Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0031

 

2016 оны 1 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0031

Улаанбаатар хот

 

Д ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, хариуцагч Я, Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц, итгэмжлэгдсэн төлөөлөгч У нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д ТӨХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Н, Я нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н, Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Шарын голын нүүрсний уурхайгаас 100 хувь нүүрсээ авсан байдаг ба 2007 онд тус нүүрсний уурхай хувьчлагдсанаар уурхайн уул геологийн ажилд хүндрэл үүсч манай компанид нийлүүлдэг нүүрс нь 60-аас 70 хувь болж буурсан юм. Энэ зөрүү нүүрсний хэмжээг дээрхээс 6-9 дахин алслагдсан тээврийн зардал ихтэй Багануур, Дорноговь аймаг дахь МАК-ийн илчлэг муу, технологи горимд таарахгүй, өндөр үнэтэй нүүрсийг худалдан авч хэрэглэн Дархан, Сэлэнгийн сав газрыг цахилгаан дулааны эх үүсвэрийг тасралтгүй хангаж ажилласан юм.

Дээрх жилүүдэд эрчим хүчний үнэ тариф нүүрсний эх үүсвэрийг хаах хэмжээнд нэмэгдээгүй, эрчим хүчний найдвартай ажиллагааг ханган ажиллахын тулд компанийн гол мөнгөн урсгал нүүрс болон төмөр замын тээвэрт зарцуулагддаг. Манай компани нь дээрх НӨАТ-ийн алданги, торгууль тавигдсан дүн бүхий борлуулалтыг бүрэн хийгээгүй ихэнх харилцагчид манайд цахилгаан ашигласны төлбөр төлөөгүй учраасманайх гүйцэд борлогдоогүй борлуулалтаас нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх боломжгүй юм. Манай компани үйлчилгээ үзүүлсний төлбөрт авлагаа бүрэн авсан цагтаа дээрх алданги, торгуулийг төлөх боломж үүсэх юм. Гэрээний үнийн дүнгээр нэмэгдсэн өртгийн албан татвар бодож, алданги, торгууль тооцсон байх ба гэрээний үр дүнг тооцоогүй байна. Манай компани борлуулалт ажил үйлчилгээний төлбөрийг бүрэн авсан цагт тухайн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх боломжтой болох юм. Нэмэгдсэн өртгийн албан татвартөлөх нөхцөл бий болоогүй байхад зөвхөн гэрээний үнийн дүнгээр торгууль, алданги тооцох нь хуульд нийцэхгүй юм. Гэрээний дүн, борлуулалтын дүн, төлбөр хийгдсэн дүн бүгд өөр өөр байдаг. Гэрээний үнийн дүнгээс нэмэгдсэн өртгийн албан татвар тооцох хуулийн заалт байхгүй юм.

Нэмэгдсэн өртгийн албан татварын торгууль, алданги зэрэг тоог хаанаас яаж гаргасан нь ойлгомжгүйбайгаа. Татварын ерөнхий хуулийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт галын болон байгалийн гэнэтийн аюул, эсхүл давагдашгүй хүчин зүйлийг заасан. Манай компанийн үзэж байгаагаар бид эдийн засгийн хямрал бэлтгэн нийлүүлэгч манай компани, худалдан авагч хэрэглэгчийн санхүүгийн чадавхид саараар нөлөөлж, төлбөрийн чадварын хэвийн байдлыг алдагдуулсан юм. Иймд Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн Татварын Улсын байцаагч Н, Я нарын 2013 оны 03 дугаар сарын 20-ний өдрийн 210213 тоот актыг хүчингүй болгуулах гэж анх нэхэмжлэлийншаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдаан дээр дээрх актын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт холбогдох, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хэсгийн 6 дугаарт хамаарах хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Шалгалтаар өөрсдийнх нь гаргасан ногдолтын дутуу төлсөн дүн дээр нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 4-д Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй дүнгээс бодож, хоног тутам 0.5 хувийн хүү ногдуулах гэж заасан. Энэ хүү гэсэн ойлголт нь Монгол улсын иргэний хуулийн анз гэсэн ойлголтод хамаарахгүй гэж заасныг үндэслэн 203.684,0 мянган төгрөгийн зөрчилд 221.763,0 мянган төгрөгийн хүү ногдуулсан.

Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь заалт Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74 дүгээр зүйлийн 3 дахь заалт Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна болон мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь заалт Энэ хуулийн 60.1-д заасан алдангийн хэмжээг арилжааны банкнаас олгож буй зээлийн хүүгийн дунджийн хэмжээнд Засгийн газар жил бүр тогтоож байна Засгийн газрын 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 21 тоот тогтоолын нэгдүгээрт Хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй болон татварын алба, татварын улсын байцаагчийн буруутай шийдвэрийн дагуу татвар төлөгчөөс үндэслэлгүй, илүү хураасан татварт тооцох алдангийн хэмжээг хоног тутамд 0.06 хувиар тогтоосугай гэснийг тус тус үндэслэн 1.257.566,7 мянган төгрөгийн зөрчилд 235.331,0 мянган төгрөгийн торгууль 169.497,9 мянган төгрөгийн алданги ногдуулсан.

Актыг Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга У болон Гүйцэтгэх захирал “Н”-д албан ёсоор танилцуулан тайлбарлан өгч гарын үсэг зуруулж актад хавсаргасан болно гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 (1992) оны, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д ТӨХК-ийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн Татварын Улсын байцаагч Н, Я нарын 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 210213 тоот актын тогтоох хэсгийн 4 дэх хэсэгт холбогдох, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил хэсгийн 6 дугаарт хамаарах нэмэгдсэн өртгийн албан татварногдуулалтад хариуцлага тооцсонд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-д "Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна" гэж заасантай нийцэхгүй байх тул мөн хуулийн 81 дүгээр зүйлд заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийсэн татварын улсын байцаагч нар нь тус аж ахуйн нэгжийн гаргасан 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнөх зөрчилд ногдох хүү, торгууль, алдангийн тооцоог гаргахдаа 1992 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр батлагдсан Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д ...гэж заасны дагуу буюу зөрчилд хамаарах үед хүчин төгөлдөр байсан хуулийг... баримталсныг буруутгаж нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна" гэжээ.

Татварын хяналт шалгалт хийх үед, үйлчлэл нь зогссон байсан хуулийг хэрэглэж торгууль, алданги төлүүлэхээр акт гаргасан Татварын улсын байцаагч нарын үйлдэл хуулийн дагуу байж чадахгүй. Тухайлбал актаас 292,511,100 төгрөг нь "Д" ТӨХК-ийн 2008 оны нэмэгдсэн өртгийн орлогын албан татварыг хугацаанд төлөөгүй гэж ногдуулсан алданги, торгууль байна.

Татварын Улсын байцаагч нар 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 210223 акт тавихдаа 2008 оны 05-р сарын 20-ны өдөр үйлчлэл нь зогссон 1992 оны татварын хуулиар хүү тооцжээ. Одоогийн Татварын Ерөнхий хууль нь 2008 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм. Байцаагчнар хүчингүй болсон хуулийн заалтыг иш татсан, хүүгийн хувийг хоногийн 0,5 гэж илүү тооцох зэрэг заалт нь үйлчлэхгүй. Ийм учраас байцаагч нар хууль буцаан хэрэглэх эрх хуулиар олгогдоогүй. "Д" ТӨХК-ийн хувьд бүхий л татварын тайлангуудыг цаг тухайд нь үнэн зөвөөр татварын байгууллагад тайлагнаж ирсэн юм.

Байцаагч нар үйл ажиллагаандаа хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй. Шинэ хуулиар өмнө алданги, торгууль тооцдог журмыг өөрчлөн хэрэглэх болсон бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь Үндсэн хууль болон татвар төлөгчийн эрхийг хамгаалах зарчимтай зөрчилдөж байна.

Мөн Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...падаан үйлдсэн өдрөөр нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тооцсон хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй байна" гэжээ.

"Д" ТӨХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын алданги, торгууль тавигдсан нь үндэслэлгүй юм. Цахилгаан, дулааны эрчим хүчийг ТБЦДС, Дарханы дулааны сүлжээ худалддаг бөгөөд тухайн бүтээгдэхүүний үнэнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан тайлагнадаг юм. Гэтэл худалданавсан нь ногдуулсан татварыг хугацаанд нь төлөөгүйгээс хугацаа алдсан байгаад шүүхээс дүгнэлт хийхгүйгээр ногдуулсан этгээдэд торгууль,алданги тооцсон байцаагч нарын акт үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл "Д" ТӨХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.2-т "борлуулагч худалдсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг хүлээн авсан өдөр" гэж заасны дагуу нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс борлуулсан барааны үнэ төлбөрийг хийсэн, хугацаанд нь тухай бүр татварыг төлж ирсэн байдаг. Ийм учраас "Д" ТӨХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаа хожимдуулсан гэсэн нь хуулийн бодит үндэслэлгүй юм. "Д" ТӨХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж ажилласан. Ногдуулсан татварыг төлөөгүй нь үйлчилгээ авсан этгээдийн буруу бөгөөднэхэмжлэгчид буруу байхгүй юм.

"Д" ТӨХК-ийн хувьд Аж, ахуй нэгжийн орлогын албан татвар болон НӨАТ-ын тайлан зэргийг цаг тухайд нь үнэн зөвөөр татварын байгууллагад тайлагнаж ирсэн бөгөөд байцаагч нарын тавьсан актад дурьдагдсан дүн нь зөвхөн манай зарим худалдан авагч нарын хугацаа хожимдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөнтэй холбоотой торгууль алданги юм. "Д" ТӨХК-нь татвараа ил тодоор, цаг хугацаанд нь тайлагнасан тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хуульд анхан шатны шүүхээс энэ талаар дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо. Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд захиргааны хариуцлагыг өршөөлд хамруулсан. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль болон өршөөлийн хууль үйлчилж байхад шүүх төлүүлэх шийдвэр гаргасан нь хуультай зөрчилдсөн байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.2-д заасныг үндэслэн Нийслэлийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2015 оны 10-р сарын 18-ны өдрийн 680 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, харин нэхэмжлэгч Д ТӨХК-нийг татварын улсын байцаагчийн актаар тогтоосон нэмэгдсэн өртгийн албан татварыг хугацаанд нь төлөөгүйд ногдуулсан хариуцлага болох хүү, торгууль алданги төлөхөөс өршөөх боломжтой байх тул шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Татварын улсын байцаагчийн актаар Д ТӨХК-ний 2008-2010 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тайлагнасан татвараа хугацаандаа төлөөгүй зөрчилд 2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл тухайн үед хүчин төгөлдөр дагаж мөрдөж байсан 1992 оны Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар хүү, түүнээс хойших хугацаанд Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.3-д зааснаар торгууль, алданги төлүүлэхээр шийдвэрлэснийг дээрх хуулиудыг буруу хэрэглэсэн, Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэсэн гэж үзэхгүй. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Албан татвар төлөгч нь бараа, ажил, үйлчилгээнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар дараа сарын 10-ны дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана гэж заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан үед нь хүчин төгөлдөр байсан хуулийн дагуу хариуцлага тооцсоныг буруутгах үндэслэлгүй. Түүнчлэн татварын улсын байцаагч нар хуулийг буцаан хэрэглээгүй байх тул нэхэмжлэгчийн ... татварын улсын байцаагчид хууль буцаан хэрэглэх эрх олгогдоогүй ... гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.1-д заасны дагуу падаан үйлдсэн өдрөөр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж тайлангаа гаргасан бол хуулийн 16.1-д заасан хугацаанд татвараа төлөх үүрэгтэй, харин мөн хуулийн 10.2.2-д заасны дагуу төлбөр хүлээн авсан өдрөө татвараа төлөх эрхгүй, өөрөөр хэлбэл уг заалтууд нь татвар ногдуулах хугацааг зохицуулсан, харин нэгэнт ногдуулсан татварыг төлөх хугацааг заасан зохицуулалт биш юм. Иймд нэхэмжлэгчийн ... 10.2.2-т заасны дагуу төлбөр хүлээн авсан өдрөө татвараа төлдөг. Хугацаа хожимдуулаагүй учраас нэхэмжлэгчид буруу байхгүй гэх гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн нэг дэх заалт үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих үндэслэлтэй байна.

3. Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан дээрх татварын улсын байцаагчийн актаар тогтоосон хариуцлагаас нэхэмжлэгчийг чөлөөлөх боломжтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаарх нэмэлт оруулж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 680 дугаар шийдвэрт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан Д ТӨХК-ийг Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 210213 дугаар актаар ногдуулсан хариуцлага болох 221763.0 мянган төгрөгийн хүү, 235331.0 төгрөгийн торгууль, 169497.9 төгрөгийн алданги, нийт 626591.9 мянган төгрөгийн төлбөр төлөхөөс өршөөсүгэй. гэсэн 3 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ