Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00117

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэндаргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:1958 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 59 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 5, нөхөр хүүхдийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт оршин суух, Хорчин овогт Базарын Наранцэцэг /РД:ГИ58102506/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2017/00093/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга И.Гончигбал оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Миний бие Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-д 1979 оноос 1987 оныг дуустал тогооч, үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа гаргуулж, бусад нотлох баримтыг хавсаргалаа. Иймд миний дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Б.Наранцэцэг миний бие тус шүүхэд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан ба шүүхээс хийгдсэн ажиллагаа, хэргийн материалтай танилцлаа. Одоо надад шинээр гаргаж өгөх нотлох баримт санал хүсэлт байхгүй. Би нөхөрийн хамт Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт мал маллаж амьдардаг. Хавар болж мал төллөж эхэлж байгаа ба хөдөө хүн бүлгүй байдаг тул шүүхэд дахин ирэх боломжгүй болоод байна. Иймд миний эзгүйд шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Наранцэцэг нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн сангийн аж ахуйд 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл тогооч, үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 57 дугаартай лавлагаа, Булган аймгийн Монгол зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэттолгойн сангийн аж ахуйн даргын 1979 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ажилд томилох тухай 252 дугаар тушаал, тухайн үед Б.Наранцэцэгтэй хамт ажиллаж байсан гэрч Б.Гантулгын өгсөн ..Би 1979 онд 8 дугаар ангиа төгсөөд ээж, аавын хамт амьдарч байгаад 1985 оноос Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-н 3 дугаар тасгийн үтрэм дээр туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн ба 1990 оныг дуустал ажилласан юм. Эгч Б.Наранцэцэг нь тухайн үеийн Хялганат хорооны хүн эмнэлэгт асрагч хийж байгаад 1979 оноос Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад няраваар ажиллаж эхэлсэн ба 1990 дуустал тус САА-д үтрэмийн эрхлэгчээр ажиллаж байгаад САА татан буугдаж ажилгүй болсон гэх мэдүүлэг, гэрч Ж.Жавзандуламын өгсөн ..Би 1978 оноос Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад үтрэм дээр ажиллаж эхэлсэн. Нормчин, будаа цэвэрлэгч, тогооч зэрэг ажлуудыг тус САА-д хийж байгаад 1990 онд САА татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн. Б.Наранцэцэгийг САА-д ажилд орсон үеэсээ буюу 1978 оноос таних болсон бид нэг бригадад хамт ажиллаж байгаад 1990 онд хамт ажлаас чөлөөлөгдсөн юм. гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Хорчин овогт Базарын Наранцэцэгийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-д тогооч, үтрэмийн эрхлэгчээр 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал бүгд 9 /ес/ жил ажиллаж байсныг тогтоосугай.

2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН