Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 00110

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1964 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Төв аймгийн Борнуур сумын Нарт багт оршин суух Цагаан адууч овогт Бавуугочоогийн Даваасүрэн /РД:ГЮ64111261/-ийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00099/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Даваасүрэн, нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 онд Булган аймгийн Орхон суманд төрсөн. Би Булган аймгийн 1 дүгээр бүрэн дунд сургуульд суралцаж байгаад 1980-1983 онуудад Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Булган аймгийн Архивын газраас цалингийн цэсний лавлагааг баталгаажуулж авлаа. Иймд дээрх баримтыг үндэслэн 1980 оны 1 дүгээр сараас 1983 оны 12 дугаар сарыг дуустал нийт 4 жилийн хугацааны ажилласан жилийг тогтоож өгнө үү гэв.ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Даваасүрэн нь Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 45 дугаартай лавлагаа, тухайн үед Б.Даваасүрэнтэй хамт ажиллаж байсан гэрч С.Бариаширын: “Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1972 оноос эхлэн ажилласан. Б.Даваасүрэн нь тус нэгдэлд 1980-1983 оны хооронд эцэг, эхийн хамт мал маллаж, бид хамт ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Д.Өнөрсайханы: “Би Булган аймгийн Орхон сумын Чойбалсанч нэгдэлд 1976-1983 оныг хүртэл саальчнаар ажиллаж байсан. Б.Даваасүрэн нь 1980-1983 онд тус нэгдэлд эцэг, эхийн хамт мал маллаж байсан” гэх  мэдүүлэг зэрэг баримтуудаар  нотлогдон тогтоогдож байна.

   Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан суух Цагаан адууч овогт Бавуугочоогийн Даваасүрэнг Булган аймгийн Орхон сумын “Чойбалсанч” нэгдэлд 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 4 /дөрөв/ жил ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          О.ОДОНЧИМЭГ