Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч А.Оргилбаяр

         Шүүгдэгч Ч.С болон хохирогч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Ч.Ст нарт холбогдох 2216000000001 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ..., эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, модны манаач ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан, ... регистрийн дугаартай, Ж овгийн  Ч-н С

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.С нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 15 цагийн орчимд Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газарт гэртээ хамт согтууруулах ундаа хэрэглэсэн Ч.Хтай “манай газар дээр мод тарьлаа” гэсэн асуудлаас болж маргалдан улмаар зүүн гарыг нь хөлтэй нь холбож бүсээр хүлж, толгойн тус газар нь модоор цохиж эрүүл мэндэд нь “зүүн гарын богтос ясны цууралт, баруун зулайн хуйханд байх шарх, баруун гарын алганд байх шарх, цээжний зүүн ар хэсгийн зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.С гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Ч.Сын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Тухайн өдөр согтууруулах ундаа ууж хүний биед гэмтэл учруулсан нь үнэн. Архи авч ирж өгөөд түүнийг хувааж уугаад согтоод хэрүүл маргаан үүсгэж хүн зодсон нь миний буруу. Хэрэг хийсэн нь миний буруу. Би гэмшиж байна. Үлдэгдэл хохирлыг барагдуулж өгнө. 40,000 гаруй төгрөгийн эм авч өгсөн. 249,000 төгрөг данс руу нь хийж өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь барагдуулж өгнө. Түргэн хугацаанд гэхээр зээлтэй болохоор болохгүй байна. Өөрөө эмчилгээндээ явж ирээд сүүлд нь надаас эмчилгээний зардлын мөнгийг нь авч болно. Яг одоо зардлыг нь төлөөд эмчилгээнд явуулах боломж байхгүй. Сая бас охины хүүхэд өвдөөд зээл аваад өгсөн байгаа. Хүн зодож гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна. Хохирлыг нь төлж барагдуулна. Торгуулийн мөнгийг 3 сарын хугацаанд 3 хувааж төлөх хүсэлттэй байна гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Ч.Хын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “... Энэ хүнд нэг шил архи авч очсон. Хувааж уусан. Газрын маргаанаас болж маргаан үүссэн. Намайг дэндүү муухай доромжилсон. Би гомдолтой байна. 800,000 төгрөг нэхэмжилж байгаа. 249.000 төгрөгийг өгсөн. Одоо 551,000 төгрөг нэхэмжилж байна. Миний бие өвдөөд хот явах гээд хүлээгээд байгаа... Модоор миний толгой руу цохисон. Гарын яс цуурсан нь баганатай хүлж уяхад гэмтсэн байх. Одоо толгой тойроод өвдөөд байгаа. Байнга толгойны өвчин намдаах эм ууж байгаа... гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

Гэрч Ж.М-н мөрдөн байцаалтад өгсөн “...Манай дүү Элбэгсайханы охин Сайнзаяа манайд орж ирээд таныг Хатнаа ах урд мод тарьдаг газар ирээд аваадах гэж хэлүүлсэн байсан. Тэгээд би урд мод тарьдаг газар ганцаараа машинтайгаа очиход засмал замын хажууд манай нөхөр Х толгой тархинаас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Би яасан талаар асуухад С ах намайг хүлж байгаад зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ18/,

Гэрч Л.С-н мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай хүргэн ах Х хөдөөнөөс ирэхдээ гар, хувцас нь цус болсон, толгой нь хагарсан байдалтай байсан. Яасан талаар асуухад С гэдэг хүнтэй муудалцаад зодууллаа гэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ20/,

           Шинжээч Д.Даваахүүгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 10 дугаартай “... 1. 2. Хын биед зүүн гарын богтос ясны цууралт, баруун зулайн хуйханд болон баруун гарын алганд шарх, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалт, цээжний зүүн ар хэсгийн зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

            3. Хын биед учирсан баруун гарын алганд байх шарх гэмтэл нь өндөр температурын үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Бусад гэмтэл нь мохоо  зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Хын биед учирсан зүүн гарын богтос ясны цууралт, баруун зулайн хуйханд байх шарх, баруун гарын алганд байх шарх, цээжний зүүн ар хэсгийн зөөлөн эдийн гэмтэл зэрэг нь тус бүрдээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

гэсэн дүгнэлт /ХХ28-29/,

Яаралтай тусламжийн хуудас /ХХ30/ хохирогчийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /ХХ90-101/, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх 173 см урттай, 5.5 см өргөнтэй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мод зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Ч.Ст 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгч Ч.Сыг учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ч.Хт 249.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Ч.Х нь хойшид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж овгийн Ч-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.Ст танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5.5 см өргөнтэй, 173  см урттай модыг устгасугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Саас 551.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Хт олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ч.Хт 249.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Ч.Х нь хойшид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болон шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА