Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0501/З |
Дугаар | 720 |
Огноо | 2019-10-23 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 10 сарын 23 өдөр
Дугаар 720
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.о даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: “ЭБС” ХХК
Хариуцагч: Оюуны өмчийн газар Хяналтын улсын байцаагч Д.б
Гомдлын шаардлага: “Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийигэлийн хуудсаар “ЭБС” ХХК-нд оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах”–ыг хүссэн гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.з, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ч.о, хариуцагч Д.б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.а нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гомдол гаргагч “ЭБС” ХХК-ийн гүйцэтгэх захирал С. ХХК-д холбогдох ******* дугаартай Зөрчлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.- нийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаартай шийтгэлийн хуудсаар “ЭБС” ХХК-д 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулахдаа хуулийн ямар зүйл заалтаар буруутган шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлийг тодорхойлоогүй, хэргийн оролцогчдын мэдүүлэг, нотлох баримтын зөрүүтэй, эргэлзээтэй байдлыг нэг мөр эцэслэн шийдвэрлээгүй, мөн Иргэний хуулиар шийдвэрлэгдэх асуудлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж шийдвэрлэж шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа тул хэргийг шүүхийн журмаар хянуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Иргэний хуулийн дагуу гэрээний эрх зүйн харилцаагаар зохицуулагдах асуудлыг Зөрчлийн хэрэг нээн харьяалал зөрчиж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ”ЭБС” ХХК нь “*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 дугаар албан бичгээр “...бидний хооронд телевизийн суваг дамжуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа боловч уг гэрээний нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй байгаа тул 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлах хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн байдаг. Энэ нь тухайн гэрээний нөхцөлийг шинэчлэн тогтоох агуулгатай бөгөөд уг гэрээний нөхцөлөөр цаашид үргэжлүүлэх боломжгүй байгааг дурдсан гэрээний нэг талын санал байна. “ЭБС” ХХК нь уг албан бичгийг хүлээн авснаас хойш албан бичгээр 9 удаа, биечлэн уулзалтыг 4-5 удаа хийж гэрээний хугацаа, гэрээний нөхцөлийн талаарх гаргасан олон удаагийн саналд хариу ирүүлээгүй эс үйлдэхүй байсан боловч “*******” ХХК-ийн удирдлага болон Техникийн газрын захирлууд зөвшөөрч тус компаниудын хооронд телевизийн суваг дамжуулах шилэн кабелын татсан. Энэхүү шилэн кабелын нэг үзүүр нь “*******” ХХК-ийн байранд, нөгөө үзүүр нь “ЭБС” ХХК-ийн байрны серверийн өрөөнд холбогдсон байгаа бөгөөд тухайн холболтыг хэн аль нь салгах боломжтой талаар 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19/199 дугаар шинжээчийн дүгнэлт тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл “*******” ХХК нь өөрийн тусгай хамгаалалттай объектод нэвтрүүлж, телевизийн төв байрны серверт шилэн кабель татаж дур мэдэн холболт хийхгүй нь ойлгомжтой. Түүнчлэн “*******” ХХК нь өөрийн “*******” телевизийн нэвтрүүлгийн MNBC кабелын сувгаар дамжуулахыг хүсэхгүй байгаа бол өөрөө тус кабелийг салгах бүрэн боломжтой нь талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт зэргээс харагдаж байгаа болно. Гэтэл гэрээ байгуулах саналд хариу өгөөгүй ч үйлдэлээр хүлээн зөвшөөрч холболт хийлгэсэн, холболтыг салгах үйлдэл гаргаагүй нэвтрүүлгийг дамжуулж байгаа атлаа зөрчлийн хэрэг нээлгэн шалгуулж хэрэг үүрүүлж байгаа нь үндэслэлгүй юм.
Иргэний хуулийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл” гэнэ. Хүчин төгөлдөр хэлцлийн үр дүнд “ЭБС” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд “шилэн кабел” татаж холболт хийгдсэн байдаг.
Мөн “*******” ХХК-наас талуудын хооронд байгуулсан гэрээг 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс тасалбар болгохоор албан бичиг хүргүүлсэн байх боловч 2014 оны 08 дугаар сард тухайн гэрээний үүргийг үргэлжлүүлэхийг хүлээн зөвшөөрч өөрийн төв байрны серверт шилэн кабелын холболтыг хийж ******* телевизийн сувгийг MNBC-ийн кабелын шугамаар 2019 он гартал ямар нэг татгалзалгүйгээр дамжуулж буй бодит үйлдэл нь уг хэлцлийг хүчин төгөлдөр болохыг илэрхийлж байгаа болно.
Иргэний хуулийн 196.1.5-т “нүүр тулан амаар гаргасан хүсэлтийг тэр даруй зөвшөөрсөн хариу өгсөн”, 196.2-т “ажил төрлийн холбоо бүхий этгээдээс тухайн төрлийн үйл ажиллагаа гүйцэтгүүлэх тухай саналыг хүлээн авсан бол ердийн боломжит хугацааны дотор хариу явуулах үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй бол түүнийг гэрээ байгуулахаар дуугүй хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” мөн гэрээ байгуулах саналыг хүлээн авч зөвшөөрсөнөөр ямар нэгэн бодит үйлдэл, үр дагавар бий болгосон бол энэхүү харилцаа нь Иргэний хуулийн 15 дугаар бүлэгт хамаарах Гэрээний эрх зүйн харилцаанд хамаарна гэж заасан. Иймд дээрх 2 компанийн хооронд үүссэн харилцаа нь цэвэр Иргэний хуулийн дагуу Гэрээний эрх зүйн харилцаа байтал талууд гэрээ байгуулаагүй байна гэж тайлбарлан Зөрчлийн тухай хуулийн дагуу 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулах нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хоёр: Эрх бүхий албан тушаалтны 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дүгээр шийтгэлийн актад Зохиогчийн эрхийн тухай хуулийн яг зүйл, заалтыг зөрчсөн үндэслэлийг тодорхойлохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Улсын байцаагчийн 2019 оны 06 сарын 04-ний өдрийн 07 дугаар “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл”-д ...одоогоор *******ийн эфирийг ЭБС ХХК ямар нэг гэрээ байгуулахгүйгээр дамжуулж байна. Энэ нь Монгол улсын Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлтэй байна” гэжээ.
Зөрчлийн тухай хуулийн 3.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3-т “...зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх”-ийг шалган тогтоож үндэслэл журмын заасан байдаг. Гэтэл шийтгэл ногдуулах үндэслэл журмыг заалгүйгээр, зөрчлийг шалган шийдвэрлэх нотлох баримтыг нэг мөр шалган тогтоогоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.
Шийтгэлийн үндэслэл хэсэгт:
Хоёр компанийн хооронд гэрээ байгуулсан боловч 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 тоот албан бичгээр “ЭБС” ХХК-нд хүргүүлсэн байна гэж дүгнэж байгаа боловч гэрээний хугацаа 2014 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусч байгаа болон гэрээний шинэ нөхцөлөөр гэрээ байгуулах санал ирүүлсэнд тус тус дүгнэлт хийгээгүй. Мөн ЭБС ХХК нь гэрээний шинэ нөхцөлийн талаарх саналыг албан бичгээр жил бүр удаа дараа хүргүүлсэн байхад “*******” ХХК нь татгалзсан, эсвэл зөвшөөрсөн талаар ямар нэгэн хариу өгөөгүй байгаа зэрэгт тус тус дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Түүнчлэн холбогдогчийн мэдүүлэгт “*******” ХХК –ийн дэд захирал Б*******этэй уулзаж гэрээ байгуулах талаар ярилцахад зөвшөөрсөн гэж мэдүүлсэн байдаг бөгөөд энэ талаарх асуудлыг тодруулаагүй. Өөрөөр хэлбэл тухайн хэргийн үнэн зөвийг шийдвэрлэхийн тулд тухайн асуудалтай холбоотой хүнийг гэрчээр байцааж нотлох үүрэгтэй бөгөөд түүнд хууль сануулж байцаалт авна гэж заасан байдаг.
Тухайн компанийн дэд захирал Б нь зөвшөөрөл өгч гэрээний саналыг хүлээн авсан тухайгаа хэлсэн байдаг бөгөөд түүнчлэн 2014 онд хоёр компанийн хооронд шилэн кабелын шугам холбохыг хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүртэл тус кабелаар нэвтрүүлгээ цацсаар байдаг. Гэтэл улсын байцаагч нь Бат-Эрднээс гэрчийн мэдүүлэг авалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мөн зөвхөн 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 тоот албан бичгээр “ЭБС” ХХК-нд гэрээ цуцлах тухай албан бичиг хүргүүлсэн байна гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Шинжээч С.у*******ын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 19/199 дугаар дүгнэлтэнд: “тус 2 компанийг холбосон, телевизийн эфирийг дамжуулдаг шилэн кабелын шугам байдаг бөгөөд хоёр тал ямар зардал хүндрэл гаргалгүйгээр уг шугамыг салгах боломжтой гэж тусгасан. Дээрх шилэн кабелийг салгахад зөвхөн тус 2 компанийн хоорондох шугам сална” гэж заасан байхад шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлаагүй зөрүүтэй дүгнэлт хийсэн. Учир нь хохирогч мэдүүлэгтээ: “...2 компанийн хооронд кабелын шугам татсан байгааг мэдэж байгаа,...энэ шугамыг салгачихвал манай телевизийн эфирийг дамжуулж чадахаа болино,...манайх кабелын шугамыг салгах боломжгүй...” гэсэн байдаг. Хохирогч илтэд худал мэдүүлсэн, тухайн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлттэй зөрүүтэй байсаар байхад энэ талаарх зөрүүтэй ойлголтыг нягталж эцэслээгүй. Мөн шинжээчийн дүгнэтэнд: “*******” ХХК нь өөрийн нэтрүүлгийн МNВС кабелын шугамаар дамжуулахгүй, цаашид гэрээ байлахгүй гэж үзэж байгаа бол энэ тухайгаа мэдэгдэж холболтыг шууд салгах боломжтой” гэдгийг тусгажээ. Гэтэл улсын байцаагч нь талуудын хэн алинд нь олгосон үүрэг байхад зөвхөн “ЭБС” ХХК нь л тус кабелын шугамыг салгах ёстой гэдэг байр сууринаас хандаж буруутган шийдвэрлэж байгаа нь хэт нэг талын байр суурийг илэрхийлсэн хууль зүйн үндэслэлгүй шийдвэр байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02/712 дугаар албан бичигт талууд гэрээ хийсэн байхаар тусгасан байдаг. Энэхүү үүрэг нь талуудын хоёуланд нь ижил тэнцүү хамаарах заалт юм. Гэтэл хэргийн бодит нөхцөл байдалд ******* ХХК нь ЭБС ХХК-ийн гэрээний нөхцөлд албан бичгээр хариу өгөөгүй боловч 2014 онд шилэн кабелын шугамын холболт татахыг хүлээн зөвшөөрч өнөөдрийг хүртэл салахгүй байгаа үйлдэлд дүгнэлт хийгээгүй. Гэсэн атлаа улсын байцаагч нь талууд гэрээ байгуулах ёстой, гэрээ байгуулаагүй байгаа нь зөвхөн “ЭБС” ХХК-ийн буруутай үйлдэл юм гэж өрөөсгөл дүгнэлт хийж шийтгэл ногдуулсан.
Зохиогчийн эрхийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул 5.000.000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулж байна гэх боловч Хуулийн яг ямар заалт зөрчсөн, ямар үндэслэл журмын дагуу шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл “ЭБС” ХХК-ийн яг үйлдэл нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн аль зүйл заалтыг зөрчиж “*******” ХХК-ийн хууль ёсны ямар эрх ашгийг хөндсөн, тус хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг яаж сэргэхээр байгаагийн хууль зүйн үндэслэлийг заагаагүйгээр шууд буруутган шийдвэрлэсэн байна.
Иймд Улсын байцаагч Д.б нь Зөрчил шалган шийдвэрлэхдээ талуудын хэргийн оролцогчдын мэдүүлэг, нотлох баримтыг зөрүүтэй, эргэлзээтэй байдлыг нэг мөр эцэслэн тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлтийг нэг талд ашигтай байдлаар гуйвуулан тайлбарлаж дүгнэлт гаргасан, Шийтгэл ногдуулахдаа хууль зүйн үндэслэлийг заагаагүй, түүнчлэн Иргэний хуулиар зохицуулагдах Гэрээний эрх зүйн харилцаанд зөрчлийн хэрэг нээн шалган шийдвэрлэсэн байх тул түүний 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийг хүчингүй болгож шийдвэрлэж манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв” гэжээ.
Хариуцагч Оюуны өмчийн газар Хяналтын улсын байцаагч Д.б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ЭБС” ХХК болон ******* ХХК хооронд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж *******ийн эфирыг дамжуулах үйл ажиллагаа нь иргэний эрх зүй харилцаа юм.
Харин энэ гэрээний хугацаа дуусч, ******* ХХК-ний зүгээс тус гэрээг цуцлах саналыг 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “ЭБС” ХХК-д хүргүүлснээр энэхүү гэрээ нь цуцлагдсан. Энэ тухай тус гэрээний 5 дугаар зүйлд тодорхой тусгагдсан байна. Яг энэ үеэс буюу 2014 оны 01 дүгээр сарын 01-нээс тус хоёр компанийн хооронд ямар нэг хамтран ажиллах гэрээгүй болж иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байсан. Улмаар “ЭБС” ХХК нь *******ийн эфирийг ямар нэг зөвшөөрөлгүй дамжуулж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2 заалтыг, 22 дугаар зүйлийн 1 дэх заалтыг тус тус зөрчиж Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д заасан зөрчил гаргасан гэж үзсэн.
2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар Шийтгэлийн хуудсанд Зохиогчийн эрхийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөнийг тусгаагүй талаар:
******* тоот Шийтгэлийн хуудаснд “*******ийн эфирийг зөвшөөрөлгүй дамжуулж зохиогчийн эрх зөрчсөн” гэж бичигдсэн. Мөн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж тодорхой бичигдсэн байна. Түүнчлэн Зөрчлийн ******* дугаартай хэргийн хариуцагч “ЭБС” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.зын мэдүүлэгт “хэд хэдэн удаа гэрээ байгуулах санал тавьсан ч гэрээ байгуулаагүй өнөөдрийг хүртэл *******ийн эфирийг дамжуулж байгаа” тухай дурдсан байдаг.
Зөрчлийн ******* дугаартай хэрэг бүртгэлт хийх явцад ******* ХХК-ийн дэд захирал гэх Г.Бат-Эрлэнээс гэрчийн мэдүүлэг авахаар дуулсан хэдий ч Г.Б*******э нь ажлаар гадаад яваа тул ирж мэдүүлэг өгөх боломжгүйгээ дурдаж,холбогдох тайлбарыг иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирүүлсэн. Энэхүү тайлбарт Г.Б*******э миний бие ******* ХХК–ийн дэд захиралаар ажиллдаг, иргэн аж ахуй нэгжтэй гэрээ хэлцэл байгуулахдаа ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Номин төлөөлдөг. Миний бие ЭБС ХХК-тай хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулаагүй, телевизийн эфирийг дамжуулах талаар амаар болон бичгээр зөвшөөрөл өгсөн харилцан тохирсон ямар нэг зүйл байхгүй” гэсэн байдаг.
Зөрчлийн ******* дугаартай хэрэг бүртгэлт хийх явцад Хяналтын улсын ахлах байцаагч Д.б миний бие 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 002/041 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагыг ******* ХХК-д, мөн өдрийн 002/042 дугаартай Улсын байцаагчийн албан шаардлагаыг “ЭБС” ХХК-д тус тус хүргүүлсэн. Энэхүү Улсын байцаагчийн албан шаардлагаар зохиогчийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, ******* ХХК болон “ЭБС” ХХК-ийг холбосон телевизийн эфирийг дамжуулдаг шилэн кабелийг салгах тухай үүрэг өгөгдсөн. Шинжээч С.У******* нь хоёр тал ямар нэг зардал гаргахгүйгээр энэ шилэн кабелийг салгах боломжтой гэж дүгнэсэн байхад “ЭБС” ХХК болон ******* ХХК-иуд нь Улсын байцаагчийн албан шаардлагыг одоо болтол биелүүлээгүй байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны албан бичигт “суваг, хөтөлбөрөөр дамжуулахыг зөвшөөрч гэрээ байгуулаагүй тохиолдолд дахин дамжуулахгүй байх шаардлагатай” гэж маш тодорхой дурдсан байдаг.
Гомдол гаргагч “ЭБС” ХХК нь “Хамтран ажиллах гэрээ”-г шинэчлэн байгуулах талаар удаа дараа ******* ХХК-д хүсэлт гаргасан байдаг боловч ******* ХХК нь зохиогчийн эрхийн төлбөрийн асуудлыг шийдвэрлэсний дараа гэрээ хийнэ гэж аман байдлаар мэдэгдэж гэрээ хийхээс удаа дараа татгалзсан байдаг. Улмаар гэрээг шинэчлэн хийлгүйгээр телевизийн эфирийг дамжуулж байгаа үйлдэл нь зохиогчийн эрхийн зөрчил мөн бөгөөд МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.
Иймд гомдол гаргагч “ЭБС” ХХК-ний 2019 оны 06 дугаар зүйлийн 14-ны өдрийн 01/259 тоот гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай телевиз нь “ЭБС” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн телевизийн суваг дамжуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан хэдий ч уг гэрээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон. Тодруулбал, “*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 дугаар албан бичгээр “...бидний хооронд телевизийн суваг дамжуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж байгаа боловч уг гэрээний нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй байгаа тул 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлах хүсэлтэй байна” гэсэн албан бичгийг явуулсан.
“ЭБС” ХХК-тай байгуулсан 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хамтран ажиллах гэрээ”-ний 5.3-т “Гэрээ цуцлах тухай мэдэгдлээ талууд гэрээ цуцлахаас 14 хоногийн өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэх бөгөөд нөгөө тал 10 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан байдаг бөгөөд “*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 дугаар албан бичгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлээ “ЭБС” ХХК-д хүргүүлсэн бөгөөд “ЭБС” ХХК нь 10 хоногийн дотор ямар нэгэн хариу ирүүлээгүй тул уг хамтран ажиллах гэрээ цуцлагдсан. Иймд гэрээний эрх зүйн харилцаанд зөрчлийн хэрэг нээн шалгасан гэсэн “ЭБС” ХХК-ийн гомдол үндэслэлгүй байна.
“ЭБС” ХХК нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш ямар нэгэн гэрээ, хэлцэлгүйгээр манай эфирийг хууль бусаар дахин дамжуулахаас гадна эфирийн гаралтыг хуулж, дахин ухрааж дамжуулсан.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараахь үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна, бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах” 22.1-т “Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараах үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй, нэвтрүүлгийн бичлэг хийх, нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах, нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах, нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах” гэж тус тус заасны дагуу манай телевиз нь бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах, бичлэгийг хуулбарлах, дахин дамжуулах, нэгэн зэрэг дамжуулах зэргийг хориглох эрхтэй.
“ЭБС” ХХК нь манай телевизтэй байгуулсан гэрээ, зөвшөөрөлгүйгээр манай эфирийг хууль бусаар дамжуулах, бичлэгийг хуулж, нийтэд түгээж, дахин дамжуулах байгаа нь Зохиглчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дээрх холбогдох заалтуудыг зөрчсөн.
Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйл Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль зөрчих 1-т “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу ******* ХХК-ийн эфирийг хууль бусаар бусдад дамжуулах зохиогчийн эрх зөрчсөн үйлдэлд нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийн хуудсаар “ЭБС” ХХК-д шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна.
Тодруулбал: “ЭБС” ХХК нь “*******” ХХК-ийн эфирийг хууль бусаар бусдад дахин дамжуулсан, эфирийн бичлэгийг хуулбарласан үйлдэл нь тодорхой, баримтаар тогтоогдож, Зөрчлийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг.
Иймд Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийн хуудасыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд талуудаас гаргасан тайлбарыг шинжлэн судлаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д зааснаар Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д-Н 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийн хуудас нь гомдол гаргагчийн эрх ашиг, хууль ёсны сонирхол зөрчигдсөн эсэхийг хянаж, үзээд гомдол гаргагч “ЭБС” ХХК-ийн гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“*******” ХХК нь 2019 оны 03 дугаар сарын 29-ны өдөр 1/142 дугаар албан бичгээр “ЭБС” ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдөр телевизийн суваг дамжуулах гэрээ байгуулж хамтран ажиллаж байсан хэдий ч уг гэрээ 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байна.
Гэтэл “ЭБС” ХХК нь холбогдох хууль тогтоомжийг зөрчин 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл ямар нэгэн гэрээ, хэлцэлгүйгээр манай эфирийг хууль бусаар дахин дамжуулахаас гадна эфирийн гаралтыг хуулж, дахин ухрааж дамжуулж Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байгаа тул шалгаж “ЭБС” ХХК-ийн үйлдлийг яаралтай зогсоож өгнө үү гэх гомдлыг Оюуны өмчийн газарт гаргасан байна.
“*******” ХХК-ийн дээрх гомдлыг Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч хянаад 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийн хуудсаар “ЭБС” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэж гомдлыг 5.000.000 /таван сая/ төгрөгөөр торгохоор шийтгэлийн хуудсыг ногдуулсан нь хуульд нийцсэн байна.
Учир нь анх “ЭБС” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2013 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг дуустал 1 /нэг/ жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
“*******” ХХК-ийн зүгээс 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 тоот албан бичгээр “ЭБС” ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.зад “...телевизийн суваг дамжуулах гэрээг байгуулж хамтран ажиллаж байгаа боловч уг гэрээний нөхцөлөөр цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй байгаа тул 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож гэрээг цуцлах” тухай хүсэлтээ хүргүүлсэн байна.
Дээрх хамтран ажиллах гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Гэрээ цуцлах тухай мэдэгдэлдээ талууд гэрээ цуцлахаас 14 хоногийн өмнө бичгэн хэлбэрээр мэдэгдэх бөгөөд нөгөө тал 10 хоногийн дотор ямар нэгэн хариу өгөөгүй тохиолдолд гэрээ цуцлагдсанд тооцно” гэж заасан байгаагаас үзвэл “*******” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1/557 тоот албан бичгээр гэрээ цуцлах хүсэлтээ 10 хоногийн дотор хүргүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.
Хэдийгээр гомдол гаргагч “ЭБС” ХХК-аас гэрээний нөхцөл шаардлагаа өөрчилж цааш өмнө байгуулсан гэрээгээ үргэлжлүүлэхээр 10 удаа гуравдагч этгээд “*******” ХХК-д хүргүүлсэн гэж тайлбарладаг ч гэрээний хугацааг сунгах талаар албан ёсны хариуг өгөөгүй байгаагаас үзвэл гэрээний эрх зүйн харилцаа дууссан мөн гэрээний эрх зүйн харилцаанд зөрчлийн хэрэг нээн шалгасан гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д “эрх эзэмшигч” гэж утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотойгоор үүсэх зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг эдлэх хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заажээ.
Гуравдагч этгээд “*******” ХХК-ийн шүүхэд ирүүлсэн 7152,7151, 7150,7148, 7147, зэрэг зохиогчийн эрхийн гэрчилгээнээс үзвэл дээрх хуульд заасны дагуу эрх эзэмшигч нь “*******” ХХК байна.
Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д “...зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхэд зохиогч дараах үйл ажиллагааг зөвшөөрөх болон хориглох онцгой эрхийг хамааруулна”,12.2.1-д ”бүтээлийг хуулбарлах”, 12.2.2-д “бүтээлийг нийтлэх”, 12.2.3-д “бүтээлийг нийтэд түгээх”, 12.2.4-д “үүсмэл бүтээл болгон өөрчлөх”, 12.2.5-д “түрээсээр ашиглуулах”, мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “...Радио, телевизийн байгууллага өөрийн нэвтрүүлэгтэй холбоотой дараах үйл ажиллагааг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй”, 22.1.1-д “нэвтрүүлгийн бичлэг хийх”, 22.1.2-д “нэвтрүүлгийн бичлэгийг хуулбарлах”, 22.1.3-д “нэвтрүүлгийг утсан бус холбоо ашиглах замаар дахин дамжуулах”, 22.1.4-д “нэвтрүүлгийг нэгэн зэрэг дамжуулах” зэрэг хориглох болон зөвшөөрөх онцгой эрхтэй байна.
Дээрх хуульд заасан онцгой эрхийнхээ дагуу “*******” ХХК нь “ бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийг нийтэд түгээх, үүсмэл бүтээл болгон өөрчлөх, түрээсээр ашиглуулах, бичлэгийг хуулбарлах, дахин дамжуулах, зэргийг хориглож гомдол гаргах эрхтэй байна.
“ЭБС” ХХК болон “*******” ХХК-ийн хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” дуусгавар болоод 6 жил болсон байхад гомдол гаргагч нь “*******” ХХК-ийн зөвшөөрөлгүйгээр цааш нь эфирийг хуулж, дамжуулж, нийтэд түгээж, дахин дамжуулж, байгаа нь Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12, 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2015 оны 15 тоот тогтоолоор Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлагыг баталсан байх бөгөөд уг шаардлагын 3 дугаар зүйлийн 3.1.2.2-д “Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ” /олон сувгийг дамжуулах үйлчилгээ” гэдгийг цаашид “ОСДҮЭ” гэх/ гэж утастай утасгүй сүлжээгээр телевиз, радиогийн олон сувгийг хэрэглэгчдэд гэрээний үндсэн дээр хүргэх үйлчилгээг хэлнэ” гэж, мөн Олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нөхцөл шаардлагын 11.10-д зааснаар ОСДҮЭ нь дотоодын болон гадаадын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгуудын хөтөлбөрийг өөрийн сүлжээгээр дамжуулахдаа зөвхөн гэрээ байгуулсан байх шаардлагыг тавьдаг бөгөөд хэрэв гэрээ байгуулаагүй тохиолдолд дахин дамжуулахгүй байхаар зохицуулсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч “ЭБС” ХХК-ийн гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
“*******” ХХК болон “ЭБС” ХХК-ийн хооронд шууд холбосон шилэн кабелын нэг үзүүр буюу кор нь “*******” ХХК-ийн байранд, нөгөө үзүүр нь “ЭБС” ХХК-ийн MNBC телевизийн серверийн өрөөнд холбогдсон, уг шилэн кабель нь “ЭБС” ХХК-ийн хөрөнгөөр 2014 онд суурилуулсан төдийгүй “*******” ХХК-ийн программ тасарч “*******” ХХК-ийн мэдээллийг МNBC-ийн сүлжээгээр дамжуулах боломжгүй болно” гэж уг хэрэгт шинжээчээр ажилсан С.У*******ын дүгнэлтээс үзвэл гомдол гаргагч, гуравдагч этгээдийн хэн нэг нь шилэн кабелын шугамыг салгах бүрэн боломжтой болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 22 дугаар зүйлийн 22.1, Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “ЭБС” ХХК-ийн “Оюуны өмчийн газрын Хяналтын улсын ахлах байцаагч Д.Б*******ийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн******* дугаар шийтгэлийн хуудсаар “ЭБС” ХХК-нд оногдуулсан 5.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэлийг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.О