Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

 

 

 

 

 

   2021         12            27                                       2022/ШЦТ/12

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч С.Ууганбаяр /томилолтоор/,

шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 21100 0000 1183 дугаартай, нэг хавтаст хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

Яллагдагч Г.С- нь 2021 оны 11 дүгээр сарын 19-ний шөнө хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн О-ын нүүр рүү гараараа цохиж 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С- мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 1183 дугаартай хэргээс оролцогчдын  шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтууд:

1. Хохирогч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн: “...2021 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө ажлынхантайгаа караокед суугаад 00:00 цагийн үед Хан-уул дүүрэгт 15 хороо Рапид харш 23-78 тоотод гэртээ ирсэн. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, жаахан байж байгаад буцаад гарсан. 2017 оноос хойш хамтарч ажиллаж байсан ажлын газрын С- рүү таксины жолоочийн утсаар ярилцах юм байна гэж яриад Баянзүрх дүүргийн “Натур” худалдааны төвийн дэргэд UB tower оффис ажил дээр нь уулзаад ажлынх нь өрөөнд ороод ажлаас болоод хэрэлдэж муудсан. Шөнийн 01:00 цагийн үед бид хоёр хоорондоо муудалцаж маргалдсан бөгөөд миний гуя, хөл, өвдөг рүү цохиж байгаад гарч цагдаа дуудлаа гээд гадаа гарсан. ...Дахиад ажлын хажууд машин дотор нь санагдаж байна, зарим юмыг сайн санахгүй байна, уулзаж юм ярьж байгаад чи хүн зодсон гээд маргаан үүсээд намайг зодох ёсгүй гэхэд миний нүүр лүү хоёр хүчтэй цохисон. Тэгэхэд хамраас цус асгараад байсан. ...Миний биеийн баруун талын гуяны хажуу тал, толгой нүүр, хамар хугарсан гэмтэлтэй. Би согтуудаа гомдож хэлсэн үгэнд уурласан гэж бодож байна. ...миний хувьд С- нь надаас уучлалт гуйж буруугаа хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Мөн биеийг эмчлүүлэх шаардлагатай байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

 

2. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11823 дугаартай дүгнэлтэд:

- О-ын биед 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

-Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 25-26/,

 

3. Шүүгдэгч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 хороо, Хүслийн өргөө хотхоны 100-76 тоотод гэртээ байхад манай ажилд ажиллаж байсан О-о залгаад гэртээ орох боломжгүй байна, таксины ч мөнгөгүй байна, гараад ирээч гэхээр нь гэрээсээ гарч Баянзүрх дүүрэг 25-р хороо UB tower-д байрлах ажил дээрээ уулзахаар болсон. Таксины мөнгийг нь өгөөд ажил руу хамт явах хоорондоо хэрэлдсэн. Тухайн үед би Орлоготой маргалдаж улмаар 2-3 удаа алгадсан. Хэрүүл зодоон болоод салсан. О-о согтуу байсан. Тухайн үед хэрэлдээд биеэ барьж чадахгүй алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд О-ын биед хэрүүл маргааны улмаас санамсаргүй байдлаар гэмтэл учруулсан. О-о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд над руу дайраад байсан. Би эрүүл архи уугаагүй байсан. О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ асуудлыг хуулийн дагуу хөнгөн шийдвэрлэж өгнө үү. Миний хувьд хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,

 

4. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай шүүгдэгч Г.С-гийн гаргасан хүсэлт, хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, прокурорын ялын санал /хх-ийн 37, 41-42/,

 

5. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19-24/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад шүүгдэгч Г.С- нь эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

             Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...шүүгдэгч Г.С- нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Г.С- нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ний өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн дэргэд “UB tower” оффист иргэн О-отой тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

- Хохирогч О-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 сарын 18-19-нд шилжих шөнө ...2017 оноос хойш хамтарч ажиллаж байсан ажлын газрын С- рүү ...яриад Баянзүрх дүүргийн “Натур” худалдааны төвийн дэргэд UB tower оффис дээр нь уулзаад ...01:00 цагийн үед хоорондоо муудалцаж маргалдсан. ...миний гуя, хөл, өвдөг рүү цохиж байгаад цагдаа дуудлаа гэсэн. ...Тэгээд дахиад ажлын хажууд машин дотор нь санагдаж байна, ...уулзаж юм ярьж байгаад чи хүн зодсон гээд маргаан үүсээд намайг зодох ёсгүй гэхэд миний нүүр лүү хоёр хүчтэй цохисон. Тэгэхэд хамраас цус асгараад байсан. ...Миний биеийн баруун талын гуяны хажуу тал, толгой нүүр, хамар хугарсан гэмтэлтэй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11823 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26/,

- Шүүгдэгч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө 01:00 цагийн үед ...О-о залгаад гэртээ орох боломжгүй байна, таксины ч мөнгөгүй байна, гараад ирээч гэхээр нь гэрээсээ гарч Баянзүрх дүүрэг 25 дугаар  хороо UB tower-д байрлах ажил дээрээ уулзахаар болсон. ...Таксины мөнгийг нь өгөөд ажил руу хамт явах хоорондоо ...би Орлоготой маргалдаж 2-3 удаа алгадсан. ...Тухайн үед хэрэлдээд биеэ барьж чадахгүй алгадсанаа хүлээн зөвшөөрч байна. ...О-о нь согтууруулах ундааны зүйл хэрэглэчхээд над руу дайраад байсан.  ...О-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулснаа хүлээн зөвшөөрч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас хууль зүйн дүгнэлт хийхэд  шүүгдэгч Г.С- нь хохирогч О-отой маргалдаж бие, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх бөгөөд улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Тус гэмт хэрэг гарахад хохирогч О-о согтуурсан үедээ шүүгдэгч Г.С- дээр очиж маргаан үүсгэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Хэдийгээр хохирогч О-о нь согтуурсан үедээ биеэ зөв зохистой авч яваагүй зүй бус үйлдэл гаргасан байгаа боловч хүний амь нас, эрүүл мэнд хуулиар хамгаалагдсан бөгөөд шүүгдэгч Г.С-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ажиллагаа хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэргийг уг хэрэг гарсан газрын харьяалах шүүх хянан шийдвэрлэнэ.” гэж,  8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ.” гэж тус тус хуульчилсан.

 

Прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан газрыг тусгаагүй буюу гэмт хэрэг аль дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар бичээгүй байх ба хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Натур” худалдааны төвийн дэргэд “UB tower” оффист гэмт хэрэг гарсан байна гэж үзэхээр байх тул шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж үзсэн. Мөн оролцогчид хэргийн харьяаллын талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед мэдэгдсэн, хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байна гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иймд шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Г.С-д ялын санал танилцуулж, эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул шүүгдэгч Г.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэсэн дүгнэлт гаргасан ба шүүгдэгч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Шүүгдэгч Г.С- нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар урьд ял шийтгэлгүй байх ба, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзсан болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлага болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын гаргасан саналтай танилцаж зөвшөөрсөн тухай баримт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагууд хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурортой тохиролцсон ялын саналын хүрээнд шүүгдэгч Г.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар: Хэрэгт шүүгдэгч Г.С- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.С-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг сайн дураараа биелүүлэх 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.С-д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Шүүгдэгч Г.С-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДОРЖСҮРЭН