Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 12

 

 

“Күүпермэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

 Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

                                                                                     

Хэргийн индекс 132/2017/00233/И

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаартай шийдвэртэй,

 

Г.Ганцэцэгийн төлөөлөн нэхэмжлэлтэй, ХҮ-019254 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго бий болсон байсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:   

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Ганцэцэг

         Нарийн бичгийн дарга  С.Гончигбал нар оролцов.

 

“Нэхэмжлэгч “Күүпермен” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай “Күүпермен” ХХК нь Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Бүрэг” нэртэй газарт 1000.2 га хайгуулын талбайд ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах ХҮ019254 тоот тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас холбогдох хууль тогтоомжийн дагуу олж авсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр 1000.2 га газрыг ашигт малтмал эрэх, хайх зориулалтаар эзэмшиж, хайгуулын ажил гүйцэтгэж байна. Анх 2016 онд ХҮ-019254 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон хайгуулын талбайн хэсэг газарт уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго байсан. Энэхүү уурхайн олборлолтын хаягдал нь манай хайгуулын талбайтай хил залгаа орших ашиглалтын лиценз бүхий уурхайн олборлолтоос үүссэн хаягдал юм. Манай хайгуулын талбайтай хил залгаа орших уурхай нь олборлолтын хаягдлаа зайлуулахдаа ашиглалтын талбайгаасаа хил давуулан хаясан. Уг хаягдлынх нэг хэсэг нь манай компанийн авсан Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт “Бүрэг” гэх газар орших 1000.2 га хайгуулын талбайд үлдсэн байдаг. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниуд тухайн орон нутгийн төрийн сангийн тусгай дансанд баталгааны мөнгө гэж тушаадаг. Тусгай зөвшөөрөл авсан жилээсээ эхлэн нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах ёстой. Манай талбайд асгасан хаягдал, овоолго шороог тэгшлэх, зайлуулах зэрэг нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг явуулахад манай компаниас зардал их гарах тул биднийг тусгай зөвшөөрөл авахаас өмнө энэ овоолго шороо үүссэн байсан гэдгийг тогтоолгохоор хүсэлт гаргасан. Орон нутгийн удирдлагууд ч ийм шаардлага тавьсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй компани ч ямар нэгэн маргаан үүсгээгүй байгаа. Иймд уурхайн олборлолтын үр дүнд газрын гадаргуу дээр үүсмэлээр бий болсон овоолго буюу уурхайн олборлолтын хаягдын зарим хэсэг нь манай компанийг тусгай зөвшөөрөл авах үед хайгуулын талбайд байсан, одоо ч хайгуулын талбайд байгаа үйл явдлыг тогтоож өгнө үү гэв.

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Булган аймгийн Бүрэгхангай сумын “Бүрэг” гэх газар 1000.2 гектар талбайд ХҮ-019254 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго бий болсон байсныг тогтоолгох тухай “Күүпермэн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

     Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. Ганцэцэг давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дугаар 307 шийдвэрийг хүчингүй болгох... Шүүх “Күүпермэн” ХХК нь / цаашид компани гэх/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газар байгаа овоолго шороо хэний үйл ажиллагааны улмаас бий болсон, түүнийг зайлуулах, тэгшлэх зэрэг нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах үүрэг бүхий этгээд хэн болохыг мэдсэн атлаа уурхайн хаягдал шороо буюу овоолго шороо үүссэн байсныг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь дээрхи хуулийн заалтад нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл “Күүпермэн” ХХК нь дээрх үүргийг хэрэгжүүлэхийг холбогдох этгээдээс шаардах эрхтэй байна” гэж үндэслэх хэсэгтээ тайлбарласан.

Иймд шийдвэрийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.

Манай компанийн зүгээс ХV-019254 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхайн олборлолтын үр дүнд газрыг гадаргуу дээр үүсмэлээр бий болсон овоолго буюу уурхайн олборлолтын хаягдлын зарим хэсэг нь манай компанийг тусгай зөвшөөрөл авах үед  хайгуулын талбайд байсан, одоо ч хайгуулын талбайд байгаа үйл явдлыг тогтоолгох нь эрх зүйн ач холбогдолтой гэж үзэн нэхэмжлэл гаргасан болно.

Уг үйл явдлыг тогтоосны ач холбогдол нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг авах зэрэг бусад байгаль орчныг хамгаалах талаар үүрэг хүлээдэг.

Иймд хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотойгоор хожим тухайн овоолго шорооны нөхөн сэргээлтийн талаар асуудал гарвал манай компанийн тусгай зөвшөөрлөөр эзэмшдэг хайгуулын талбай дээр байгаа уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго нь ХV-019254 тоот тусгай зөвшөөрлийг анх авах үед бий болсныг тогтоолгох байсан.

Энэхүү үйл явдал нь гэрчийн мэдүүлгүүд болон фото зургуудаар нотлогддог. Гэтэл шүүхийн зүгээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэт үнэлж, түүнд дүгнэлт өгөөгүй байна.

XV-019254 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед овоолго бий болсон байсан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал нь гэрчүүдийн мэдүүлэг, фото зургуудаар нотлогдож байхад, нөхөн сэргээх арга хэмжээг авах үүрэг бүхий этгээд биү гэж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед овоолго бий болсон байсныг тогтоолгох хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон нь  буруу юм.1

Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэж буй хэргийн дотор эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоох ажиллагаанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан үйл явдал хамаарах бөгөөд мөн зүйлийн 135.2.14-т “тогтоох журмыг хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал” хамаарахаар зааснаас үзвэл иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр шүүх хуульд тодорхойлон тусгагдаагүй зарим төрлийн үйл явдлыг тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэх эрхтэйгээр зохицуулагдсан.

Манай компанийн зүгээс гаргаж буй энэхүү шаардлага  нь тийм ч нийтлэг асуудал биш учраас онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүх бусад холбогдох хуулийн зохицуулалт, дээд шүүхийн заавар зөвлөмжийг юуны өмнө судлах шаардлагатай .

Иймд XV-дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго бий болсон байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү давж заалдах гомдлыг хүлээн авч, нянаж өгнө үү.” гэжээ.      

 

                                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Күүпермен” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэг нь ХҮ-019254 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхай олборлолтын хаягдал буюу овоолго бий болсон байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд “Күүпермен” ХХК-нь 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Булган аймгийн Бүрэгхангай сумын “Бүрэг” гэх газар ХҮ-019254 дугаар бүхий “1000.2 гектар” талбайг хамарсан ашигт магтмал хайгуулын тусгай зөвшөөрөл авсан байна.

Нэхэмжлэгч “Күүпермен” ХХК-нийг зөвшөөрөл авах үед хайгуулын талбайн хилийн дотор уурхайн олборлолтын хаягдал буюу овоолго бий болсон байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, бусад нотлох баримтаар нотлогджээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т заасан үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон  нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд зааснаар иргэн хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарал бүхий үйл явдлыг шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх тул “Күүпермен” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэргийн төрөлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-т  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ё.БЯМБАЦЭРЭН

 

            ШҮҮГЧИД                                                            С.УРАНЧИМЭГ

 

                                                                                         М.ХҮРЭЛБААТАР