Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

         Улсын яллагч Ц.Батзаяа

         Шүүгдэгч Р.М, түүний өмгөөлөгч Х.Энхбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн  шүүгдэгч  Р.Мт нарт холбогдох 2116000000174 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 12-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, халх, ... өдөр төрсөн, ....настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ... оршин суух хаягтай, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ... регистрийн дугаартай, Х овогтой Р-н М гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Р.М нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Бүрэн багийн нутаг дэвсгэр Нарийн гол гэх газраас 2021 оны 08 дугаар сарын 05, 06-ны өдрийн үед иргэн Ц.Дийн 3 настай шүдлэн үхрийг нууцаар, хууль бусаар хулгайлан авч, С.Аын алаг бухан бяруугаар сольж Ц.Дид 900,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хүний өмчлөх эрхэд халдаж, эд хөрөнгөд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Р.М гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Р.Мын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... 2021 оны 03 дугаар сард С.А гэдэг залуу надад хэдэн үхэр хариулаад өгөөч гээд авч ирж өгсөн. Тэгээд би нөгөө үхрийг нь 3 дугаар сард алдаад 8 дугаар сарын үед олж аваад үхрийг чинь олсон. Ирж үхрээ аваарай гэж С.Ад хэлсэн. С.А дүүтэйгээ 2 машинтай ирж авсан. Тухайн үед нь би бухан бяруутай болох гээд Ц.Дийн үхрийг өгөөд явуулсан. Эзнээс нь зөвшөөрөл авалгүй хүний үхэр өгч явуулсан нь миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн ягаан шүдлэн үхрийг Ц.Дийн үхэр гэдгийг мэдээгүй. Өөрөө үхрээ хайж ирэхэд нь мэдсэн. Энэ үхэр ганцаараа нийлсэн байсан. Тэгээд хамт туугаад явсан. Би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Ц.Дийн үхэр гэдгийг мэдээгүй. Хүний үхэр байна гэдгийг мэдсэн. Миний буруу гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,  

 Хохирогч Ц.Дийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Би 2021 оны 08 дугаар сарын эхээр Бүрэн багийн Нарийн гол гэх газраас ягаан зүсмийн шүдлэн үхэр алдсан. Тэгээд үхрээ хайгаад олоогүй. Тухайн үед Мын хариулж байсан үхрийг А гэх эзэн нь ирээд аваад явсан. Тэгээд би Маас танайх үхрээ ачуулсан юм уу. Би ягаан шүдлэн эр үхрээ алдчихлаа. Хараагүй биз гэж асуусан чинь надад А үхрээ ирээд аваад явсан. Би танай үхрийг хараагүй гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Бигэр сум орж А гэх хүний үхэрт очиж үзэхэд миний 8 дугаар сард алдсан ягаан зүсмийн эр шүдлэн үхэр байсан. Ааас энэ ягаан үхрийг хэн таньд өгсөн юм гэж асуухад М миний алаг бухан бяруу аваад оронд нь надад өгсөн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /ХХ20/,

Гэрч С.Аын мөрдөн байцаалтад өгсөн “...Миний улаан алаг буюу тарлан бярууг М ягаан зүсмийн шүдлэн эр үхрээр сольж авсан...” гэсэн мэдүүлэг /ХХ26/,

Гэрч С.А-У-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би А ахтай хамт 2021 оны 08 дугаар сарын эхээр байх Жаргалан сумын Бүрэн багт байх М гэх хүнээс 11 тооны бүдүүн үхэр, 2 тугал ачиж ирсэн. Ахын ачиж явсан үхэр дотор ягаан зүсмийн шүдлэн эр үхэр байсан. Тухайн үхрийг М нь А ахын алаг бухан бярууг авч үлдээд оронд нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ29/,

          Хулгайд алдагдсан гэх ягаан зүсмийн шүдлэн үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх3-6/, “Ашид Билгүүн” ХХК-ны 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2355 дугаартай үнэлгээний тайлан /хх36-38/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Р.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхээс шүүгдэгч Р.Мыг учруулсан хохирлыг нөхөн төлсөн болон үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ц.Дид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овгийн Р-н Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мыг 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Мт танилцуулсугай.  

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй, хохирогч Ц.Дид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардаж авсан өдрөөс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

         8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА