Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

 

   2022        01         04                                   2022/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

улсын яллагч Р.Энх-Оюун,

  шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   *******-т холбогдох эрүүгийн 2111 01028 1157 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  *******, регистрийн дугаар  ,

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хувиараа барилгын туслах ажил хийдэг, ам бүл 4, эгч, ах нарын хамт        тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Д.Найдангийн хамтран ажиллаж байсан хүмүүсээ түр байрлуулахаар И.Ганцэцэгээс түүний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах 6 ханатай монгол гэрийн түлхүүрийг авч, түүнийг байрлуулсан байсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бусдад зарж, завшсаны улмаас иргэн И.Ганцэцэгт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ажил хийгээд хохирогчийн хохирлыг төлж барагдуулна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч И.Ганцэцэгийн “...Нөхөр Чинзориг бид хоёр хөдөөнөөс танил хүмүүсээ хотод оруулж ирээд барилгын бригад байгуулаад ахалж ажилладаг юм. Ингээд хөдөөнөөс оруулж ирсэн хүмүүсийн зарим нь амьдрах гэргүй байдаг болохоор нөхөр бид хоёр 2021 оны 06 дугаар сарын сүүлээр Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо Усны 5-2 тоот болох хадам эгчийнхээ хашаанд хөдөөнөөс ажил хийхээр орж ирсэн хүмүүсийг байлгах зорилготой Монгол гэр барьсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 17 цаг 30 минутад манай хадам эгч Ичинхорлоо над руу утсаар яриад Монгол гэр чинь байхгүй, хүн ачаад аваад явсан байна гэсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд шууд Чингэлтэй цагдаагийн нэгдүгээр хэлтэст ирсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр очиход гэр маань байсан. 2021 оны 08 сарын 11-ний өдөр нөхөр бид хоёрын танил Найдан гэх барилгын ажил хийдэг хүн бид хоёроос “Ажил хийхээр хөдөөнөөс ирсэн 3 залуу буудлын мөнгөгүй байгаа юмаа, та хоёр илүү гэртээ ганц хоёр хонуулчих” гээд түлхүүр авсан. Тэгээд маргааш нь нөгөө 3 хүн гарсан, түлхүүрийг чинь амбарын доод хэсгээр хийгээд үлдээлээ гэж ярьсан...Хашаанд хамт байдаг гэрийн охин надад хэлэхдээ өчигдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн үед цагаан өнгийн жижиг ачааны машинтай 3-аас 4 залуучууд ирээд энэ гэрийг нь худалдаж авсан гээд ачаад явсан гэсэн...2018 онд Нарантуул захаас 2,800,000 төгрөгөөр худалдаж авч байсан, 8 ханатай Монгол гэр байсан юм...Тухайн үед Найдан гэх залуу манай нөхөр Чинзоригийг таньдаг бөгөөд гэрээ хадам эгчийн хашаанд гэрээ барьсан талаар хэлэхэд ахаа барилга дээр ажиллаж байгаа зарим хүмүүст очих газар байхгүй гэнээ гээд манай гэрийн түлхүүрийг нөхрөөс маань Найдан аваад барилга дээр ажиллуулж байсан хүмүүсээ оруулж амрааж хонуулдаг байсан юм байна лээ. Тэгээд Найдан хүмүүсийг барилга дээр ажиллуулаад мөнгөө өгөхгүй болохоор нь тэр ажиллаж байсан хүн нь мөнгөнийх нь оронд манай гэрийг өөр хүнд зарчихсан байсан. Тэр зарсан гэх ******* нь манай гэрийг Чинзоригийн гэр, Найдангийн гэр биш гэж мэдэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/,

Гэрч С.Нацагдоржийн “...Би 53-85 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 11 дүгээр сард худалдаж авсан. Өөрийн нэр дээрээ шилжүүлж амжаагүй явж байгаа юм. Би 2021 оны 08 дугаар сарын 16 билүү 15-нд Баянбүрдийн хойд талд байрлах гэр хороолол дундаас нэг гэр ачаад хороололд буулгаж өгсөн. Намайг 100 айл дээр байж байхад манай нутгийн Мийгаа гэх эмэгтэй залгаад нэг гэр ачих гэсэн юм гээд Баянбүрд рүү дуудсан. Мийгаа надад хэлэхдээ энэ гэрийг худалдаж авч байгаа юм гэж хэлээд зарсан хүнийхээ зургийг харуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Гэрч Ж.Мягмаржаргалын “...Би 2020 оноос хойш дугаараа ашиглаж байгаа. Тиймээ би худалдаж авсан. Фейсбүүк дээр тавьсан байсан зарын дагуу 25-30 орчим насны эрэгтэй хүнтэй Баянбүрдийн хажууд байрлах шатахуун түгээх станц дээр уулзаад манай нөхөр Чүлтэмсүрэн бид 2 очиж үзэж, тухайн гэрийг 800.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн залуу миний гэр байгаа юм хөдөө ажилладаг болохоор гэр эзэнгүй байгаад байгаа юм. Зарахгүй бол болохгүй болчхоод гэж хэлээд мөнгөө бэлнээр авсан. Манай нөхөр бид 2 тухайн хүний зургийг гар утсан дээр дарж авч үлдсэн. Тэрнээс тухайн залууг танихгүй, мөнгөө заавал бэлнээр авмаар байна гэж хэлэхээр гайхаад зургийг нь дарж авч үлдсэн. Манай нөхөр бид 2 худалдаж авсан гэрээ Фейсбүүк дээр зар тавьж байгаад тухайн гэрийг 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 40 гаран насны эмэгтэй хүнд 1.400.000 төгрөгөөр зарсан. Бид 2 тухайн гэрийн тооно, цагаан бүрээс, уяа оосрыг нь янзлаад өгч явуулсан. Бид 2-оос гэр худалдаж авсан хүний гар утасны дугаар болон өөр бусад мэдээллийг мэдэхгүй байгаад байна. Гэрийн хуучин тооно нь байгаа, цагаан бүрээс нь урагдсан байсан болохоор хаясан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

Гэрч Д.Найдангийн “...Би 2021 оны 06 дугаар сараас өөрийн танил Чинзориг ахтай хамтарч барилгын ажил хийх болсон. Бид 2 ярихдаа ажилчдаа байлгах газаргүй бол Чинзориг ахын Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах монгол гэрт байлгахаар тохиролцсон юм. Ингээд би 2021 оны 08 дугаар сарын дундуур хамт ажиллаж байсан Отгоо, Бороо гэх 2 залууг тэдний гэрт аваачиж хонуулсан. Тэгтэл 3 хоногийн дараа Чинзориг ахын дугаараас над руу эхнэр нь залгаад манай монгол гэр алга болсон байна, чиний аваачиж хонуулсан хүмүүс авсан юм биш биз, тийм бол эртхэн учраа ол гэж надад хэлсэн. Тэгээд би Бороо, Шүгэл нар руу залгаж асуухад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Ингээд 10 гаран хоногийн дараа Чинзориг ах над руу Отгоо гэх залуугийн зургийг чатаар явуулаад, энэ нөгөө чиний хонуулсан залуучуудын чинь нэг нь мөн үү гэж асуусан. Мөн байна гэж хэлэхэд энэ залуу чинь манай гэрийг зарсан байна, гэр худалдаж авсан хүмүүс нь зургийг нь дарсан байна гэж надад хэлсэн. Ингээд би Отгоо гэх залууг анх авчирч танилцуулан ажилд оруулсан Шүгэл гэх залуутай холбогдоход надтай фейсбүүкээр холбоотой байгаа, Тэрэлжид ажил хийж байгаа гэсэн. Гар утасны дугаараа өгөхгүй байна, ажлаа дуусаад надтай ирж уулзана гэж хэлсэн, тэгэхээр нь би танд хэлье гэж байсан. Би Шүгэл гэх залуутай 3 хоногийн өмнө утсаар ярихад одоо надтай холбоо барихгүй байна, би хаана байгааг сайн мэдэхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

“Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “...үнэлгээний дүн 3,500,000 төгрөг” гэх Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/,

Шүүгдэгч *******-ын “...Би Найдан гэх барилгын бригад байгуулж ажил хийдэг хүнтэй 2021 оны 06 дугаар сард танилцаж хамт барилгын ажил хийж эхэлсэн юм. Ингээд барилгын ажил хийж байгаад 08 дугаар сард ажил олдоогүй ба энэ үед барилгын бригад болон ажиллаж байсан манай найз шүгэл хочтой Мөнх-Уяа бас бороо гэх хочтой залуу бид гурвыг Найдан нь Чингэлтэй дүүрэгт байх Баянбүрдийн тойргийн баруун хойно байдаг шинээр баригдсан шатахуун түгээх станцын ард талын гудамжинд байх гэрт аваачиж, дараагийн ажил олдох хүртэл энд түр байж бай гээд орхиод явсан ба манай найз Мөнх-Уяа нь тухайн өдрөө өөр ажил хийхээр яваад өгсөн, Бороо гэх хочтой залуу нь 2-3 хоночхоод бас өөр ажил хийхээр явж би тэр гэрт ганцаараа үлдсэн юм. Ингээд би тухайн гэрт ганцаараа байх үедээ Найдан руу залгаж дараагийн ажил олдох талаар бас өмнө ажилласан ажлын цалингаа авах гээд залгахад утсаа авахгүй тэр чигтээ холбоогүй болсон болохоор миний уур хүрээд тухайн гэрийг нь зараад өөрийн цалин болох 650,000 төгрөгийг гаргаж авъя гэж бодоод фейсбүүк дээр зар тавихад зарын дагуу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр үл таних эрэгтэй эмэгтэй хоёр хүн ирж гэрийг үзээд надаас 660,000 төгрөгөөр авахаар болж Баянбүрдийн хойно байдаг нэг АТМ-тэй дэлгүүр орж бэлнээр надад 660,000 төгрөг өгсөн ба би мөнгөө аваад шууд яваад өгсөн юм. Надаас гэрийг худалдаж авсан хүмүүс гэрийг буулгаад ачаад аваад явсан байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 42 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:                                    

Шүүгдэгч ******* нь Д.Найдангийн хамтран ажиллаж байсан хүмүүсээ түр байрлуулахаар И.Ганцэцэгээс түүний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 5 дугаар гудамжны 2 тоотод байрлах 6 ханатай монгол гэрийн түлхүүрийг авч, түүнийг байрлуулсан байсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох 6 ханатай гэрийг нь 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр бусдад зарж, завшсаны улмаас иргэн И.Ганцэцэгт 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч И.Ганцэцэгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр тал/, гэрч С.Нацагдоржийн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, гэрч Ж.Мягмаржаргалын мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/, гэрч Д.Найдангийн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/, “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь өөрт нь итгэмжлэн хариуцуулж, түр хугацаагаар ажил хийгээд байрлахаар болсон монгол гэрийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж, эд хөрөнгө буюу гэрийг 660.000 төгрөгөөр зарж завшсан үйл баримт тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй бөгөөд хохирол төлбөрөө төлж барагдуулах талаар илэрхийлсэн болно.

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа зөвшөөрсөн, хувиараа барилгын туслах ажил хийдэг/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын ...нийгэмшүүлэх, хохирол нөхөн төлүүлэх... зорилгод нийцнэ гэж үзлээ..

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

Бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн хохирлын хэмжээг “Дамно” хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр 2014 онд цоо шинээр нь худалдаж авсан Увсын цэвэр модон гэр 3 500 000 төгрөгөөр үнэлсэн бөгөөд хохирогч И.Ганцэцэг нь хохирлоо барагдуулж авах талаар мэдүүлсэн. Шүүгдэгч нь ******* хохирол төлбөрөө төлөөгүй болох нь тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******-аас 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Ганцэцэг /Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-2-1 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ИУ93031814/-т олгох нь зүйтэй байна.

         Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******-аас 3.500.000 төгрөгийг гаргуулан хохирогч И.Ганцэцэг /Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, нуурын 23-2-1 тоотод оршин суудаг, регистрийн дугаар ИУ93031814/-т олгосугай.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.РЕНЧЕНХОРОЛ