Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 858

 

М.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Д.Оюунчулуун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ж.Давааням,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Ж.Даваанямын гаргасан давж заалдах гомдлоор М.Бт холбогдох 1806018181017 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Оюунчулууны илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М.Б, 1987 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ................./;

М.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Б.Сг хууран мэхлэж, мобиал банкаар нь дамжуулан нийт 16.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газар: М.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, энэ хэргийн улмаас М.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, М.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар М.Бээс 14.400.000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Ж.Давааням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийн зүгээс М.Бт ял оногдуулсан хэргийн зүйлчлэл, түүний гэм буруугийн талаар маргахгүй, харин шүүх нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

          1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ мөрдөгч, прокурор, шүүх биелүүлээгүй гэж үзэж байна. Учир нь М.Б нь хохирогч Б.Сд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 480.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 460.000 төгрөг буюу нийт 940.000 төгрөг тушаасан нотлох баримт авагдсан байхад мөрдөгч нь хохирогчид учирсан нийт хохирлын хэмжээг үнэн зөв тогтоогоогүй, түүнчлэн прокурорын яллах дүгнэлтэд “Яллагдагч М.Б нь ... нийт 16.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, хуурч мэхлэн залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ... нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж заасан. Мөн М.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “... би 2017 оны 1 дүгээр сарын 24, 2017 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 6.000.000, 6.000.000 төгрөг зээлсэн. 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 15.000.000 төгрөг зээлсэн. Үүнээс 11.000.000 төгрөгийг 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр буцааж өгөөд 16.000.000 төгрөг үлдсэн. Хүүнд нь 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 480.000 төгрөг, 2017 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 460.000 төгрөг тус тус өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар М.Б нь хохирогч Б.Сд 15.060.000 төгрөг төлөх ёстой байсан. Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг тогтоолгүй прокурорын яллах дүгнэлтэд заасан 16.000.000 төгрөгөөс зөвхөн М.Бээс 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдөр хохирогчид төлсөн 1.600.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 14.400.000 төгрөгийг гаргуулан Б.Сд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүх М.Бээс Б.Сд төлсөн 940.000 төгрөгийг ямар үндэслэлээр Б.Сд учруулсан хохирлоос хасаж тооцоогүй нь ойлгомжгүй байх бөгөөд энэ мөнгийг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

          Тодруулбал, дээрх нотлох баримтуудаар М.Б нь Б.Сд нийт 940.000 төгрөгийг төлсөн тул прокурор 15.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, шүүх уг мөнгөнөөс шүүхийн шатанд төлсөн 1.600.000 төгрөгийг хасаж тооцон 13.460.000 төгрөгийг хохирогчид олгохоор шийдвэрлэх байжээ.

          2. М.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “... би залилангийн гэмт хэрэгт холбогдсон гэж үзэхгүй байна” гэж мэдүүлсэн нь М.Бийн хүсэл зоригийн илэрхийлэл биш бөгөөд М.Б нь өөрийн өмгөөлөгч Б.Нарандолгорын зөвлөснөөр өөрийн эрх зүйн байдлыг дордуулсан мэдүүлгийг өгсөн байна. Мөн өмгөөлөгч Б.Нарандолгор нь шүүхийн хэлэлцүүлэгт “Залилангийн хэрэг биш, иргэний хэрэг гэж” мэтгэлцсэн нь М.Бийн эрх зүйн байдлыг тус тус дордуулсан гэж үзэж байна. Учир нь, М.Б нь хэдийгээр өмгөөлөгчийн зөвлөснөөр шүүхийн хэлэлцүүлэгт дээрх мэдүүлгийг өгсөн боловч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ хэргийн байдлын талаар тогтвортой мэдүүлэг өгсөөр ирсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргадаггүй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлж, сайн дураараа эвлэрэх хүсэлт гаргаж байсан. Үүнд, М.Бийн “прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт, түүний өмгөөлөгч Б.Ариунбаярын “... миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, маргадаггүй тул урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтэй” байгаа гэх нотлох баримтуудаар нотлогдож байна.

          Түүнчлэн М.Бт хорих ял оногдуулсан нь түүнийг ажил хөдөлмөр эрхэлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөх хугацааг шийтгэх тогтоолд заасан хугацаагаар хойшлуулж, хохирогч М.Б.Сг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах нөхцөл байдлыг мөн хугацаагаар бий болгохын зэрэгцээ М.Бийг ирээдүйд нөхөр, хүүхэдтэй болох, нийгмийн харилцаанд эрх тэгш оролцоход хүндрэл бий болгож, гэмт хэргийн улмаас хорих ял шийтгэгдэж байсан гэсэн сэтгэл зүйн дарамт, хар толбо үүрд үлдээж болохоор байна.

          Иймд М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.5 дахь заалтад заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Бт оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

          Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Би 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр анхан шатны шүүхээс 6 сарын хорих ялаар шийтгүүлж, өнөөдрийг хүртэл цагдан хорих ангид 64 хонож байна. Өнгөрсөн хугацаанд би зээлсэн мөнгөө цаг хугацаандаа төлж чадахгүй, өөрийгөө болон найзыгаа хүнд нөхцөл байдал оруулсандаа маш их гэмшиж байна. Миний бие цагдан хоригдсон энэ хугацаанд эрүүл мэнд болон сэтгэл санаагаар маш их унаж, хүнд байдалтай байна. Би өмнө нь мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байсан. Учирсан хохирлоо нөхөн төлнө гэдгээ амаар болон бичгээр илэрхийлж байсан.  Гэтэл миний өмгөөлөгч байсан Нарандолгорын үгэнд орж, өөрийн гэм буруугаа хүлээгээгүй гэдэгтээ маш их гэмшиж байна. Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хянан үзэж, миний хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг байдлыг тус тус харгалзан үзэж, хорих ялыг торгох ял болгон өөрчилж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд дурдсан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад М.Бт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

М.Б нь 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Б.Сг хууран мэхлэж, мобиал банкаар нь дамжуулан нийт 16.000.000 төгрөгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.С /хх-12-13, 15-16/, гэрч М.Жанчив /хх-21, 25/, М.Бийн яллагдагчаар өгсөн /хх-63-64/ мэдүүлгүүд болон эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх- 5/, гэрч М.Жанчив, хохирогч Б.С нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /хх-26-29/, хохирогч Б.Сгийн ХААН банкны дансны хуулга /хх-52/, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-93/ зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зохицуулалтын хүрээнд тэгш эрхтэй оролцох субъектуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдыг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл тохирсон байна.

Харин залилах гэмт хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлдог.

Өөрөөр хэлбэл, шууд бус хохирлыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцдоггүй тул М.Бийн холбогдсон залилангийн гэмт хэргийн хохиролд зээлийн хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд М.Б нь хохирогч Б.Сд зээлийн хүүнд тооцож, 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 480.000 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр 460.000 төгрөг, нийт 940.000 төгрөгийг өгсөн байна.  

Шүүх дээрх төлсөн мөнгийг нийт хохирлын хэмжээнээс хасах байтал шууд хохиролтой адилтгаж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байх тул М.Бийн зээлийн хүүнд бодож өгсөн 940.000 төгрөгийг хохирлоос хасаж тооцож, түүнээс нийт 13.460.000 төгрөг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч М.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 13.460.000 төгрөгийг давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд бүрэн төлж барагдуулсан болон шүүгдэгч М.Бийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч М.Бийн өмгөөлөгч Ж.Даваанямын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1012 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бийг 2000 нэгжээр /1 нэгж=1000 төгрөг/ буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж,

- 7 дахь заалтад “... М.Бээс 14.400.000 төгрөгийг гаргуулж ...” гэснийг “... М.Бээс 13.460.000 төгрөгийг гаргуулж ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Бийн цагдан хоригдсон 63 хоногийн 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, торгох ялаас 945.000 төгрөгийг /63 хоног *15 нэгж=945 нэгж/ хасаж тооцсугай” гэсэн,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалтыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

4. М.Бийг нэн даруй сулласугай. 

5. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

                                    ШҮҮГЧИД                                                       Д.ОЧМАНДАХ

                                                                                               Д.ОЮУНЧУЛУУН