Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00116

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1967 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, Булган аймгийн Могод сумын 2 дугаар багт оршин суух, Мөнгөн овогт Дашнямын Нарангэрэл /РД:ГЕ67042205/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/00092/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга С.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1985 оноос 1993 оныг дуустал малчнаар ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа гаргуулж, бусад нотлох баримтыг хавсаргалаа. Иймд миний дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.

Одоо шинээр гаргаж өгөх нотлох баримт, санал хүсэлт байхгүй. Манайх Орхон суманд хөдөө мал маллаж амьдардаг ба энэ жил цас ихтэй нааш, цааш явахад хүндрэлтэй байгаа тул намайг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №01 дугаартай лавлагаа, 1985 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч В.Ичинхорлоо, Ж.Бадарч нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Мөнгөн овогт Дашнямын Нарангэрэлийг Булган аймгийн Могод сумын Оч нэгдэлд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар нийт 8 /найм/ жил 4 /дөрөв/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН