Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/719

 

 

 

 

   2021        12           21                                       2021/ШЦТ/719

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баасандорж,

улсын яллагч Ч.Түмэн-Өлзий

шүүгдэгч П.Л-,

шүүгдэгч Б.О-, тэдний өмгөөлөгч Н.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

   П.Л-,

   Б.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 211000000 0080 дугаартай, 1 хавтаст хэргийг 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, ...../.

 

            2. Монгол Улсын иргэн, ..../.

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хэргийн товч агуулга:

            Яллагдагч П.Л-, Б.О- нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4-101 тоот болох П.Л-гийн гэрт, иргэн А.Н-гийн гээгдүүлсэн байсан Ж.Э-ын эзэмшлийн 5071471629 дансны дугаартай Хаан банкны картыг олж авч улмаар тухайн картаас 380.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн 25 дугаар гудамжны орчим байрлах үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаас нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр гарган авч Ж.Э-т бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

                Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Л-, Б.О- нар мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад хэргийнхээ талаар мэдүүлсэн, нэмж мэдүүлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг дурдаж, эрүүгийн 21100 0000 0080 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

 

1. 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:

-Зураг №1 Гэрч А.Н- нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар төв”-ийн хүнсний дэлгүүрт орж ирснийг харуулав.

-Зураг №2 Хохирогч Ж.Э-ын карт алга болсон өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 35 минутын үед гэрч А.Н- нь Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амар” төвийн хяналтын камерт ...үл таних 2 эмэгтэйн хамт орж ирж байна.

-Зураг №3 Хамт орж ирсэн эмэгтэйн царайг харуулав.

-Зураг №4 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 07 цаг 58 минутын үед гэрч А.Н-гийн хамт 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө “Амар” төвд орж ирсэн эмэгтэй бэлэн мөнгөөр тооцоо хийж цэнхэр өнгийн 0.75 литрийн Болор гэх архи, талх, зөгийн бал, элэгний нухаш, усан үзмийн ундаа зэргийг худалдаж авсныг харуулав.

-Зураг №5 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө гэрч А.Н-тай орж ирсэн эмэгтэйн царайг харуулав. ...” гэх тэмдэглэл /хх-ийн 7-9/,

3. Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өглөө 07 цагийн үед төрсөн ах өөрийн картаа өгч дэлгүүр яваад идэж уух юм авад ир гэж явуулсан. Тэгсэн чинь манай ах 19 цаг 30 минутын үед ах нь банкны картыг чинь хаячихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэгээд ах нь гэртээ харилаа гэж хэлээд явсан. Маргааш нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутад гүйлгээ хийгдэж утсанд мессеж ирсэн. Тэр өдөр нийт 433.550 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. Тэгээд би картаа хаалгаад цагдаагийн байгууллагад ирж мэдэгдэж байна. Манай ах ганцаараа явж байсан. Өглөө гарахдаа зүгээр байсан ч орой 19 цагийн үед манайд орж ирэхдээ согтуу, ах нь картыг чинь хаясан байна гэж хэлж ирсэн. Ах ярихдаа хамт уусан 2 хүүхэн авсан байх гэж ярьж байсан. Миний дансанд анх 430.000 гаран төгрөг байсан, одоо юу ч байхгүй. Би гомдолтой байна. Миний картыг авсан хүмүүсээс мөнгө гаргуулж авмаар байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

4. Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өгсөн: “...Би 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн танил хуурай дүү Э-аас мөнгө байна уу, байвал 100.000 төгрөг зээлчих гэсэн юм. Тэгтэл мөнгө байгаа, халамжийн мөнгө дансанд орсон байгаа гэж хэлээд банкныхаа виза картыг надад өгөөд пин код буюу нууц үгээ 0308 гэж хэлсэн. Би картыг нь аваад дэлгүүрээс архи авах гээд Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо Яармагийн эцэст байрлах “Ананд” төвийн гадаа очиход 2 эмэгтэй хүн бас архи уух гээд зогсож байсан. Тэр 2 эмэгтэйтэй танилцаж хамт архи уухаар болж дэлгүүр ороод би тухайн дэлгүүрээс 2 шил 0,5 литрийн хэмжээтэй “Хараа” нэртэй архи аваад Сонсголонгийн 5 юм уу 6 дугаар гудамж руу ороод ягаан хаалгатай хашаа руу тэр 2 эмэгтэйн нэгнийх нь гэрт нь ороод бид 3 дэлгүүрээс авсан 2 шил архинаас 1 шилийг нь хувааж ууж дуусгаад 1 шил архиа авч гараад гэртээ хариад Батаа гэх найзтайгаа хувааж ууж дуусгасан. Тэгэхэд би нэлээд согтсон зарим зүйлсийг сайн санахгүй байгаа юм. Тухайн үедээ Э-ын картыг өгсөн байсан бөгөөд дахин картыг нь гуйж аваад дэлгүүр ороод 1 шил архи аваад өглөө гудамжинд танилцсан эмэгтэйн гэрт очиход нөхөр нь ирсэн байсан, танилцаж юм ярьж суунгаа 1 шил архиа хувааж уугаад дахин нэг шил архи авахаар нөхөртэй нь дэлгүүр явсан. Тэгээд яасан талаар мэдэхгүй байна, тасарсан, ...тэр айлын гэрт унтсан байсан. Сэрээд гэр лүүгээ очиход цаг 19 цаг өнгөрч байсан. Э-ын картыг өгөхөөр гэрт нь очиход карт нь байхгүй алга болсон байсан. Би тухайн картыг хаясан алдсан эсэхээ мэдэхгүй байна. Энэ талаараа Э-т хэлээд картаа хаалгаарай гэж хэлсэн. Тэгтэл өнөөдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Э- картнаас мөнгө гараад байна гэж надад хэлэхээр нь цагдаа дээр хамт ирж байгаа юм. Тэр 2 эмэгтэй надад нэр болон гар утасны дугаараа хэлж байсан. Одоо би санахгүй мартчихсан байна. Дахин харвал танина. Би Э-ын картаар 2 удаа л гүйлгээ хийсэн, мөнгөн дүнг нь мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

5. Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутад Л- бид хоёр дэлгүүрээс юм авах гээд гарсан. ...Дэлгүүрийн гадна Н- гэдэг залуутай танилцаад тухайн залуу мөн юм авна гэсэн. Тэгсэн Л- хуучин эцсийн буудал оръё, тэнд дэлгүүр онгойсон байх гэж хэлээд бид гурав хамт явж нэг дэлгүүр орж хоёр шил 0.5 граммын Хараа нэртэй архи аваад эргээд Л-гийн гэрт бид очсон. Нэг шил архи хувааж уугаад согтоод унтсан. Маргааш нь 2021 он 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед босоод ирсэн чинь Л- манай гэрийн шалан дээр Хаан банкны виза карт байна гэж хэлсэн. Тэгээд Л- хамт уусан Н-гийн хайгаад байсан карт биш биз дээ гээд үзсэн. Тэгэхэд Э- гэдэг хүний карт байсан. Тэгээд бид хоёр Н-гийн нэртэй карт биш байна гэж бодсон. Бид хоёр тухайн картыг аваад дэлгүүр орж архи авахаар явж байтал бэлэн мөнгөний АТМ машин тааралдсан. Л- энэ картыг хоёулаа шалгаж үзье, чи үзээдэх, миний нүд харахгүй, хараа муутай тэгээд ч би карттай харилцаж байгаагүй гэж хэлсэн. Н- архи авахдаа 0308 гэсэн код хэлж өгөөд архи авч байсан. Бид гурав юм яриад явж байхдаа Н-г чи эмэгтэйчүүдийн баярын өдрөөр төрсөн юм уу гэж яриад явж байсан. Тэгээд АТМ-ын машинд хийгээд 0308 гэсэн кодыг бичсэн чинь нээгдсэн. Тэгээд эргүүлж аваад хоёулаа яах уу гэж гэж ярьж байгаад үлдэгдлийг нь шалгаж үзье гээд үзэхэд 389.000 мянган төгрөгийн үлдэгдэл байна гэж гарч байсан. Бид хоёр за яадаг юм ямар ч байсан мөнгийг нь аваад эргээд ирэхээр өгнө гээд ярилцаж авсан. Тухайн авсан мөнгөөр нь Л-гийн гэрт идэж уух зүйл байхгүй болохоор нь идэж уух зүйл болон ойр зуурын юм, мөн нэг гайгүй архи авъя гээд 1 шил “Болор” нэртэй архи авсан. Л-гийн гэрт ороод авсан хоол хүнс болон архиа хувааж уугаад мөн согтоод унтаад өгсөн. Тэгээд би охиноо дуудсан, манай охин хэзээ ирж авсан талаар мэдэхгүй. Мөнгийг Л- бид хоёр ярилцаж байгаад авах болсон. Кодыг бол бид хоёр хоёулаа мэдэж байсан, урд өдөр нь 0308 гэж хэлээд уншуулж байсан. Бэлэн мөнгөний АТМ машинаас би эхлээд 150.000 төгрөг аваад гарсан. Тэгээд  эргэж ороод нэг мөсөн бүгдийг нь авъя гээд 230.000 мянган төгрөгөөр гаргуулж авсан. Тухайн мөнгийг идэж уух юм болон архинд Л- болон Л-гийн хамтран амьдрагч гээд нэг хүнтэй хамт ууж идээд дууссан. Бид нар хохирлыг бүрэн барагдуулсан. Л- бид хоёр нийт 380.000 төгрөгийг бэлэн мөнгөөр АТМ машинаас авсан. Сүүлд нь Л- мөнгө байхгүй болсон гээд хамтран амьдрагч М-ыг явуулж үлдсэн мөнгөнд архи аваад ир гэж явуулсан. М- яваад 1 шил архи авч ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

6. Шүүгдэгч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр яллагдагчаар өгсөн: “...2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 12 цагийн үед найз О- манай гэрт утсаар ярьж байгаад ирсэн. Тэгээд бид нар 1 шил архи хувааж уугаад манай гэрт хоносон. Маргааш өглөө нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цагийн үед бид хоёр байсан 5000 төгрөгтөө архи авах санаатай дэлгүүр явсан. Дэлгүүрт ороод мөнгө хүрэхгүй зогсож байсан чинь хажуугаас Н- гэдэг залуу мөнгө чинь хүрэхгүй байгаа бол би 1 шил архи авч өгье гээд авч өгсөн. Мөн өөртөө нэг шил архи авсан. Тэгээд бид 3 манай гэрт очоод нэг шил архины тал шилийг нь хувааж уугаад явсан. Маргааш өглөө нь манай гэрийн шалан дээр нэг карт байсан, аваад үзсэн чинь Э- гэсэн нэртэй ногоон карт байсан. О- бид 2 байж байгаад нөгөө картыг аваад дэлгүүр явсан. Дэлгүүр явж байх замд АМТ бэлэн мөнгөний машин тааралдсан. О- энэ картад мөнгө байна уу үзье, өчигдөр Н- кодоо 0308 гэж байсан, мөн байж магадгүй гээд хийж үзсэн чинь 390.000 төгрөг байна гээд эхлээд бид хоёр 150.000 төгрөг аваад гарч ирээд хоорондоо ярилцаж байгаад үлдсэн мөнгийг нь нэг мөсөн авъя гээд эргэж ороод 230.000 төгрөг авсан. Нийт 380,000 төгрөг авсан. Тэгээд дэлгүүр ороод 1 шил Болор архи, ундаа, зайрмаг, элэгний нухаш, зөгийн бал зэрэг эд зүйлс 47.000 төгрөгөөр аваад манай гэрт очоод архи уугаад авсан зүйлээ идэж уусан. Мөн дахиад архинд манай хамтран амьдрагч М-ыг явуулсан. Тэгээд согтоод унтсан. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 15-нд мөн дэлгүүр архинд явж архи авч уусан. О-ийг охин нь манай гэрээс ирж авч явсан. Н- гэдэг хүнийг би танихгүй. Тухайн өдөр өглөө эрт 07 цаг өнгөрч байхад дэлгүүрийн үүдэнд танилцсан. Тухайн үед дэлгүүр орж картаар үйлчилгээ хийхдээ кодоо 0308 гэж хэлж байсан. Тэгээд дэлгүүрээс гарч манай руу явж байх замдаа Н-г чи эрэгтэй хүн байж 03 дугаар сарын 08-нд төрсөн юм уу гэж яриад инээлдэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,

7. Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтуудад: Б.О-, П.Л- нарын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, Б.О-ийн ял шийтгэгдэж байсан талаарх шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 47-48, 55-57, 86-89/  зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал болон хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “Шүүгдэгч П.Л-, Б.О- нар нь бүлэглэн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4-101 тоот болох П.Л-гийн гэрт  иргэн А.Н-гийн гээгдүүлсэн байсан Ж.Э-ын эзэмшлийн 5071471629 дансны дугаартай Хаан банкны картыг олж авч улмаар тухайн картаас 380.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн 25 дугаар гудамжны орчим байрлах үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинаас нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр гарган авч, Ж.Э-т бага хэмжээнээс дээш төгрөгийн буюу 380.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид төлөх төлбөргүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын   холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч П.Л-, Б.О- нар нь Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 4-101 тоот дахь  П.Л-гийн гэрт иргэн А.Н-гийн гээгдүүлсэн, Ж.Э-ын Хаан банканд эзэмшилтэй 5071471629 дансны дугаартай картыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр олж авч улмаар бүлэглэн тухайн картыг Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нүхтийн 25 дугаар гудамжны орчим байрлах үйлчилгээний төвийн бэлэн мөнгөний машинд нууц кодыг хийж уншуулан, хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар 380.000 төгрөгийг хулгайлан авч, Ж.Э-т бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 380.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:

- 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9/,

- Хохирогч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай ах 19 цаг 30 минутын үед ах нь банкны картыг чинь хаячихлаа гэж хэлээд орж ирсэн. Тэгээд ах нь гэртээ харилаа гэж хэлээд явсан. Маргааш нь 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 07 цаг 30 минутад гүйлгээ хийгдэж утсанд мессеж ирсэн. Тэр өдөр нийт 433.550 төгрөгийн гүйлгээ хийгдсэн. ...Ах ярихдаа хамт уусан 2 хүүхэн авсан байх гэж ярьж байсан. Миний дансанд анх 430.000 гаран төгрөг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,

- Гэрч А.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хуурай дүү Э-аас мөнгө байна уу, байвал 100.000 төгрөг зээлчих гэсэн юм. ...Би картыг нь аваад дэлгүүрээс архи авах гээд ...“Ананд” төвийн гадаа очиход 2 эмэгтэй хүн бас архи уух гээд зогсож байсан. ...Дэлгүүрээс 2 шил 0,5 литрийн хэмжээтэй архи аваад ...тэр 2 эмэгтэйн нэгнийх нь гэрт нь орсон. Бид ....архинаас 1 шилийг нь хувааж ууж дуусгаад ...гэртээ харьсан. ...Тухайн үедээ Э-ын картыг өгсөн байсан, дахин картыг нь гуйж аваад дэлгүүр ороод 1 шил архи аваад өглөө гудамжинд танилцсан эмэгтэйн гэрт очиход нөхөр нь ирсэн байсан, танилцаж юм ярьж суунгаа ...архиа хувааж уусан, ...тасарсан байсан. ...Э-ын картыг өгөхөөр гэрт нь очиход карт нь байхгүй алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,

- Шүүгдэгч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 он 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед босоод ирсэн чинь Л- манай гэрийн шалан дээр Хаан банкны виза карт байна гэж хэлсэн. ...Бид 2 тухайн картыг аваад дэлгүүр орж архи авахаар явж байтал бэлэн мөнгөний АТМ машин тааралдсан. ...АТМ-ын машинд хийгээд 0308 гэсэн кодыг бичсэн чинь нээгдсэн. ...Бид хоёр за яадаг юм ямар ч байсан мөнгийг нь аваад эргээд ирэхээр өгнө гээд ярилцаж авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

- Шүүгдэгч П.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Маргааш өглөө нь манай гэрийн шалан дээр нэг карт байсан. Аваад үзсэн чинь Э- гэсэн нэртэй ногоон карт байсан. О- бид 2 байж байгаад нөгөө картыг аваад дэлгүүр явсан. Бэлэн мөнгөний машин тааралдсан. О- энэ картад мөнгө байна уу үзье, өчигдөр Н- кодоо 0308 гэж байсан, мөн байж магадгүй гээд хийж үзсэн чинь 390.000 төгрөг байна гээд эхлээд бид хоёр 150.000 төгрөг аваад гарч ирээд хоорондоо ярилцаж байгаад үлдсэн мөнгийг нь нэг мөсөн авъя гээд эргэж ороод 230.000 төгрөг авсан. Нийт 380,000 мянган төгрөг авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх дээрх нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж цэгнэж, харьцуулан шинжилж, хохирогч, гэрч, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Хэргийн үйл баримтаар хохирогч Ж.Э-аас түүний банканд эзэмшдэг картыг гэрч А.Н- гуйж авсан, улмаар А.Н- нь шүүгдэгч Б.О-, П.Л- нартай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа Ж.Э-ын банкны картыг П.Л-гийн гэрт гээсэн байсныг шүүгдэгч нар олж авч, улмаар бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж А.Н-гаас мэдэж авсан нууц кодыг ашиглан бэлэн мөнгөний машинаас картын нууц кодыг хийж шүүгдэгч Б.О-, П.Л- нар нь 380.000 төгрөгийг хулгайлан авчээ.

Хууль зүйн хувьд “Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэдгийг “бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Хэргийн үйл баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын картыг бэлэн мөнгөний машинд уншуулж бэлэн мөнгө авч байгаа нь нууцаар бусдын эд хөрөнгийг хулгайлж байгаа үйлдэл бөгөөд шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,  өөрсдийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж  үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх санаа зорилго, сэдэлт, үйлдлээрээ санаатай нэгдэж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол... ” гэж гэмт хэргийн шинжийг заасан ба уг зүйлийн тайлбар хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно, 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас 300 нэгж буюу 300.000 төгрөгийн бага хэмжээнээс дээш хэмжээний 380.000 төгрөгийн хохирол учруулсан нь гэмт хэрэгт тооцогдох тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-, П.Л- нарын гэмт үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

“Бусдын “...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд хохирогч нь гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1  дэх хэсэгт тус тус хуульчилсан.   

Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Э-т 380.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид 430.000 төгрөгийг төлсөн талаар хохирогчоос мэдүүлсэн /хх-ийн 84, 176/ тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар.

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.О-, П.Л- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай бөгөөд дээрх гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихоор хуульчилсан байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан 8 сарын хорих ялыг 8 сарын зорчих эрх хязгаарлах ялаар солих саналыг шүүхэд гаргаж байна. ....” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.О-ийн өмгөөлөгч Н.Болормаа дүгнэлтдээ “Миний үйлчлүүлэгч болсон үйл баримтын талаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж ирсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж байна. Хохирол төлбөрийг сайн дураараа мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлсөн. Шүүгдэгч нар нь тэтгэврийн насны хүмүүс байгаа тул хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаардана.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан лавлагаа, шийтгэх тогтоол, таслан шийдвэрлэх тогтоол зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Б.О- нь 2004 онд нэг удаа ял шийтгэгдэж байсан хувийн байдалтай, шүүгдэгч П.Л- нь цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзэв. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”,

-мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

 

Иймд шүүгдэгч Б.О-, П.Л- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, 55-57 настай зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус бүр тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авч, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

3. Бусад асуудлаар. Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                                                        ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч П.Л-, БО- нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-, Б.О- нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

              3. Шүүгдэгч П.Л-, Б.О- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд авсугай.

              4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-, Б.О- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тэдэнд мэдэгдсүгэй.

              5. Шүүгдэгч П.Л-, Б.О- нарт хяналт тавьж ажиллахыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

              6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нарын холбогдох  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ж.Э-т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

              8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч П.Л-, Б.О- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

              9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, мөн хугацаанд улсын яллагч, дээд шатны прокурор нь эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

              10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд нь давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Л-, Б.О- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ДОРЖСҮРЭН