад найз Ц ирсэн ба бид хоёр 2 шил архи авч хувааж ууж байтал найз Б над руу залгасан. Тэгээд өнөөдөр миний төрсөн өдөр гэж байсан ба би хүрээд ир гэсэн. Өдөр 15 цагийн үед Б манайд ирсэн. Би сүүлдээ нэлээд согтоод найз Ц “миний утсыг цааш нь далд хийчих, би одоо согтуу байгаа юм чинь утас хэрэггүй” гэхэд Б “утсаа өгч бай, гэр рүүгээ яриад өгье” гэсэн. Тэгтэл Ц Б руу “чи хүний утсыг авах гэлээ” гэж уурлаад улмаар тэр хоёр хоорондоо муудалцаж орон дээр унасан. Ц Б-ын толгой, цээж хэсэг рүү өшиглөх шиг болохоор нь би дундуур нь орж салгасан. Тэгээд Б манайхаас гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээж авсан тэмдэглэлд: “Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их-Гүн хэсгийн 12 дугаар гудамжны 04 тоотод намайг зодчихлоо” гэжээ. /хх-ийн 3-р хуудас/,

- Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Багануур дүүрэг дэх Хэсгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 003 дугаартай дүгнэлтэд: “1.Д.Б-н биед баруун талын 6 дугаар хавирганы цууралт гэмтэл тогтооглоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр учирсан байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар санрниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх-ийн 22-23-р хуудас/,

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байх ба шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөөнд нь халдаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт үйлдэл болох юм.   

Шүүх шийдвэр гаргахдаа хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Ц  нь өөрийн үйлдэл, учирч болох аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтой талаар урьдчилан мэдсэн, мэдэх боломжтой байсан тул шүүх түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн гэж дүгнэв. 

Иймд Н.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэв. 

  1. Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж заасан.

Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Б нь энэ хэрэгт холбогдуулан эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, ямар нэгэн гомдол саналгүй гэж илэрхийлсэн байх тул шүүгдэгч Н.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг харгалзан, шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан үндэслэлүүд хангагдсан гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд төлүүлэх  саналтай.” Гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Гэм буруугийн тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, гэмт үйлдэлээ хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Энэ хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж байгаа тул саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү ” гэв.

Шүүгдэгч Н.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн хийсэн гэмт үйлдэл болон гэм буруугаа хүлээж байна. Оногдуулах ялын саналыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Н.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулж, хуульд заасан хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчид холбогдох иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

 Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овгийн Н-н Ц-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Н-н Ц-т 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000  /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг  Н.Ц-т мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Ц-т  тайлбарласугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Д.Б нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.
  6. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй,  эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй Н.Ц-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.ӨЛЗИЙ-ОТГОН