Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00112

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар Ж.Ганболдын нэхэмжлэлтэй, Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт бүхий 132/2017/00101/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч: 1981 онд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст улсын бүртгэгч, Булган аймгийн Булган сумын 5 дугаар баг Жаргалант 18 дугаар байр 2-22 тоотод оршин суух Шандас овогт Жадамбагийн Ганболд /РД:ГЭ81100517/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Ж.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Д.Бямбасүрэн бид хоёр хамт ажилладаг байсан ба тэр 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1250000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай зээлсэн. Гэтэл Д.Бямбасүрэн нь 2016 оны 12 дугаар сарын сүүлээр ажлаасаа гарч, 2017 оны 01 сард тушаал нь гарсан. Ажлаасаа гараад хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон, Булган аймагт байдаг хаягаар нь очихоор байдаггүй, 99896763 дугаар утас нь холбогдох боломжгүй болсон. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр facebook chat-r холбогдоход Солонгост байна гэж хэлсэн. Гэхдээ Солонгос яваагүй, Улаанбаатар хотод байгаа сурагтай байгаа. Гэр бүлийн хүн нь Солонгос улсад байдаг. Ээж нь Булган аймгийн Могод суманд байдаг сурагтай. Энд байдаг хашаа байшингаа зараад явсан. Д.Бямбасүрэн нь одоо Булган аймагт байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Ганболд нь Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дагвадоржийн Бямбасүрэн нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар баг 6д хэсгийн 3-5 тоотод оршин суух хаягтай боловч энэ хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Дагвадоржийн Бямбасүрэн /РД:ГЮ89040809, утас 99896763/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.Бямбасүрэнг эрэн сурвалжлах ажиллагааг Булган аймгийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН