Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ ШЦТ/752

 

 

 

 

 

 

 

 

    2021         12          20                                   2021/ШЦТ/752

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч М.Г,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Даваа овогт Мөнхөөгийн Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2111012501219 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, охин, 2 зээгийн хамт, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 1016 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил, 4 cap, 5 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Даваа овогт М.Г

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.Г нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч М.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 20:30 цагийн үед Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хувьсгалчдын 514а тоотод хохирогч Х.Пүрэвсүрэнтэй зодолдож, Х.Пүрэвсүрэнгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч М.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би тэр өдөр 2021 оны 09 дүгээр сарын 27-ны орой20:30 цагийн үед гэртээ дүү нартай архидан согтуурсны улмаас тэдгээртэй маргалдан муудалцаж байсан. Тэгээд дүү Пүрэвсүрэнг заазуураар цохиж аваад гэмтээсэн. ...миний буруу ямар нэгэн хариуцлага тооцуулахад бэлэн байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 52х/,

- хохирогч Х.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр бид нар дахиад гэрт нь архи дарс ууцгаасан. Тэгээд шөнө нь ах бид хоёр хэрүүл маргаан болоод, маргаан нь зодоон болсон. Тэгээд хажуу айлын хүмүүс цагдаад дуудлага өгөөд бид нарын зодоон нэлээн ширүүн болсон байсан тул тэд нар 103-луу эмч дуудаж үзүүлж байсан. Эмч бид нарын гэмтлийн эмнэлэгт аваачиж үзүүлээд намайг хэвтүүлж эмчилгээ хийлгэж байсан юм. ...Бид архи хэтрүүлэн хэрэглэсэн учраас хоорондоо үл ойлголцож, хэрүүл маргаан болсон байсан. ..миний толгойн арын дагз хэсэгт заазуураар цохиж авсан байна лээ, түүнийг нь манай найз эмэгтэй бид хоёрын дундуур ороод салгасан гэсэн. ...Надад одоо ахдаа ямар нэгэн гомдол санал байхгүй, ах бид хоёр хоорондоо учраа олоод эвлэрсэн байгаа, түүнээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 18х/,

- гэрч И.Отгонцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай охин над руу залгаад хашааны хүмүүс архидаад, зодолдоод байна гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд шууд гэртээ ирсэн чинь цагдаа болон 103 ирээд үзэж байсан. ...тэр айлд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. ...Шараа нь нүүр ам нь нэлээн цус болсон байсан. Мөн Шараа гэгчийн дүү нь нүүр ам, толгой тархи нь нэлээн цус болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22х/,

- гэрч П.Эрдэнэсувдын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр хамтран амьдрагч Хүүхээ овогтой Пүрэвсүрэнтэй энд ирсэн тэгээд хоносон. ...Энэ айл нь манай найз залуугийн төрсөн ах болох М.Гын гэр нь юм. бид нар өнөөдөр нэлээн ихээр архи дарс ууцгаасан. Тэгж байтал би унтлаа гээд газар ор засаад найзынхаа хамт хэвтэж байсан чинь ах нь гэх Шараа нь нэг мэдсэн чинь харилцан зодолдсон. Тэгээд гартаа ногоон иштэй заазуур барьчихсан байсан. ...Шараа гэгч нь ямар ч байсан миний харснаар 3-4 удаа заазуураар цохиж байсан, би салгаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/,

- шүүх эмнэлгийн шинжилгээний 9377 дугаартай ‘Х.Пүрэвсүрэнгийн биед дагзны хуйханд шарх, дээд уруулд шарх, зулгаралт, баруун бугуйнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 44-45х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Г архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Х.Пүрэвсүрэнтэй архидан согтуурах явцдаа хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд тохирох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Даваа овогт М.Гт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Гыг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Гт оногдуулсан 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

 4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

 5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Гт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ