Шүүх | Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
Хэргийн индекс | 132/2017/00066/И |
Дугаар | 00111 |
Огноо | 2017-03-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00111
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Шардовын 3-02 тоотод оршин суух Боржигон овогт Бямбасангийн Хэт-Уул /РД:УД70101276/-ийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр багийн Тарималын 3-09 тоотод оршин суух Мэргэд овогт Дагважамцын Баасансүрэн /РД:ГИ52070811/-д холбогдох 40000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч ТОДОРХОЙЛОХ нь;
Нэхэмжлэгч Б.Хэт-Уул нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 5 дугаар сард иргэн Д.Баасансүрэнгийн эзэмшлийн Ургацын түрүү хоршооны тоног төхөөрөмж болон 96 га газрыг 95000000 төгрөгөөр худалдан авахаар түүнтэй тохиролцож худалдах, худалдан авах гэрээ амаар хийсэн. Гэрээгээр тохирсон ёсоор 40000000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэх 55000000 төгрөгийг ургац хурааж авахаар өгөх бөгөөд худалдагч тал ургац хурааж автал ургацын арчилгаа тордолгоог хийж, бүрэн мэдээллээр хангах үүрэг хүлээсэн. Д.Баасансүрэн нь уг тайлбайд химийн уринш хийж өнжүүлсэн тул ургац сайн ургана гэж тайлбарлаж байсан. 2016 оны 7 дугаар сард хор, бордоо цацуулахаар 2 ажилтнаа тайлбай руу явуулсан. Ажилтнууд маань panc гэдэг ургамал маш бага ургасан, оронд нь овъёос ургасан байна гэж мэдээлсэн. Энэ талаар лавлахаар Д.Баасансүрэнтэй утсаар ярихад ургац сайн ургаж байгаа гэж худлаа хэлж намайг төөрөгдөлд оруулсан. Мөн тэрээр одоог хүртэл надад газрын гэрчилгээг эх хувиар нь үзүүлэхгүй, тоног төхөөрөмжүүдийг өөрөө дур мэдэн ашиглаж, уринш хийсэн талбай гэж надад худал хэлж газраа зарсан, уг газар нь ургац тарих шаардлага хангаж чадахгүй байгаа зэрэг шалтгааны улмаас иргэн Б.Хэт-Уул надад 40000000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд хариуцагч Д.Баасансүрэнгээс мөнгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Баасансүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Хэт-Уулын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул 40000000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20000000 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20000000 төгрөгөөр төлж барагдуулах болно гэжээ. ҮНДЭСЛЭХ нь:
Б.Хэт-Уулын нэхэмжлэлтэй, Д.Баасансүрэнд холбогдох 40000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгтхариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 40000000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20000000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20000000 төгрөгөөр төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаарБ.Хэт-Уулын нэхэмжлэлтэй, Д.Баасансүрэнд холбогдох 40000000 /дөчин сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20000000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор 20000000 төгрөгөөр төлж барагдуулахаар хариуцагч зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357950 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 178975 /нэг зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 178975 /нэг зуун далан найман мянга есөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Хэт-Уулд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН