Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2019/00776

 

Г.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02217 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 215 дугаар магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “КБ” ХХК-д холбогдох,

Үндсэн зээлээс 24 459 845 төгрөгийг хасуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 126 062 800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-ийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, М.Б, нарийн бичгийн даргаар Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Г.Б- нь “КБ” ХХК-ийн хяналт шалгалтын газрын ахлах мэргэжилтэн болон захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд ажиллаж байх хугацаандаа банкны удирдлагатай 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 383 дугаар гэрээ болон 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 502 дугаар ажиллагсдын орон сууцны зээлийн гэрээг байгуулан Улаанбаатар хот, Баянгол дүүргийн, 5 дугаар хороонд байрлах 108 айлын орон сууцны 81 дүгээр байрны 1 дүгээр орц 5 тоот 94.44 м.кв 3 өрөө орон сууцыг 1 м.кв үнийг 1 350 000 төгрөгөөр банкнаас зээл аван, худалдан авсан. 

Гэтэл банкнаас гэрээг хүчингүй болгосон. Шалтгааныг тодруулахад захирлыг ажилчиддаа хавтгайруулан байр худалдлаа гэсэн үндэслэлийг заасан. Хэрэв байрыг үргэлжлүүлж авна гэвэл 1 м.кв үнийг 1 800 000 төгрөгөөр гэрээг дахин байгуул гэсний улмаас гэрээг шинэчлэн байгуулсан.

2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэрээг шинэчлэн ажиллагсдын ипотекийн зээлийн урьдчилгаа төлөх, тогтвортой ажиллах гэрээг байгуулсан уг гэрээг банк миний өмнөөс байрны урьдчилгааг төлсөн болгож хийсэн бөгөөд хариуд нь би 10 жил банкинд тогтвортой, үр бүтээлтэй ажиллах, хэрэв аль нэг талын санаачлагаар ажлаасаа гарсан тохиолдолд банк миний өмнөөс хуурамчаар төлсөн гэх байрны урьдчилгааг хүүгийн хамт буцаан төлөхийг хүчээр үүрэг болгосон.

Гэвч тус гэрээний маргаан намайг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой миний өмнөөс байрны урьдчилгаа төлөөгүй гэдэг нь нотлогдож байрны урьдчилгаанд төлсөн мөнгийг хүүгийн хамт буцаан төлүүлэх банкны нэхэмжлэлийг гурван шатны шүүхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Банк 1 м.кв-ын үнийг 1 800 000 төгрөг болгон нэмж 1 м.кв үнийн зөрүү 450 000 төгрөгөөр тооцон 94.44 м.кв нийт 42 498 000 төгрөгийг (450 000*94.44=42 498 000) 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр дахин гэрээ хийж өнөөдрийг хүртэл нэмсэн дүнгээр зээлийн хүүг төлүүлж ирсэн. Тухайн үед ажилтнуудтай тохиролцон дээрх зөрүү 42 498 000 төгрөгөөс 25 200 000 төгрөгийг нь 10 жил тогтвортой ажиллах гэрээ байгуулан, зөрүү 17 298 000 төгрөгийг 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөр 112 900 383.61 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад нь тухайн өдрөөр дахин 241 тоот гэрээ байгуулан зээлийн үлдэгдэл дээр нэмж 130 200 000 төгрөгийн үлдэгдэлтэй болгосон.

Нэгэнт банкны зүгээс байрны урьдчилгааг төлөөгүй болох нь гурван шатны шүүхийн шийдвэрээр баталгаажсан, байрны үнэ нэмэх замаар байрны урьдчилгааг үүсгэсэн нь хууль бус болох нь тогтоогдсон тул өөрийн зүгээс 17 298 000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлсөн, тус мөнгөн дүнг шууд үндсэн зээлрүү төлсөн бол бодогдохгүй байх байсан хүүний дүн болох 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл  хүү 6 581 770 төгрөгийг хасуулах, нийт 23 879 770 төгрөгийг үндсэн зээлээс хасаж өгнө үү.

Урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөр тооцоолсон байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой багагүй хугацаа өнгөрсөн тул тооцооллыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцоолон зөрүү 580 075 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 

Банкны дотоод аудитын газрын захирлаар ажиллаж байсан Г.Б- нь 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр амьдрах орчноо сайжруулах, байраа томсгох хүсэлтэй байгаа боловч ажиллагсдад олгох зээлийн дээд хэмжээ 80 000 000 төгрөг гэж заасан бөгөөд зөрүү мөнгийг төлөхөд хүндрэлтэй байгаа тул зээлийн хэмжээг нэмэгдүүлж тус байрыг авахад дэмжлэг үзүүлнэ үү хэмээн хүсэлт гаргасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 130 200 000 төгрөгийн зээлийг олгосон байдаг.

Банк хүчээр зээл олгосон зүйл байхгүй. Мөн орон сууцны урьдчилгаанд төлсөн гэх 17 298 000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2013 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Шинэ дэлхий” ХХК-ийн 2000015684 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл уг мөнгийг хүүтэй нь нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 241 тоот зээлийн гэрээ байгуулж авсан 130 200 000 төгрөгийн зээлээ төлөлгүй банкинд хохирол учруулж байна.

Иймээс Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

“КБ” ХХК-ийн хяналт шалгалтын газрын захирлын албан тушаалыг эрхэлж байсан Г.Б- нь “КБ” ХХК-тай 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 241 тоот Зээлийн гэрээг байгуулж 130 200 000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хавсралтад заасан хуваарийн дагуу хэсэгчлэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр, орон сууцны ипотекийн зээлийн зориулалтаар шилжүүлэн авсан. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, 108 айлын орон сууц, 1-5 тоот, 94.44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг эд хогшлын хамт барьцаалж, барьцааны гэрээ байгуулах ёстой байсан боловч өөрийн албан тушаалын байдлаа ашиглан хувьдаа үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. 

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч Г.Б- нь тус зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 12 845 137 төгрөг, зээлийн хүүнд 40 837 794 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 27 561 төгрөг нийт 53 710 492 төгрөг тус тус төлсөн байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс хойш ямар нэгэн төлөлт хийгээгүй.

Зээлдэгчид зээлээ төлөх талаар мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх тул талуудын хооронд байгуулсан 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 241 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар дараах зээлийн үлдэгдэл төлбөрийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 117 354 862 төгрөг, зээлийн хүү 8 684 041 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 897 төгрөг, нийт 126 062 800 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь “КБ” ХХК-иас авсан орон сууцны зээлийг 8 хувийн зээлд шилжүүлэн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 241 тоот зээлийн гэрээ байгуулахдаа үндэслэлгүйгээр байрны м.кв үнийг 450 000 төгрөгөөр нэмэгдүүлэн 25 200 000 төгрөгийг банкнаас урьдчилгаа өгсөн болгож, зөрүү 17 298 000 төгрөгийг зээлийн үлдэгдэл дээр нэмж 130 200 000 төгрөгөөр гэрээ байгуулсан. Банк нь нэхэмжлэгчийн өмнөөс урьдчилгаа төлөөгүй, үнийг үндэслэлгүй нэмсэн болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон.

Банк нэгэнт үндэслэлгүйгээр зээлийн хэмжээг нэмж, илүү төлөлтөөр зээл төлүүлж байсан учир 130 200 000 төгрөгөөр байгуулсан зээлийн гэрээний хавсралтад заасан хэмжээгээр зээлээ төлөх боломжгүй. Харин уг гэрээнд үндэслэлгүйгээр нэмсэн 17 298 000 төгрөг, түүний хүүг хасаж, гэрээнд өөрчлөлт оруулж, дахин зээл төлөх хуваарь гаргасны дараа орон сууцны зээлээ төлөх боломжтой юм гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02217 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулан 24 459 845 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах үндсэн нэхэмжлэлийг, Мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн нэхэмжлэгч Г.Б-эд холбогдуулан гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 126 062 800 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 295 848.58 /277 348.85+18 500/ төгрөгийг, хариуцагчаас төлсөн 788 264 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 215 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2018/02217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 280 249.22 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтаас үзэхэд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой бус байхад шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Нэхэмжэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж мэтгэлцсэн. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг шүүх хуралдаан дээр тодруулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх тодруулаагүй байна гэж дүгнэсэн.

Давж заалдах шатны шүүх 17 298 000 төгрөгийг Г.Б-ийн орон сууцны урьдчилгаанд хариуцагчаас төлсөн нь тогтоогдсон гэж дүгнэж шийдвэрлэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцээгүй.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч “КБ” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үндсэн зээлээс 24 459 845 төгрөг хасуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч “КБ” ХХК нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзсанаас гадна зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 126 062 800 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг судлан шинжилж, хэргийн нөхцөл бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус, улмаар анхан шатны шүүхийн хууль хэрэглээний асуудлыг дүгнэх боломжгүй гэж дүгнэж, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1., 168.3.-т зааснаар анхан шатны шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бөгөөд шийдвэрийг өөрчлөх боломжгүй бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үүрэгтэй байна.

Зохигчийн хооронд орон сууцны санхүүжилтийн хоёр, ажиллагсдын орон сууцны зээлийн болон барьцааны тус тус хоёр гэрээ байгуулагдсанаас гадна талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай байсан байна. Түүнчлэн, нэхэмжлэгч Г.Б- нь “Шинэ дэлхий” ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байна.

Эдгээр гэрээний хоорондын уялдаа холбоог тодорхой тогтоосны эцэст нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэл, эсхүл гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, эсхүл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахыг шаардаж байгаа, эсхүл хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, төлсөн төлбөрөө буцаахыг нэхэмжилсэн болохыг тогтоох, улмаар тухайн шаардлагын эрх зүйн үндэслэлийг тодорхойлох боломжтой болно.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхийг шийдвэрлэхийн тулд зээл бодитоор олгогдсон бөгөөд зээлийн төлбөр төлөгдсөн байдал тодорхой байх учиртай.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны талаар эцэслэн дүгнэлт хийх боломжгүй байх тул маргааны үйл баримт, нотлох баримтын бүрдлийн талаарх давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн дүгнэлтийг хяналтын шатны шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 215 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 280 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН