Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

                                                                                                                                                                       

 

 

 

 

 

 

 

   2022          01           04                                             2022/ШЦТ/23      

 

 

                       

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул  хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

шүүгдэгч *******- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******- холбогдох эрүүгийн  2105000001285 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, оны дүгээр сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, дээд боловсролтой, замчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн  дүгээр хороо, Консулын  дугаар гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:/, *******-.

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *******- нь 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х2” гэх нэртэй пабад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Н.О- эзэмшлийн лангууны хаалт болон нөүтбүүк зэргийг эвдэж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******- “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

 

 

 

 

 

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас:

“*******- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х2” гэх нэртэй пабад агсам тавьж хохирогч Н.О- эзэмшлийн лангууны хаалт болон нөүтбүүк зэргийг эвдэлж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримт нь дараах байдлаар нотлогдон тогтоогджээ.

 

I. Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.О- мөрдөн байцаалтанд “Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо Төв гандан хийдийн хойд талын автобусны буудлын чанх урд талд “Х2” нэртэй зоогийн газрыг 2003 оноос хойш одоог хүртэл ажиллуулж байгаа юм. 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 19 цаг өнгөрчихсөн байхад би гал тогооны өрөөндөө байж байтал түс тас хийсэн чимээ гарахаар нь хоолны заал руу гарсан чинь захиалга хүлээн авах тек буюу тавиур ширээн дээр байсан захиалга хүлээн авах, е-баримт гаргадаг дэлгэц, процессор нь цуг байдаг компьютер болон халдвараас сэргийлэх хаалт зэрэг газар уначихсан, халзан толгойтой ахимаг насны архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эрэгтэй хүн агсарч бармен руу дайраад байсан. Юу болсон бэ гэсэн чинь миний гар утсыг өг гээд агсраад байсан. Газар унасан байсан компьютер болон халдвараас сэргийлэх хаалт зэргийг босгосон чинь хоёулаа хагарчихсан дахин ашиглах боломжгүй болсон байсан. Ингээд хяналтын камерыг шүүж үзсэн чинь халзан толгойтой ахимаг насны эрэгтэй хүн бармен дээр ирээд шууд халдвараас хамгаалах хаалт руу гараараа цохисон чинь хажууд нь байсан компьютер газар хамт унаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Эвдэрсэн эд зүйл гэвэл Dell Core i5 /7 gen/ загварын хар өнгөтэй компьютер, уг компьютер нь дэлгэцдээ бүх зүйл нь байдаг, мэдрэгчтэй дэлгэцтэй юм. Халдвараас сэргийлэх хаалт доод хэсгээрээ хагарч хугарсан байна. Эд зүйлийн үнэлгээг гаргасан чинь Dell Core i5 /7th gen/ загварын хар өнгөтэй компьютер 2.030.000 төгрөг, хаалт 120.000 төгрөгийн үнэтэй гарсан бөгөөд үнэлгээ хийлгэхэд 40.000 төгрөг нийт 2.190.000 төгрөгийн хохирол учирсан тул буруутай хүнээс хохирлыг нэхэмжилж байна” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 11-12 дахь тал)

 

II. Гэрч Б.А- мөрдөн байцаалтанд “2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр би паб дээрээ байж байтал 17 цаг өнгөрөөгөөд нэг согтуу ах орж ирсэн. Тэгээд тэр ах үүдний ширээн дээр сууж байгаад унтаад өгсөн. Тэгээд унтаж байснаа сэрээд өөр ширээн дээр байгаа хүмүүс рүү очоод агсараад байсан. Тэгэхээр нь би очоод ахаа та зүгээр сууж байгаад гараарай гэсэн чинь үүдний ширээн дээр буцаж очиж сууснаа чи юу гээд байгаа юм гээд ширээ цохиод байсан. Тэгээд байж байсан чинь тэр ах орж ирсэн гурван хүн дээр очиж хамт сууснаа тэр гурван хүнээс миний гар утас хаана байна гээд нэхээд байсан. Тэгээд нөгөө 3 хүн нь юу яриад байгаа юм бэ гэсэн чинь тэр согтуу ах агсан тавиад байсан. Тэгэхээр нь би очоод дахиад тэр ахад шаардлага  тавьсан чинь миний шаардлагыг хүлээж авахгүй байхаар нь би нөгөө 3 хүнийг өөр ширээ рүү суулгасан. Тэгээд байж байсан чинь хэсэг хугацааны дараа нөгөө согтуу ах над дээр ирээд 2 пиво авъя гээд 2 пиво авснаа нөгөө 3 хүнд аваачиж өгсөн. Тэгээд тэр 3 хүн явах гэсэн чинь нөгөө ах чинь явуулахгүй гээд тэр 3 дээр очсон тэгсэн чинь тэр 3 хүний нэг болох нэг эмэгтэй тэр согтуу ахыг түлхсэн чинь согтуу ах газар уначихсан. Тэгэхээр нь би тэр ахыг очоод босгосон чинь тэр босоод над дээр тэкэн дээр ирснээ миний утас хаана байна гээд надаас нэхээд байсан тэгэхээр нь би яаж мэдэх юм бэ ахаа гэсэн чинь манай тэкний хаалтыг цохисон чинь тэр хаалт болон урд нь байсан нөүтбүүк унаж эвдэрсэн. Тэгээд би би цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал )

           

      III. Яллагдагчаар *******- мөрдөн байцаалтанд “Би 2021  оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Н.О- эзэмшлийн Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Х2 нэртэй пабд агсан тавьж лангууны хаалт болон нөүтбүүк зэргийг эвдэж 2.150.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гадуур архи ууж байгаад Баянгол дүүргийн 16 дугаар хорооны хойд талын автобусны буудлын тэнд байдаг “Х2” нэртэй хоолны газарт орж хуушуур идсэн юм. Энэ үед танил Лхагваа гэж дууддаг залуу нь хэсэг хүмүүсийн хамт гаднаас орж ирсэн бөгөөд харин би архи уусандаа согтоод унтаад байсан нэг мэдсэн чинь гар утас алга болчихсон байхаар нь цагдаа дуудаад өгчих гэх мэтээр текэн дээр сууж байсан эмэгтэй дээр очсон чинь миний үгийг хүлээж авахгүй байхаар нь нэг удаа хаалт руу нь гараараа цохчихсон чинь юмнууд нь тар няр гээд доош унасан. Ингээд цагдаа нар ирээд намайг авчирч эрүүлжүүлэх байранд оруулсан. Би хохирлыг огт төлөөгүй. Надад эрхэлсэн ажил байхгүй учраас төлж чадахгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал)

 

IV. Кости Эстимэйт ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “Dell Core i5 /7th gen/ гэх нэртэй компьютер 2.030.000 төгрөг, шилэн хаалт 120.000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-25 дахь тал) зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

V. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 37 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 39 дахь тал)

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Нэг. Гэмт хэргийн үйл баримтын талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эрх зүйн дүгнэлт:

 

            Шүүгдэгч *******- нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас 2.150.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Ш.Дамдингомбыг “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ш.Дамдингомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд шүүх тооцов.

 

-Хохирол хор уршгийн тухай:

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

Гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд учруулсан нийт 2.150.000 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ос 2.150.000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.О-т олгох нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар

Эрүүгийн хариуцлагын тухайд шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан  хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

 

Ш.Д- холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялын сонгомол санкцтай.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Нийтэд тустай ажил хийлгэх ялыг…жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй.” гэж заасан байх тул хувийн байдлын  61 настай шүүгдэгч *******-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах хууль зүйн боломжгүй, мөн тодорхой орлогогүй түүнд торгуулийн ял оногдуулах нь зохимжгүй юм.

 

         Иймд шүүгдэгч Ш.Дамдингомбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.

 

Зорчих эрхийг хязгаарлах ялыг Ш.Д- оршин суудаг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болон түүний заримдаа садан төрлийндөө амьдардаг гэх нөхцөл байдлыг харгалзаж Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

         1. *******-Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

 

         2. Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Ш.Д- зорчих эрхийг шүүхээс түүний оршин суудаг Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах  ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах  ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулсугай.

        5. Шүүгдэгч *******- энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдсугай.  

 

        6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ос нийт 2.150.000 төгрөг гаргуулж хохирогч Н.О-т олгосугай.

        7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

        

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

   

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ