Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 221/МА16/0030

 

2016 оны 1 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0030

Улаанбаатар хот

 

“Ц”-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т., нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М, хариуцагч Э, хариуцагчийн өмгөөлөгч Ж нарыг оролцуулан хийж, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц”-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 143 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, “Д” ХХК-ийн барьж буй барилгыг шүүхийн шийдвэр гарах хүртэл зогсоож өгнө үү. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын № 143 дугаар захирамж нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гарсан. Гэтэл энэ захирамжийн талаар Ц нь 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшилд байгаа гэж бодож байсан газарт нь хуулийн этгээд барилга барьж, мөн уг газар дээр төсөл сонгон шалгаруулах замаар бусдад эзэмшүүлэх зар явж эхэлснээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосныг мэдсэн. 2013 онд Засаг даргын захирамж гарснаас хойш 2015 он хүртэл хугацаанд “Ц”-д газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан тухай мэдэгдээгүй. Мөн № 143 дугаар захирамж гарснаас хойш Газрын тухай хуульд зааснаар газрыг улсын бүртгэлд бүртгэх ажиллагаа огт хийгдээгүй. 2013 онд тус сумын Засаг даргын № 121 дүгээр захирамж гарч газрын гэрээг анх дүгнэж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө ямар нэгэн гэрээ дүгнэсэн зүйл байхгүй байна. Бор-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143 дугаартай захирамж нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Бор-Өндөр сумын Засаг дарга Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Газар эзэмших гэрээнд талуудын эрх үүргийг нарийвчлан зааж өгсөн ба газрын төлбөрийг газар эзэмшигч тал улирал бүрийн эхний сарын 25-ны өдөр төлж байхаар заасан байдаг. Бор-Өндөр сумын хэмжээнд олон хүнтэй гэрээ байгуулсан тул хүн тус бүрлүү газрын төлбөрөө төл гэж утасдаж, уулзах боломж байдаггүй. 2013 онд газрын эмх замбараагүй асуудлыг цэгцлэх зорилго бүхий ажлын хэсэг гаргаж хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтын үед Ц нь газрын төлбөр төлөөгүй нь тогтоогдсон. Олон жил дараалан газрын төлбөр төлөөгүй байсан тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Бор-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №143 дугаар захирамж нь хууль ёсны гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2007 оноос хойш төлбөр төлөхгүй явж байгаад 2013 онд 2012 оны төлбөртэй хамт хоёр жилийн төлбөрийг төлсөн байна. Нэхэмжлэгч нь газрын төлбөрөө 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр анх удаа төлсөн нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогддог. Мөн сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №143 дугаар захирамж гарсны дараа буюу 2013 оны 12 дугаар сард сумын газрындаамалтай ирж уулзсан бөгөөд шүүхэд гомдол гаргах талаараа ярьсан байдаг. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн. гэжээ.

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тусбаримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 143 дугаар захирамжийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дэлгэр нуур ХХК-ийн барьж буй барилгыг шүүхийн шийдвэр гарах хүртэл зогсоохыг хүссэн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ц нь Бор-Өндөр суманд нэгж талбарын 221000818 дугаартай 1500 мкв газрыг Бор-Өндөр хотын захирагчийн 2007 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 110 дугаар захирамжаар авто машины зогсоолын зориулалтаар эзэмших эрхтэй болсон.

Гэвч Ц нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 болон Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу газрын төлбөрөө 2007 оноос хойш төлөөгүй тул Засаг даргаас эрх хэмжээнийхээ хүрээнд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсгийг үндэслэн “Ц”-д олгосон газар эзэмших эрхийг 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

Энэ талаараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасныг үндэслэн газар эзэмшигч болох “Ц”-д сумын Засаг даргын тамгын газрын зарлага “О”-оор хүргүүлж байсан ба 2013 оны 12 дугаар сард нэхэмжлэгч нь сумын даамал “Э”-тай уулзаж "яагаад газрын гэрчилгээ хүчингүй болгосон бэ шүүхэд заргалдах болно" гэж хэлсэн байдаг ба энэ нь хавтаст хэрэгт авагдсан Газрын даамал “Э”-ийн тайлбараар нотлогддог. Ийнхүү нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2013 оны 12 дугаар сард мэдсэн боловч тухайн үедээ буюу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 болон 60 дугаар зүйлийн 60.1.1 дэх хэсэгт заасны дагуу тус хугацаанд ямар нэгэн байдлаар гомдол, нэхэмжлэл гаргаагүй байтал шүүхээс энэхүү байдлыг үнэлэхгүйгээр, хуулийн шаардлагыг үл тоон нэхэмжлэлийг хүлээн авч Захиргааны хэрэг үүсгэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон байна.

Иймээс нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 болон 12 дугаар зүйлд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байтал шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авсан нь хууль бус байна.

Мөн шүүхийн шийдвэрийн 6 дахь талд ".. нэхэмжлэгч Ц нь 2014 оны 02 дугаар сарын 10-ны, 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрүүдэд газрын төлбөр төлсөн зэргээс дүгнэхэд хариуцагчаас нэхэмжлэгчийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна" гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь нэгэнт газар эзэмших эрх нь хүчингүй болсныг 2013 онд мэдсэн атлаа нэгэнт газар эзэмших эрх хүчингүй болсон газрын төлбөрийг төлөх нь хууль зүйн үндэслэлгүй байхад шүүхээс энэхүү байдлыг нэг талын эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн тайлбарласан нь хууль бус юм.

Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1. Газартай холбогдон үүссэн дараах маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ гээд 60.1.1-д "газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга" гэж заасан.

Мөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүлмэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргана" гэж заасан. Ийнхүү дээрх хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмшигч нь Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 143 дугаар захирамжийг хууль бус гэж үзсэн бол урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэх ёстой.

Нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргасан байдаг ба мөн тус өдрөө Хэнтий аймгийн Засаг дарга буюу дээд шатны албан тушаалтанд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр гомдол гаргасан байдаг.

Ийнхүү нэхэмжлэгчээс захиргааны хэргийн маргааны нэгэн чухал үе болох урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийгдээгүй байтал нэхэмжлэлийг хүлээж авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь дээр дурдсаны дагуу 2007 онд газар эзэмших эрхтэй болсон бөгөөд үүнээс хойшхи хугацаанд газрын төлбөр огт төлөөгүй юм. Энэ нь дараах байдлаар нотлогддог. 2013 онд сумын Засаг даргаас газрын эмх замбараагүй асуудлыг цэгцлэх зорилго бүхий ажлын хэсгийг байгуулж, хяналт шалгалтыг хийсэн. Тус хяналт шалгалтаар нэхэмжлэгч Ц нь газар эзэмших эрхийг олгогдсоноос хойш 2013 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд нэг ч удаа газрын төлбөрийг төлөөгүй байсан нь тогтоогдсон. Иймд сумын Засаг даргаас газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл шүүхээс хуулийг буруу тайлбарлаж, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр "... нэхэмжлэгчийн 221000818 нэгж талбарын дугаартай газрын 2007-2011 онуудын төлбөр төлөгдсөн эсэх нь эргэлзээтэй бөгөөд түүнийг нотлох боломжгүй байна" гэж дүгнэсэн. Шүүхийн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нь нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлж байгаагүй болох нь илэрхий байтал үүнийг нотлогдохгүй, эргэлзээтэй гэж тайлбарлаж буй нь өөрөө хууль тогтоомжид нийцсэн дүгнэлт гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5, 34 дүгээр зүйлийн 34.8, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.4-д заасныг тус тус үндэслэн захиргааны байгууллага, албан тушаалтан нь хуулиар хүлээсэн үүргээ зохих журмын дагуу биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчийн 221000818 нэгж талбарын дугаартай газрын 2007-2011 онуудын төлбөр төлөгдсөн эсэхийг нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт Бор-Өндөр сумын Татварын улсын ахлах байцаагч “Б”-ийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт “Ц”-ийг газрын төлбөрөө 2007-2013 онд төлж байгаагүй талаар баримт авагдсан байдаг. Үүнээс үзэхэд Ц нь маргаан бүхий газарт газрын төлбөр төлсөн баримтыг газар эзэмших эрхтэй болсноос хойшхи хугацаанд шүүхэд газрын төлбөрийг огт төлж байгаагүй бөгөөд Сумын Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаар мэдэгдэл авснаас хойш төлөгдсөн баримт байдаг. Үүгээр нэхэмжлэгч нь газрын төлбөрийг огт төлөөгүй болох нь тогтоогдож байтал үүнийг үнэлэхгүйгээр “Ц”-ийг газрын төлбөр төлөөгүй талаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь хууль бус юм.

Мөн дээрх баримтаас харахад хэрэв нэхэмжлэгч нь газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлж байсан бол "П" ХХК буюу нэхэмжлэгчийн захирлаар нь ажилладаг компанийн газрын төлбөрийг төлсөн баримттай нэгэн адилаар төлбөр төлсөн талаар баримт гарах ёстой байсан. Гэтэл газрын төлбөр төлсөн талаар баримт гарч ирээгүй нь өөрөө нэхэмжлэгчийг газрын төлбөр төлөөгүй гэдгийг илтгэж байгаа юм.

Түүнчлэн хариуцагчаас шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Ц”-ээс 2007-2012 оны газрын төлбөрийг төлсөн эсэх талаар асуухад газрын төлбөрийг төлөөгүй гэсэн хариулт өгсөн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь “Ц”-ийг газрын төлбөрөө цаг тухай бүрт нь төлсөн, төлбөр төлсөн баримтаа олохгүй байна, хадгалаагүй гэсэн тайлбар хэлдэг. Ийнхүү нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд мэдүүлсэн мэдүүлэг нь зөрүүтэй байхад шүүхээс үүнийг нэхэмжлэгч талд ашигтайгаар тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Ийнхүү Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дугаар шийдвэр нь хуулийг буруу тайлбарласан, нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэт нэг талд ашигтай байдлаар тайлбарласан, хуульд үлнийцсэн, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад үл нийцсэн шийдвэр болсон байна. Иймд сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагч Бор-Өндөр сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг дарга нь газар эзэмшигч “Ц”-ийг 2007 оноос хойших газрын төлбөрийг төлсөн эсэхийг тогтоогоогүй атлаа 2013 оны 143 дугаар захирамжаараа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Ц нь ... 2007-2011 оны газрын төлбөрийг цаг тухайд нь төлсөн баримтаа хадгалаагүй. 2012 онд хүнд хагалгаанд орсон учир 2012 оны газрын төлбөрийг 2013 онд нөхөн төлсөн ... гэж тайлбарлах бөгөөд хариуцагч нь газар эзэмших гэрээг урьд нь нэг ч удаа дүгнэж байгаагүй, гэрч Г.Ганхуягийн ... Хуучин газрын даамал нь хариуцлагагүй байсан. Ганц “Ц”-ийн газрын төлбөрийн баримт биш нийт Бор-Өндөр сумын хэмжээнд эдгээр онуудын газрын хувийн хэрэг асуудалтай байсан... гэх тайлбар, хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Бор-Өндөр сумын архивт газрын төлбөрийн гүйцэтгэлийн 2007-2012 оны баримт материал байхгүй гэсэн 2015 оны 463, Хэнтий аймгийн Татварын хэлтсийн 2013 оноос өмнөх газрын төлбөрийн данс нь тус сумын ХААН банкинд төвлөрдөг байсан ба газрын төлбөрийн орлогыг тус сумын газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага, албан тушаалтан хариуцаж ажилладаг тул тухайн шатны байгууллагаас тодруулах нь зүйтэй гэсэн 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1/427, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2007-2013 оны газрын төлбөрийг төлсөн баримтыг манай байгууллагаас шүүх боломжгүй гэсэн 2015 оны 02/128, Бор-Өндөр суман дахь ХААН банкны Татварын албаны газрын төлбөрийн 5946135629 тоот данс байршдаг боловч төлбөр тушаасан огноогоо гаргаж өгөөгүй тохиолдолд 2007-2013 оны баримтыг шүүх боломжгүй талаарх 2015 оны 147 дугаар албан бичгүүд зэргээс үзвэл Ц нь 2007-2011 он хүртэлх газрын төлбөрийг төлсөн эсэх нь тогтоогдохгүй байна.

Хариуцагч нь “Ц”-ийн газрын төлбөр нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1-д Газрын төлбөрийн орлогыг аймаг, нийслэл, сум, дүүргийн төсөвт оруулна гэж заасны дагуу сумын төсвийн орлогод орсон эсэхийг тогтоох боломжтой атал энэ талаар шүүхэд баримт ирүүлээгүй байх бөгөөд ... Ц төлбөрөө огт төлөөгүй байхад эргэлзээтэй гэж нэхэмжлэгчид ашигтай байдлаар хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн ... гэх гомдол нь үндэслэлгүй байна.

Захиргааны байгууллагаас иргэний хувьд сөрөг үйлчлэлтэй захиргааны акт гаргахдаа түүний үндэслэлийг тодорхой тогтоосон байх шаардлагатай бөгөөд хариуцагч сумын Засаг даргаас актын үндэслэлээ нотолсон баримт буюу сумын төсвийн орлогод “Ц”-ийн газрын төлбөр орсон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлэх боломжтой байхад ирүүлээгүй, өөрөөр хэлбэл сөрөг үйлчлэлтэй захиргааны актын үндэслэлээ өөрөө нотолж чадаагүй тохиолдолд шүүх түүнийг нөхөн цуглуулах үүрэгтэй гэж үзэхээргүй байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ, Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 15 дугаар тогтоолын 1.11-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан ... мэдэгдэнэ ... гэдэг нь Засаг даргын захирамж, эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ гэж тайлбарлажээ.

Гэтэл нэхэмжлэгч “Ц”-д маргаан бүхий актыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн талаар баталгаажуулсан баримт байхгүй байх тул нэхэмжлэгчийн ... зурагтаар зар гарсны дагуу мэдсэн ... гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасан байх тул урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ. Иймд хариуцагчийн ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу гомдол гаргаагүй байхад хэрэг үүсгэсэн нь хууль зөрчсөн ... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

  Иймд хэрэгт авагдсан баримтуудыг зөв үнэлж, Газрын тухай болон Газрын төлбөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Цаашид эрх бүхий этгээдээс “Ц”-ийг 2007-2011 оны газрын төлбөрийг төлсөн эсэхийг тогтоож, Газрын төлбөрийн тухай хууль болон гэрээнд заасны дагуу төлбөрийг алдангийн хамт нөхөн төлүүлэх, зохих арга хэмжээ авахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.   Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

2.   Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ