Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00115

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар  Д.Чимгээгийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00087/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд;

Нэхэмжлэгч: 1962 онд төрсөн, 55 настай, бага боловсролтой, Булган аймгийн Бүрэгхангай сумын 12 жилийн сургуульд тогооч, Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр багт оршин суух Өрлүүд овогт Дашдаваагийн Чимгээ /:ГВ62061408/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимгээ шүүхэд эл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Бүрэгхангай Хөдөлмөр нэгдлийн сүү тосны заводод сүү машиндагчаар, 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Бүрэгхангай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус сумын сургууль руу шилжсэн. Цэцэрлэг сургууль хамт байсан учраас 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс цэцэрлэгт туслах тогоочоор ажиллаж байгаад 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сургуульд үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул дээрх онуудад улсад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Чимгээ нь 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Бүрэгхангай Хөдөлмөр нэгдлийн сүү тосны заводод сүү машиндагчаар, 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал Бүрэгхангай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд үйлчлэгчээр, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Бүрэгхангай сумын 8 жилийн дунд сургуульд /цэцэрлэгт/ туслах тогоочоор, 1992 оноос 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сургуульд үйлчлэгчээр байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, 1980 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Д.Чимгээгийн нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 31, 2017 оны 01 дүгээр сарын 13- өдрийн 28 дугаартай лавлагаа, Булган аймгийн Бүрэгхангай сумын архиваас гаргасан цалингийн түүвэр, Булган аймгийн Бүрэгхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 03б дугаартай шагнах тухай тушаал, тушаалын хавсралт, Бүрэгхангай сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10Б дугаар багш, ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1992 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 28 дугаар Ажлаас чөлөөлж, ажилд авах тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаар багш, ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1989 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаар Ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Цалингийн нэмэгдэл чөлөө олгох тухай тушаал, 1994 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар Ажилтан авч ажиллуулах тухай тушаал, ухайн үед Д.Сарангэрэлтэй хамт ажиллаж байсан гэрч Ж.Ганбатын өгсөн ..Би 1973 оноос 1982 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын Хөдөлмөр нэгдлийн сүү тосны заводод тос цохигчоор, 1982 оноос 1992 он хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан. Д.Чимгээ нь 1977 оноос 1987 он хүртэл сүү тосны заводод сүү машиндагчаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Ж.Одонтунгалагийн өгсөн ..Би 1984 оноос 2015 он хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын сургуульд дотуур байрны жижүүр, үйлчлэгчээр ажиллаж байсан. Д.Чимгээ нь тус сргуульд 1988 оноос 1992 он хүртэл цэцэрлэгт туслах тогооч, 1992 оноос 1994 оныг дуустал үйлчлэгчээр ажиллаж байсан. Одоо тус сургуульд тогоочоор ажиллаж байгаа гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Өрлүүд овогт Дашдаваагийн Чимгээг Бүрэгхангай Хөдөлмөр нэгдэлд сүү тосны заводод 1977 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл сүү машиндагчаар 10 /арав/ жил 5/ тав/ сар 27 /хорин долоо/ хоног, 1987 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Бүрэгхангай сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаанд цэвэрлэгчээр 11 /арван нэг/ сар, 3 /гурав/ хоног, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Бүрэгхангай сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогооч, үйлчлэгчээр 6 /зургаа/ жил 3 /гурав/ сар улсад нийт 17 /арван долоо/ жил 8 /найм/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН