Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00107

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн би Булган аймгийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг 23-02 тоотод оршин суух Д.Лувсансамданд холбогдох 594159 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00031/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Булган аймгийн Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Лувсансамдан нь Булган аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2015 оны 10 дугаар сард ажлаасаа халагдсан. Тэрээр байгууллагад эдэлгээний хугацаа дуусаагүй дүрэмт хувцасны тооцоо 594159 төгрөгийг төлж барагдуулаагүй тул уг мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Булгангийн Цагдаагийн газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Д.Лувсансамдан нь Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байх хугацаандаа цагдаагийн дүрэмт хувцсыг өмсч хэрэглэж байсан бөгөөд бүгдийг нь хүлээлгэж өгсөн, гэвч эдэлгээний хугацаа дуусаагүй гэдгийг мэдээгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:

Булган аг дахь Цагдаагийн газар нь Д.Лувсансамданд холбогдуулан 594159 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 594159төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан Булган гийн Цагдаагийн газрын нэхэмжлэлтэй Д.Лувсансамданд холбогдох 594159 /таван зуун ерөн дөрвөн мянга нэг зуун тавин ес/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 9237 /есөн мянга хоёр зуун гучин долоон/ төгрөгийг гаргуулж Төрийн санд оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН