Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2016/0058/э |
Дугаар | 77 |
Огноо | 2016-07-28 |
Зүйл хэсэг | 215.2., |
Улсын яллагч | Н.Анхбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Түмэнчимэг,
Улсын яллагч Н.Анхбаяр,
Хохирогч Ц.Дэлгэргэрэл, түүний өмгөөлөгч Ц.Итгэл,
Иргэний хариуцагч Ц.Мэнд-Амар,
Шүүгдэгч П.Мөнхжаргал, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Мөнхжаргалд холбогдох 201624000421 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол улсын харъяат, 1992 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Дорнод аймагт төрсен, 24 настай, үзэмчин, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “ДЮЦ” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелийн 5-172 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бууралтан овогт Пунцагийн Мөнхжаргал /Регистрийн дугаар: Ж392073113/
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
П.Мөнхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 00 минутын орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын уулзварт нийтийн тээврийн ДЮЦ ХХК-ийн эзэмшлийн Хьюндэй Аего Сitу маркийн 69-37 УНР улсын дугаартай автобус жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж ММS Daihatsu маркийн 75-97 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж түүнийг жолоодож явсан иргэн Л.Цолмонгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох
баримтуудыг тал бүрээс бүрэн бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхжаргал мэдүүлэхдээ: “2016 оны 05 дугаар сарын 01-ний өглөө осол болсон. Баянзүрх дүүргийн 5-р хороо Монелын уулзвар дээр тухайн үед гэрлэн дохио ажиллахгүй байсан. Би хойноосоо урагшаа чиглэлтэй явж байсан. Уулзвар дээр баруун гар талын машинд зам тавьж өгөх гээд орж явахад зүүн гар талаас дайцу маркийн машин ирж мөргөсөн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэргэрэл мэдүүлэхдээ: “Манай аав 2016.05.01-ний өдөр осолд орсон. Ослоос хойш 2 сар 28 хоног болж байна. 5 сард биеийн байдал нь хүнд байсан. Гэмтлийн эмнэлэг 3 удаа хагалгаанд орсон. Тархины, чөмөгний хугарлын, түнхний хагалгаанд орсон. 3 удаа хагалгаанд орсон тул цус алдалтыг нөхөх эм тариа сайн хийлгэсэн. Гуурсаар хооллож судасны тэжээл хийж байсан. 2016.05.28-ны өдөр гэртээ гарсан. 6 сард биеийн байдал нь дээрдсэн. Одоо болтол ухаан санаа нь сэргэхгүй байна. 6 сарын 10-наас дасгал хийж эхэлсэн. 1-ээс 4 хүртэл тоолоход дагаж тоолдог болсон. Жирийн үед зүгээр тоолоод байдаг болсон. Бидний хэлсэн үгийг ойлгохгүй, ухаан санаа нь орж гараад байгаа. Цаашид эрүүл мэндийн талаар нь асуухад тархин дээрээ хэсэг яс байхгүй болсон. Тархи нь цөмөрсөн байдалтай харагдаж байгаа. Хагалгааны дараа хэвийн босоод явах чадваргүй болно гэж хэлсэн. Хондлоо дээр нь 5 см арьс цоорсон. Бүрэн хүний асаргаанд байгаа. Манай гэр бүлийн зүгээс Наранцэцэг гэх мэргэжлийн хүнээр аавыг сувилуулж байгаа. Нийт 16 сая төгрөгийн зардал гарсан. Үүнд зарим зардал ороогүй байгаа. Даатгалын компаниас 10 сая төгрөг шилжүүлсэн. 7 сард 4.580.000 төгрөгийн зардал гарсан. Мөнхгэрэл гэх Мөнхжаргалын өмгөөлөгч манай ээж рүү яриад 16 сая төгрөгийг их байна гэж хэлсэн байсан. Судсаар тэжээл тарихад 1 удаа 55.000-70.000 төгрөг, альбинум тариа 200.000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо аавыг өөрөө өтгөн шингэнээ гаргахаа мэддэг болгомоор байна. 4 тариаг 3 сарын турш өдөр болгон хийж байгаа. 2.200.000 төгрөг дансаар авсан. 7 сард 4.580.000 төгрөгийн зардал авснаас 2.200.000 төгрөгийг төлөгдсөн гэж үзэж байна. Мэргэжлийн сувилагчийг сарын цалин 800.000 төгрөгөөр тохирч жилийн хугацаатай гэрээ хийж ажиллуулж байгаа. Эмч нар аавы бүрэн эрүүл болох боломжгүй гэж хэлсэн” гэв.
Иргэний хариуцагч Ц.Амар-Мэнд мэдүүлэхдээ: “Манай компани Монгол даатгал компанитай гэрээ байгуулаад оны эхэнд 10-аас 20 сая төгрөг шилжүүлдэг. Мөнхжаргал жилийн 38.000 төгрөгөөр даатгуулдаг. Монгол даатгалаас 10 сая төгрөг гарсан. Энэ мөнгийг гэрээний дагуу манай компаниас гарч төлөгдсөн гэж үзэж байна. Манай компанид Мөнхжаргал жолоочоор ажиллаж байсан. Одоогийн байдлаар ажлаас чөлөө өгсөн, ажлын байр нь хадгалагдаж байгаа. Ганц бие хүн тул ажлаа хийгээд хохирогчийн зардлыг төлөх боломжтой гэж үзэж байна” гэв.
Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Дэлгэргэрэлийн: “2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр 10 цагийн орчим манай төрсөн аав Цолмон өөрийнхөө эзэмшлийн 75-97 УНА улсын дугаартай автомашин унаж яваад Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Монелын уулзвар дээр осолд орсон юм. Энэ ослоос болж Гэмтэл согог судлалын үндэсний төвд сар хэвтсэн одоо болтол ухаанүй, ярьж чадахгүй хэвтэрийн байгаа. Энэ хооронд тархины хагалгаанд хоёр удаа орсон, хөл, түнхний хагалгаанд нэг
удаа нийт гурван удаа хагалгаанд ороод байна. Биеийн байдал их тааруухан ярьж чадахгүй юм ойлгохгүй байна. Энэ хооронд эмчилгээнд одоогийн байдлаар 16,000,000 орчим төгрөг гарсан байгаа. Үүнийг баримтаар гаргаж өгсөн мөн цаашид ямар эмчилгээ болон зардал гарахыг мэдэхгүй байна. Гарсан зардалаа баримтаар гаргаж өгнө. Зан чанарын хувьд архи дарс уудаггүй, хүнд их тусархуу цагаан цайлган сэтгэлтэй хувиараа машинаараа үйлчилгээнд явж мөнгө төгрөг олж гэр орноо тэжээдэг эрүүл чийрэг хүн байгаа юм. Энэ мөргөсөн жолоочоос эмчилгээний ямар ч мөнгө төгрөг аваагүй байгаа. ...энэ мөргөсөн жолоочид маш их гомдолтой байна... манай гэр бүл энэ ослоос болж маш их шаналж зовж байна. Аавыгаа харахад маш их өрөвдөлтэй харагдаж байна” гэсэн мэдүүлэг /хх.17-18/,
Мөрдөн байцаалтад иргэний хариуцагч Ц.Мэнд-Амарын: “Х.Аеросити маркийн 69-37 УНР улсын дугаартай автобус манай компани нэр дээр байдаг юм. П.Мөнхжаргал нь манай компаны албан ёсны жолооч юм. Тухайн осол гарсан өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр П.Мөнхжаргал Х.Аеросити маркийн 69-37 УНР улсын дугаартай автобустай Ч-19а буюу Монелын 38-Офицеруудын ордон-сансар /зүүн тойрог/ чиглэлд албан үүрэг гүйцэтгэж явж байгаад осол гаргасан байсан... манай компаний зүгээс автобусны бүрэн бүтэн байдлыг, шалгах механик шалгаж гарын үсэг зуруулаад Хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгөөд л ажилд нь гаргадаг юм. ...нөгөө хохирсон хүний эмчилгээний асуудлыг даатгалаар шийдүүлнэ...” гэсэн мэдүүлэг /хх.26-27/,
Мөрдөн байцаалтад гэрч Д.Батзоригийн: “... 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр автобус компанид ажилд ороод өдий хүртэл ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх.20/,
Мөрдөн байцаалтад гэрч Э.Шинэ-Эрдэнийн: “Пунцаг овогтой Мөнхжаргал нь манай ДЮЦ ХХК-ны албан ёсны жолооч байгаа юм. 2016 оны 05 дугаар сарын 01-ны өдөр П.Мөнхжаргал 69-37 УНР улсын дугаартай Х-Ареа сити-540 маркийн автобусаар Ч-19а буюу Монелын 38-Офицеруудын ордон-сансар /зүүн тойрог/ чиглэлд албан үүргээ гүйцэтгэж явсан юм. Тухайн өдөр өглөө 08 цагаас ажилдаа гарсан ажилд гарах үед нь автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй ажиллагааны зааварчилга дээр гарын үсэг зуруулаад ажилд нь гаргадаг юм. Тухайн өдөр П.Мөнхжаргал ажилд гарахдаа хэвийн бүх шаардлагыг хангаад ажилдаа гарсан...” гэсэн мэдүүлэг /хх.21/,
Шүүх эмнэлгийн шинжээчийн 6019 дугаартай дүгнэлт: /хх.31/,
1. Л.Цолмонгийн биед гавлын титэм заадас дайрсан бага зэрэг салсан хугарал, зүүн талд дух ясны доод үзүүрээс зүүн ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, тархины 2 дух, зулай, чамархайн тархины эдийн гүнд цус хуралт, няцрал, баруун, зүүн дух, чамархайн хатуу хальсан доор цус хуралт зөөлөн бүрхүүл дор их хэмжээний цус харвалт, духанд шарх, баруун дунд чөмөгний ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1,3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 3905 дугаартай дүгнэлт: /хх.33/,
Цолмонгийн гэх цусанд спиртийн агууламж илрээгүй.
Шүүх эмнэлгийн шинжээчийн 3906 дугаартай дүгнэлт: /хх.34/,
1. Л.Цолмон гэж хаягласан цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна.
Автотээврийн үндэсний төв Сонгинохайрхан салбарын шинжээчийн 16/26492 дугаартай дүгнэлт: /хх.38-40/,
1. Уг автомашин нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд Урд салхины шил зүүн тал нь хагарч цуурсан, зүүн талын туслах толь хугарч унасан, зүүн урд буфер хонхойж цөмөрсөн, зүүн крилон нугаларсан, зүүн дохионы гэрэл хагарсан, хурд хэмжигч, хөдөлгүүрийн эргэлт заагч ажиллахгүй байгаа нь техникийн бүрэн бүтэн байдлын хувьд стандартын шаардлага хангахгүй байна.
2. Урд салхины шил зүүн тал нь хагарч цуурсан, зүүн талын туслах толь хугарч унасан, зүүн урд буфер хонхойж цөмөрсөн, зүүн крилон нугаларсан, зүүн дохионы гэрэл хагарсан, хурд хэмжигч, хөдөлгүүрийн эргэлт заагч ажиллахгүй байв.
3. 3 ба 4-р асуултанд хариулахад урд салхины шил зүүн тал нь хагарч цуурсан, зүүн талын туслах толь хугарч унасан, зүүн урд буфер хонхойж цөмөрсөн, зүүн карлон нугларсан, зүүн дохионы гэрэл хагарсан ослын үед үүссэн байх магадлалтай байна. Ийм учир дээрхи эвдэрэл гэмтэл нь осолд нөлөөлөхгүй.
4. Уг тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй ба тоормосны системийн ажиллагаа бүрэн бүтэн хэвийн ажиллаж байна.
5. Уг тээврийн хэрэгсэл нь хийн тоормосны системтэй, тоормоз гишгэх үед тоормосны мөр зам дээр үүснэ.
“Ашид билгүүн” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний 555 дугаартай дүгнэлт: /хх.47/
1. ММS Daihatsu маркийн 75-97 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.320.000 төгрөгийн шууд, 1.995.000 төгрөгийн нийт хохирол учруулсан байна.
Техникийн шинжээчийн 314 дугаартай дүгнэлт: /хх.52-53/
1. Х-Ареа сити-540 маркийн 69-37 УНР улсын дугаартай автобусны жолооч П.Мөнхжаргал нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. ММS Daihatsu маркийн 75-97 УНА улсын дугаартай автомашины жолооч Л.Цолмон Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Тоормосны мөр гараагүй байгаа тул автомашинуудын хурдыг тодорхойлох боломжгүй.
Мөрдөн байцаалтад яллагдагч П.Мөнхжаргалын: “2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өглөө 08 цагт 67-39 УБР улсын дугаартай Аеро сити-540 маркийн ДЮЦ ХХК-ны том оврийн автобустай Ч-19а буюу Монелын 38-Офицеруудын ордон-сансар /зүүн тойрог/ чиглэлд албан үүрэг гүйцэтгэхээр гарсан юм. Өглөө гарахдаа шалгах механикаар шалгуулаад ажилдаа гарсан ...өглөө 10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын уулзвар руу ертөнцийн зүгээр хойноосоо ургашаа чиглэлтэй замын нэгдүгээр эгнээгээр 20 орчим км цагийн хурдтай орж иртэл уулзварын зүүнээс баруун чиглэлтэй явж байсан машин орж ирээд миний автобусны зүүн урд хэсэгт мөргөсөн юм. Тухайн үед гэрлэн дохио ажиллахгүй байсан болохоор би уулзвар руу их зөөлхөн орж ирсэн. Уг нь манай автобус камертай гэхдээ тухайн үед хард нь шатсан болохоор камер ажиллаагүй байсан. Би зөөлхөн явсан болохоор тоормос гишгээд л зогстол нөгөө машин хажуугаас мөргөсөн тухайн үед миний автобусанд сууж явсан хүмүүс буугаад л шууд яваад өгсөн тэр хүмүүсээс нэр хаягийг нь тэмдэглэж авсан хүн байхгүй. Зам халтиргаагүй машин тэрэгний хөдөлгөөн бага харагдах орчин чөдөөтэй цаг агаар таатай байсан. Автобусанд араваад л хүн явсан тэр хүмүүсээс ганц хоёр хүнийг зүс танина гэхдээ осол болсноос хойш хайгаад олдохгүй байгаа хамгийн гол нь нэрийг нь болон утас, хаягийг нь мэдэхгүй байгаа. Жаахан эвдэрэл учирсан гэхдээ энэ хохиролоо манай компани нэхэмжилэхгүй, автобусандаа үнэлгээ хийлгэхгүй ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Төлж барагдуулаагүй байгаа. Гэхдээ төлж барагдуулах болно. Гэхдээ хохирогчийн талаас гарган өгсөн хохиролын баримт эргэлзээтэй байна. Нийт гаргаж өгсөн нэхэмжлэл нь 16.384.700 төгрөг байх боловч нотлох баримтаар авагдсан хохирол нь 1.426.840 төгрөг байна...” гэсэн мэдүүлэг /хх.122-125/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.139/,
Жолоочийн хариуцлагын даатгалын гэрээ /хх.138/,
Хохирлын баримтууд /хх.151-215/,
Даатгалын компаниас хохирогчид мөнгө шилжүүлсэн баримт /хх.239-240/,
Шинээр хохирол төлсөн баримт /хх.242-250/,
Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн ¹18521 дүгээр өвчний түүх /хх.59/
зэрэг болно.
Тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан эдгээр нотлох баримт нь хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Мөрдөн байцаалтад гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шаардлагыг мөрдөн байцаалтын шатанд ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэргийн зүйлчлэл тохирчээ.
П.Мөнхжаргал нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 10 цаг 00 минутын
орчимд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Монелын уулзварт нийтийн тээврийн ДЮЦ ХХК-ийн эзэмшлийн Хьюндэй Аего Сitу маркийн 69-37 УНР улсын дугаартай автобус жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж ММS Daihatsu маркийн 75-97 УНА улсын дугаартай автомашинтай мөргөлдөж түүнийг жолоодож явсан иргэн Л.Цолмонгийн биед хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Дэлгэргэрэлийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн 6019 дугаартай дүгнэлт /хх.34/, Автотээврийн үндэсний төв Сонгинохайрхан салбарын шинжээчийн 16/26492 дугаартай дүгнэлт /хх.38-40/, техникийн шинжээчийн 314 дугаартай дүгнэлт /хх.52-53/ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч П.Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор түүнд зохих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл, гэмт этгээдийн хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн болно.
Шүүгдэгч П.Мөнхжаргал нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан учир түүнийг 1 жилийн хугацаагаар хохих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснар тэнсэж хянан харгалзахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүссэн боловч шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулаагүй байх тул гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Хохирогч Ц.Дэлгэргэрэлээс нийт 24.230.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гаргасан 16.384.000 төгрөгийн хохирлын баримтаас хохирогч өөрөө хүлээн зөвшөөрснөөр хасч тооцсон 10.500.000 төгрөгийн баримтыг, шүүхийн хэлэлцүүлгийн өмнө гаргасан 4.580.000 төгрөгийн болон 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хохирогч Л.Цолмонг асрах сувилагч хөлсөлсөн гэрээний жилийн төлбөр 9.600.000 төгрөгийн баримтаас 6.980.000 төгрөгийн баримтыг, нийт 17.030.000 төгрөгийн баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн, үүнээс даатгалын байгууллагын төлсөн 10.000.000 төгрөг, хохирогчийн төлсөн 2.200.000 төгрөг, нийт 12.200.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 4.830.000 төгрөгийг иргэний хариуцагч компаниас гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох нотлох баримтаа
хохирогч бүрдүүлж иргэний журмаар шүүхэд жич нэхэмжлэл гаргах эрхтэй, ялтан урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Ялтан П.Мөнхжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан жолоочийн үнэмлэхийг нь ялтанд буцаан олговол зохино.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дүгээр зүйлийн 290.3 дах хэсэг, 293 дугаар зүйлийн 293.2 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бууралтан овогт Пунцагийн Мөнхжаргалыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар, ялтан П.Мөнхжаргалд оногдуулсан 5 /таван/ сарын хугацаагаар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дах хэсэгт зааснаар, ялтан П.Мөнхжаргалд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял буюу баривчлах ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолохыг дурдсугай.
5. Ялтан П.Мөнхжаргалд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Ялтан П.Мөнхжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид гэм хоын хохирлын 12.200.000 төгрөг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дах заалтыг үндэслэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ялтан П.Мөнхжаргалын 674546 дугаартай жолоочийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 499.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ДЮЦ ХХК-иас 4.830.000 төгрөг гаргуулж, хохирогчийн
хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэргэрэлд олгосугай.
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Дэлгэргэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, тус шийтгэх тогтоолыг гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол ялтан П.Мөнхжаргалд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаагүй тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР