Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0003/Э |
Дугаар | 2022/ШЦТ/34 |
Огноо | 2022-01-04 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
2022 01 04 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-ад холбогдох эрүүгийн 2111 01119 1127 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Хаан банканд эдийн засагч ажилтай, ам бүл 4, эгч, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
*******, /РД /
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт Нарантуул зочид буудлын машины зогсоол дээр төлбөр, тооцооны асуудлын улмаас маргалдаж иргэн Э.Энхбаярын эрүүл мэндэд халдаж, түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч 130.000 төгрөгийн зураг авхуулсан байсан. Тэр мөнгийг нь төлж барагдуулсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа нягтлангаас нь асуухад тэрээр тухайн газартаа ажиллаж байгаа. Цалингаа тухайн газраасаа авсан гэж хэлсэн учраас би тухайн мөнгийг барагдуулаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Э.Энхбаярын “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж байхад шөнийн 12 цагийн үед буюу зочид буудлын ресторан хаах үеэр 30 гаруй настай 2 эрэгтэй хүн ресторанаас гарч ирсэн юм. Тэр эрэгтэй ресторанд ямар ч байсан 2 эмэгтэйтэй хамт сууж байсан. Тэр хоёр эрэгтэй ресторанаас тооцоогоо хийлгүйгээр гарч ирсэн байсан бөгөөд бармен Түвшинбаяр тэр хоёр хүнийг тооцоогоо хийгээгүй гарсан шүү гэж хэлэхээр нь би Түвшинбаярын хамт тэр хоёр хүний араас гарсан. Тэр хоёр эрэгтэй 08-93 УБИ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн суудлын автомашинтай байсан. Ингээд тэр хоёр хүн тооцоогоо хийгээгүй мөртлөө машинаа аваад явах гээд байсан. Тэр 2 хүний нэг нь 180 орчим см өндөртэй, нөгөө нь 165 см орчим өндөртэй арай намхандуу хүн байсан. Намхандуу ах нь Түвшинбаяр бид хоёрыг эндээс яв, та хоёртой ярих юм байхгүй халтар пацаануудаа гэх хэлж байсан. Наад тооцоогоо дараа болъё гэх зэргээр доромжилж харьцаж байсан. Тэр үед өндөр ах юм ярилгүй зогсож байсан. Тэгээд ирээд яасан талаар асуухад нь тооцоогоо хийгээгүй гэж хэлэхэд өндөр ах нөгөө залуугаа манай найз хийсэн гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн. Ингэхэд намхан ах бид хоёрыг биеэрээ түлхээд ор ор гээд байсан. Тэгээд Түвшинбаяр луу нөгөө намхан ах нь наалдаад над руу өндөр ах нь наалдаад бид хоёрыг түлхэх зэргээр шоглож эхэлсэн. Зайгаа авъя гээд зөрүүлээд түлхэхэд чи яагаад миний биед хүрээд байгаа юм бэ гээд толгойгоороо миний толгой руу дарж шахсан. Мөн тэгэх үедээ духаараа намайг мөргөсөн. Би яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд яасан ч яадаг юм бэ гээд бага зэрэг зай авч байгаад дахиад мөргөсөн. Тэгж мөргөхдөө намайг их хүчтэй мөргөсөн. Би хүчтэй мөргүүлсэндээ зөрүүлээд тэр хүний нүүр лүү нь түлхсэн. Тэгтэл тэр хүн миний өгзөг хэсэг лүү хөлөөрөө өшиглөөд толгойн ар дагз руу гартаа барьж байсан Ай фоне /I Phone/-12 маркийн гар утсаараа хүчтэй цохисон. Би толгойгоо бариад сууж байгаад гэнэт хартал нөгөө намхан эрэгтэй нь намайг гараа зангидаж байгаад цохих гэхэд би толгойгоо арагшаа болгож бултсан Тэгээд боссоны дараа миний араас намайг зодох гээд хөөсөн. Би зугтааж байх үед зочид буудлын ресефшин Шигшээцэцэг эгч цагдаад дуудлага өгсөн байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/,
Гэрч *******үвшинбаярын “...2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр бид хоёр хоёулаа ажлаа хийж байсан. Хэрэг үйлдсэн гэх 2 эрэгтэй хүн 2 эмэгтэй хүнтэй хүний хамтаар тэр өдөр 18 цагийн үед манай рестораны \/IР өрөөнд орсон. Тэгээд би тэр хүмүүст үйлчилсэн ба тэр хүмүүс яг юу захиалсныг сайн санахгүй байна, ...00 цагийн үед манайх хаах цаг болчихсон байсан учраас тэр өдөр буюу хүмүүсээс тооцоогоо аваад гаргах талаар хэлсэн. Тэгсэн чинь Ганбаяр нь 2 эмэгтэйтэйгээ түрүүлээд гарч яваад Нарантуул зочид буудлын машины зогсоол руу гарсан. Тэгээд нөгөө хүн нь тэр хүн... “ манай найз тооцоог хийчихсэн гэж надад хэлсэн...” гэж надад хэлсэн... “ Тэгсэн нөгөө тооцоо хийх гэж байсан хүн Энхбаяр дээр тулж очоод 2 удаа духаараа Энхбаярыг мөргөсөн, тэгээд Энхбаяр мөргүүлээд арагшлахдаа гараараа нөгөө хүнийг зөөлөн түлхсэн чинь нөгөө хүн нь намайг цохилоо гээд ард тал руу нь буюу бөгс рүү нь өшиглөсөн. Тэгээд Энхбаяр өшиглүүлээд гэдийхэд нь дагз руу нь нөгөө хүн Айфоне /I Рhone/-12 маркийн гар утас байх утсаараа 1 удаа цохисон. Тэгээд Энхбаяр цохиулаад толгойгоо бариад цаашаа явсан...тухайн үед өөрийнх нь гар утас гарт нь байсан ба гар утсаараа Энхбаярын дагз руу нэг удаа хүчтэйгээр далайж цохисон. Тэгээд тэр хүнийг тооцоо хийх гэж орж ирэхэд нь би гар утсыг нь харахад дэлгэц нь хагарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8629 дугаартай “...Э.Энхбаярын биед тархи доргилт, дагзны товгор хэсэгт зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “ ...Ланд маркийн автомашин байх ба хар машины хажууд 5 нь хүн зогсож байх бөгөөд бараан хувцастай 2 хүн хар машинд сууж тус машин хөдөлж 3 хүн ярилцан зогсож үлдэв. ...3 хүний наад талд зогсож буй цайвар хувцастай 2 эрэгтэй хүн маргалдаж бичлэгт харагдаж байгаагаар зүүн талд зогсож байгаа эрэгтэй гараараа толгой хэсгээр мөргөх үед баруун талын эрэгтэй түүнийг хойш түлхэж улмаар барьцалдаж зүүн талд зогсож байсан эрэгтэй баруун талд зогсож байсан эрэгтэйн толгой тус газар 2-3 удаа цохиж байгаа бөгөөд цохисон залуугийн баруун гарт гар утас гэмээр эд зүйл харагдаж байна. Бичлэгийн 00 цаг 39 дэх секундэд цохиулсан эрэгтэй толгойгоо барьж ухарч алхаж холдсон бөгөөд зүүн талд зогсож байсан залуу 00 цаг 47 дэх секундээс нь дахин очиж цохих гэтэл баруун талд зогсож байсан залуу бултаж үүнээс холдож явсан харин зүүн талд зогсож байсан залуу түүнийг дахин дагаж ирж толгой тус газарт 1 удаа цохисон бөгөөд цохиулсан залуу түүнийг түлхэж өөрөөсөө холдуулсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
Шүүгдэгч *******-ын “...Энхбаярын биед учирсан гэмтлээс үүдэлтэй эмчилгээний зардал, хохирлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43 дугаар тал/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын талаарх дүгнэлт:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулсан болно.
Шүүгдэгч ******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 11-ний шөнө 23:50 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” зочид буудлын гадна машины зогсоол дээр тус зочид буудлын хамгаалагч Э.Энхбаяртай төлбөр, тооцооны улмаас маргалдаж, улмаар түүний толгой хэсэгт цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны товгор хэсэгт зулгарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Энхбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дугаар тал/, гэрч *******үвшинбаярын мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 8629 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримт, баримт сэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг бусад нотлох баримтуудаар түүний үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийгөө өмгөөлж хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтдээ: 1000 нэгж буюу 1 000 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах санал гаргасан болно.
Шүүх шүүгдэгч *******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлсөн, ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгуулийн ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч *******-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болохыг дурдав.
Мөн шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан, хавтаст хэрэгт авагдсан хувийн байдлын талаарх баримтыг үндэслэн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Хохирогч Э.Энхбаяр нь нийт 375.455 төгрөгийг нэхэмжилсэн үүнээс эмчилгээний зардалд 130.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 245.455 төгрөг нэхэмжилсэн байх боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин, хөлс болох 245.455 төгрөгийг хэлэлцэхгүй орхих, хохирогчид төлбөл зохих дүнг 130.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч 130.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ад оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Хохирогч Э.Энхбаяр нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ