Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/24

 

 

 

 

 

 

 

 

    2021         12          28                                   2022/ШЦТ/24

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.Х,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Тавиныхан овогт Ц.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111012481244 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, улсаас авсан гавьяа шагналгүй,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 45/а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1, 181 дүгээр зүйлийн 181.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 873 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Ц.Х нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Х нь 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 34-517 тоот хашаанд бариатай байсан хохирогч Н.Насанбуянгийн эзэмшлийн Монгол гэрийг нууцаар, эзэмшигчийг эзэнгүй байхад, түүний зөвшөөрөлгүйгээр хулгайлан авч нийт 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч Н.Насанбуянгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулс 1-540 тоот гэртээ байж байгаад өөрийн амьдарч байсан гэр болох Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 34-517 тоотод байх гэртээ иртэл манай хашаанд байсан Монгол гэр байхгүй болсон байсан. Хажуу хөрш айлаас асуухад 2-3 залуу гэрийг нь нүүлгээд аваад явсан. Би танайхыг нүүж байгаа юм байна гэж бодсон гэж надад хэлсэн. Тухайн алга болсон гэр 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эзэнгүй байсан. ...гэрт хуучин ширээ, шүүгээ зэрэг л байсан. Гэхдээ уг эд зүйлс алдагдаагүй. ...би алдагдсан гэрээ цагдаагийн байгууллагаас хүлээж авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...’’ гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х, 19-20х/,

- иргэний нэхэмжлэгч Н.Сэргэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 30 өдөр Шархадны зах дээр Батбаяр ахтай хамт явж байсан чинь хадам аав болох Дорж залгаад 7 буудал дээр Дэмд эгч дээрээ очоод Монгол гэр үзээд гайгүй бол очоод авчих гэж надад хэлсэн. Тэгээд 7 буудал дээр Дэмд эгчтэй очиж уулзсан ба эгчтэй хамт 45-50 орчим насны эрэгтэй хүн Монгол гэрээ зарна ойрын 2-3 жил амьдраагүй мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Тэр хүн өөрийгөө танилцуулахдаа Хосбаяр гэж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 18 дугаар Яргайтын 36-517 тоотод очиж 300,000 мянган төгрөгөөр худалдаж аваад ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25х/,

- гэрч Л.Батбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 30 өдөр Шархадын Да хүрээ зах дээр Сэргэлэн дүүтэй хамт явж байсан чинь Сэргэлэнгийн аав болох Дорж ах залгаад 7 буудал дээр Дэмд эгч дээрээ очоод Монгол гэр үзээд гайгүй бол очоод авчих Сэргэлэн мэдэж байгаа гэж надаа хэлсэн. Тэгээд 7 буудал дээр Дэмд эгчтэй очиж уулзсан ба эгчтэй хамт 45-50 орчим насны эрэгтэй хүн монгол гэрээ зарна ойрын 2-3 жил амьдраагүй мөнгөний хэрэг гарсан гэж хэлсэн. Тэр хүн өөрийгөө танилцуулахдаа Хосбаяр гэж байсан. Тэгээд Чингэлтэй дүүргийн 18 ДУгаар Яргайтын 36-517 тоотод очиж 300,000 мянган төгрөгөөр худалдаж аваад ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37х/,

- гэрч П.Баярдалайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гэртээ байж байсан чинь 13 цагийн үед танил Доржоо ах маань залгаад гэр ачъя хаана байгаа юм Чингэлтэйд хүрээд ир гэсэн. Манай хүүхэдтэй холбоо бариад наана чинь байгаа нэг айл гэрээ зарна гэж байна, тэрийг ачаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би хүүхэдтэй нь уулзаад тухайн гэр авсан газар очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41х/,

- Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 1.550.000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50х/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7х/,

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 54-57х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ц.Хыг шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Н.Насанбуянг эзэнгүй байхад, зөвшөөрөлгүйгээр, түүний эзэмшлийн монгол гэр болох бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хураан, ачиж авч явж буюу сэм аргаар хууль бусаар хулгайлан бусдад худалдан борлуулан нийт 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Насанбуянд нийт 1.550.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгч Ц.Х нь хохирлоо тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгч бүрэн төлж барагдуулсан нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Харин хулгайлан авсан эд зүйлээ бусдад худалдан хохирол учруулсан Иргэний нэхэмжлэгч Н.Сэргэлэнд 300.000 төгрөгийг  төлөөгүй тул шүүгдэгч Ц.Хаас гаргуулан хохирогч Н.Сэргэлэн /РД:УК90110973/-д олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Хт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шүүхээр удаа дараа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх зорилгоор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Тавиныхан овогт Ц.Хыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Хт 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Ц.Хын цагдан хоригдсон 43 /дөчин гурав/ хоногийг нэг хоногийн, найман цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож нийт 344 /гурван зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, түүнд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 376 /гурван зуун далан зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Ц.Хт оногдуулсан 376 /гурван зуун далан зургаан/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хаас нийт 300.000 /гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан, иргэний нэхэмжлэгч Н.Сэргэлэн /РД:УК90110973/-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шүүгдэгч Ц.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ц.Хыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай.

           8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ