Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 1798

 

 

Х.Бумзандангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01357 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Бумзандангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Бадамтуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 21 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Бадамтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Х.Бумзандан,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Адалбек,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Бумзандан миний бие Б.Бадамтуяатай сарын 10 хувийн хүүтэй, гэрээний үүргээ биелүүлээгүй бол алданги тооцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Үндсэн зээл 9 000 000 төгрөг ба гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алдангийг 2016 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийт 4 сарын 120 хоногт тооцсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж 21 150 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн үнийн дүнгээс 6 480 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 200 000 төгрөгийг нэхэмжлэгчийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдаагүй. 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 450 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 080 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 3 333 000 төгрөгийг тус тус хариуцагчийн данс руу шилжүүлсэн. Зээлийн гэрээг хүү, алданги тооцохыг хүлээн зөвшөөрсөн боловч энэ тухай хэрэгт ямар нэг баримт байдаггүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Б.Бадамтуяа нь X.Бумзандантай 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээнд 9 000 000 төгрөг зээлж байгаа гэж бичсэн ч 9 000 000 төгрөгийг зээлийн гэрээг байгуулсан өдөр шилжүүлж буюу бэлнээр аваагүй. Б.Бадамтуяа нь X.Бумзандантай 2 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, барьцаанд өөрийн өмчлөлийн газрыг барьцаалсан. Уг зээлээ төлж дуусгасан. 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 9 000 000 төгрөг зээлэхэд барьцаанд байгаа газар барьцаанд хэвээр байгаа гэж тусгасан. Б.Бадамтуяа нь 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 900 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 450 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1 080 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 270 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр 11-ний өдөр 3 330 000 төгрөг, нийт 6 480 000 төгрөгийг 5058169135 тоот данснаас Хаан банкны 5027152662 тоот дансанд шилжүүлсэн. Б.Бадамтуяа нь 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Х.Бумзандангийн ХААН банкны 5058169135 тоот дансанд 200 000 төгрөг шилжүүлсэн. Одоо 6 280 000 төгрөгийн үлдэгдэлтэй. Б.Бадамтуяа урьд нь зээлж авсан 2 500 000 төгрөг төлсөн тул барьцаанд өгсөн газраа буцааж авах эрхтэй. Мөн зээлийн гэрээ нь мөнгийг зээлийн гэрээ байгуулсан өдөр шилжснээр буюу хүлээн авснаар хүчин төгөлдөр байдаг. 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан өдөр шилжүүлж буюу бэлнээр аваагүй. Иймд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Б.Бадамтуяагийн өмчлөлийн Г-2204020513 тоот газрын гэрчилгээг хууль бус барьцаалбараас чөлөөлж, албадан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бүх бичиг баримт хуулийн дагуу нотариатаар баталгаажуулсан бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Бадамтуяагаас 15 612 600 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х.Бумзанданд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 537 400 төгрөг, хариуцагчийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, барьцаа хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 236 016 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 700 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Бадамтуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Б.Бадамтуяа, Х.Бумзандан нарын хооронд байгуулагдсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож Б.Бадамтуяагийн өмчлөлийн Г-2204020513 тоот газрын гэрчилгээг хууль бус барьцаалбараас чөлөөлөн албадан гаргуүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Х.Бумзандан нь хариуцагч Б.Бадамтуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21 150 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 2016 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Талууд нийт 8 удаа 6 683 000 төгрөг зээлдүүлсэн, 200 000 төгрөг төлсөн үйл баримт дээр маргаангүй тогтоогдсон байв.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 161 тоот 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгосон, хариуцагч нь зээлийн гэрээ биш гэж маргажээ.

 

Талууд өмнөх 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлдүүлсэн 2 500 000 төгрөг дээр удаа дараа нэмж 6 683 000 төгрөг зээлдүүлснээ нэгтгэн, хүү тооцож 9 000 000 төгрөгийн зээлийн гэрээг нөхөж байгуулсан бөгөөд энэ үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байна.

 

Зохигчид аман хэлцлээр байгуулсан зээлийн гэрээний үүргийг хожмоо хүлээн зөвшөөрч бичгийн хэлбэрээр байгуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцсэн талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 161 тоот зээлийн гэрээний дагуу бодитойгоор зээлдүүлсэн 6 683 000 төгрөгийн зээл, зээлийн хүү, алдангийг хариуцагчаас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчид 6 683 000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд өмнө нь цувуулж өгсөн мөнгийг тооцож 9 000 000 төгрөгт талууд зээлийн гэрээ байгуулсаныг буруутгах боломжгүй бөгөөд зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагчийн төлсөн 200 000 төгрөгийг хасч тооцож зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 6 483 000 төгрөг, хүү 7 779 600 төгрөг, алданги 1 350 000 төгрөг нийт 15 612 600 төгрөгөөр хангаж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаагүй байхад 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарахгүй гэх шүүхийн дүгнэлт зөв байх тул сөрөг нэхэмжлэлийн талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу 9 000 000 төгрөгийг зээлж аваагүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2017/01357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч Б.Бадамтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.НАРМАНДАХ

 

                                         ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                                              Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ