Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 00105

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Бугат сумын 1 дүгээр Б.Цэрэнбүтэдийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00094/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр Бөхчүүд Баасангийн Цэрэнбүтэд /РД:ГБ66061708/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнбүтэд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 он хүртэл ногоочин, 1985 оноос 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус нэгдэлд малчинаар тасралтгүй ажиллаж байсан. 1985, 1987, 1989, 1991 онуудад хүүхэд төрүүлж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнбүтэд нь Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочиноор, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар тус тус ажиллаж байсанбайдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай цалингийн лавлагаа, тухайн үед Б.Цэрэнбүтэдтэй хамт ажиллаж байсан гэрч Ч.Хишигсүрэнгийн өгсөн ..Би Булган аймгийн Бугат Партизаннэгдэлд 1985 оноос эхлэн нэгдэл татан буугдах хүртэл саальчинаар ажиллаж байсан. Б.Цэрэнбүтэд нь тус нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг дуустал ногоочин, саальчинаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч В.Мягмаржавын өгсөн ..Би Булган аймгийн Бугат цэцэрлэгт 1968 оноос эхлэн багшаар ажиллаж байсан. 1991 он хүртэл ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Б.Цэрэнбүтэд нь Булган аймгийн Бугат Партизан нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 1990 оныг дуустал ногоочин, саальчинаар ажиллаж байсан. Бид 1991 оноос хойш хамт мал маллаж, айл аймаг байсан хүмүүс байгаа юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Бөхчүүд Баасангийн Цэрэнбүтэдийг Булган аймгийн Бугат сумын Партизан нэгдэлд 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ногоочиноор 03 /гурав/ жил 7 /долоо/ сар, 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчинаар 06 /зургаа/ жил улсад нийт 09 /ес/ жил 07 /долоо/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаарнэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН