Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 705

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.О даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        Гомдол гаргагч: “ИК” ХХК

        Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.б.

Гомдлын шаардлага: “*******” ХХК-ийн гомдлын дагуу “ИК” ХХК-д Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.бын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 1453205 дугаартай шийдвэр буюу “ИК” ХХК-ийг 3, 000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийн дагуу битүүмжилсэн дарсыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах”–ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цн, хариуцагч Т.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Аа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Гомдол гаргагч “ИК” ХХК-ийн захирал Б.На шүүхэд гаргасан гомдолдоо: “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.б нь “Т*******” ХХК-иас 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан гомдлын дагуу 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ‘ИК” ХХК-д ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, тус компани импортлон дэлгүүр худалдааны төвүүдээр худалдаалж буй “*******” брэндийн “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi" төрлийн дарснуудыг битүүмжлэн, худалдааг зогсоосон.

          “ИК” ХХК нь Гүрж дарсны тэргүүлэгч үйлдвэрийн нэг, 104 жилийн түүхтэй “J*******” компанийн Монгол Улс дах Онцгой эрхтэй дистрибьютер бөгөөд дээрх зөрчлийн хэргийн үндэслэл, агуулгын талаар Гүрж Улсын эрх бүхий этгээдүүдэд мэдэгдэгдсэн. Улмаар Гүрж Улсын үндэсний Оюуны өмчийн байгууллагаас Монгол Улсын Оюуны өмчийн газарт хандаж 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 0107/215 дугаартай албан бичгийг илгээсэн бөгөөд дээр дурдсан нэрс /заалтууд Гүрж Улсын төдийгүй дэлхийн дарс үйлдвэрлэгчдийн нийтлэг эрх ашиг бөгөөд хэн нэгэн хувь этгээдэд барааны тэмдгээр өмчлүүлэх боломжгүй/ үндэслэлгүй болохыг мэдэгдсэн.

          Улмаар “Т*******” ХХК-ийн эзэмшлийн 40-0018164, 40-0018165, 40-0018166, 40-0018167 дугаартай барааны тэмдгийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах хүсэлтийг 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр “ИК” ХХК мөн Гүрж Улсын нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Гүрж Улсын Үндэсний Дарсны Агентлаг (Засгийн газрын агентлаг) 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссод тус тус гаргасан бөгөөд тухайн маргааныг шийдвэрлэх хүртэлх хугацаанд ******* дугаартай зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг бид оюуны өмчийн улсын байцаагчид 2019 оны 04 сарын 23 өдөр хүргуүлсэн хэдий ч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453205 дугаартай шийдвэр гаргаж, шийтгэл оногдуулсан.

          Гэтэл Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралдаанаар “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi" , “Rkatsiteli” гэсэн нэр бүхий барааны тэмдгийг “*******” ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2 болон 5.2.5 дах заалтуудыг зөрчиж буртгүүлсэн хэмээн үзэж, тэдгээр барааны тэмдгийн 40-0018164, 40-0018165, 40-0018166, 40-0018167 дугаартай барааны тэмдгийн улсын буртгэлүүдийг хучингүй болгож шийдвэрлэсэн.

          Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.2 заалтын дагуу Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс шийдвэр нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болсон.

          ...******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэх, торгох шийтгэл ногдуулах үндэслэл болсон 40-0018164, 40-0018165, 40-0018166, 40-0018167 дугаартай барааны тэмдгийн улсын бүртгэлийг эрх бүхий этгээд нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу зөрчлийн хэрэгт тооцох, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй болжээ.

          Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.*******ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019.06.05-ны өдрийн 1453205 дугаартай шийдвэр буюу “ИК” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох, зөрчлийн хэргийн дагуу битүүмжилсэн дарсны битүүмжийг чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв.

          Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Т*******” ХХК-ийн гаргасан гомдол мэдээлэлд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн дагуу 58 хоногийн хугацаатай шалгасан. Хэрэг бүртгэлтийн хугацаанд “ИК” ХХК-ийн импортлон оруулж ирдэг “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi"  зэрэг дарснууд нь барааны тэмдгийн зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон тул 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр торгож шийдвэрлэсэн.

          Харин Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi", “Rkatsiteli” гэх 4 барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хэлэлцэж хүчингүй болгож шийдвэрлэсэн.

          Хяналтын улсын байцаагч Г.Б******* миний оногдуулсан шийтгэл нь хуулийн дагуу бөгөөд Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр гарахаас өмнө болсон үйл явц юм.

          Иймд 1453205 дугаартай шийтгэлийн хуудсын биелэлтийг хангуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

          “ИК” ХХК нь “*******” ХХК-ийн гомдлын дагуу “ИК” ХХК-д Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.бын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 1453205 дугаартай шийдвэр буюу “ИК” ХХК-ийг 3, 000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийн дагуу битүүмжилсэн дарсыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах” тухай гомдол гаргасан.

          Гомдол гаргагчаас “...Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хуралданаар “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi", “Rkatsiteli” гэсэн нэр бүхий барааны тэмдгийг “*******” ХХК нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1.2 болон 5.2.5 дах заалтуудыг зөрчиж бүртгүүлсэн хэмээн үзэж, тэдгээр барааны тэмдгийн 40-0018164, 40-0018165, 40-0018166, 40-0018167 дугаартай барааны тэмдгийн улсын буртгэлүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 5 дугаар зүйлийн 5.2 заалтын дагуу Оюуны өмчийн газрын дэргэдэх Маргаан шийдвэрлэх комисс шийдвэр нь 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд танилцуулснаар хүчин төгөлдөр болсон.

          ... ******* дугаартай зөрчлийн хэрэг үүсгэх, торгох шийтгэл ногдуулах үндэслэл болсон 40-0018164, 40-0018165, 40-0018166, 40-0018167 дугаартай барааны тэмдгийн улсын бүртгэлийг эрх бүхий этгээд нэгэнт хүчингүй болгож шийдвэрлэсэн буюу зөрчлийн хэрэгт тооцох, шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж,

          Хариуцагчаас “...“Т*******” ХХК-ийн гаргасан гомдол мэдээлэлд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсгийн дагуу 58 хоногийн хугацаатай шалгасан. Хэрэг бүртгэлтийн хугацаанд “ИК” ХХК-ийн импортлон оруулж ирдэг “Кindzmarauli’, “Alazani Valley”, “Saperavi"  зэрэг дарснууд нь барааны тэмдгийн зөрчилтэй гэдэг нь тогтоогдсон тул 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр торгож шийдвэрлэсэн.

          Хяналтын улсын байцаагч Г. миний оногдуулсан шийтгэл нь хуулийн дагуу бөгөөд Маргаан шийдвэрлэх комиссын шийдвэр гарахаас өмнө болсон үйл явц юм” гэж маргажээ.

          Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.******* “ИК” ХХК нь худалдааны төвүүдээр уг барааны тэмдэгтэй дарснуудыг борлуулж байсан бөгөөд Е-Март дэлгүүрт худалдан борлуулж байсан нийт 57 ширхэг барааны тэмдгийн зөрчилтэй дарснуудыг битүүмжилж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу шийтгэл оногдуулжээ.

           “ИК” ХХК болон Гүрж улсын дарсны агентлаг нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Маргаан шийдвэрлэх комисст “Кindzmarauli’, “Saperavi", “Rkatsiteli”, “Alazani Valley” зэрэг дөрвөн барааны тэмдгийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлт гаргаж, Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 19 дүгээр тогтоолоор улсын бүртгэлийн 18165 дугаартай “Кindzmarauli’, 18164 дугаартай “Saperavi", 18166 дугаартай “Rkatsiteli”, 18167 дугаартай “Alazani Valley” тэмдгүүдийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг ханган шийдвэрлэсэн байна.

          Өөрөөр хэлбэл Зөрчлийн хэрэг үүсгэх, торгох шийтгэл ногдуулах үндэслэл болсон 18164, 18165, 18166, 18167 дугаартай барааны тэмдгийн улсын бүртгэлийг эрх бүхий этгээд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 5.2.5 дахь хэсгийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

          “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Маргаан шийдвэрлэх комиссын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол, хүсэлт гаргагч гомдлоо шүүхэд гаргах эрхтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” шүүхэд хандахаар хуульд зохицуулсан байна.

          Бодит байдал дээр Оюуны өмчийн газрын Маргаан шийдвэрлэх комиссын 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдлын шаардлагыг хангах тухай” 19 дүгээр тогтоолын талаар гомдол гаргагч болон хариуцагч аль аль нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гомдол гаргаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбараар нотлогдож байна.

          Дээрхээс үзвэл Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.бын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 1453205 дугаартай шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газар зүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасантай нийцэхгүй байна.

          Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.*******ын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 1453205 дугаартай шийдвэр буюу “ИК” ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийн дагуу битүүмжилсэн дарсыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай “ИК” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ.

 

          Захиргааны  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.2, 5.2.5, 32 дугаар зүйлийн 32.5-д заасныг тус тус баримтлан “ИК” ХХК-ийн *******” ХХК-ийн гомдлын дагуу “ИК” ХХК-д Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Т.бын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 1453205 дугаартай шийдвэр буюу “ИК” ХХК-ийг 3, 000,000 төгрөгөөр торгох шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах, зөрчлийн хэргийн дагуу битүүмжилсэн дарсыг чөлөөлөхийг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан гомдол гаргагчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     О.О