Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 00119

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1962 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар багт оршин суух, Ахай гүн овогт Содномын Амарсанаа /РД:ГИ62040715/-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/0104/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Гочоо, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Амарсанаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1978-1993 оныг дуустал Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад трактор, комбайны жолоочоор тасралтгүй ажиллаж байсан юм. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байгаа тул Булган аймгийн Архивын тасгаас цалингийн лавлагаа гаргуулж хавсаргалаа. Иймд миний дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Амарсанаа нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй ба тэрээр Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад 1978-1993 оныг дуустал трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад трактор, комбайны жолоочоор 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь цалингийн түүвэр бүхий Булган аймгийн Архивын тасгийн 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №59 дугаартай лавлагаа, тухайн үед түүнтэй хамт ажиллаж байсан гэрч Д.Баасансүрэн, О.Мэдэхгүй нарын шүүхэд өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ахай гүн овогт Содномын Амарсанаа Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэттолгойн САА-н 3 дугаар бригадад 1978 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1980 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал трактор, комбайны жолоочоор 12 /арван хоёр/ жил 9 /ес/ сар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН