Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 1777

 

 

“Актив хийц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01523 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Орчлон констракшн” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 129 222 880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нарангоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь “Орчлон констракшн” ХХК-тай нийт 3 удаа ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан.

2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр “Орчлон констракшн” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ FV11/0084 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Актив хийц” ХХК нь “Орчлон констракшн” ХХК-ийн Баянгол дүүргийн 3 дугаар хороололд баригдаж байгаа үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр, гэрээний хавсралтад заасан зураг, үнийн саналын дагуу хийж гүйцэтгэх, гэрээний 4.2-т заасан графикийн дагуу урьдчилгаа төлбөрт 129 647 900 төгрөг, ажил актаар хүлээлцсэн өдөр 55 563 390 төгрөг, нийт 185 211 290 төгрөгийг захиалагч тал төлөх, гэрээний 3.5-д гүйцэтгэж буй ажлын санхүүжилт 4.2-д заасан графикийн дагуу хийгдээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги тооцохоор, гэрээний 3.7-д зааснаар гүйцэтгэгч тал ажлыг захиалагчид гүйцэтгэлийн акт үйлдэн хүлээлгэж өгснөөр гэрээт ажил дуусгавар болохоор харилцан тохиролцсон. Мөн Үндсэн гэрээнд заасан ажлаас гадна 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 561/11 тоот нэмэлт гэрээгээр 4 770 647 төгрөгийн ажил нэмж гүйцэтгэхээр тохиролцсон. Үндсэн болон нэмэлт гэрээний нийт үнэ нь 189 981 937 төгрөг болсон болно. Гэрээнд заасны дагуу захиалагч тал нь гэрээний 4.2-д заасан урьдчилгаа төлбөр болох 129 647 900 төгрөгийг 2011 оны 7 дугаар сарын 29-ний өдөр төлсөн. Гэрээний 3.7-д заасны дагуу үндсэн болон нэмэлт гэрээнд заасан ажлыг манай компани нь бүрэн хийж, 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр захиалагч талд акт үйлдэн хүлээлгэж өгсөн. Гэвч “Орчлон констракшн” ХХК нь гэрээнд заасан үлдэгдэл төлбөр 60 334 037 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлгүй гэрээнд заасан үүргээ зөрчсөн. Мөн “Орчлон констракшн” ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “Орчлон констракшн” ХХК нь гэрээний 3.5-д заасан үүргээ зөрчсөн тул гүйцэтгээгүй үүрэг 60 334 037 төгрөг, алдангид 30 167 018 төгрөг, нийт 90 501 055 төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан болно.

2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Орчлон констракшн” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ АГ-79/09-13, FS 11/0030 тоот байгуулан захиалагч талын Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Эрдэм цогцолборын 96 айлын орон сууцны барилгын дээврийн ган рам хийцийг угсарч суурилуулах ажлыг гүйцэтгэх, ажлын хөлсөнд захиалагч тал 24 368 200 төгрөгийг төлөхөөр тохиролцсон ба энэхүү төлбөрийг гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаанд 2 000 000 төгрөг төлөх, ажил дуусч актаар хүлээлгэж өгсний дараа үлдэгдэл төлбөрийг төлөх, гэрээний 4.2-д захиалагч ажлын хөлсийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлбэл 0.5% алданги тооцохоор тохиролцсон. Гэрээнд заасан ажлыг манай компани нь бүрэн хийж хүлээлгэн өгсөн бөгөөд захиалагч нь урьдчилгаа төлбөрт 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 2 000 000 төгрөг, 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 14 368 200 төгрөг, нийт 16 368 200 төгрөг төлсөн. Үлдэгдэл 8 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэлх хугацаанд төлөлгүй үүргээ зөрчсөн болно. Мөн талууд гэрээний 1.4-д заасан ажлын хөлсний дүнг нэгтгэж гаргахдаа алдаатай гаргасан байсныг дурдах нь зүйтэй бөгөөд зөв дүн нь “Актив хийц” ХХК-иас 2011 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 422/11 тоот албан бичгээр тухайн ажлын хөлсний дүнтэй холбогдох үнийн саналыг “Орчлон констракшн” ХХК-д хүргүүлж байсан ба “Актив хийц” ХХК ч мөн хүлээн зөвшөөрч урьдчилгаа төлбөрийг нэмэгдүүлж төлснөөр гэрээний нийт дүнгийн хэмжээ 24 368 200 төгрөг болсныг нотлох болно. Мөн “Орчлон констракшн” ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “Орчлон констракшн” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлэлгүй ажлын хөлсийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөг, алданги 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан болно.

2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Орчлон констракшн” ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр “Орчлон констракшн” ХХК-ийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Эрдэм цогцолборын 96 айлын орон сууцны барилгын шилэн хучилт хийцийг хийх, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 4.2-д захиалагч ажлын хөлсийг хугацаандаа төлөлгүй хугацаа хэтрүүлбэл 0.5 хувийн алданги тооцох, гэрээний 1.4.4-д захиалагч тал нь ажлын хөлсөнд 59 381 850 төгрөгийг төлөхөөр, гэрээний 1.5-д заасны дагуу урьдчилгаа 70% буюу 41 567 300 төгрөг, үлдэгдэл 30% буюу 17 814 550 төгрөгийг ажлыг захиалагчид актаар хүлээлгэн өгснөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүргийг тус тус харилцан тохиролцсон. Энэ төлбөрөөс захиалагч тал нь гэрээний дагуу 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр урьдчилгаа 41 567 300 төгрөгийг төлсөн. Манай компани нь гэрээнд заасан ажлаа бүрэн хийж дуусган захиалагч талд хүлээлгэн өгсөн. Мөн “Орчлон констракшн” ХХК нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч харилцагч компанидаа энэ ажлыг хүлээлгэн өгч ашиг олж хөрөнгөжсөн боловч манай компанид төлөх ёстой ажлын хөлсийг төлөлгүй хохироосон. Ийнхүү “Орчлон констракшн” ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан ажлын хөлсийг төлөөгүй тул гүйцэтгээгүй үүрэг 17 814 550 төгрөг, алданги 8 907 275 төгрөг, нийт 26 721 825 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан болно. Иймд хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 1 дэх гэрээний гүйцэтгээгүй үүрэг 60 334 037 төгрөг, алданги 50% буюу 30 167 018 төгрөг, нийт 90 501 055 төгрөгийг, хоёр дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөг, алданги 50% буюу 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг, гурав дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17 814 550 төгрөг, алданги 50% буюу 8 907 275 төгрөг, нийт 26 721 825 төгрөгийг буюу бүгд 129 222 880 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Актив хийц" ХХК нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр "Орчлон констракшн" ХХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл 86 148 587 төгрөг, алданги 43 074 293 төгрөг, нийт 129 222 880 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. "Орчлон констракшн" ХХК нь "Актив хийц" ХХК-тай 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр АГ-79/09-13, FS 11/0030 дугаар бүхий гэрээ хийсэн бөгөөд энэхүү гэрээний нийт төлбөр 24 368 200 төгрөг байснаас 16 368 200 төгрөгийг төлж, 8 000 000 төгрөгийн үлдэгдэл, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр АГ-79/09-13, FS 11/0031 дугаар бүхий гэрээний нийт төлбөр 59 381 850 төгрөг байснаас 41 567 300 төгрөгийг төлж, 17 814 550 төгрөгийн үлдэгдэл тус тус байгаа ч дээрх 2 гэрээ нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дахь Эрдэм цогцолборын орон сууцанд хийгдсэн ажлуудынх болно. Эдгээр үлдэгдлийг “Актив хийц” ХХК нь гэрээний үүргээ бүрэн биелүүлэхгүй байсантай холбоотойгоор барьж байсан. 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр FV11/0084 дугаар бүхий гэрээ нь Баянгол дүүрэг дэх “Solo Mall” худалдааны төвийн барилгын ажилд хамаарах ба уг гэрээний нийт төлбөр 185 211 290 төгрөг байсны 70 хувь буюу 129 647 900 төгрөгийг "Орчлон констракшн" ХХК гэрээ байгуулсан өдрөө төлсөн. Үлдэгдэл 55 563 390 төгрөг болон нэмэлт гэрээний төлбөр 4 770 647 төгрөгийг төлөөгүй. Нэхэмжлэгч "Актив хийц" ХХК нь барилгын хаалга, гадна шил, цонхны ажил хийх гэрээтэй байсан. Тэдний хийх ажил нь худалдааны төвийн гадна өнгө үзэмжийг илэрхийлэхэд чухал ач холбогдолтой байсан бөгөөд сайн чанартай хийж гүйцэтгэсэн тохиолдолд худалдааны төвийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх учиртай. Гэвч "Актив хийц" ХХК нь ажлаа норм, стандарт, зургийн дагуу гүйцэтгээгүй бөгөөд шаардлага хангахгүй материал, шил ашиглаж байсан. Энэ тухай удаа дараа албан тоотоор сануулж, ашиглаж буй материалаа солихыг үүрэг болгож байсан бөгөөд тухайн үедээ хүлээн авдаг ч бодит байдал дээр сольдоггүй байсан. Мөн "тохирох шил нь манайд байхгүй байна, тийм компанид захиалсан чинь бэлэн болж чадахгүй байна, хугацаа өгөөч" гэх мэт хүсэлт үргэлж тавьдаг байсан. "Актив хийц" ХХК-ийн ашигласан материал муугаас гадна ажлын чанар мөн муу байсан бөгөөд цонх, хаалганы битүүмж муу, дулаан алдалт ихтэй, зурганд заагдсаны дагуу ажлаа гүйцэтгэж чадаагүй гэх мэт дутагдлууд ихээр гарсан. Нэхэмжлэгч тал шаардлагуудыг хүлээн авч байсан боловч засан сайжруулалтыг хангалттай хийгээгүй. Тэдний хийсэн ажлыг экспертээр үнэлүүлэхэд хангалтгүй гэсэн дүгнэлт гарсан.

"Актив хийц" ХХК нь ажлын чанар болон материалын хувьд шаардлага хангахгүй байснаас гадна гэрээнд заасан хугацааг ихээр зөрчиж, барилгын ажлын графикийг алдагдуулсан. Энэ тухай албан тоотуудаар мэдэгдэхэд "Хүйтний улирал таарчихлаа, хугацаа сунгаж өгөөч" гэх мэт хариуг өгсөн. Эдгээр олон дутагдал байсан ч “Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс гэрээгээ дүгнэе, тооцоог нийлье, хэдий хэмжээний ажил гүйцэтгэснийг тогтооё гэж 2013 оны 3 дугаар сарын 18-ны өдөр холбогдох зөрчлүүдээ арилгаад ажлын гүйцэтгэлээ актаар хүлээлгэн өгнө үү, төлбөр тооцооны асуудлаа цэгцэлье гэсэн агуулгатай албан тоотыг өгсөн боловч гүйцэтгэлээ баталгаажуулж өгөөгүй, зөрчлүүдээ арилгаагүй. Улмаар барилга ашиглалтанд орох төлөвлөсөн хугацаа хэтэрсэн тул арга буюу тэдний хийсэн чанаргүй ажлуудыг өөр компаниудаар дахин гүйцэтгүүлсэн болно. Үүнтэй холбоотойгоор нэмэлт зардал, төлбөрүүд ихээр гарсан. "Орчлон констракшн" ХХК-ийн зүгээс гэрээний урьдчилгаа болгож гэрээ байгуулсан өдөр нийт төлбөрийн 70 хувь болох 129 647 900 төгрөгийг төлсөн. Барилгын компани ийм их хэмжээний урьдчилгаа төлбөрийг бэлэн мөнгөөр төлдөггүй. Гэхдээ манай компанийн зүгээс "Актив хийц" ХХК-д итгэж ажлаа хурдан шуурхай явуулахын төлөө ийм хэмжээний төлбөр шилжүүлсэн ч "Актив хийц" ХХК нь ажлаа чанартай хийгээгүй, шаардсан зөрчлүүдийг арилгаагүй, ажлаа албан ёсоор зохих албан тушаалтанд хүлээлгэж өгөөгүй манай компанийг хохироосон гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Орчлон констракшн" ХХК нь "Актив хийц" ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр FV11/0084 тоот “Ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж Баянгол дүүргийн 13 дугаар хороо 3 дугаар хороололд баригдаж байгаа үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр ажлын 40 хоногт хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Энэхүү гэрээт ажлын нийт үнэ 185 211 290 төгрөг байхаар талууд тохиролцож гэрээнд тусгасан. “Актив хийц" ХХК-ийн зүгээс гэрээний урьдчилгаа санхүүжилтийг өндөр хувиар олгосон тохиолдолд гэрээний үүргээ хугацаандаа чанартай гүйцэтгэнэ хэмээн мэдэгдэж байсан болон манай компанийн зүгээс тухайн гэрээт ажлыг яаралтай хийлгэх шаардлагатай байсан учир гэрээ байгуулсан өдөр буюу 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 129 647 900 төгрөг буюу гэрээний нийт санхүүжилтийн 70 хувийг олгосон. Барилгын салбарт ажиллаж байгаа ихэнхи байгууллагууд гүйцэтгэсэн ажлыг нь үндэслэж, ажлын гүйцэтгэлээр нь санхүүжилтийг олгодог нийтлэг жишиг байдаг боловч манай байгууллагын зүгээс "Актив хийц" ХХК-д өндөр итгэл хүлээлгэж, барилгынхаа өнгө үзэмжийг илэрхийлэх чухал ажлыг чанартай гүйцэтгүүлэхээр ийнхүү урьдчилгаа төлбөрийг 70 хувиар олгосон. “Актив хийц” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, байгууллагад ихээхэн хэмжээний нэмэлт зардал, хохирол учруулсан. “Актив хийц" ХХК нь гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаа буюу ажлын 40 хоногт гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн. Гэрээт ажлыг гүйцэтгэхдээ гэрээний хавсралтад заагдсан зургийн дагуу гүйцэтгээгүй буюу барилгын норм стандартыг зөрчсөн. Үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийц нь барилгын өнгө үзэмжийг илэрхийлэх чухал хэсэг тул гэрээндээ ямар материалаар гүйцэтгэхийг онцгойлон тусгаж өгсөн боловч гэрээнд заасан материалаар ажлыг гүйцэтгээгүй, шаардлага хангасан шил ашиглаагүй. Мөн үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг гүйцэтгэхдээ битүүмжлэл муу хийсэн. Битүүмжлэл муугаас болж дуу, дулаан алдалт ихтэй болж өвлийн улиралд барилгыг хөлдөөхгүйн тулд нэмэлтээр халаагч, дизел мотор ажиллуулж байгууллагад ихээхэн хэмжээний хохирол учруулсан.

“Орчлон констракшн" ХХК болон үйлчилгээний барилгын ерөнхий гүйцэтгэгч "Зэт Энд Эй" ХХК-с "Актив хийц" ХХК-д гэрээт ажлыг чанартай гүйцэтгэхийг, зөрчлүүдийг арилгахыг 2012 оны 4 сараас 2013 оны 9 cap хүртэл удаа дараа шаардаж, албан бичгүүд хүргүүлж байсан боловч үр дүнд хүрээгүй тул арга буюу 2014 оны барилгын улирлаас эхлэн өөр компаниудаар “Актив хийц” ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн ажлуудыг нэмэлт зардал гаргаж гүйцэтгүүлсэн. “Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс "Буянхишигт хангал" ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 25-ны 13-03-25 тоот, мөн өдөр №14-03-25 тоот, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр №19-04-09 тоот Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж "Актив хийц” ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн хэсгүүдийг засах, шинэчлэх ажлуудыг гүйцэтгүүлж, нийт 71 463 107 төгрөгийн нэмэлт зардал гаргасан.

“Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс “Рояал пирамид” ХХК-тай 2014 оны 9 дүгээр сарын 30-ны 122 тоот "Ажил гүйцэтгэх гэрээ", 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №ХХАГ2/53 тоот Худалдах-худалдан авах гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр №ХХАГ2/52 тоот "Худалдах-худалдан авах гэрээ", 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр №АГГ1/20-2 тоот "Нэмэлт гэрээ"-г тус тус "Актив хийц" ХХК-ийн чанаргүй, дутуу гүйцэтгэсэн хаалгануудыг солих, нугас, түгжээ, бариул нэмж хийх, засах, шинээр угсрах ажлуудыг гүйцэтгүүлж нийт 29 620 000 нэмэлт зардал гаргасан. “Актив хийц” ХХК нь гэрээний үүргээ биелүүлж, ажлаа чанартай гүйцэтгэсэн бол дээрх нэмэлт гарахгүй байсан бөгөөд үйлчилгээний барилга төлөвлөгөөт хугацаандаа ашиглалтанд орох байсан. Иймд "Актив хийц" ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас гарсан нэмэлт зардал буюу "Орчлон констракшн" ХХК-д учирсан хохирол болох нийт 101 083 107 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан АГ-79/09-13, FS 11/0030 тоот, АГ-79/09-13, FS 11/0031 тоот гэрээтэй холбоотой бидэнд маргахгүй, "Актив хийц" ХХК-ийн хийсэн ажлыг бид хүлээж авсан, үлдэгдэл төлбөрийн хэмжээнд маргахгүй. Гэхдээ төлбөрийг бид төлөхгүй, сөрөг нэхэмжлэлийн дагуу манай компанид төлбөр төлөхөөр байгаа гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Цонх, хаалга суугдах поремууд 2011 оны 9 дүгээр сард бэлэн болсон. /Хавсралт-1/, гэрээ хийгдсэнээс хойш хийцийн зургууд удаа дараа өөрчдөгдөж байсан шалтгаанаар гэрээт ажлыг гэрээнд заасан хугацаандаа дуусгах боломж бүрдээгүй /Хавсралт-2/, шилэн фасад, цонх, хаалганы ажил нь 100% хатаагдсан шилээр хийгдэхээр гэрээнд тусгагдсан боловч хийцийн хэмжээсийн өөрчлөлтөөс шалтгаалан хатаагдсан шил дахин захиалах хугацаа хойшлогдож байсан. Хатаагдсан шилийг БНХАУ-аас захиалан авахад 21-30 хоногийн хугацаа шаардлагатай байдаг бөгөөд тухайн цаг үе нь хүйтний улирал эхлэхтэй давхацсан учраас 2-3 хоногийн дотор шилийг битүүлж дулаан авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага үүссэн. Иймээс энгийн шилээр орлуулж хийсэн бөгөөд үүнийг манай зүгээс дараа жилийн хавар өөрийн 100% хөрөнгөөр хатаагдсан шилээр сольж хийсэн /Хавсралт-3/. Энэ асуудалтай холбоотой зардлыг “Орчлон констракшн” ХХК нь манайд олгоно гэж байсан боловч олгогдоогүй.

Нуман хийцийг хөнгөн цагаан бэлдэцээр хийх байсан боловч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан төмөр хийцээр орлуулж хийхээр “Орчлон констракшн” ХХК-ийн захирал Д.Ганзоригтой ярилцаж зөвлөлдсөний дагуу хийсэн. Хөнгөн цагааныг төмөр болгосон өөрчлөлт дээр үний зөрүү гарч байсныг гэрээ дүгнэх үед тооцохоор тохиролцсон /Хавсралт-4/. Тухайн гэрээт ажилд 21 ширхэг хаалганы бариул, татуурга хийх байснаас техникийн давхрын нэг хаалганы тоноглол хийгдэж, үлдсэн 20 ширхэг хаалганы бариул, татуурга барилгын засвар дуусаагүй байсантай холбоотойгоор захиалагчийн хүсэлтээр угсрагдааүй үлдсэн. Захиалагчийн зүгээс тоноглол суурилуулах хүсэлтээ манай талд ирүүлээгүй тул уг тоноглолууд нь манай талд хадгалаатай байгаа учраас тоноглолуудын үнийн дүнг гэрээний үнийн дүнгээс хасч тооцох боломжтой /Хавсралт-7/.

Үндсэн ажил болон засварын ажил гүйцэтгэлийг “Орчлон констракшн” ХХК-ийн зүгээс хүлээж авахдаа инженер нь тодорхойгүй, товлосон хугацаандаа ирдэггүй, ирэхээрээ захирал хүлээж авч болохгүй гэсэн гэх мэт тодорхойгүй шалтгаанаар гүйцэтгэсэн ажлуудын гүйцэтгэлийг хүлээж аваагүй. “Орчлон констракшн” ХХК-иас хэд хэдэн удаа танай бүтээгдэхүүн чанаргүй байна гэсэн шаардлага ирүүлж байсаны хариуд манай зүгээс мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан үзлэг, шалгалт хийе гэсэн хүсэлт хүргүүлж байсан ч зөвшөөрөөгүй.

Мэргэжлийн байгууллагуудаар шалгуулж дүгнэлт гаргаагүй зөвхөн гүйцэтгэгч байгууллагуудын өөрсдийнх нь гаргасан хэт нэг талыг барьсан дүгнэлттэй, манай гүйцэтгэсэн хийцийг сольж засварласан гэх гэрээнүүд байх ба “Рояал Пирамид” ХХК-тай байгуулсан рестораны хаалга хийх, нугас, бариул худалдан авах гэрээнүүд нь манай компанитай хийгдсэн гэрээт ажлуудаас тусдаа шинээр нэмж хийлгэсэн ажлууд байгаа учраас мөн манай байгууллага хариуцах үндэслэлгүй. “Буянхишигт Хангал” ХХК-ийн гүйцэтгэсэн 32 961 600 төгрөгийн үнэ бүхий, манай хийсэн хийцийг 6 дугаар давхарт зөөлгөсөн, мөн нэг давхарт шинээр хаалга хийлгэсэн зэрэг ажлуудын зардлыг манай байгууллага хариуцах үндэслэлгүй. Тухайн хаалгануудыг манай зүгээс 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр чанар болон гүйцэтгэлийг шалган хүлээлгэн өгсөн /хавсралт-6/.

“Буянхишигт Хангал” ХХК-тай байгуулсан 16 000 000 төгрөгийн үнийн дүн бүхий “Давхар хоорондын дуу чимээ, галын тусгаарлалт”-ын гэрээт ажил нь манай байгууллагын гүйцэтгэсэн ажил биш бөгөөд “Орчлон констракшн” ХХК 2011 оны 11 дүгээр сард өөрсдийн ажилчдаар гүйцэтгүүлсэн. Мөн уг гэрээний гүйцэтгэгчийн нэр /гэрээ болон актны/ хоорондоо зөрж байгаагаас харахад уг материалуудыг хуурамчаар үйлдсэн байх магадлалтай байна. Иймээс уг гэрээт ажлын нэхэмжлэлийг манай тал хариуцах үндэслэлгүй.

“Буянхишигт Хангал” ХХК-тай байгуулсан 22 501 507 төгрөгийн үнэ бүхий гэрээтэй нуман хэсгийг шинээр сольж хийх ажлыг 45 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх гэрээ байгуулагдсан ба хоёр хоногийн хугацаанд тухайн ажлыг гүйцэтгэж дуусгасан гэх акт үйлдсэн байна. Тухайн ажлыг хамгийн багадаа, материал захиалгын хугацааг оруулж тооцоход 45 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой байхад 2 хоногт гүйцэтгэсэн гэх актыг харахад уг баримт бичгүүдийг хуурамчаар үйлдсэн гэдгийг дахин баталгаажуулж байна. Гэвч бид 2012 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн албан тоотод дурдсан ёсоор нуман хэсгийн профелийн үнийн дүнгийн зөрүүг нэхэмжилж буй дүнгээс хасч тооцох, мөн огт суулгаагүй 20 ширхэг хаалганы бариул, татуурганы үнийн дүнг нэхэмжилж буй дүнгээс хасч тооцох боломжтой /Хавсралт-7/ гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8-д заасныг баримтлан “Орчлон констракшн” ХХК-иас дутуу төлөгдсөн ажлын хөлс, түүний алдангид 35 878 163 төгрөг гаргуулж “Актив хийц” ХХК-д олгож, “Актив хийц” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93 344 717 төгрөгт холбогдох шаардлага болон “Актив хийц” ХХК-иас ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулахыг хүссэн “Орчлон констракшн” ХХК-ийн сөрөг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 804 065 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 663 366 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337 341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.Даваасүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...38 721 825 төгрөгийн шаардлагыг гаргах гүйцэтгэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан үндэслэлээр тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь хариуцагчийн гаргаж өгсөн гэрээ нотлох баримт шаардлага хангахгүй байгаа, мөн талуудын хооронд болсон үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацаа “түр зогссон” байхад шүүх үүнийг үнэлж дүгнэлгүй алдаа гаргасан. “Актив хийц” ХХК нь “Орчлон констракшн” ХХК-тай цаг хугацааны хувьд ойролцоо хугацаанд 3 гэрээний үүргээ гүйцэтгэгч тал нь биелүүлсэн боловч захиалагч талаас үлдэгдэл төлбөрөө авч чадахгүй хохирсон.  2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн FV11/0084 тоот гэрээний нийт хөлс нь 185 211 290 төгрөг байсан ба 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 561/11 тоот нэмэлт гэрээгээр 4 770 647 төгрөгийн ажил нэмж гүйцэтгэхээр болж нийт ажлын хөлсөнд 189 961 937 төгрөг авахаар болсон. Захиалагч тал урьдчилгаа хөлсөнд 129 647 900 төгрөг төлж, үлдэх 8 000 000 төгрөгийг FV11/0031 тоот гэрээний нийт хөлс нь 59 381 850 төгрөг байсан ба үүнээс захиалагч тал нь 41 567 300 төгрөгийг төлж, үлдэх 17 814 550 төгрөгийг FV11/0084 тоот гэрээний үүргийг дуусгавар болгосон тохиолдолд төлнө гээд төлөөгүй. Гэтэл энэ гэрээний үүргийг манай тал бүрэн биелүүлж 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр актаар хүлээлгэн өгсөн баримт байгаа болно. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн FS11/0030 тоот гэрээний нийт хөлс нь 24 368 200 төгрөг байсан ба үүнээс захиалагч тал 16 368 200 төгрөг төлж, үлдэх 8 000 000 төгрөгийг FV11/0084 тоот гэрээний үүргийг дуусгавар болгосон тохиолдолд төлнө гээд төлөөгүй. 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн FS11/0031 тоот гэрээний нийт хөлс нь 59 381 850 төгрөг байсан ба үүнээс захиалагч тал нь 41 597 300 төгрөгийг төлж, үлдэх 17 814 550 төгрөгийг FV11/0084 тоот гэрээний үүргийг дуусгавар болгосон тохиолдолд төлнө гэж хэлээд төлөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдтэй холбоотой үлдэгдэл төлбөрийг төлөхийг амаар болон бичгээр олон удаа шаардаж байсан. Захиалагч тал нь уг гэрээний төлбөрүүдийг төлөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа, эхний 1 дэх гэрээ болох 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн FV11/0084 тоот гэрээний үүргийг бүрэн биелүүлээгүй учраас 2 болон 3 дахь гэрээний төлбөрийг барьж байгаа гэдэг хариуг амаар өгсөн. Гэтэл уг гэрээний зүйлүүд нь тусдаа, гүйцэтгэл нь тус тусдаа гэрээ байсан. Энэ талаарх үйл баримтыг нотолсон баримтууд хэрэгт авагдсан байтал шүүх үнэлээгүй.

Захиалагч тал нь гүйцэтгэгч талд 2 болон 3 дахь гэрээний төлбөрийг 1 дэх гэрээний үүрэг бүрэн дуусах хүртэлх хугацаагаар хойшлуулсныг гүйцэтгэгч тал хүлээн зөвшөөрч, захиалагчийн гүйцэтгэгч талд төлбөр төлөх үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулахыг зөвшөөрсөн. Энэ нь Иргэний хуулийн 78 дугаар зуйлийн 78.1.1-д заасны дагуу гүйцэтгэгчийн шаардах эрхийн хугацаа нь 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд зогссон байна. Хариуцагчаас шүүхэд өгсөн нотлох баримт хуурамч байгаа тул нуман хэсгийн зардлыг хэрэг шийдвэрлэхэд өгч байсан материалын тооцооллоор шийдвэрлүүлэхээр байна. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэгч талын шаардах эрх үүссэн байх бөгөөд гүйцэтгэгч тал нь 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацаанд нэхэмжлэл гаргасан.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "Актив хийц" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 93 344 717 төгрөгийг хэрэгсэхгүй болгож гэсэнд өөрчлөлт оруулж, хоёр дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 8 000 000 төгрөг, алданги 50% буюу 4 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөг гаргуулах, гурав дахь гэрээний гүйцэтгээгүй үүрэг 17 814 550 төгрөг, алданги 50% буюу 8 907 275 төгрөг, нийт 26 721 825 төгрөгийг гаргуулах, нийт 38 721 825 төгрөгийг, мөн 1 дэх гэрээнээс нуман хэсгийн материалын зардал 3 715 900 төгрөгийг хасч тооцон зөрүү 18 785 607 төгрөгийг, бүгд нийт 57 507 432 төгрөгийг хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Ганзориг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрээс “Орчлон констракшн” ХХК-иас “Актив хийц” ХХК-д 35 878 163 төгрөгийг гаргуулах хэсгийг эс зөвшөөрч байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийн энэхүү хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Актив хийц” ХХК нь хариуцагч “Орчлон констракшн” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт дутуу төлөгдсөн ажлын хөлс, алдангид нийт 129 222 880 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх 3 гэрээ байгуулагдсан бөгөөд талууд 2011 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн FV11/0084 тоот гэрээгээр “Орчлон констракшн” ХХК-ийн үйлчилгээний барилгын гадна цонх, хаалга хийцийг 3 давхар хатаасан шилтэй хийцээр хийж гүйцэтгэх, ажлын хөлс 185 211 290 төгрөг төлөхөөр тохирсон боловч уг гэрээнд нэмэлт оруулж, нэмж ажил гүйцэтгүүлснээр ажлын хөлс 189 981 937 төгрөг гэж, дараагийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн АГ-79/09-13, FS11/0030 тоот гэрээгээр 96 айлын орон сууцны барилгын дээврийн ган рам хийцийг угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 24 368 200 төгрөг гэж, 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр АГ-79/09-13, FS11/0031 тоот ажил гүйцэтгэх гэрээгээр 96 айлын орон сууцны барилгын шилэн хучилт хийцийг хийх, угсарч суурилуулах ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 59 381 850 төгрөг гэж тус тус тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүх гэрээний хүчин төгөлдөр байдал болон зохигчдын хооронд үүссэн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж зөв дүгнэсэн бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Нэхэмжлэгчид хариуцагч нь эхний гэрээний дагуу 129 647 900 төгрөг төлсөн, 60 334 037 төгрөг төлөөгүй, дараагийн гэрээний дагуу 14 368 200 төгрөг төлсөн, 8 000 000 төгрөг төлөөгүй, 3 дахь гэрээний дагуу 41 567 300 төгрөг төлсөн, 17 814 550 төгрөг төлөөгүй байгаа үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон энэ талаар талууд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч нь эхний гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагчид 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн болох нь 1 дүгээр хавтасны 31-32 дугаар талд авагдсан шилэн хана, салхивч хийсэн акт болон талуудын тайлбараар тогтоогджээ.

 

Хариуцагч нь эхний гэрээний ажлын үр дүнг доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн гэж маргасан боловч дээрх ажлын актад энэ талаар дурдагдаагүй, харин гүйцэтгэсэн ажлын чанар архитектурын шийдлийг зураг төслийн дагуу зөрчилгүй гүйцэтгэсэн шилэн фасад суулгалт, угсралт сайн чанартай байсан гэж талууд баталгаажуулсан баримтаар үгүйсгэгдсэн байна.

 

Дээрх ажлыг хүлээн авч баталгаажуулахад хариуцагч байгууллагаас төлөөлж гарын үсэг зурсан н.Уранчимэг ажлаас чөлөөлөгдсөн нь уг актыг үйлдээгүй гэж үзэх эсхүл хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн аваагүй гэж үзэх үндэслэл болохгүй юм.

 

Хариуцагч нь доголдолтой чанаргүй дутуу хийсэн ажлыг хийж гүйцэтгүүлсэн ажлын хөлс 101 083 107 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гарган нэхэмжилснээс нэхэмжлэгч 31 631 507 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй болохоо зөвшөөрсөн тул шүүх хийгдээгүй ажилд хөлс төлүүлэх үндэслэлгүй гэж үзэж ажлын хөлсний үлдэгдэл шаардсан 60 334 037 төгрөгөөс хасч тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

Гэрээ хэрэгжих явцад гэрээгээр хүлээсэн үүргээ талуудын хэн аль нь зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу нэхэмжлэгч нь анз авах эрхээ алдсан гэж үзнэ.

 

Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид хариуцагчаас алдангид 14 351 265 төгрөг гаргуулсан нь буруу болсон байх тул уг алдааг зөвтгөж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Зохигчид 2011 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан АГ-79/09-13, FS11/0030, АГ-79/09-13, FS11/0031 тоот гэрээний дагуу хийсэн ажлын үр дүн, хөлсний талаар талууд маргаагүй.

 

2 дахь гэрээгээр ажил гүйцэтгэгч ажлыг 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг өгснөөс хойш 3 хоногийн дотор хөлсийг төлөхөөр, 3 дахь гэрээгээр ажил гүйцэтгэгч ажлыг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор хийж гүйцэтгэх, захиалагч ажлыг өгснөөс хойш 3 хоногийн дотор өгөхөөр тохиролцсон бөгөөд ажил гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлыг гүйцэтгэж өгсөн боловч эхний гэрээний ажлын гүйцэтгэлтэй холбоотой маргааны улмаас нэхэмжлэгчид төлөх ёстой ажлын хөлсийг хариуцагч саатуулан барьсан гэх тайлбар /1 дүгээр хавтасны 74 дүгээр тал/ гаргасан тул Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацааг зогссон гэж үзэх үндэслэлтэй.

 

Хэргийн 74-75 дугаар талд авагдсан хариуцагчийн тайлбараас үзвэл эхний гэрээний үүргээ гүйцэтгэх хүртэл дараагийн гэрээний хөлсийг төлөх асуудлыг саатуулан барьж байсан гэж үзэх ба эхний гэрээний үүргээ хүлээлгэж өгсөн хугацаа буюу 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэж 2013 оны 7 дугаар сарын 13-ны өдрөөс хойш хөлс төлөхийг шинээр шаардах эрх үүссэн гэж үзнэ.

 

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу байх ул эхний гэрээний ажлын хөлс 28 702 530 төгрөг, 2 дахь гэрээний ажлын хөлс 8 000 000 төгрөг, 3 дахь гэрээний ажлын хөлс 17 814 550 төгрөг, нийт 54 517 080 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

2 дахь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 3 дахь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг 2011 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хийж гүйцэтгэж хүлээлгэн өгөх байтал дээрх гэрээгээр хүлээсэн ажлын гүйцэтгэлийн хүлээлгэн өгөх хугацааг нэхэмжлэгч өөрөө хэтрүүлсэн буруутай тул Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасны дагуу анз шаардах эрхээ алдсан тул алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Сөрөг шаардлагын хувьд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой байсан, доголдлыг арилгуулахаар зардал гарсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдоогүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт зөв Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасантай нийцжээ.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг зөв шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өөр бусад компанитай байгуулсан гэрээ нь уг хэрэгт хамааралтай гэрээний харилцаа үүссэнийг нотолсон баримт биш гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2017/01523 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Орчлон констракшн” ХХК-иас 54 517 080 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 74 705 800 төгрөгийг, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдол арилгуулахтай холбоотой гарсан зардалд 101 083 107 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “337 341 төгрөг” гэснийг “430 535 төгрөг” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337 441 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Актив хийц” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 445 490 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БАЙГАЛМАА

 

 

                                                                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ