| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0007/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/44 |
| Огноо | 2022-01-06 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/44
2022 01 06 2022/ШЦТ/44
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч П.Итгэл,
шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн 2111 00000 1332 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон улсын харилцаа, эдийн засагч мэргэжилтэй, “Болд төмөр Ерөө гол” ХХК-д нярав ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт, тоотод оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
*******, регистрийн дугаар .
Холбогдсон хэргийн талаар товч агуулга:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чимэг” төвийн караокед сууж байхдаа О.Мэргэний Худалдаа хөгжлийн банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с уг картыг ашиглан данснаас нь 500.000 төгрөг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтолт ихтэй байсан. Би АТМ-ээс мөнгө авахдаа тоог нь андуурсан. Би Голомтын данс ашигладаггүй байсан болохоор андуурсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохирлыг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон...” гэв.
Хохирогч О.Мэргэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр ярьсан байгаа. ******* манай ээжид булган малгай авч өгөөд үлдэгдэл 300.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Би гомдолгүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөн шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч О.Мэргэний “...Би тэр өдөр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 13:00 цагийн үед өөрийнхөө найзууд болох *******, П.Хосбаяр нарын хамтаар гэрийнхээ гадаа уулзаад бид гурав архи ууцгаасан байсан тэгээд тэр өдөртөө миний машин дотор бид гурав хоёр шил 0.75 литрийн Хараа нэртэй архи уусан тэгж байгаад ойр орчмоор явж байгаад дараагаар нь манай гэрийн ойролцоо байдаг нэгэн караокед орцгоосон тэр газар нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чимэг төвийн караоке байсан тэгээд гурвуулаа тэр газартаа хүний 3 шил пиво авч ууцгаасан байсан тэгж байгаад тэр газраасаа оройн 21:00 цагийн цагийн үед гарч ирээд дараагаар нь гэр гэртээ харьсан юм. Тэгж байгаад би гэртээ харьсан хойноо өөрийнхөө гар утсан дээрээ гүйгээгээ хартал миний данснаас 500,000 төгрөг гараад явсан байсан тул би танайд гомдлоо гаргаж байгаа юм...Би бол өөрийнхөө банкны виза картаа хэн нэгэн хүнд өгөөгүй гэхдээ тухайн үедээ би нэлээн согтуу байсан тул өөрийнхөө үйлдлээ мэдэж байгаа, угаасаа миний карт надад байсан гэрт ороход хүртэл миний халаасанд байж л байсан тэгээд миний тэр картаас манай найз болох ******* гэгч нь мөнгө авсан байсан угаасаа тэр миний картын нууц дугаарыг мэдэж байсан тэгээд бас өнөөдөр түүнтэй уулзахад тэр мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байсан уг нь би 50,000 төгрөг авах гэж байсан чинь нэг тоо илүү бичигдээд 500,000 төгрөг гарчихсан юмаа гэж хэлээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
О.Мэргэний Худалдаа хөгжлийн банкны 406116886 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 10-р тал/,
Шүүгдэгч *******-ын “...Би тэр өдөр 2021 оны 11 дүгээр сарын 10-нд хоёр найзтайгаа уулзаад бид нар архидан согтуурцгаасан байсан ингээд тэр үед манай найзууд болох Хосбаяр, Мэргэн бид нар уулзаж байгаад тэгээд Мэргэний машин дотор нь сууж байгаад архи дарс ууцгаасан байсан, эхлээд 0.75 гр хараа архи Мэргэн аваад түүний машин дотор нь сууж байгаад бид нар ууцгаасан тэгж байгаад дараагаар нь дахин Мэргэн 0.5 гр хараа архи аваад бүгдээрээ дахиад ууцгаасан тэгээд машин дотроо юм ярьж сууцгаасан оройн 20:00 цагийн үед Чимэг төвийн караокед орцгоосон бид нар гурвуулаа л орцгоосон тэгээд тэр газартаа хүний нэг нэг шилтэй пиво авч ууцгаасан бас дуу дуулцгаасан байсан тэгж байгаад би түүний Мэргэн гэгчээс мөнгөний хэрэг гараад түүнээс 50.000 төгрөг авах гэтэл илүү уншигдаад 500.000 төгрөг гараад ирсэн тэгээд би тэр үедээ түүнд хэлэхээс айгаад гэртээ харьчихсан юм тэгж байгаад хэсэг хугацааны дараагаар нь 3-4 хоногийн дараагаар нь Мэргэн өөрөө манайд гэрт ирж байсан би түүнд үнэн учраа хэлчихье гэж бодоод хэлж байсан тиймээ би чиний картыг аваад мөнгө авсан нь үнэн гэдгээ хэлж байсан, тэгсэн чинь тэр өөрөө танайд гомдлоо гаргаад өгчихсөн байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 22/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 20/, шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримт зэргийг шинжлэн судлалаа.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чимэг” төвийн караокед сууж байхдаа О.Мэргэний Худалдаа хөгжлийн банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с уг картыг ашиглан данснаас нь 500.000 төгрөг авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч О.Мэргэний мэдүүлэг /хх-ийн 7-р тал/, О.Мэргэний Худалдаа хөгжлийн банкны 406116886 дугаартай депозит дансны хуулга /хх-ийн 10-р тал/, шүүгдэгч *******-ын мэдүүлэг /хх-ийн 18-р тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Улсын яллагчаас: *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.
Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн/ зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх болох, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч О.Мэргэн нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч *******-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч *******-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тэнссэн хугацаанд хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
5. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ