Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 


 

 

 

 

 

 

 

   2022           01           06                                    2022/ШЦТ/32

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч Г.Онон

хохирогч С.Л-

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2105020241888 дугаартай эрүүгийн  хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,   оны  дугаар сарын -нд Говь-Алтай аймагт төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн  дугаар хороо,  тоотод оршин суудаг, урьд нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 479 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн, /РД: / *******.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны  тоотод хохирогч С.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Учруулсан хохирлоо нөхөн төлнө.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Л- “Тухайн өдөр би нагац ах Бадарчийн гэрт  очоод ариун цэврийн өрөөг нь янзалчхаад явах гэж байхад ******* гаднаас орж ирсэн. Би урьд өмнө нь ******* харж байсан. Бум-Эрдэнэ нилээн согтуу байсан. Тэгтэл гэнэт над руу уурлаад дайраад байсан. Бид хоёрыг Бадарч ах салгасан. Миний биед учирсан гэмтлээс болж ажилдаа 11 хоног яваагүй. Би цайны газарт бэлтгэгчээр ажилладаг байсан. Ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Би өдрийн 40.000 төгрөгөөр ажилладаг. Мөн миний гар утсыг унагаасан болохоор 30.000 төгрөгөөр засуулсан. Эмчилгээнд 50.000 төгрөг зарцуулж нийтдээ 525.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

 

I. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Скай” төвд оршин суух хаягтай Сүхбаатарын Лхагвасүрэнгээс гаргасан 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо 65 дугаар байрны 88 тоотод зүс таних хүн намайг зодсон...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 07 дахь тал)

 

II.  Хохирогч С.Л- мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хамаатны ах Бадарчийн гэр буюу Баянгол дүүргийн 7 дугаар хороо 65-88 тоотод очиж гэрийнх нь засварын ажлыг хийж өгчхөөд тэндээ хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн өглөө Бадарч ах манай гэрийн ажлыг сайн хийж өгсөн гээд надад 200 грамм архи өгсөн. Би тэрийгээ тэндээ уугаад явах гэж байтал гаднаас Бумаа гэх нэртэй залуу орж ирээд чи манай ахынд ирдэг юу юм гэж хэлээд намайг цохисон. Намайг цохихдоо толгой болон нүүрний хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би зугтаагаад ариун цэврийн өрөө рүү ороод гар утсаараа цагдаад дуудлага өгөх гэтэл миний гар утас руу цохиод миний гар утсыг суултуур руу унагасан. Миний “самсунг” (Samsung) маркийн гар утсыг ус руу унагаад эвдсэн. Манай ах Бадарч чи яв гэхэд би явахгүй намайг ална гээд дайраад байсан. Тэр үед Бадарч ах авч гараад тайвшруулаад гаргасан. Би нуугдаж явж байгаад цагдаад ирж өргөдөл өгсөн. Би өмнө нь Бадарч ахын гэрт ирэх дээ ганц нэг удаа харж байсан. Тэрнээс тухайн хүний талаар өөр зүйл мэдэхгүй. Тэр хүний гэрийг манай хамаатны ах Бадарч мэддэг гэж байсан. Ямар шалтгааны улмаас намайг зодсон болохыг мэдэхгүй байна. Миний толгой хэсэг рүү 15-16 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)

 

III. Гэрч Б.Б- мөрдөн байцаалтанд “Манай эгчийн хүү болох Лхагвасүрэн нь манай гэрээр ирж намайг эргэж тойрч гэрт юм хийж өгдөг юм аа. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 0 дүгээр сарын 27-ны өдөр манай дүү Лхагвасүрэн манай гэрт ирээд ариун цэврийн өрөөний таазыг янзалж өгөөд хоноод явсан. Тэгээд өнөөдөр буюу 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр явах гэж байхаар нь би юм хийж өгсөн юм чинь гээд 200 грамм архи өгсөн. Тэгээд байж байтал манай хаалгыг хүн тогших шиг болоод хартал манай хажууд талын 105 дугаар байрны Бумаа гэх залуу байсан. Тухайн залуу нь өмнө нь надаас мөнгө зээлж байсан болохоор би мөнгөө өгөх гэж байгаа юм байна гэж бодоод онгойлгосон. Тэгтэл орж ирээд манай дүү Лхагвасүрэнг цохисон. Манай дүү Лхагвасүрэнг тухайн Бумаа гэх залуу нь толгой хэсэг рүү нь олон удаа цохисон. Би салгах гэж араас нь тэвэрсэн боловч дийлээгүй. Тэгээд би дийлэхгүй болохоор нь би Бумааг аргадаж байгаад гаргасан. Би Бумаагийн бүтэн нэрийг нь мэдэхгүй. Манай хажууд талын 105 дугаар байрны 17 тоотод байдаг.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал)

 

       IV. Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр гэрээсээ буюу Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар байрны 17 тоотоос зэргэлдээ байрлах 65 дугаар байр руу Бадарч гэх хүний гэр рүү орсон. Би тэдний гэрт 16 цагийн үед орсон ба намайг орох үед Бадарч ах Лхагваа гэх хамаатныхаа хамтаар байсан. Тэгтэл Лхагваа гэх хүн нь над руу чи яагаад манай ахын гэрт орж ирж байгаа юм би чамайг мэдэхгүй юм байна шүү хоёулаа гараад үзчихье гэсэн. Тэгэхээр нь би зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон. Тэгтэл Бадарч ах намайг чи хаячих Лхагваа угаасаа архи уухаараа тэгдэг юм гэж хэлсэн. Би тэгээд гараад явсан ба дахиж гэр рүү нь ороогүй. Бадарч ахын гэр рүү орохоос өмнө би гадаа 2.5 литрийн Нийслэл гэх нэртэй пиво уучхаад орсон. Намайг цохисны дараа Лхагваа нь гар утсаа барьчихсан би чамайг хүн дуудаж алуулна гэж байсан. Би Лхагвааг нийтдээ 2-3 удаа цохисон Лхагваа нь намайг цохиж зодсон асуудал байхгүй. Бид хоёрыг маргалдаж байх үед Бадарч ах хажууд байсан ба өөр хэн нэгэн байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дахь тал)

 

V. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9310 дугаартай “С.Л-гийн биед зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөнд эдийн няцрал, цээжинд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, шанаа, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал)

 

VI. “Гранд Тайж” ХХК-ийн “...С.Л-г 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд эрүүл мэндийн шалтгааны улмаас ажилдаа ирээгүй...” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал)

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дэх тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны 88 тоотод хохирогч С.Л-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн ******* “...би зүүн талын шанаа хэсэг рүү нь нэг удаа хүзүү хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дахь тал), хохирогч С.Л-гийн “...Бумаа гэх нэртэй залуу орж ирээд чи манай ахынд ирдэг юу юм гэж хэлээд намайг цохисон. Намайг цохих доо толгой болон нүүрний хэсэг рүү олон удаа цохисон. Тэгээд би зугтаагаад ариун цэврийн өрөө рүү ороод гар утсаараа цагдаад дуудлага өгөх гэтэл миний гар утас руу цохиод миний гар утсыг суултуур руу унагасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал), гэрч Б.Б-ийн “...Тэгтэл орж ирээд манай дүү Лхагвасүрэнг цохисон. Манай дүү Лхагвасүрэнг тухайн Бумаа гэх залуу нь толгой хэсэг рүү нь олон удаа цохисон. Би салгах гэж араас нь тэвэрсэн боловч дийлээгүй. Тэгээд би дийлэхгүй болохоор нь би Бумааг аргадаж байгаад гаргасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 9310 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал), “Гранд Тайж” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 32 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч ******* “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрч оролцов. 

 

          Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

          Шүүгдэгч ******* нь хохирогч С.Л-гийн толгой хэсэг рүү олон удаа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч С.Л-гийн эрүүл мэндэд зүүн хацар, шанаанд цус хуралт, зөөлөнд эдийн няцрал, цээжинд цус хуралт, зүүн чамархайн хуйх, зүүн хацар, шанаа, дух, хүзүүнд зулгаралт гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд ******* нь өөрийн үйлдлийг нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохирол зориуд хүргэсэн байна. 

 

******* нь хохирогч С.Л-г “чи манай ахынд ирдэг юу юм гэж” шалтагласны улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

 

 

 

Хохирол хор уршгийн тухай:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

  

Хохирогч С.Л- нь шүүхийн хэлэлцүүлэгт 525.000 төгрөгийг шүүгдэгч *******эс нэхэмжилсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлс 440.000 төгрөгийг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс гаргуулж хохирогч С.Л-д олгох нь зүйтэй.

 

Харин гар утасны засварын төлбөр 30.000 төгрөг, эмчилгээнд зарцуулсан 50.000 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй үндэслэлээр шүүх хэлэлцэхгүй орхив. Энэ талаарх болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох болон энэ хэрэгт хамааралтай бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон байх, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

        Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 400 дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргалаа.

 

         Шүүгдэгч  *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно. 

 

          ******* холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялын сонгомол санкцитай.

 

          Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд нь шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан атлаа дүгнэлт хийхгүй дахин гэмт хэрэг үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн улсын яллагчаас гаргасан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналыг хүлээн аваагүй болно.

          Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Шүүхээс ******* зорчих эрхийг түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******д анхааруулах нь зүйтэй байна.

         

          Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

 

          Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.4.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

          1. ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэсүгэй.

 

3. ******* зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг *******д анхааруулсугай.

 

        5. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурьдсугай.

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 440.000 төгрөг гаргуулж хохирогч С.Л-д олгосугай.

 

        7. Хохирогчийн нэхэмжлэлээс 80.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, С.Л- цаашид гаргах эмчилгээтэй холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******эс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 

 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ