Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтуяагийн Халиунбаяр |
Хэргийн индекс | 116/2015/0021/З |
Дугаар | 221/МА2016/0264 |
Огноо | 2016-04-27 |
Маргааны төрөл | Татвар, Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0264
С.Л-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч С.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, гуравдагч этгээд “Д т” ХХК-ийн захирал Б.У, гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлоор, С.Л-ын нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр миний нөхөр Н.П Чойбалсан хотын төв дэх байршилд 672 м.кв газрыг эзэмшүүлэн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байдаг... Тухайн үед эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн Н.П 672 м.кв газрыг эзэмшүүлсэн гэрчилгээг олгож, гэрээг байгуулсан байх учиртай.
Өөрөөр хэлбэл, Н.П 672 м.кв газрыг эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон аливаа шийдвэр байхгүй, Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй, уг газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ хүчин төгөлдөр байхад захиргааны байгууллагын шийдвэрийг гаргах, хадгалах, архивлах үүрэг бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн газар эзэмшүүлсэн шийдвэр архивт байхгүй, нөхөн гаргах боломжгүй гэсэн хариуг өгч байгаа нь хууль ёсоор газар эзэмшиж байсан этгээдийн эрхийг үгүйсгэж, түүний хууль ёсны өв залгамжлагчийн хувьд дээрх өвлөгдөх эрхийг шилжүүлэн хүлээн авч эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгохгүй байгаа нь нэхэмжлэгч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна... Иймд Н.П 672 м.кв газар эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны газар эзэмших эрхийг олгосон захирамжийг гаргаж өгөхгүй байгаа Дорнод аймгийн Засаг даргын дээрх үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн газар эзэмших эрхийг олгосон захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч, Дорнод аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч С.Л-ын нөхөр Н.Пгийн эзэмшлийн 672 м.кв газрыг олгосон сумын Засаг даргын захирамжийг хариуцагчийн зүгээс нөхөн гаргах хууль зүйн үндэслэлгүй. Н.П Чойбалсан хотын төвийн 672 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх гэрчилгээнд тухай газрыг олгосон сумын Засаг даргын захирамжийн огноо, дугаар байдаггүй нь тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болж байна... Өргөдлийн дагуу судлахад Н.П Чойбалсан хотын төвд 672 м.кв газар эзэмшүүлсэн сумын Засаг даргын захирамж аймаг, сумын архивт байгаагүй, харин Н.П, И.С нарын хамтын эзэмшилд 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Дорнын тал ХХК-ийн хойд талд худалдаа үйлчилгээний зориулалтаар 300 м.кв газрыг Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 152 дугаар захирамжаар эзэмшүүлсэн бөгөөд Газрын тухай хуульд заасны дагуу хууль, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байдаг… Иймд иргэн С.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.У шүүхэд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн баруун талд байрлах 2706 м.кв талбай бүхий газрыг “Д т” ХХК-ийн эзэмшилд 60 жилийн хугацаатайгаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр эзэмшүүлж 07/14/00138 дугаартай газар эзэмших гэрчилгээ олгосон. 2006 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. 2011 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 08 тоот өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн дээрх газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар надад худалдаа, үйлчилгээний зориулалтаар шилжүүлэн эзэмшүүлэх шийдвэр гаргасан. 2012 оны 02 дугаар сарын 09-ний өдөр надад худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон.
2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулсан. Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмшсэний татварыг 2012 онд 94400 төгрөг, 2013 онд 94400 төгрөг, 2014 онд 174500 төгрөг, 2015 онд 288576 төгрөгийг төлсөн. Миний бие дээрх газрыг хуулийн дагуу эзэмшиж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн /2004 оны/ 23 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5, 31 дүгээр зүйлийн 1, 56 дугаар зүйлийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Л-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Н.П Хэрлэн сумын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Аийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н давж заалдах гомдолдоо: ... Газрын тухай хуулийн /1994/ 31 дүгээр зүйлийн /1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана/, 32 дугаар зүйлийн 32.2-т газар эзэмших гэрээнд /1/ газар эзэмшүүлэх үндэслэл /зохих шийдвэр/; /2/ газар эзэмших зориулалт; /3/ газрын хэмжээ: байршил, заагийг харуулсан зураг; /газрын төлөв байдал, чанар; /5/ газар эзэмшүүлэх хугацаа; /6/ газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа; /7/ гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага; /8/ газар эзэмших эрх дуусгавар болоход тухайн газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг хэрхэх тухай тохиролцоо/ тусгана гэж заасан.
Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 23 дугаар зүйлийн 23.3.7-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох/-оор хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгчийн 672 м.кв эзэмшүүлсэн гэх гэрээ, гэрчилгээ дээр тухайн газрыг олгосон Засаг даргын шийдвэрийн дугаар байхгүй байгаа нь тухайн гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Мөн Хэрлэн сумын иргэн Н.П, И.С нар нь 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргад ахуй үйлчилгээний зориулалтаар барилга барихад зориулж 32 х 42 м.кв талбай бүхий газрыг эзэмших өргөдөл гаргасан нь Хэрлэн сумын 7 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, нэг талыг барьсан дүгнэлт гаргасан.
Учир нь, иргэн хэдий хэмжээний ямар газар эзэмших хүсэлтийг төрийн байгууллагад гаргаж болох хэдий ч тухайн үеийн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь тухайн сумын Засаг даргад байхаар хуульчлагдсан. Гэтэл анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.5 /газрын тайланг жил бүр нэгтгэн газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулах;/, 31.1 /Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна/, 56.2 /Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ/ гэсэн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган сумын Засаг даргын захирамжийг аймгийн Засаг даргаар нөхөн гаргахыг даалгасан нь үндэслэлгүй. Иймд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Б.У давж заалдах гомдолдоо: ...Шүүх нь “Д т” ХХК-д газар эзэмшүүлсэн хугацаа нь гэрчилгээ болон захирамжид өөрөөр бичигдсэн ба захирамжид дурдсан 15 жилийн хугацаа дууссан байна. Мөн Н.П 672 м.кв талбай бүхий газрыг эзэмшүүлсэн 09114100086 дугаартай гэрчилгээнд хуучин шуудан холбооны хойд талд гэж зааснаас үзвэл “Д т” ХХК болон Н.П нарт эзэмшүүлсэн газар нь давхцаагүй байна. Иймд “Д т” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй байна” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, хэдийгээр шүүгч давхцаагүй гэж байгаа ч манай эзэмшдэг 2706 м.кв газар солбилцлоороо тодорхой байгаа ба манай газрын эргэн тойронд Пд 672 м.кв газар олгох ямар ч газар байхгүй.
Шүүх манай газрын хөрш зэргэлдээ газрын эзэмшлийг судалж шалгаагүй, шүүх юуг үндэслэн давхцалгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Манай компанид 1997 онд уг газрыг эзэмших захирамж гарч, нэг цагаан цаасан гэрчилгээ гэх баримттай байсан. Тэгээд гэрчилгээ ирсэн гээд бичиж өгсөн гэдэг. /2000.04.13-нд/ 1997 оны захирамжийг би огт хараагүй, сая л шүүхээр явах үед харж байна. Миний хувьд хань ижлээ амьд сэрүүн байхад энэ мэт бичиг баримтыг мэдэж сонирхдоггүй, компанийнх нь сейфэнд л байдаг байсан байх. Гэрчилгээнд 60 жил гээд бичсэн байдаг учир 60 жил гэж боддог. Хуулинд гэрчилгээний хугацааг сунгах талаар бичсэн байсан. Газар эзэмших эрхийг газрын албаныхан гэрчилгээ, гэрээний хугацаагаар тооцогддог гэж байгаа.
С.Л-ын нэхэмжлэл гаргасан үндэслэлийг шүүх хангасан нь ойлгомжгүй байна. Түүний нөхөр Н.П газрын албаны ажилтнуудын танил тал харсан, хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж захирамж гаргаж, эзэмших эрх, албан ёсоор үүсээгүй байхад гэрчилгээ олгосон. 2000 онд Хэрлэн сумын Засаг дарга өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд 672 м.кв биш /хүссэн хэмжээгээр биш/ И.С, Н.П нарын хамтран эзэмших газрын хэмжээг 300 м.кв талбайтайгаар тодорхойлж, эзэмших эрх олгосон байна. Энэ асуудлыг И.С мэдэж, ойлгож хүлээн зөвшөөрсөн болох нь 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 31 дүгээр шийдвэрээр нотлогдож байна. Уг шийдвэрт “И.Ст Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Д т” ХХК-ны хойд талд 300 м.кв талбай бүхий газар эзэмшүүлэхээр шийдвэрлэгдсэн” талаар шүүх дүгнэлт хийсэн. Уг шийдвэрт ч гэсэн 2000 оны 152 дугаар захирамжаар 300 м.кв газрыг П, И.С хоёрт олгосон болох нь тодорхой байхад Н.Пгийн нэрийг орхиж бичсэн, мөн уг газрыг Аймгийн Засаг даргын 2005 оны 172 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг /300 м.кв/ бүхэлд нь хүчингүй болгохдоо мөн л Н.П гэдэг нэрийг орхигдуулснаас бол, одоо илэрхий байгаа газрын хэмжээ, нэр зэргийг харьцуулан үнэлэхгүй, нэхэмжлэгч нь Н.П захирамжгүй олгогдсон гэрчилгээг, гэрээг ашиглан миний эрх ашиг хөндөгдөөгүй, миний нэр дээрх газар хүчингүй болоогүй гэж нэхэмжлэл гаргаад явж байна.
Гэтэл газрын албаны ажилтнуудын хариуцлагагүй байдлыг шүүх харсаар байж, бодит байдалд дүгнэлт хийхгүй, нэг талыг барьж хэргийг шийдсэн. Шүүхийн энэ гаргасан шийдвэр нь миний эрх ашгийг хөндөөгүй мэт харагдаж байгаа ч, одоогийн эзэмшил газрын, тэр хавийн кадастрын зургийг гаргуулж үзсэн бол, өөр газар С.Л-т олгох боломж тэр хэсэгт байхгүй, газрын байршлыг хуучин шуудан холбооны хойд талд гэдэг утгаар захирамжийг нөхөн гаргахыг даалгаж байгаа нь манай газартай давхцаж байгаа учир гомдол гаргасан. Миний эрхийг хөндсөн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, хуулийг зөв тайлбарлаж хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Н.П нь 2003 оны 06 дугаар сарын 19-ний өдөр нас барсан бөгөөд Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн түүний гэр бүл болох эхнэр С.Л-т Дорнод аймгийн тойргийн нотариатаас “Газар эзэмших эрхийг өвлөх эрх”-ийн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 12 дугаар гэрчилгээг олгожээ.
Энэхүү гэрчилгээг үндэслэн С.Л- нь “Н.П Хэрлэн сумын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Аийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, үндэслэлээ “...өөрийн нөхөр Н.П агсны хууль ёсны өвлөгч болохын хувьд түүнд эзэмшүүлсэн 672 м.кв газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авах хүсэлтэй байна. Н.П эзэмшүүлсэн 672 м.кв газрыг эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээ нь байсаар байтал эрх олгосон захирамж нь архивт байхгүй гэсэн хариуг ирүүлсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд 672 м.кв газар олгосон гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон аливаа шийдвэр байхгүй. Газрын тухай хуульд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болгоогүй байхад захиргааны байгууллага газар эзэмшүүлэх захирамжийг нөхөн гаргахгүй байгаа нь хууль ёсоор газар эзэмшиж байсан этгээдийн эрхийг үгүйсгэж, түүний хууль ёсны өв залгамжлагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” хэмээн тодорхойлж байна.
Харин хариуцагчаас “...Нэхэмжлэгчийн нөхөр Н.П Чойбалсан хотын төвийн 672 м.кв газрыг эзэмшүүлсэн гэх гэрчилгээнд тухайн газрыг олгосон сумын Засаг даргын захирамжийн огноо, дугаар байдаггүй нь гэрчилгээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал, Засаг даргын захирамж 60 байгаад 62 гэсэн тохиолдолд дундах 61 дэх захирамж алга болсон байна гэж бодож болно. Гэтэл 672 м.кв газрыг эзэмшүүлсэн шийдвэр анхнаасаа огт байгаагүй, гэрээ, гэрчилгээг ямар арга замаар яаж бичүүлж авсан нь тодорхойгүй, аймаг, сумын архиваас шүүсэн ч байдаггүй” гэж,
Гуравдагч этгээдээс “2000 онд Хэрлэн сумын Засаг дарга нь Н.П, И.С нарын 672 м.кв газрыг хүссэн хэмжээгээр нь биш, 300 м.кв газрыг тэдний дунд олгохоор шийдвэрлэсэн байдаг. Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэрт болон аймгийн Засаг даргын 2005 оны 172 дугаар захирамжаар 300 м.кв газрыг бүхэлд нь хүчингүй болгохдоо Н.Пгийн нэрийг орхигдуулснаас болж нэхэмжлэгч нь Н.П захирамжгүй олгогдсон гэрээ, гэрчилгээг ашиглан эрх ашиг хөндөгдөж байна гэж нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” хэмээн тус тус тайлбар гарган маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн нөхөр Н.П болон иргэн И.С нар нь барилга барих зориулалтаар газар эзэмших хүсэлтийг 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргад гаргасны дагуу иргэн И.С, Н.П нарт худалдаа үйлчилгээний зориулалтаар Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжаар Хэрлэн сумын 7 дугаар багт “Д т” ХК-ийн хойд талд 300 м.кв газрыг олгосон, улмаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар захирамжаар Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжийн И.Ст холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин хуулийн хүчин төгөлдөр “Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” иргэн И.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон Дорнод аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр шийдвэр, мөн иргэн С.Л-ын “Дорнод аймгийн Засаг даргын 2005 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 172 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсан Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06 дугаар захирамж хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.
Газрын тухай хуулийн /1994 оны/ 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэж, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн тухайн газрыг эзэмшүүлэх эсэх тухай шийдвэр гаргана”, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын томилсон албан тушаалтан тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээ олгох, уг гэрээг улсын бүртгэлд бүртгэнэ” гэж заажээ.
Хэрлэн сумын 7 дугаар баг, хуучин Шуудан холбооны хойд талд 672 м.кв газрыг орон сууц, ногооны талбай, малын саравч, гараашийн зориулалтаар эзэмшихээр Н.П агсан хүсэлт гаргаж байгаагүй, мөн түүнд 672 м.кв газрыг эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн /1994 оны/ 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сумын Засаг даргын шийдвэр гараагүй болох нь дээрх дүгнэлт болон нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн “Н.П агсанд Дорнод аймгийн Хэрлэн суманд 672 м.кв газрыг 60 жилийн эзэмшүүлсэн 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 дугаар газар эзэмших гэрчилгээ олгож, Хэрлэн сумын 7 дугаар багт хуучин Шуудан холбооны хойд талд 672 м.кв газрыг орон сууц, ногооны талбай, малын саравч, гараашийн зориулалтаар эзэмшихээр Н.П агсны Хэрлэн сумын Газрын албатай байгуулсан 2000 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2802 дугаар “Иргэний газрын эзэмших” гэрээ”, мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/284, Дорнод аймгийн архивын тасгийн 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 04 тоот албан бичгүүд, Дорнод аймгийн Татварын хэлтсийн албаны 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 317 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хэрлэн сумын 7 дугаар багт “Д т” ХХК-ийн хойд талд 300 м.кв газрыг Б.П агсанд болон иргэн И.С нарт хамтад нь эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаар захирамжаас өөр иргэн Б.Пд газар эзэмшүүлэхээр гаргасан ямар нэгэн шийдвэр байхгүй, мөн Б.П агсан 1999 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Хэрлэн сумын Засаг даргад хүсэлт гаргаснаас өөрөөр гэрээ, гэрчилгээнд дурдсан 672 м.кв газрыг эзэмших талаар сумын газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллагад өргөдөл, хүсэлтээ гаргаж байгаагүй, уг газрын төлбөрийг төлсөн гэх нотлох баримтгүй байхад Б.П агсныг Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт хуучин Шуудан холбооны хойд талд 672 м.кв газрыг эзэмших эрхтэй гэж үзэх үндэслэлгүй.
Нөгөөтэйгүүр, Дорнод аймгийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/359 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Б.Ут Хэрлэн сумын 7 дугаар багт Зүүн бүсийн Оношилгоо, эмчилгээний төвийн баруун талд 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр олгосон 2623 м.кв газрыг өмнө буюу 1997 онд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 1997 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 280 дугаар захирамжаар “Д т” ХХК-д эзэмшүүлж байсныг гуравдагч этгээд шилжүүлэн эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан нотлох баримт хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож байна.
Дээрх байдлаас үзэхэд аймгийн Засаг дарга зохих хууль тогтоомжийн дагуу эрх, үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй болон тийм нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, 1994 оны Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “иргэн Н.П Хэрлэн сумын төвд 672 м.кв газрыг эзэмшүүлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга П.Аийн 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 09/14/00086 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон Засаг даргын захирамжийг нөхөн гаргахгүй байгаа эс үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, захирамжийг нөхөн гаргахыг Дорнод аймгийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Б.Уын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болно.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР