Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/18

 

   2022          01             12                                            2022/ШЦТ/18

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг, 

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жд холбогдох эрүүгийн 2138002420620 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.Ж.

Шүүгдэгч А.Ж нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их тахилт” гэх газрын бэлчээрээс 2017 оны 08 дугаар сард хохирогч Б.С-гийн 3 тооны үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч А.Ж нь шунахайн сэдэлтээр 2017 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их тахилт” гэх газрын бэлчээрээс хохирогч Б.С-гийн 3 тооны үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн байна.

              Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

              Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,

              Хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Тосонцэнгэл сумын 4 дүгээр баг Их тахилт гэх газар миний өөрийн 1 бух алга болсон байхаар нь би ойрхон байгаа байх гэж бодоод хайлгүй орхисон. 2017 оны 08 дугаар сарын 20-ны үеэр Их тахилтад монгол үхрүүд дээрээ очиж бүртгэж тоог нь гаргахад хоёр шар алга болсон байсан. Тэгээд би ойр орчмоор нь хайгаад олдохгүй болохоор нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орсон. Мөрөн ороод шууд гэдэс зардаг хүмүүс дээр очиж өөрийн үхрийн толгой байж магадгүй гээд хайж явтал “Далай ээж” захын Д.Э- /Най/ гэх хүний лангуун дээр миний алдсан шарын гэдэс толгой байхаар нь миний алдсан үхрийн толгой байна гэхэд нэг ченжийн нэр хэлж байсан. Би тэр ченжийн дуудаж өөрийн үхрийн талаар асуухад би Үертийн таг гэх газраас А.Ж гэх хүн намайг гэртээ дуудаж өөрийн үхрээ зарж байна гэхэд нь би авсан гэж надад ченж залуу хэлсэн. Тэгээд би ченж залууд хандаж үхэр зарсан хүнээ дууд гэхэд ченж залуу утсаар яриад байсан. Удалгүй үс таних Ж- ах эхнэр О-ы хамт ирээд уучлаарай танай үхрийг аваад зарсан нь үнэн цагдаад хэлээд хэрэггүй шүү нэг голын хүмүүс байна гээд байхаар нь цагдаад өгөхөө бодож байтал ченж залуугаас Ж- ах 1 үхрийн мөнгө болох 800.000 төгрөг аваад надад өгөөд эхнэр О-оороо цаасан дээр Б.С-с 3 үхэр авсан нь үнэн. 3 хоногийн дараа үлдсэн мөнгө болох 2 сая 500 мянган төгрөгийг өгөх нь үнэн гэж цаасан дээр бичиж өгөхөөр нь би итгээд явсан. ...А.Ж тухайн хэрэг болсны дараа нэг үхрээ 900,000 мянган төгрөгөөр үнэлж нийт 3 үхрийн 2,700,000 мянган төгрөг болсон бичиг хийж өгөхдөө 3 хоногийн дараа 2,500,000 төгрөг өгнө гэж бичиг хийж өгөөд тэр хугацаандаа миний дансанд 2,100,000 төгрөг орсон байсан. Одоо үлдэгдэл 900,000 төгрөг авах ёстой өгөхгүй байгаа хохирол бүрэн төлөөгүй байгаа. Бид хоёр эвлэрсэн зүйл байхгүй байна. Би нэг үхрийн мөнгө болох 900,000 төгрөгөө авчих юм бол нэхэмжлэх зүйл байхгүй гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/,

              Гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын дунд санагдаж байна. ...би Мөрөн сумаас гараад Хатгал явах чиглэлд 10 орчим километр явж байтал А.Ж өөдөөс үхрээ туугаад ирсэн. Би А.Жын зарах гэж байсан 2 үхрийг үзээд гайгүй болохоор нь 1,500,000 төгрөгөөр худалдаж авахаар болж мөнгийг бэлэн тоолж өгөөд хоёр үхрээ ачаад явсан. ...би А.Жаас 2 тооны үхэр худалдаж авахдаа хулгайн үхэр үү гэж асуугаагүй, А.Ж өөрөө олон тооны үхэртэй учраас өөрийн үхэр гэж надад хэлж зарсан. ...А.Жын надад зарсан 2 үхэр нь улаан алаг гуна, ягаан гуна байсан. Содон шинж тэмдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

              Гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 08 дугаар сарын дунд үеэр санагдаж байна Т.Э- гэх ченжээс 2 тооны үхрийн толгой гэдсийг нийлүүлээд 30,000 мянган төгрөгөөр худалдаж аваад худалдаж авсан 2 үхрийн толгой, гэдсийг “Далай ээж” зах дээр авчирч шулж, гэдсээ цэвэрлээд лангуун дээрээ зарах гээд байж байтал Б.С- гэх дүү орж ирээд энэ хоёр үхрийн толгой миний хулгайд алдсан үхрийн толгой байна гэхэд нь би худалдаж авсан ченжээ зааж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

              “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 821/1918 дугаартай: “...2 тооны монгол шар үхэр, нийт үнэ 3.800.000 төгрөг” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би бол Т.Э-өд нэг бух, хоёр гуна үхрийг нийт 1,500,000 төгрөгөөр худалдсан харин Т.Э- цаашаа хэнд зарсан талаар мэдэхгүй байна. Өмнө нэг хоногийн өмнө Т.Э-өд бухыг зарсан байсан дараа нь хоёр гунаа зарсан Т.Э- сүүлд авсан хоёр гунын талаар яриад байх шиг байна би нийт гурван үхэр Т.Э-өд зарсан нэг хоногийн зөрүүтэй зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 63 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч А.Жын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • 2020 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын баримт /хх-ийн 65-68 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

 Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгчээс авсан гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр шүүх үнэлээгүй болохыг дурдаж байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар мөнгө олох санаа зорилго, мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий байгууллага холбогдох хууль журмыг сурталчлах, соён гэгээрүүлэх ажил хангалтгүй хийгдсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч А.Ж нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч А.Ж нь шунахайн сэдэлтээр 2017 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их тахилт” гэх газрын бэлчээрээс хохирогч Б.С-гийн 3 тооны үхрийг хулгайлж 3,800,000 төгрөгийн хохирол учруулан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/, хохирогч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16, 18 дугаар хуудас/, гэрч Т.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/, гэрч Д.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 821/1918 дугаартай: “...2 тооны монгол шар үхэр, нийт үнэ 3.800.000 төгрөг” гэх  хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 40-42 дугаар хуудас/, шүүгдэгч А.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн: “...мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийг зөрчин хор уршигт зориуд хүргэж, мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлтээр, ашиг хонжоо олох зорилгоор, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч А.Жын мэдүүлж байгаа: “...тэр үхрүүд манай үхэртэй нийлээд 2 сар орчим болсон. ...би нийт гурван үхэр Т.Э-өд зарсан” гэх мэдүүлгээс үзвэл шүүгдэгч нь амар хялбар аргаар мөнгө олох, иргэдийн мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх мэдлэг дутмаг, мал сүргийн хариулга, маллагаа хангалтгүй, малаа удаан хугацаагаар бэлчээрт орхих зэрэг нөхцөл байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэхээр байна.  

Шүүгдэгч А.Ж нь 2017 оны 08 дугаар сард Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 4 дүгээр багийн нутаг “Их тахилт” гэх газрын бэлчээрээс хохирогч Б.С-гийн 3 тооны үхрийг бэлчээрээс нь нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлж авсан байна.

Шүүгдэгч А.Жын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын өмчлөх эрхийн халдашгүй байдалд 3.800.000 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд шүүгдэгч А.Ж нь хохирогч Б.С-д учруулсан 3.800.000 төгрөгийн хохирлоос 2.100.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогч Б.С-гийн мэдүүлэг /хх-ийн 18/-ээр тогтоогдож байх ба үлдэх 900.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Жаас 900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.С-д олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нь гэмт хэргийг санаатайгаар хүсэж үйлдсэн, хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан бусдын малыг хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч А.Ж нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.

Шүүх шүүгдэгч А.Жд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагчаас “шүүгдэгчид 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хохирогчид 2.100.000 төгрөгийг төлсөн, 900.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг харгалзан

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч А.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч А.Жыг 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч А.Жд “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, “оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шүүгдэгч А.Жд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.Жаас 900.000 (есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Батсүхийн Б.С- (...)-д олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР